Мэдээ

Аавыгаа дэлхийн аварга болгосон Цогтбаатрын хүү

“Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар өнгөрсөн хагассайн өдөр /2022.10.08/ Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй ДАШТ-нд барилдаж, дэлхийн аварга болсон баярт сайхан мэдээ Монгол түмний чихийг мялаав.

Тэрбээр Цогтбаатар учраа бөх дэлхийн аварга Японы тамирчин Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялсаар Монгол улсын тав дахь Дэлхийн аварга болсон юм.

Цогтбаатар нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн. Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртсэн билээ.

Тэртээ 2016 оны Риогийн олимпод 60 кг жинд шигшээ наймд үлдэх эрхийн төлөөх хамгийн чухал барилдаанд дэлхийн чансааг тэргүүлэгч ДАШТ-ий хошой хүрэл медальт Өмнөд Солонгосын Ким Жин тамирчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тухайн үед харамссандаа уйлж суусан тэрбээр 2022 онд Дэлхийн аварга болж эргэн мандлаа.

Цогтбаатар нэгэн ярилцлгадаа “2016 оны алдаагаа дахиж давтахгүйн тулд маш их хичээсэн. Багш маань хүртэл надад хэлсэн. “Чи 2016 онд шалан дээр хөлөө жийгээд сууж байсан шигээ дахиад тэгээд суумаар байна уу? Дахиад давтагдвал чамд ямар санагдах вэ? Гэж асууж байлаа. Нээрээ л тамирчин хүн таван жил хүлээчихээд алдсан алдаагаа дахиж давтаад харамсаад суух уу гээд их бодсон” хэмээсэн байна.

Ц.Цогтбаатар Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн. Тэрээр долдугаар ангиасаа хотод орж ирсэн ажээ. Тэр 2007 оноос хойш өдийг хүртэл жүдо бөхөөр тасралтгүй хичээллэж байгаа.

Тэрээр багаасаа бөх болохыг мөрөөддөг хүүхэд байжээ. Тиймээс ч Цогтбаатар хүсэл мөрөөдлийнхөө төлөө “Аваргын гараа” үндэсний бөхийн өсвөр үеийн барилдаанд оролцох гэж хотод ирсэн ч, бүртгэлээс нь хоцорч тааржээ. Ингээд бөх болж чадахгүй нь гэж бодохоор өөрийн эрхгүй уйлж, аав ээж хоёртоо гомдоллосон гэдэг.

Харин дараа нь түүний аав Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багштай уулзаад Цогтбаатрыг жүдогоор хичээллүүлэх сонирхолтой байгаа гэдгээ хэлсэн аж. Тэр цагаас Цогтбаатар Шийрэв багшийнхаа удирдлага дор жүдогийн эрдэмд суралцсаар яваа.

Хамгийн анх 2007 онд “Олимпын гараа” тэмцээнд 24 кг-ийн жинд барилдан хүрэл медалийн эзэн болсон. Тухайн үед жүдогоор хичээллээд дөнгөж долоо л хонож байсан Цогтбаатрын хувьд анхны авсан медаль нь үнэхээр сайхан байсан гэнэ лээ.

Цогтбаатар өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг. Тиймээс ч түүнд чөлөөт цаг бага гардаг гэнэ. Тэр жүдогоос гадна сагсан бөмбөг тоглох дуртай. Гэвч тэр цаг л гарвал гэр бүлтэйгээ байхыг хичээдэг. Басхүү хоол сайн хийдэг нэгэн. Тэрээр чөлөөт цаг гарвал гэртээ эхэр хүүхдээ халамжлаад, гарынхаа хоолыг хийж өгөх дуртай халамжтай аав билээ.

Аан тийм Цогтбаатрын бас нэг авьяас нь дуу дуулах. Тэрээр энэ тухайгаа “Бусад хүмүүс намайг гоё дуулдаг л гээд байдаг юм. Үнэхээр тийм эсэхээ мэдэхгүй байна өө” хэмээн ярьж байжээ.

Цогтбаатар 25 насандаа аав болсон. Тухайн үедээ сахилгагүй, гэнэн томоогүй байсан ч аав болоод одоо арай буурь суурьтай, хариуцлагатай нэгэн болсон байна. Тэр амьдралаа сайхан авч явахын тулд яах ёстой вэ гээд олон зүйлийг л бодож, тунгааж эхэлсэн бөгөөд маш сайн аав, халамжит хань гэнэ шүү.

Тэрээр эхнэртэйгээ бага байхын л танилууд байсан байна. Бие биедээ таалагддаг байсан ч юм ярьж, харьцаж үзээгүй ч сүүлд тааралдаад харьцаж эхлээд, шууд үерхсэн гэдэг. Түүний гэргий Энхжин нь мөн л жүдо бөхөөр хичээллэдэг байсан гэнэ. Харин эмэгтэй хүн боловсролтой байх хэрэгтэй тул сдортоо орхин эрдэм номын мөр хөөжээ. Тэд 2019 оноос гэр бүл болж, одоог хүртэл хамтдаа амьдарч байна.

Түүний эхнэр Цогтбаатрыг олимпод явахын өмнөхөн буюу 2021 оны зургаадугаар сарын 4-нд амаржиж, хүүтэй болсон байна. Тэд хүүдээ олон түмэндээ ээлтэй, ивээж яваг гээд Ц.Ивээлт гэдэг нэрийг хайрласан түүхтэй. Тиймдээ ч аавыгаа ивээгээд олимпын медальтан болгосон мундаг хүү гэнэ лээ.

Цогтбаатар эхнэртэйгээ маш сайн ярилцдаг. Учир нь ярилцаагүйн улмаас дараа нь том асуудал үүсдэг гэдгийг мэдэх учраас тэр. Тэрбээр нэгэн хэвлэлд ийн ярилцлага өгч байжээ. “Ази эрчүүдийн дунд эмэгтэй хүн заавал гэр цэвэрлэх, хүүхдээ харах, хоол хийх ёстой гэсэн хандлага байдаг.

Би үүний эсрэг бодолтой. Болж л өгвөл өөрөө хоол хийх, гэрийн ажилд оролцохыг хичээдэг. Эрэгтэй, эмэгтэй хүн биенээ нөхөж, дутууг нь гүйцээж амьдрах ёстой л гэж боддог доо” хэмээв.

Түүний гэргий нөхрийгөө барилдаж байгааг зурагтаар хараад “одоо ингэчхээсэй, тэгчхээсэй гээд сонсохгүйг нь мэдсээр байж өөрөө барилдаж байгаа юм шиг л үздэг гэнэ. Энхжингийн хувьд жүдо бөхөөр зургаан жил барилдаж байсан туршлагатай нэгэн. Тийм болохоор нөхөртэйгөө энэ тал дээр сайн ярилцдаг.

Хамтдаа тамирчдын барилдааныг харна. Өөрийнх нь барилдааныг ярилцана. Гэмтэл, бэртэл, бэлтгэл гээд бүхнээ ярилцдаг болохоор их сайн дэмжлэг болдог. Нөхрийгөө өвдөж байгаа болов уу, ядарч байгаа болов уу гэж их боддог. Болдог бол өмнөөс нь барилдаад, бүх өвдөлтийг нь өөртөө авчихмаар байдаг” гэжээ.

Тэрээр “Ханийгаа би дэлхийн шилдгүүдээс ч шилдэг гэж хардаг. Бүгдээс нь илүү байсан. Медалийн тавцанд зогсож байхад нь маш их баярлаж үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж авсан.

Ханийнхаа хүүхэд шиг илэн далангүй, нийтэч гээд зан аашаар нь их бахархдаг. Бид бие биендээ ууссан учраас бүх зүйлд нь татагддаг” гэлээ.

Тамирчин хүний эхнэр байна гэдэг мэдээж нөхрөөсөө дутахааргүй их тэвчээр шаарддаг. Тамирчин хүний гэргий бараг өөрөө тамирчин болдог жамтай. Тийм ч учраас Энхжин ханийгаа тэмцээнд явах, ирэхэд нь сэтгэл зүрхээрээ байнга л хамт байдаг. Тэмцээнд явахын өмнөх өдөр нь хувцсыг нь бэлдэж, хоол, цайг нь бэлдэж тавина.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү