Мэдээ

АВТОБУСАНД МӨРГҮҮЛСЭН ОХИНЫ ӨВӨӨ З.ЖАМЦ: Охин минь гараа хадуулсан учир бичиж чадахгүй байгаа

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Зүрх уулын автобусны буудлын эцсийн зогсоолоос хөдөлсөн нийтийн тээврийн жолооч н.Мягмарын бага насны хүүхэд мөргөж байгаа бичлэг олон нийтийг сүлжээнд цацагдсан. Тус хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан аж. Ослын талаар автобусны жолооч

н.Мягмараас тодруулахад “Автобусны араас дагаж гүйсэн хүүхдийг хараагүй. Ослын улмаас охины гар хугарч, зөөлөн эдийн гэмтэл авсан. Би цагдаагийн байгууллагад цагдаагийн байгууллагад шалгуулж, хоёр сар ажлаа хийгээгүй” гэсэн юм. Харин тус хэргийн талаар хохирогч охин У.Ариунхишигийн өвөө З.Жамцаас тодрууллаа.

У.АРИУНХИШИГ ОХИНЫ ГЭР

ОХИНЫ ГЭРЭЭС АВТОБУСНЫ БУУДАЛ ХҮРТЭЛХ ЗАМ

-З.ЖАМЦ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ОХИНЫГ МИНЬ БУРУУТГАСАН-
-Тавдугаар сард таны зээ охиныг автобусны жолооч мөргөчихөөд тоохгүй явсан хэрэг гарсан байна лээ. Тухайн өдөр юу болсон талаар ярьж өгөөч?

-Манай гэрийн гаднаас автобусны буудал харагддаг юм. Эмээгийнх нь бие тааруу байсан учир автобусны буудал хүртэлх замынх нь тал хүртэл хүргэж өгсөн юм. Охиныг минь автобусны буудалд дөхөж очиход автобус яг хөдөлж байсан юм билээ. Тэгээд охин минь араас нь “Зогсоорой” гэж орилоод гүйсэн гэсэн. Амжина гэж бодсон байх, хөөрхий. Охины минь орилж байгааг манай хажуу айлын хүн  сонссон байсан. Харин автобусны жолооч яагаад сонсоогүйг ойлгохгүй байгаа. Тэгээд урд дугуйгаараа баруун гарыг нь шүргэж, хойд дугуйгаараа гар дээгүүр нь гарчихсан байсан. Охин нэг гартаа цүнхээ бариад хугарсан гараа унжуулаад, уйлаад орж ирэхдээ “ Би уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд охин минь хямарч 2-3 хоног ухаан нь балартаж, ярьж чадахгүй байсан. Тухайн үед бид ямар их айсан гэж санана. “Би өөрөө унасан, цагаан машин мөргөсөн” гээд ам нээх бүрдээ өөр зүйл ярьж байсан юм. Цүнхийг нь онгойлгоод үзэхэд, үдийн хоолны аяга нь хагарч, харандаанууд нь хугарчихсан байсан. Тэгээд бид тэр өдөр болсон хэргийн талаар мэдэхийн тулд хяналтын камер шүүж үзээд болсон үйл явдлыг мэдсэн дээ.

-Одоо охины сэтгэл санаа болон биеийн байдал ямар байгаа вэ?

-Охин минь тухайн үед гуравдугаар ангийн сурагч байсан. Ослын улмаас хагалгаанд орж, гараа хадуулсан. Гарынх нь өвчинг буулгаж, эдгээх гэж хоёр, гурван сар болсон. Гэвч охины гар одоо хүртэл сайн хөдөлдөггүй, зовуурь ихтэй. Охины минь бичгийн хэвэнд хүртэл нөлөөлж байгаа. Харин сэтгэл зүйн байдал нь осолд орсон үеийнхнээсээ дээрдсэн. Ослын бэртэл, гэмтэл олон жилийн дараа сэдэрдэг гэдэг шүү дээ, санаа зовоод л байна.

-Охин хичээлдээ ганцаараа явдаг уу?

 -Би хот тохижилтод ажилладаг учир зав муутай. Эмээ нь өглөө бүр дүүг нь цэцэрлэгт хүргэж өгдөг. Охиныг заримдаа гэрийнхээ гаднаас харж байгаад автобусны буудал руу явуулчихдаг юм. Замдаа сургуулийнхаа найзтай уулзаад хамт явдаг. Харин хичээлээ тарах үед нь эмээ нь авдаг.

-Автобусны жолоочид хуулийн байгууллагаас ямар арга хэмжээ авсан бэ?

-Хяналтын камер шүүж, үзсэний дараа цагдаагийн байгууллагаас “Танай охин жолоочийн буруу талаас нь гүйж ирсэн байна. Тиймээс танай охины буруу байна” гэж хэлсэн. Бид гомдолтой байгаа. Энэ тухайгаа цагдаад хэлж жолоочийг 100 мянган төгрөгөөр торгож, таван оноо хасаж  хариуцлага тооцсон гэсэн. 

-Автобусны жолооч эмнэлэгт байхад нь очсон уу. Та охинтой хамт эмнэлэгт байсан юм билээ?

-Хэд хэдэн удаа ирж уулзсан цагдаагийн байгууллагаас ерөнхийдөө хоорондоо тохиролц гэж хэлсэн. Жолооч эмэгтэй бага хэмжээний мөнгө болон эмнэлгийг төлбөрт тусалсан.

-Таны зээ охины аав, ээж нь хаана амьдардаг бэ?

-Зээ охин минь манайд өссөн.  Айлын дунд охин. Ээж нь ажил ихтэй ер нь гэртээ байдаггүй. Аав нь Дорнод аймагт амьдардаг.

-Автобусны жолооч охины эмчилгээний төлбөрийг төлж, сэтгэл санааны хохирлыг барагдуулсан уу?

   -Автобусны жолооч бидэнтэй гурван удаа уулзаж, охины эмчилгээний төлбөрийг нь төлсөн. Харин жолоочийн ажилдаг компаниас ямар нэгэн арга хэмжээ авч, холбогдоогүй. 

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү