Мэдээ

Ахмадууд өвдөх эрхгүй боллоо, тэтгэврийг 1 сая болгохыг шаардлаа!

Ирэх оны улсын төсөвтэй холбогдуулан цаг үеийн байдал, үнийн өсөлтийн талаар “Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

Э.Нэргүйцэцэг дараах мэдээллийг өгөв:

-304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэд нийт ахмадын 80 хувийг бүрдүүлдэг. Үлдсэн 20 хувийн ахмад л сард 400 мянга болон түүнээс дээш хэмжээний тэтгэвэр авч байна.

Ахмадууд өвдөх эрхгүй боллоо. Баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна. Эрх баригчид тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмнэ гэсэн. Одоо инфляц 14 хувьд хүрэв. Төр дүлий,

арга хэмжээ авахгүй байна. Манай улсад болж, бүтэж байгаа зүйл алга. Агаар, хөрсний бохирдол их тул өвчлөл их байна. Өвдвөл хоол авах мөнгөгүй болдог.

Иргэд хүлцэнгүй, номхон хэвээр байна. Тэтгэврийг сарын нэг сая төгрөгт хүргэх шаардлагатай.

Ахмадууд манай улсын нийт хүн амын ердөө 11-хэн хувийг эзэлдэг. Би 25 жил төрд ажиллаад одоо 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл сүүлийн долоон жилийн турш сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс илүү тэтгэвэр авдаг нь шударга бус гэв.

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад өгөөд буй. Тэгвэл тэтгэвэр, тэтгэмж нэмэх төсөв санхүүгийн боломж байгаа эсэхийг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрбээр “Тэтгэвэр, тэтгэмжийг халамжийн бодлоготой уялдуулах ёстой.

Бид сүүлийн хоёр жилд ковидтой холбоотойгоор халамжийн бодлогыг нэлээд тэллээ. Татвар, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр халамжийг нэлээд тэлсэн. Өмнө нь тэтгэврийг жилд 8 хувиар нэмдэг байсан бол ковидын хоёр жил тэтгэмж, хүүхдийн мөнгө, бусад халамжаар 20, 30 хувиар нэмсэн.

Цар тахлын дараа халамжаа татаж, хүүхдийн мөнгө зогсвол зөрөөд тэтгэврийг инфляцитай уялдуулж, зохих хэмжээнд нэмэх зайлшгүй шаардлага гарна. Гэхдээ хэзээ гэдгийг, төсвийн бололцоо ямар байхыг судлах ёстой.

Тэтгэвэр тэтгэмж нэмэх бол мөнхийн сэдэв, өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, инфляцитай уяж нэмэх асуудлыг төсвийн боломжийн түвшинд шийднэ” гэсэн хариултыг өглөө.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү