Мэдээ

Ааваасаа тоглох цаг өгөхийг гуйж буй хятад охины бичлэг интернэтийг шуугиулж байна

БНХАУ-ын Тяньжинь хотын бага сургуулийн сурагч охины бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд трэнд болж байна. Хоёр минут гаруй үргэлжлэх уг бичлэг Хятадын ТикТок гэгддэг Douyin платформд өнгөрөгч аравдугаар сарны 14-нд оржээ.

Энэхүү бичлэгт дараах харилцан яриа бичигдсэн байна.

  • Охин: Эхлээд та миний асуултад хариулж болох уу? Би танаас эелдгээр ганцхан асуулт асуумаар байна. Болох уу?
  • Аав: Болно.
  • Охин: Би муухай аашилж байсан удаа бий юу? Би буруу зүйл хийж байсан уу? Юу ч байсан та хэлж болно. Би засъя. Гэхдээ надад чөлөөт цаг хэрэгтэй байна. Надад ямар ч эрх чөлөө алга. Би байгаа бүх цагаа хичээл хийж өнгөрүүлмээргүй байна.
  • Аав: Ойлгож байна.
  • Охин: Хичээлээ хийх ёстой ч би бас амрах хэрэгтэй байна. Та ойлгож байна уу?

Би аль хэдийн гэрийн даалгавраа хийчихсэн. Би бүгдийг нь хийчихсэн байхад тоглож болохгүй гэж үү? Би хийх ёстойгоо бүгдийг нь хийчихсэн байхад яагаад болохгүй гэж?

  • Аав: Асуулгүй ээ. Чи тоглож болно, гэхдээ тийм их биш.
  • Охин: Би дандаа 9 цагт орондоо ордог. Би шөнө дунд хүртэл тоглож байсан бил үү?
  • Аав: Чи ойрдоо их сайн байгаа.
  • Охин: Ойрдоо? Би дандаа л сайн охин байсаар ирсэн.
  • Аав: Цаашдаа ч ийм байвал сайн шүү дээ. Би чамайг тийм ихийг хий гэж хүчлээгүй шүү дээ.
  • Охин: Хүчлээгүй гэнээ? Таны надаас шаардаж байгаа бүхнийг робот ч хийж чадахгүй. Би найман гартай болсон ч хийж хүчрэхгүй! Тэгснээ намайг хүчлээгүй гэж хэлж байна. Та өөрөө хийгээд үзэхгүй юу?

Би танд сүүлчийн ганц зүйлээ хэлье. Миний хүүхэд насыг нандигнаач.

  • Аав: Ойлголоо.

Уг бичлэг хоёр долоо хоногийн дотор гурван сая хүнд хүрсэн бөгөөд охиныг зөвтгөж магтсан, эцэг эхчүүдийг хүүхдээ сургах арга барилаа өөрчлөхийг шаардсан сэтгэгдлүүдээр дүүрчээ.

Дашрамд дурдахад, хятад хүүхдүүдэд оногдох хичээлийн ачаалал томчуудын ажлаас ч хүнд байдгийг олон нийт шүүмжилсээр байгаа юм. Учир нь, хүүхдүүд хичээлээс гадна гэрийн даалгавар, дугуйлан, клуб, үнэтэй хувийн багшийн хичээл, давтлага гэсээр бүтэн өдрийг маш завгүй өнгөрүүлдэг аж. Тиймдээ ч Хятадад хүүхэд өсгөн хүмүүжүүлэх “нисдэг тэрэг” арга барил халагдаж, бар ээжийн хүмүүжил давамгайлах болсон гэж Америкийн Үндэсний Олон Нийтийн Радио (NPR) мэдээлжээ. “Нисдэг тэрэг” арга гэдэг нь хүүхдээ бөөцийлж, амьдралд нь хэт оролцохыг хэлдэг байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү