Мэдээ

Ачилтын компанийн жолооч Г.МӨРӨН: Би хүмүүсийн сүрдүүлгээс айсандаа гэрээсээ гарч чадахгүй, ажлаасаа гарчихлаа

-Аятайхан ярьсан бол хүүхэдтэй залууд машиныг нь буулгах өгөх байсан юм-
Автомашин ачилтын “Авто повер лидер транс” ХХК-ийн жолооч Г.Мөрөнгөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхэд нь өвдсөн залуугийн автомашиныг буулгаад өгөх боломж байгаагүй юм уу. Яг юу болсон юм бэ?

-Харилцаанаас харилцаа үүснэ шүү дээ. Хэрэв тэр залуу анхнаасаа зөв харьцаж, учирлаж хэлсэн бол бид машиныг нь буулгаад өгөх байсан. Уг нь сэтгэл гаргаад машиныг нь буулгаж өгөх гэж байтал жолооч залуу элдвээр хэлж, дайрсан.

Бид хүүхэдтэй явж байна гэдгийг нь анхнаасаа мэдээгүй. Хөдлөөд явж байтал араас ганцаараа гүйж ирсэн шүү дээ. Тэр хавьд байсан хүмүүстэй нийлж биднийг үг хэлээр доромжилж, биед маань халдсан. Тэр залуу миний биед эхэлж хүрсэн.

Зөрчлийн хуулиар тэр залуу торгуулах байх. Түрүүлж хүрсэн нь угаасаа бурууддаг юм. Тэр хүн машинаа автобусны буудал дээр түр болон удаан хугацаагаар орхих ёсгүй. Дүрэм, журам, үүргээ мэддэг байх хэрэгтэй.

-Маргаан болсон газарт цагдаа ирсэн юм байна. Яаж шийдсэн юм бэ?

-Тэр залуу танхайрсан учраа цагдаа арга хэмжээ авсан байх. Цагдаа ирээд машиныг нь буулгачих гэж хэлсэн учраас бид буулгаад явсан. Машиныг нь буулгаж өгөх гэж байхад миний биед халдсан учраас би цагдаа дуудсан. Тэр хүн намайг цохиогүй байсан бол би түүнтэй ёс бус харьцахгүй байсан.

-Хүүхэд нь өвдөөд байсан шүү дээ. Машиныг нь хэрүүл, маргаан гаргахгүйгээр буулгаад өгч болоогүй юм уу. Ер нь ачсан тохиолдолд буулгах боломж байдаг уу?

-Хөдөлгөөнд оролцсон тохиолдолд автомашиныг ачилтын машины тэвшин дээрээс буулгах боломжгүй байдаг. Бидний ачаад явж байгааг хяналтын камераар хянаад байж байдаг шүү дээ. Бид хулгайгаар машин ачдаггүй, цагдаагийн зөвшөөрлөөр ачдаг. Энэ нийгэм чинь тэр чигтээ л камер болчихоод байна шүү дээ.

-Таныг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж сонссон. Ямар үндэслэлээр гомдол гаргаж байгаа вэ?

-Гомдол гаргана. Би үнэхээр гомдолтой байгаа. Миний зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй цахим сүлжээнд цацаж, олны доог тохуу болгож, доромжлуулж байна шүү дээ. Цахим сүлжээнд биднийг нийтээрээ харааж, заналхийлж байна. Миний хувийн орон зай халдлагад өртсөн учраас гомдол гаргаж байгаа. Дээрээс нь машинаа ачуулахгүй хэмээн маргаан үүсгэсэн залуу биднийг заналхийлж, сүрдүүлсэн.

-Юу гэж тэр вэ?

-“Миний машиныг ачсан та хоёрыг зүгээр байлгахүй. Та хоёр надтай дахиж таараарай” гэж хэлсэн. Би үнэндээ айж байна. Гэрээсээ гарч чадахгүй, гэр, нойл хоёрын хооронд л явж байна. Үүнээс болоод би ажлаа хийж чадахгүйд хүрсэн. Хүмүүсийн дарамт, доромжлол их ирж байгаа учраас би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингээд би ажилгүй болчихлоо.

-Ачилтын компанид ажиллаад хэр удаж байсан бэ?

-Би хувийн компанид ажиллаад дөрвөн жил болж байгаа. Энэ компанид ажилд ороод дөрвөн сар болж байсан.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү