Recetas

Бариач С.Дамдинжав: Тархины доргилттой хүүхдийг нэг удаа барихад л хангалттай

Монголчууд хүүхдийнхээ тархийг доргиход юун түрүүнд уламжлалт анагаахаа барааддаг. Энэ үед эцэг эхчүүдэд бариач нар шиг сэтгэл зүйн дэм өгч, хүүхдийнх нь өвчнийг нэвтэрхий мэдэж анагаадаг хүн үгүй билээ. Тэгвэл нийслэлд маань хүмүүс олон хоногоор урт дараалал үүсгэн байж үйлчлүүлдэг нэгэн хараагүй бариач байдаг нь Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичигийн эзэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт ажилтан С.Дамдинжав гуай юм. Түүнтэй бид бариа заслын гоц үзэгдлүүдийн тухай ярилцлаа.

Хаалган дээрх бичгийг уншлаа. Та удам дамжсан бариач хүн юм байна. Хэд дэх үеийн бариач вэ?

Хүнд төрөлхийн, эсвэл олдмол авьяас билиг гэж байдаг. Хан хурмаст, байгаль дэлхийгээс удамшиж өвлөсөн байгалийн төрмөл авьяас гэж нэг юм бий. Тухайн хүн боловсролтой, боловсролгүйн алин ч байж болно. Үүнээс үл хамааран авьяас билиг нь нэгэнт тодорсон л бол насны амин зуулгаа олсон байдаг. Манайхан тав дахь удмын бариач дээрээ явж байна. Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас гаралтай хүн. Аав маань барьдаг хүн байсан. Аавын минь өвөг эцгийн үеэл дүү нь буюу миний нагац ах Наяндорж гэдэг хүн нутагтаа нэртэй бариач байлаа. Энэ хүн амьд сэрүүндээ ямар ч өвчтэй хүнийг барьдаг байсан юм. Мөн Ховд аймагт нагац ахын маань охин буюу миний нагац эгч алдартай бариач байсан. Манай удамд бариач хүн нэлээд олон бий.

Та барианы арга барилаа хэнээс нь сурсан бэ?

Ааваасаа, бас нагац ахаасаа. Харин мэргэжлийн оноштой өвчнийг бариа засалтай хавсран анагаахыг эмч н.Гомбосүрэн зааж өгч байлаа. Би энэ хүнийг багшаа гэж дууддаг. Бид хоёр Бөхийн өргөөний ойролцоо Ардын эмнэлгийн хүрээлэнг нээж, хамтран ажиллуулж байлаа.

Барианы арга барилд тань учир байна уу, эсвэл удам дамжсан авьяас чадвар нөлөөлж байна уу? Таныг зорьж маш олон хүн ирдгийг сонслоо.

Байгалиасаа шүлэг сайхан найруулж бичдэг хүн байдаг шиг би бариач хүний гартай төржээ. Манай Бааль овогтнуудаас анагаахын чиглэлийн олон хүн төрсөн. Монгол улсын профессор, доктор, анагаахын шинжлэх ухааны академич Т.Цэрэндагва гэдэг мундаг хүн манай нагац ахын талын хүн байгаа юм. Ховд аймгийн төв дээр манай эмэг ээжийн талын н.Ёстойхүү хэмээх эмч мэргэжилтэй хүн бас байна. Манай удмын эдгээр хүмүүс авьяас билгээ таньж мэдсэнээр анагаахын боловсрол эзэмшиж, ард түмэндээ үйлчилж байна. Хүмүүс миний тухай бие биеэсээ сонсон зорьж ирэхээс гадна миний утасны дугаар, мэдээлэл лавлах болгон дээр бий. Нэг талдаа ингэж олон хүн зорьж ирж байгаа нь сайхан ч нөгөө талдаа хэт их дараалалтай, ачаалалтай өдөр өөрийн эрхгүй түвэгшээх нь бий. Өндөр халуурсан хүүхдээ тэврээд намайг зориод ирдэг эцэг эхчүүд олон. Би тэдэнд хүүхдээ нэн түрүүнд эмнэлэгт аваачиж үзүүл гэж хэлдэг. Эмчээс мэргэжлийн зөвлөгөө, оношилгоо авсаны дараа л бариач дээр ирж толгойг нь бариулбал дээр.

Та хэдэн жил бариа засал хийж байна вэ?

Би одоо 64 настай. 1967 оноос хойш янз бүрийн ажил хөдөлмөр эрхлэхийн сацуу бариа засал хийсээр ирлээ. Тэр үеэс хойш хүний толгой барилгүй өнгөрсөн өдөр гэж үгүй.

Таныг хүмүүс энергиэрээ барьдаг гэх юм. Энэ арга барилаа анагаахын шинжлэх ухаанаар тайлбарлаж тусална уу?

Анагаахын шинжлэх ухаанд тархины доргилт, эмэгтэй хүний савны гажилт гэсэн ойлголт байдаггүй. Гэвч ийм төрлийн зовиур хэлсэн хүмүүс над дээр байнга ирдэг. Би тэдэнд өөрийнхөө мэдрэмжээр бариа засал хийж өгдөг. Тэр ч бүү хэл хүүхэд олдоггүй эмэгтэйчүүдийг янз бүрийн дом заслын аргаар хавсран бариа хийсний дараа тэд жирэмсэн болж байна. Надад талархаж явдаг олон эцэг эхчүүд бий. Би үйлчлүүлэгчидтэйгээ харилцан нэг энергийн тойрогт ордог. Хэлд ороогүй, бүр хэдхэн сартай балчир хүүхэд ч өөрийн гэсэн энергитэй байдаг. Үүнтэй нь уялдуулж, нэг хэмнэлд орсноор зовиуртай эрхтэн дээр нь зөөлөн иллэг, бариа хийхэд цусан хангамж хэвийн байдалд очиж өвчин нь илааршдаг.

Та өөрийн арга барил, барианы техникээ цааснаа буулгаж, ном болгон түгээх тухай бодож байсан уу?

Би төрөл садангийнхаа эмч нарт энэ тухай санал тавьж байсан. Тэд маань ажил хэрэг болгох байх. Нүд маань хардаггүй учраас би анагаахын талын мэдлэг, мэдээллээ Үндэсний радиогоос л авдаг шүү дээ. Радиогоор сонссон, хэрэгцээтэй гэж үзсэн мэдээллээ дуу хураагуурт бичиж авна. Яах вэ, хүний хийсэн юман дээр өөрийн туршлага, олон жилийн ажиглалтандаа тулгуурласан дүгнэлтийг нэмж хэдэн материал бэлдсэн. Үүнийгээ нэг жижигхэн ном болгоод хэвлүүлнэ гэсэн бодол бий.

Тархины доргилт гэх ойлголт анагаах ухаанд байдаггүй гэх. Харин та уг зовиурыг ямар шинж тэмдгээр оношилдог вэ?

Тухайн хүүхэд доргилттой, эсвэл даралттай байна уу гэдгийг би мэдрэмжээрээ л үзнэ. Миний эхнэр ч гэсэн удам дамжсан бариач хүн. Бид хоёр хоёулаа Эрүүл мэндийн боловсролын төвийн олон улсын бариа засалчийн үнэмлэхтэй. Төр засгаас бидний хөдөлмөрийг үнэлж ийм үнэмлэх олгосонд туйлын баяртай байдаг.

Мэдрэмжээрээ оношилно гэхээр, та яг юуг мэдэрдэг вэ?

Толгойн доторх нэг бөмбөг шиг жижигхэн юм доргиод, байсан газраасаа хөдөлчихдөг болохоор хүний толгой эргэж, дайвалзаж, тэнцвэрээ алддаг гэж эмч нар тайлбарладаг. Харин минийхээр бол, хүний тархины судасны цусан хангамжийн хэвийн ажиллагаа алдагдсаных. Судасных нь дагуу илж, бариа засал хийж өгснөөр тэр хэвийн ажиллагаа нь жигдэрч, хүүхэд халуурахаа больж, бөөлжиж, гүйлгэх нь зогсдог.

Яагаад сүүлийн үед тархины даралттай хүүхдүүд төрөөд байна вэ?

Хүмүүс энэ бүхнийг орчин тойронтой их холбож байна. Агаарын бохирдол, хорт утаа, дэлхийн дулаарал гээд хүрээлж буй орчноос энэ бүхэн хамаарч байгаа байх. Гэхдээ алтан сайхан үр тээж байгаа ээж хүнд хэвлийдээ хүүхэд олсноос эхлээд анхаарах зүйл их бий. Архи дарс уухгүй, уур уцааргүй, элдэв долгион ялгаруулдаг зурагт, утас, компьютер зэргийг хөл хүнд байхдаа аль болох хязгаартай хэрэглэхгүй бол эрүүл мэндэд хортой гэж боддог. Хүүхдээ бариулахаар ирж буй ээжүүд “Манай хүүхэд гар утас чөлөөтэй хэрэглэдэг. Тоглоомоо өөрөө нээгээд тоглочихдог” гэх зэргээр ярьдаг. Тэгвэл тийм жаахан хүүхэд хар багаасаа өдөр бүхэн асар их долгионд өртөж болж байна уу? Би хүүхдийг хөгжлөөс хоцроох, орчноос тусгаарлах ёстой гэж байгаа юм биш. Өнөөдөр бүх зүйл цахимжиж, электрон хэлбэр рүү орсон ч хүүхдийг хөдөлгөөнтэй байлгаж, чийрэгжүүлэх нь чухал. Тэр утас, компьютер зэргийн хэрэглээг эцэг эхчүүд маань л хязгаарлах хэрэгтэй байгаа юм. Ер нь хүүхдийн идэвхтэй байдлыг дэмжихийн тулд хуваарь гаргаж өгсөн нь дээр. Уйлахаар нь л гар утсаа өгч саатуулаад байж болохгүй.

Та өдөрт хэд орчим хүүхдийн толгой барьдаг вэ?

Янз янз л байдаг /Ярилцлага авч байх зуур утас нь хэд хэдэн удаа дуугарлаа. Хүүхдээ бариулах гэсэн эцэг эхчүүд өдөр бүр ийш зорин ирдэг бололтой. Амралтын өдөр нь байсан тул хэдэн хүнтэй ярьсны дараа тэрбээр утсаа унтраав/. Над дээр ихэвчлэн хүүхдийнхээ толгойг бариулах гэсэн эцэг эхчүүд ирдэг. Үүнд ч би дуртай. Хүүхэд үргэлж хүнд гэрэл гэгээ, сайн сайхан энергийг өгч байдаг. Тэдний энергийг би авдаг гэсэн үг биш л дээ /Инээв./ Хүүхэд бол амьдралын цэцэгс, олон нуурын мянган эрвээхий шиг өхөөрдөм, хөөрхөн амьтад. Тэдний дунд яваадаа би үргэлж баярладаг.

Хэдэн удаа барихад хүүхдийн толгойн өвчин илааршдаг вэ?

Тархины доргилттой хүүхдийг нэг удаа барихад л хангалттай. Харин даралт үүсчихсэн, нойр нь хулжсан хүүхдийг 2-3 удаа л явуулна. Тэгж олон удаа ирүүлээд байхгүй. Нэг удаа барихад гурван минут л зарцуулна.

Томчууд ихэнхдээ ямар зовиур хэлж ирдэг вэ?

Ихэвчлэн савны гажилттай эмэгтэйчүүд, тархины доргилт, даралт үүсчихсэн хүмүүс, гол төлөв бөхчүүд ирж байна. Сээр хүзүү нь хөшдөг, остеохондрозтой хүмүүсийн бариа заслыг ч хийнэ. Нуруу, хөл, гарны үе өвддөг хүмүүс ч ирнэ. Хачирхалтай зүйл хэлэхэд “Савны хий гаргуулах гэсэн юм” гэж хэлэх нь их юм. Би ч “Өө, тийм хий байдаг юм уу? Бөмбөг шиг хийгээр дүүрчихдэг юм уу?” гээд л хүлээж авдаг. Зарим хүмүүс инээгээд гарна, зарим нь уурлаад гарна.

Ийм зовиур хэлж ирдэг хүмүүс цөөнгүй гэлээ. Ийм оношийг эмч нар хэлээд байна уу, эсвэл иргэд маань өөрсдөө мэдэмхийрээд байгаа юм болов уу?

Эмч нар мэдээж ийм онош хэлдэггүй байх аа. Өөрсдөө л мэдэмхийрч байгаа байх. Уг нь миний сонссоноор, эмэгтэй хүний сав бол хамгийн битүүмжлэлтэй эрхтэн. Эмэгтэй хүнд үр заяаж, алтан үр нь томрохоор сав нь байгалийн жамаар нээгддэг. Түүнээс биш хийгээр дүүрдэггүй. Тэгээд би сүүлдээ тийм зовиур хэлсэн хүмүүст “Ах нь тийм зүйл мэдэхгүй тул барьж чадахгүй” гэдэг болсон. Бас ард иргэдийн дунд “Хараагүй хүн болгон гартаа “юмтай”, анагаах энергитэй байдаг” гэсэн яриа их байх юм. Тийм биш шүү! Над дээр ирдэг хүмүүс “танай” гээд л ярих юм. Хараагүй хүн болгон надтай хамааралтай биш шүү дээ.

Эвгүй асуулт санагдаж магадгүй. Гэхдээ та хэзээнээс хараагүй болсон бэ?

1985 он хүртэл би хараатай байсан. Би чинь төрөлхийн хараагүй хүн биш шүү дээ. Тэрнээс өмнө би Ховд аймгийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байлаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойн Атрын хувьсгалын үе л дээ. Тэр үед ч гэсэн бариа засал хийдэг байсан. Сайхан хоолоор дайлуулчихаад л явдаг байлаа. Харин 1985 онд өндрөөс халтиран унаж, ослын улмаас ийм болсон юм. 1987-1988 оноос автобусны хаягийг уншиж чадахаа больсон. Таягтай хэрнээ муухан явдаг болсон.

Та залгамж халаагаа бэлдэж байгаа юу. Авьяас, мэдлэг чадвараа цааш дамжуулах бодол бий юу?

Би хоёр хүүхэд, 10 ач зээтэй. Дунд сургуульд явдаг ач охин маань надтай амин холбоотой юм. Орой хөл гар өвдөхөд намайг барьж өгдөг. Охин маань бариад өгөхөөр л дорхноо зүгээр болчихно. Өнгөрсөн тавдугаар сард өглөө бие тавгүйрхээд, утсаараа хүүхдүүдтэйгээ ярих гэсэн чинь кодоо оруулж чаддаггүй. Суурин утсаа аваад эхнэр рүүгээ ярих гэсэн чинь дугаарыг нь санадаггүй. Тэгтэл ач охин ороод ирлээ. “Өвөө, бие чинь зүгээр үү. Өвөө дээр гэнэтхэн очмоор санагдаад багшаасаа зөвшөөрөл аваад хүрээд ирлээ” гэдэг юм. Тэр яаж намайг мэдрэв ээ гэж би боддог. Их сонин тохиолдол шүү.

Совин татсан байх даа… Орчин үеийн хүмүүс аливаа дом, зөн совинг мухар сүсэг гэж хүлээж авах нь их. Гэтэл та ийм зүйлд итгэдэг бололтой…

Би бүхий л амьдралдаа шинжлэх ухааны нэр томъёогоор тайлбарлаж боломгүй зүйлстэй олон удаа нүүр тулж байлаа. Аливаа домыг хүний сэтгэл зүйтэй холбож болдог. Жишээлбэл, таван сартай хүүхдийн толгойг барихад ээжийнх нь сэтгэл тайвширч уужирна. Тэр бүхэн нь эхийн сүүгээр хүүхдэд нь дамжиж нөлөөлдөг болов уу. Түүнээс биш ямар нэгэн ид шид, номын хүч үүнд огт байхгүй. Харин зөн совин бол мэдрэмжтэй л холбоотой. Хэн бүхнээс илүү өндөр мэдрэмжтэй хүмүүс бидний дунд байдаг л байх. /С.Дамдинжав гуай XIX хорооллын Хараагүйчүүдийн төвийн хойд талын дөрвөн давхар тоосгон байрны I орцны IV давхарт, 40 тоотод байдаг. Ажлын цаг нь Мягмар гарагаас бусад өдөр 9.00-14.00, 16.00-20.00/

Ярилцлагыг: З.Ариунболор
Гэрэл зургийг: Б.Одгэрэл

TIME.mn

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү