Мэдээ

Автомашинаараа дэлхийн 41 орноор аяласан Монгол хосын туршлага

Улаанбаатар хотоос Лондон орох замдаа Ази, Европын 35 улсаар аялах төлөвлөгөөтэй явсан залуу хос Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нар таван сарын турш амжилттай аялсан байна.

Тэд энэ хугацаанд нийт 41 орноор аялаад монголдоо иржээ. Хосууд аялалаа гурван жилийн өмнөөс төлөвлөн, аялалын нийт төсвөө Австрали улсад ажил хийн цуглуулсан байна. Тэд аялалын турш машиндаа унтаж, хооллож байсан бөгөөд 41 улс орноор аялж нийтдээ 46000 км замыг туулжээ.

Залуу хос 2011 онд ахаасаа бэлгэнд авсан автомашинтайгаа ийнхүү аялаад ирсэн юм байна. Тэд мөн аялалын замынхаа 1000 км замыг усан онгоцоор туулан нийт 5 сар аялажээ.

-Юуны өмнө дэлхийн 41 орноор машинаараа аялаад ирсэнд баяр хүргэе. Монгол Улсынхаа хамгийн баруун хилээр гарч явахаар төлөвлөсөн боловч гурван удаа бүтээгүй учир буцаж нийслэлдээ ирээд хойд хилээр гарч явсан гэсэн. Аялал эхлэх үеэс л иймэрхүү саад бэрхшээл тулгарч байсан ч зорилгодоо хүрээд, аяллаа амжилттай дуусгаж чадсанд бахархаж байна…

Ш.Түвшинжаргал: -Маш их баярлалаа. Бид хоёр Австрали улсын Сидней хотод арван сар орчим ажиллангаа хэлний бэлтгэлээ хийж байгаад өнгөрсөн оны 12 дугаар сард Монголдоо буцаж ирсэн. Аяллаа дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч бага зэрэг саатаж тавдугаар сарын 24-нөөс эхэлсэн. Шенгений орнуудын визний хугацаа эхэлчихсэн байхад бид аялалдаа гарсан. Баян-Өлгий рүү 1800км орчим яваад Улаан-Байшинт боомтоор амжилттай гарсан ч Оросын тал биднийг оруулалгүй буцаасан. Шалтгаан нь манай улсаас зөв жолооны хүрдтэй жижиг машинуудыг олноор нь Казахстан руу аваачиж зардаг учраас бид хоёрыг машинаа зарж магадгүй гэж тайлбарласан. Тэндээсээ буцаад Завханы Арц-Суурийн боомтоор хоёр удаа гарахыг завдсан боловч мөн л буцаагдсан. Шинэ паспорт дээрээ гурван удаа буцаагдсан тамга даруулчихаад Улаанбаатартаа буцаж ирсэн. Хамгийн гол нь машиныхаа өнгийг өөрчилсөн учраас асуудал үүсээд байсан. Тиймээс энэ машиныг олон жил унасан, ямар ч тохиолдолд зарахгүй зэргээ батлах бичиг баримт бүрдүүлээд Алтан-Булагийн боомт руу явсан, харин тэнд ямар ч бичиг баримт шалгахгүйгээр шууд л гаргаад явуулсан. Алтанбулагийн боомт дээр очиход гэрээс гарснаас хойш яг 5000 км явсан байсан. Ингээд бид хоёр Монголынхоо хилээр гарах гэж бараг гувран долоо хоног 5000 км явсан.

Д.Амарзаяа: -Хэдийгээр баруун хилээр гарч чадаагүй ч баруун аймгуудаар явж, Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэж, маш олон сайн найзуудтай болсон. Тийм болохоор баруун хилээр гарч чадаагүй дээ гэж огт харамсдаггүй. Бидний хувьд баруун аймгуудаа үзэж амжаагүй байсан болохоор маш сонирхолтой аялал байсан.

-Хамгийн анх гурван сарын хугацаанд 35 улсаар нийт 35 мянган км аялахаар төлөвлөөд явсан боловч 41 улс болсон. Замдаа төлөвлөгөө хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?

Д.Амарзаяа: -35 улс, 35 мянган км зам туулан гурван сарын хугацаанд аялна гэж тооцоо хийсэн байсан. Гэвч яг замдаа гараад аялаад явахад төлөвлөгөө маань амьдрал дээр буухаараа нилээд өөр болсон. Зарим нэг улсын визийг авч чадаагүйн улмаас орж чадаагүй. Зарим газар энд хажууханд ийм улс байхад яаж орхиод явах юм бэ гээд анх төлөвлөөгүй байсан ч үзээд явсан. Жишээ нь хуучин Югославын долоон орноор бүгдэнгээр нь орж аяллынхаа маршрутыг өөрчилсөн. Бас нэг сонирхолтой зүйл нь Шенгений виз маань дуусахад бараг арав хоног л үлдсэн байхад Шенгений орнууд руугаа орж амжсан. Тэгээд визээ сунгуулах гээд бөөн асуудал ундарсан. Хүмүүс сунгаж өгөхгүй ээ, хэцүү боломжгүй гэхээр нь яадаг болдоо гээд л хэсэгтээ л бодол болсон шүү.

Ш.Түвшинжаргал: -Дундад Азийн орнуудаараа явсаар байгаад Шенгений орнууд руугаа дөнгөж ортол юу юугүй буцаж гарахгүй бол“харласан” гэсэн статустай болох болчихсон байсан. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л сандарч явсаар Берлин рүү очиж сунгуулсан. Мэдээж үүн дээр хүнээс туслалцаа авсан, цаг нь тулчихсан ингээд сунгуулдаг юм гээд тоймтой мэдэж байгаа хүн байхгүй нилээд сандарсан шүү. Фэйсбүүкийн найз Берлинд амьдардаг Эрдэнэчулуун ахын гэр бүлд их баярласан. Бид визээ сунгуулангаа гэрт нь хэд хоног мөнч сайхан амраад авсан даа.

-Аяллын явцад гадаадад амьдарч буй монголчууд хэрхэн хүлээн авч байсан бэ?

Д.Амарзаяа: -Бидний аяллын нилээд хувь нь монголчууд бараг амьдардаггүй оронд явагдсан. Зарим үед үнэхээр хэцүү байсан ч монголчууд амьдарч байгаа орон руу ороход цаанаасаа л сэтгэл өег санагддаг байсан. Болохоо байвал элэг нэгтнээ бараадана гээд тэр шүү дээ. Монголчууд амьдарч байгаа хотод очиход маш сайхан угтаж аваад амраадаг, үзэж харах газруудын талаар мэдээлэл өгнө. Аяллын сонинг шимтэн ярилцана, асууна. Ялангуяа Европд амьдарч байгаа монголчууд үнэхээр сайхан. Яг л ээж, аав, найз нөхөд дээрээ очиж байгаа юм шиг сэтгэгдлээр очдог байсан. Тэд ч гэсэн энхрий хүүхдүүд нь, найз нөхөд нь ирж байгаа юм шиг тосч авч тусалж байсанд маш их баярласан шүү гэдгээ хэлмээр байна.

Ш.Түвшинжаргал: -Эдийн засаг нь буурай оронд монгол хүн огт байдаггүй юм байна лээ. Тажикстан, Кыргызстан, Узбекистан, Гүрж, Армен мөн хуучин Югославын орнуудаар монгол хүн тун ховор. Хуучин Югославын орнуудаар явж байхад маш халуун байсан учраас үнэхээр ядарсан. Тэгж яваад фэйсбүүкдээ “Босниа-Херцеговина” –д амьдардаг монгол хүн байна уу” гээд пост оруулсан чинь доор нь “Сайхан наргиа байна, та хоёр л байна даа хэхэ” гээд биччихсэн байсан. Монголчууд амьдардаг зарим орнуудад заавал олж уулзах гэлгүй өөрсдөө аялаад явсан ч зарим үед энд л монгол хүнтэй таарах юмсан гэсэн газар ч байсан. Ядарсан үед л их хань түшиг хайж эхэлдэг юм билээ.

-Есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр Францын Парис хотод байсан шүү дээ. Тэнд амьдралын тань нэгэн үнэ цэнэтэй, дурсгалтай үйл явдал болсон нь гэрлэх санал авсан байсан. Энэ талаараа ярихгүй юу?

Д.Амарзаяа: -Хүмүүс надаас үүнийг нилээд их асууж байгаа, тэгээд яасан, нээрээ мэдээгүй юм уу гээд л… Эмэгтэй хүн бүр л Эйфелийн цамхагийн өмнө сүйн бөгж авахыг мөрөөддөг байх. Бид үерхэж эхэлж байх үед би энэ талаар үргэлж ярьдаг байсан ч сүүлдээ мартчихсан байсан. Ер нь амьдралдаа яг тийм байдлаар бөгж авна ч гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Бид хэзээний гэр бүл зохиогоод тав зургаан жил болчихсон хоёр хүүхэдтэй аав ээж. Тийм болохоор үгт санаанд ороогүй. Үнэхээр сайхан байсан шүү.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү