Мэдээ

Баавар: Хамгийн сайхан амьдрал хөдөө л байна

Идэр ес эхэлж, хүйтэн жавар тачигнасан Монголын хөдөө анир гүмхэн хийгээд амар амгалан. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд өнтэй сайхан өвөл иржээ. Саяхан хип хопын од байсан, саяхан л алдаж онож, аавын хаалга татаж явсан тэрбээр урлагийн шуугиант ертөнц, Улаанбаатарын уур уцаартай амьдралыг орхиод хөдөө мал маллахаар нэг л өдөр Сэлэнгийн Хүдэрийг зорьсон байна. Харин одоо Баавар хэдийнэ хөдөөний хүн болж.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум /2022.01.13/
Тэднийх сумын төвөөс 35 км зайд өвөлжиж байна. Сумын төвөөс биднийг тоссон тэрбээр дэлгүүр орж, эхнэрийнхээ захиасыг аваад хөдөллөө. Өвөлжөө хүрэх замдаа түүнтэй малчин болсон тухай хэсэг хөөрөлдсөн юм.

-Хүдэрт өнтэй сайхан өвөл болж байна. Мал сүрэг тарган тавтай юу?

-Тавлаг сайхан. Гэр бүлээрээ хөдөө мал дээр гараад хоёр дахь өвлөө үзэж байна. Би 2019 онд Өмнөд Солонгост эмчилгээ хийлгэж, эх орондоо ирээд тав хонож байтал хил хаагдсан. Тэгээд эхнэртэйгээ ярилцаад хөдөө гарахаар шийдсэн юм. Манай хадмууд Хүдэр суманд мал малладаг.

-Гэнэт яагаад урлагаа орхиод хөдөөг зорив оо?

Тэрнээс гадна хөдөө гарахад нөлөөлсөн нэг зүйл нь фэйсбүүк үзэж суутал Канад улсын иргэн Жереми Булганы Хутаг-Өндөрт үхрийн фермер ажиллуулдаг юм байна. Тэрийг хараад “Гадаадын иргэн мал маллаж болоод байхад би яагаад болдоггүй юм” гэж дотроо бодсон. Тэгээд зориглоод малчин болсон доо. Эхнэр бид хоёр багаасаа л өвөө, эмээ дээрээ хонь хариулж өссөн хүмүүс. Тийм болохоор нэг их хүндрэл бэрхшээл тулгараагүй. Бас туслах малчинтай. Нутгийн дүү маань бидэнд тусалдаг юм. Мундаг залуу малчин бий.

-Малчин болно гэхэд ойр дотныхон нь гайхсан уу?

-Анх бид хоёрыг мал аваад, хөдөө амьдарна гэхэд ах дүү, найз нөхөд маань соёлтойгоор “Энэ хоёр чадахгүй дээ” гэж басч байсан. Бид хоёр чадна гэдгээ харуулахаар бусдын адил хичээж байна даа. Хөдөө өглөөнөөс авхуулаад унтах хүртлээ ямар ч завгүй. Бүх ажил цаг нартай. Сайхан л амьдарч байна.

Хүдэр сумын малчны өвөлжөө
-Одоо мянгат малчин болохын төлөө зүтгэж дээ?

-Тэгнэ дээ. /Инээв/ Манай урлагийнхан чинь ихэнх нь малтай. Харин өөрөө малаа малладаг нь цөөн байх.

-Хүдэр сумын байгаль үнэхээр сайхан юм.

-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумыг Монголын Швейцарь гэж ярьдаг юм билээ. Биднийг ийм сайхан хангай маш сайхан хүлээж авсан. Манайх сумын төвөөсөө 35 км зайд, хилийн зааг Хаза гэдэг газар өвөлжинө. Сумын төвөөсөө зүүн урагшаа 20 орчим км зайтай Уялга гээд манайх зусна. Хүдэр сум тэр чигээрээ газар тариалангийн бүс нутаг. Газар тариалангийн олон компани тариалан эрхэлдэг.

“WELCOME TO БААВАРЫНХ”

Ш.Батбаяр буюу Бааварын өвөлжөө
Ийн яриа өрнүүлж, ой дундуур цаг орчим давхисаар өвөлжөөнд нь ирлээ. Өвөлжөө хүрэх зам арай татуу ч яггүй, цас ихтэй өвөл хэр баргийн машин явахааргүй аж. Уулын энгэрт цэмцийтэл барьсан гурван гэрийн баруун талынх Бааварынх. Хэдэн нялх тугалаа хашаалж, өвс тавьж өгчээ. Цагаан саарал ой дээрээс сүглийх нь сүрдмээр.

Гэрийн эзэн “Ноднин зун манайх 100 орчим зочин хүлээж авсан. Заримынх нь ажил амжихгүй ирж чадаагүй. Манайх хэнийг ч хүлээж авахад үүд хаалга маань нээлттэй, “Welcome to Бааварынх” хэмээн гэртээ орохыг урив.

Зургаан ханатай, уянгын цоохор гэрт орлоо, гэрийн эзэгтэй аагтай шаргал цай чанасаар өмнөөс угтав. Бааварынх таван хүүхэдтэй. Хоёр охин, гурван хүүтэй. Ой гарантай Энххишиг охиныг гэрийн “босс” гэж аав, ээж нь өхөөрдөнө. Бага охин Хишигээ холоос ирсэн зочдоос гирэвшингүй, хэсэг гайхан зогсов. Хосууд арван жилийн сурагч байхдаа танилцаж, 2001 онд гэр бүл болжээ.

Том охин нь 21 настай, энэ жил оюутан болсон гэнэ. Оюутан охин болон есдүгээр ангийн сурагч хүү нь хичээл сургуультай учраас хотод амьдардаг. Гурван бага нь малчны хотондоо, аав, ээждээ эрхлэн тоглоно. Б.Энхтөр хүү хураасан бууцан дээр зогсоод “Come on baby” хэмээн хэвлүүлэх дуулж, нялх тугалнуудтай тоглох нь өхөөрдөм.

Бааварын гэргий Б.Золжаргал
“Сайн явж ирэв үү. Замдаа ядрав уу” хэмээн сүүтэй цай аягалж угтсан бүсгүйг Б.Золжаргал гэдэг. Тэд ханилаад 21 жил болж байгаа гэнэ. Мөн л хотод төрж, өссөн тэрбээр “Бид хоёр өмнө нь хөгшрөхөөрөө мал дээр гарна гэж ярьдаг байсан. Анх бүх зүйл сонин харагдаад, нүдэнд дасч өгөхгүй, үхрээ саах гэхээр ялгаж мэдэхгүй, их л хөглөсөн. Одоо бол малаа зүслэнэ. Үхэр малаа саагаад, хөдөөний айлын эзэгтэйн бүх ажлыг хийж байна” гэв.

Дэргэд суусан хань нь “Малын тоо хэлдэггүй гэдэг. Хэдэн мал маань сайхан өсч байна. Манайх ноднин нэг ч төлийн гарзгүй онд мэнд орсон. Маш сайхан мэдрэмж байдаг юм билээ. Энэ жил арванхоёрдугаар сарын 28-нд эхний төлөө авлаа. Зарим үхрүүд маань удахгүй тугаллана” хэмээн хийсэн ажлаараа бахдан ярив. Анх хөдөө ирээд “Манай нэг үхэр төрөөд” гэж явснаа бодвол ч одоо туршлагатай малчин болсон тухайгаа ярьж гэр дүүрэн инээдэм болцгоолоо.

Тэд хааяа Улаанбаатар хот орно. Хотын дуу чимээ, түгжрэл, утаа, гэж ярилтгүй. Урьд нь хотод амьдарч байгаагүй юм шиг төвөгшөөдөг болсон тухайгаа дуу нэгтэй хэлж байв.

“БИ МОНГОЛЫН ХИП ХОПЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ХЭВЭЭРЭЭ БАЙГАА”

Ш.Батбаяр
Дуучин Бааварын хувьд сүүлийн жилүүдэд урлагаасаа нэлээд хөндийрчээ. “Цар тахал гээд урлагийн янз бүрийн арга хэмжээ, тоглолт хориглочихсон. Би чинь бас продюсер хүн. Хамтлаг дуучдын тоглолтыг их зохион байгуулдаг байсан” тухайгаа дурсав.

Түүний хүүхэд нас Улаанбаатар хотын нэгдүгээр хороололд өнгөрчээ. Багаасаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан аж. 1999 онд “Дижитал” хамтлагаа байгуулж, 2009 он хүртэл хамтлагаараа уран бүтээл хийжээ.

-Та урлагтаа эргэж ирэх үү?

-Мэдэхгүй байна, ер нь бол урлагт эргэж орох бодол алга.

“Дижитал”-ынхантайгаа холбоотой байгаа юу?

-Ойрд хамтлагийнхантайгаа уулзаагүй. Сүүлд Эрка маань шинэ дуу гаргаж, хит болж байгаа сурагтай. Сүүлийн үеийн хип хопчид мундаг байна гээд байсан. Манай Эрка шиг нэг дуу гаргаад хит болгож чадаж байгаа юм. Хамтлаг маань 2007 онд “Анддаа” тоглолтоо “UB Place” концертын их танхимд хоёр хоног хийж, тухайн тоглолт зардлаа нөхөж чадалгүй “шатсан” юм. Тэгсэн түрээсийн мөнгө нэхэгдээд, би машинаа барьцаанд тавьсан. Тоглолтын дараа бүжигчид, хөгжим техникийн уран бүтээлчид мөнгөө нэхсэн чинь би ганцаараа үлдсэн. Тэр цагаас хойш хамтлагийнхнаасаа хөндийрсөн. Тэгээд 2007 ондоо зохиолын дуучдын хамтарсан “Ирж яваа цаг” тоглолтыг зохион байгуулж, өрнөөс гарч байлаа.

-Монголын хип хопын холбооны тэргүүн хэвээрээ биз дээ?

-Би холбооны тэргүүн хэвээрээ байгаа. Холбооны үүсгэн байгуулагч тэргүүн нь байна гэж дүрэмдээ заачихсан байдаг. Би энэ холбоог анх үүсгэн байгуулсан. Сүүлийн үед хип хопын холбоо руу ганц нэг нөхдүүд дайрч, “Холбоогоо өгчих. Ингэе тэгье” гэж яриад л байна. Хүний барьсан гэрийг булааж болохгүй биз дээ. Би хамаг амьдралаа зориулж Монголын хип хоп урлагийг ямар хэмжээнд болгосныг хүмүүс мэдэж байгаа байх.

-Баавар нэрийг хэн өгсөн юм бэ?

-Миний Баавар нэрийг анх “MR.Dogs” хамтлагийн Хойлогоо /Ц.Хойлогдорж/ өгсөн. Бид бага ангийн хоёр. Бага ангийн хөвгүүд хоорондоо зодолдож, ангийнхаа нэг хоёрдугаар атаманыг үзэж байгаад “Та нар бөөнөөрөө нийлж, битгий бааварлаад байгаарай” гэсэн чинь Хойлогоо “Өө муу Баавар” гээд дууддаг болсон. Тэгж анх 1988 онд нэгдүгээр хороололд Баавар нэртэй болж байлаа. Хүмүүс овог нэрнээс минь илүү Баавар гэж дууддаг.

“ХӨДӨӨНИЙ АМЬДРАЛ ДЭНДҮҮ САЙХАН БАС СОНИРХОЛТОЙ”

Малчин Баавар малаа хариулаад ирж буй.
Баавар, Б.Золжаргал хоёрын мөрөөдөл дөнгөж эхэлж байна. Тэд алс хязгаар нутагт тохь тухтай орчныг бүрдүүлж, олон ажил хийх зорилготой. Орчин цагийн малчин айлд зурагт, ус буцалгагч, хөлдөөгч, хөгжим, будаа агшаагч, угаалгын машин гээд хотын айлаас дутах зүйл алга. Гэрийнхээ гадна морь, машин, мотоцикл сойгоостой. Эднийх хилийн зааг дээр учраас гар утасны орос сим ашиглаж, фэйсбүүкээс цаг үеийн мэдээллээ авдаг гэнэ.

Баавар “Бид одоохондоо монгол гэртээ амьдарч байна. Цаашдаа малчидтайгаа хамтран өвөлжөөндөө саун барина. Мөн сум орон нутгийнхаа удирдлагуудтай ярилцаж байгаад эрчимжсэн мал аж ахуй руу орох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйтайгаа хослуулахаар судалж байна. Залуустаа хандаж хэлэхэд ид хийж бүтээдэг насан дээрээ орон нутагт амьдаръя гэж уриалъя. Хамгийн сайхан амьдрал хөдөө байна” хэмээн мөрөөдлөөсөө хуваалцав.

Түүний гэргийг Б.Золжаргал, бага охин Б.Энххишиг
Гэргий нь түүний ярианд хүч нэмж “Бид хоёр гэрт өвөлжих нь битгий хэл амьдарч үзээгүй хүмүүс шүү дээ. Бүх зүйл нь бэлэн амьдрал утгагүй. Өмнө нь битүү дөрвөн хананы дунд яаж амьдарч байсан юм бол гэж боддог. Хөдөөний амьдрал бас сонирхолтой. Хүнээс маш их хөдөлмөр,хичээл зүтгэл шаарддаг юм байна” хэмээн инээмсэглэв. Ийн ярих зуур гэрийн эзэн үхэр малаа хашихаар гарч, гэрийн эзэгтэй тогоо дүүрэн бууз жигнэлээ.

“АЛДСАН АЛДААГАА ДАВТДАГ ХҮН БОЛ ХАМГИЙН ТЭНЭГ ХҮН”

Түүний гэр бүлийн найм дахь гишүүн бол “Бамбар”
“Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна” гэдэг. Тэрбээр амьдралдаа алдаж оносон ч дахин тэр алдаагаа давтахгүйн тулд хичээж яваагаа нуусангүй. “Би амьдралдаа маш том алдсан. Хар тамхи хүний амьдралд хэзээ ч байж болохгүйг ойлгосон. Алдаагаа давтдаг хүн бол хамгийн тэнэг хүн. Тэгэхээр залуус энэ муухай зүйлээс хол байх хэрэгтэй”-г чин сэтгэлээсээ захисан юм.

Орон нутагт архидалт газар авч, залуусыг “залгиж” байгааг тэр анзаарч, сэтгэл эмзэглэж явдаг гэнэ. Эхнэр М.Золжаргал нь “Гэр бүл уучлал, тэвчээр, хүндлэл, хариуцлага дээр тогтдог. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай, бие биеэ хүндэлж, уучилж чаддаг байх юм бол амьдрал бүтэн үлддэг гэдгийг өөрийнхөө амьдралаас мэдэрлээ. Хань минь алдаж оносон байж болно. Гэхдээ эргээд харахад бид хоёр амьдралаа бүтэн аваад үлдчихсэн, үр хүүхэд маань эрүүл, өнөр өтгөн, тайван сайхан амьдарч байна” гэв.

“Хань минь маш цайлган зантай, хүнд их тусалдаг, зорьсон ажлаа яаж ийгээд бүтээдэг дайчин зантай хүн. Үр хүүхэд гэр бүлээ авч явахаас гадна гурван хүний гэр бүлийн арыг даадаг. Эр хүний ноён нуруу сайтай хүн дээ” хэмээн бүсгүй ханийгаа магтав.

-Солонгос улсад биеэ эмчлүүлсэн гэсэн. Одоо бие нь дажгүй юу?

-Миний биеийн нуруу, хоёр гар гээд 70 хувь нь түлэгдсэн. Тиймээс Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн. Одоо ахиад үзүүлэх шаардлагатай байгаа. Цар тахал гээд хил гааль хаалттай байна. Бие маань одоо дажгүй ээ. Өвдөж, зовж байна гэвэл өвдөөд л байна. Аль болох зовлонгоо тоочихгүй, ийм сайхан эрүүл агаар, хөдөө нутагт сайхан байна.

-Хүн амьдралд алдаж оноход найз нөхдийн чанар танигддаг гэдэг. Эргээд харахад тийм хүн хэр олон байна вэ?

-Намайг хазгай гишгэхэд маш олон хүн зангаа таниулсан. Тэдний ч буруу гэж юу байх вэ. Угаас хүн гэдэг их муухай амьтан юм. Хүн амьдралд жаахан л хазгай гишгэвэл “Ашгүй минь” гээд дээрээс нь дэвсэлдэг. Тэгэхээр хүн амьдралд аль болох алдахгүйг хичээх хэрэгтэй.

Алдаж оноход минь намайг орхиогүй хүмүүс ч бий. Ээж минь, ах дүү нар, гэр бүл минь байна. Би тэднийхээ хүчинд өдий дайтай явна. Би чинь бараг үхээд боссон хүн шүү дээ.

Харин “Яг тэр маань ирнэ дээ” гэж бодсон хүмүүс бүгд алга болсон. Монголын урлагт 2000-2009 он хүртэл Бааваргүй юм байхгүй байлаа. Тэр хүмүүсийн биш миний буруу л даа.

-Ах дүү хэдүүлээ вэ?

–Би ах дүү тавуулаа. Хоёр ах, нэг эгчтэй, нэг дүүтэй. Манай гэрийнхэн хувийн бизнес эрхэлдэг. Ээж минь энэ зун манайд ирээд амраад явсан. Хүүгээ малчин болсонд үнэхээр баяртай байгаа.

Баавар үнэхээр өөрчлөгджээ. Хал үзэж, халуун чулуу долоосон, алдаанаасаа суралцаж, амьдрал тэмүүлж яваа хөдөөний эгэл нэгэн малчин болж. Дараа ирэхэд санасан бодсоноо хийж, бүтээгээд улам өнөр өтгөн айл болсон байна биз. Учир нь Бааварынх удахгүй бүл нэмнэ.

Алсын анирхан уулс дундаа
Агаарын ариухан нь хөдөө юм аа хө
Ажил хийж амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа хө гэж дуунд гардаг шиг Баавар алсын анирхан уулс дундаа аз жаргалтай, энгийн сайхан амьдарч байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү