Мэдээ

Амундра өмгөөлөгчөөрөө дамжуулан 60 саяын цэцэг гэх асуудалд тайлбар хийлээ

Өчигдөр цахим орчинд хайртай эмэгтэйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнай бэлэглэсэн гэх пост цацагдаж олон нийтийн анхаарлыг их татсан.

Өнөөдөр өглөөнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнайг бэлэглэсэн хүн нь Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра хэмээн мэдээллээд байсан юм.

Тэгвэл тус цэцэг илгээсэн хүн нь А.Амундра биш гэдгийг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн О.Санчирбал буюу түүний өмгөөлөгч мэдэгдэж, цагдаад хандаж худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсчээ.

Тус мэдэгдэлд, “Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн О.Санчирбал би А.Амундрагийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч иргэн Амартүвшин овогтой Амундра нь эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р 40 мянгатын гудамж, 18. дугаар байрны 1 тоотод оршин суудаг.

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “…хэн нэгэн этгээд найз бүсгүйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий цэцэг хүргүүлсэн” тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж эхэлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн зөвлөх А.Амундра 60 сая төгрөгийн сарнайгаар бэлэг барьжээ! гэсэн агуулга, гарчиг бүхий мэдээллүүд нийтдээ 100 гаруй сайтаар зохион байгуулалттайгаар тараад байна.

Миний үйлчлүүлэгч уг үйл явдалтай ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү худал мэдээллээс болж түүний гэр бүлд үл ойлголцол үүсэх бодитой нөхцөл бүрдлээ. Өөрөөр хэлбэл түүний эхнэр, 3 хүүхдэд нь муугаар нөлөөлж сэтгэл санаа, эрүүл мэндэд нь хохирол учирч эхлээд байна.

Цаашилбал ерөнхий сайдын зөвлөх нь 60 сая төгрөгөөр цэцэг авдаг мэтээр ойлгуулж, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед ард иргэдийн сэтгэл зүйд худал мэдээллээр бухимдал үүсгэж байна. Нөгөөтэйгүүр А.Амундра нь Ерөнхий сайдын зөвлөхөөр огт ажилладаггүй талаар дурдаж байна.

Энэхүү үйл явдлын өрнөлийг харахад санамсаргүй үйл явдал биш бөгөөд зарцуулсан хөрөнгө, мэдээлэл түгээж буй хэлбэр зэргийг харахад зориуд зохион байгуулалттай хэмээн харагдаж буй юм.

Иймд энэхүү үйл явдлыг шалгаж, эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн холбогдогчийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү