Мэдээ

Америкт Монгол залуус үерийн усанд унасан хүүхдийн амийг аварчээ

Америкт үерийн усанд унасан охины амь насыг хоёр монгол залуу аварчээ. 911 дуудсан ч, тэднийг ирэхийг хүлээж цаг алдалгүй, түрүүлж ирсэн нэг цагдаатай хамжилцан аварсан байна. Б.Амарбаясгалан, Б.Дашням хоёул гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдардаг бөгөөд Чикаго хот руу аялах үед энэ үйл явдал болжээ.

-Сайн байна уу? Өөрсдийгөө танилцуулахгүй юу. АНУ-д ажиллаж амьдардаг уу?

-Б.Амарбаясгалан: -Намайг Баясгалангийн Амарбаясгалан гэдэг. Бид анх АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод гэр бүлээрээ ирсэн. Эхнэр маань өнгөрсөн жил магистраа хамгаалж, мэргэжлээрээ туршлага хуримтлуулах боломжоо ашиглан одоогоор эндээ ажиллаж амьдарч байна.

-Б.Дашням: -Сайн байна уу? “Family First MGL” нэртэй гэр бүлийн влог хөтөлдөг Билэгт овогтой Дашням байна. Одоогоор Калифорни мужийн Сан Франциско хотод эхнэр, хоёр хүүхдийн хамт ажиллаж амьдарч байна.

-Тухайн үед болсон үйл явдал дэлгэрэнгүй яриач?

-2020 оны 7 сарын 4-ний өдөр. Аяллын зургаа дахь өдөр. Манай хоёр гэр бүл АНУ-ын тусгаар тогтносны баярын өдөр Колорадо мужийн Денвер хотоос шууд Өмнөд Дакота муж руу явах маршруттай байсан юм. Гэтэл гэнэт бороо шиврэх үеэр бие биетэйгээ тоглоом наргиа болж “Бороо орж байна, Чикаго явах уу? Тэгээд дараа нь Нигара хүрхрээ үзчихээд буцах уу? “ гээд утгагүй наргиан хийж байгаад Чикаго хотын зүг хөдөлцгөөсөн. 2020 оны 7-р сарын 8-ны өдөр. Бидний аяллын арав дахь өдөр байсан. Төлөвлөгөө ёсоор бол Нью-Йорк мужид оршдог Нигара хүрхрээ рүү замд гарах ёстой байсан ч тухайн өдрийн өглөөнөөс хойш л тийш явах нь нэг л бүтэхгүй байсан. Калифорни мужийн харьяалалтай бид хэрэв Нью-Йорк муж руу орвол тэндээ 14 хоног сайн дураар өөрсдийгөө карантилах шаардлагатай болоод явчихсан. Тэгээд л тухайн мужийн дүрмийг даган, Нигара хүрхрээг хажууханд нь оччихоод үзэх боломжгүй болсон бид GUYAHOGA National Park-д оршдог нэгэн хүрхрээг үзэхээр шийдээд энэ явдалтай таарсан юм.

Биднийг Narional Park руу орох үед гэнэт хүчтэй бороо асгарч эхэлсэн. Хүрхрээ рүү очих жимийн эхэнд машинаа зогсоолд тавих үед гол хэвийн урсаж байснаа машинаас буух үед (бараг л 1 минутын дотор) эргээд хартал улаанаараа эргэлдсэн үер буусан байсан.

Эхэндээ үер буучихжээ ч гэж бодолгүй бид Хүрхрээ рүү жимээ даган алхаж байхдаа гэнэт эмэгтэй хүний орилох чимээ сонсогдлоо. Очоод хартал үерлэсэн голын нэг талд эмэгтэй хүн хоёр жаахан хүүхэдтэйгээ, нөгөө талд нь нэг жаахан охин гишгэх ч газаргүй хаднаас зүүгдсэн байдалтай байсан. Бороо орсоор байсан тул дахиад хэдхэн минут энэ байдал үргэлжилсэн бол үерийн усны түвшин нэмэгдэж охин усанд урсахаар байлаа.

Манай эхнэрүүд 911-т дуудлага өгч, бид хоёр шууд л уртхан, барьцтай мод хайж эхэлсэн. Амарбаясгалан үлдэж, би машин руугаа олс авчрахаар гүйн машинд байсан олс хэт нарийн санагдсан ч яг тэр үед эхний цагдаа ирж таарсан тул цагдаатайгаа гурвуулаа цагдаагийнхаа авчирсан бүдүүхэн олсоор татаж гаргахаар арга зам хайж эхэлсэн. Охин өөрөө овсгоотой байж олсоороо өөрийгөө сайн бэхэлсэн учир бид амжилттай уснаас гаргаж чадсан юм. Яг тэр үед Аврах баг ирсэн. Энэ хөөрхөн охинд тусал гээд цаанаасаа Нигара Хүрхрээ үзэх маань бүтэхгүй байсан ч юм шиг…

Үер гэдэг чинь нүд ирмэхийн зуур болдог зүйл юм байна. Охин үер буухаас өмнө голын усанд тоглож байгаад, нүд ирмэхийн зуур үерлэж эхлэхэд сандарч, ээж болон ах дүүгээсээ салж үерийн нөгөө талд зүүгдэж тогтсон байсан.

-Тухай үед төрсөн сэтгэгдэлээ хуваалцаач, мэдээж хэрэг үерийн уснаас хүний амь аварна гэдэг бол өөрсдийн чинь амь насанд эрсдэлтэй үйлдэл шүү дээ?

-Б.Амарбаясгалан: Яг тухайн үед толгой дотор юу ч орж ирдэггүй юм билээ. Өөрсдөө тийм ч сайн сэлж чаддаггүй болохоор эмээж л байлаа. Гэхдээ хүний эцэг болсон хүн чинь тэр жоохон охиныг уйлаад орилоод тусламж гуйж байхыг үзээд яагаад ч зүгээр хараад зогсоод байж чадаагүй ээ. Сошиал дээр ингэж олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Эхнэр маань сэтгэл нь хөдөлж болсон явдлаа өөрийн хуудаснаа байршуулсан байсан. Бид нар хөдөө зам дээр явж байгаа болохоор сүлжээ орж гараад юу ч анзаараагүй. Гэнэт олон хүнээс сэтгэгдэл, найзын хүсэлт ирээд одоо л нэг зөв зүйл хийсэн дээ баярлах ухаантайгаа болж байна 😅.

-Б.Дашням: Охиныг аврахаас өмнө дотроо маш их айдастай байсан. Эрэггүй учир охин дээр алхаад очих боломж байхгүй, бид хоёр бараг л сэлж чадахгүй, бас урсгал ус доош жаахан урсаад л хүрхрээ болж доошоо цутгадаг учир үерлэсэн ус руу орох ч боломж байхгүй. Тийм болохоор хөл гишгэж болох хамгийн боломжтой доод хэсэгт очиж, дээрээс нь ямар нэг зүйлээр татахаас өөр аргагүй байсан. Машинд маань олс байсан ч хэт нарийн санагдсан. Ашгүй нэг цагдаа бидэн дээр бүдүүн олстой ирснээр охиныг дээш татаж гаргахаар болсон юм. Намайг айлгаж байсан зүйл бол “Энэ охин биеэ олсоороо сайн тогтоож уяж чадаагүй байвал яана, татаж байхад уясан уяа нь мултарчихвал яана, доошоо унах газар ч үгүй шууд усруу унана шүү дээ” гэсэн бодол байсан. Охиныг татаж дээш гаргаж ирээд, тэвэрч аваад дээшээ алхах үед тэр охины жижигхэн зүрх нь анзаарахгүй байхын аргагүй бүр дэндүү хүчтэй бас хурдан цохилж байсан. Түүнийг анзаарахын хажуугаар тэр охиноор маш их бахархсан. Тэр олсыг яаж уясан байсан гэж санана.

-Аварсан хүүхдийн гэр бүлийн зүгээс талархлаа илэрхийлсэн үү. Ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ ?

-Б.Амарбаясгалан, Б.Дашням: Охины гэр бүл АНУ-ын тусгаар тогтнолын баяраар хамаатнаа зорьж бидний байсан хотод ирсэн байж. Тэд хэлэхдээ “Та нар байгаагүй бол юу болохыг хэлж мэдэхгүй юм. Үнэхээр хэмжээлшгүй их баярлалаа. Хэрвээ бидний амьдардаг Нью-Йорк муж улсад ирвэл, хэзээ ч хамаагүй заавал мэдэгдээрэй, сайхан хүлээж авах болно оо” гээд дугаараа солилцоцгоосон.

-Дэлхийд тархсан коронавирусийн хүнд үед АНУ-ын одоогийн нөхцөл байдал хэр байгаа вэ ? АНУ-д байгаа монголчууд маань мөн ямархуу байдалтай байна?

-Б.Амарбаясгалан: АНУ-ын хэд хэдэн мужуудад халдварын тархалт өндөр байгаа. Хамгийн их тархсан мужууд Нью-Йорк, Флорида мөн бидний амьдардаг Калифорни зэрэг орж байна. Анх аялах болсон шалтгаан нь эхнэрийн ажил карантинлагдаж, мөн энэ хямралын үед түрээсийн байраа илүү хямдаар солихоор хайж эхэлсэн. Тэгээд хүүхэдтэй учраас тэр бүр хямд байр олдохгүй машиндаа хэд хоног өнгөрөөх шаардлагатай болчихсон. Тэгэхээр нь хүндрэлийг боломж болгож зугаатай өнгөрөөн аялах санаа төрсөн юм. Ингэж бид аялалдаа гарч аль болох олон хүнтэй хотуудаар явахаас илүүтэйгээр байгалийн үзэсгэлэнт газраар, хүний хөлөөс холуур, өөрсдийн машинаа унаж, өөрсдийнхөө майханд хонож агаар салхинд гарч явна.

-Б.Дашням: Энд ингэж хурдацтай өссөн шалтгаан нь анх өөрсдийгөө болон бусдыг хамгаалж маск зүүхийг урьтал болгохгүй, харин ч маск зүүж байсан хүмүүсийг халдвар авсан байж болзошгүй гэж цэрвэх хандлагатай байсантай нь холбоотой байх. Одоо бол бүх хүмүүсийг олон нийтийн газраар заавал масктай явахыг шаардаж, мөн 2-3 метрээс ойрхон бие биедээ ойртож болохгүйг сануулж байгаа.

-Б.Амарбаясгалан: Харин бидний мэдэж байгаагаар ямар нэгэн шалтгаанаар түр зуур ирсэн бараг 2000 орчим монголчууд энд гацсан байгаа юм билээ. Эх орон лугаа буцаж чадахгүй байгаа тэдэнд маань л тун хүнд тусч байгаа болов уу.

-Таныг тамирчин хүн гэсэн байсан. Магадгүй охиныг аврахад тамирчин хүн аль эсвэл хувь хүний чадвар тодорхой хэмжээнд нөлөөлөв үү?

-Б.Дашням, Б.Амарбаясгалан: Тийм ээ, бид хоёр хоёул хөл бөмбөгийн спортын мастер. Гэхдээ энд ирснээс хойш бараг тоглоогүй. Магадгүй багаасаа спортоор хичээллэж ирсэн маань үүнд тодорхой хэмжээнд нөлөөлж хурдан шаламгай, авхаалжтай байхад нэмэр болсон байх. Уншиж байгаа хүмүүс маань эндээс сургамж аваасай гэж хүсэж байна. Баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа, та хоёрт амжилт хүсье.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү