Мэдээ

Би аавыгаа огт өвдөхгүй, үхэшгүй төмөр баатар мэтээр төсөөлчихсөн байсан…

Бага байхад гэрээр минь дүүрэн Орос, Англи, Япон хэл дээр гоё гоё зурагтай үлгэрийн ном байдаг байсан юм.

Тэр бүх номнуудыг би хойноос нь хараад л ямар үйл явдал гардаг, гарчиг гээд бүгдийг цээжээр мэднэ, тэгтлээ цээжилчихсэн.

Уншиж бичиж чадахгүй ч гэсэн аав надад бүгдийг нь уншиж огтоосоо төвөгшөөлгүй ярьж өгсөөр байгаад л тэр шүү дээ. 3,4хөн настай охиндоо байнга үлгэр уншиж өгөөд эргүүлээд тэндээсээ юм асууна.

Аав минь сумын төвд өссөн. Аавын маань аав сумынхаа дарга нь байсан болохоор тэр үед ном сонин ховор байсан ч аав маань өвөөгийн ажил дээр юм хум олж уншсаар байгаад номонд дуртай болоод өсчихсөн юм.

Ямар л дугуйлан секц байна намайг явуулна. Намайг гадаад хэлэнд сайн болгох гээд машинд явахдаа кассет тавичихна. Урлаг талдаа сонирхолтой болгох гээд 4,5 наснаас минь эхлээд тасралтгүй хөгжмөөр хичээллүүлсэн.

Би одоо ч хөгжмөө мэргэжилээ болгох гээд суралцаж байна. Хүүхдийн ордонд хийл,төгөлдөр хуур ,морин хуур … гээд л маш олон жил явсан. Аав намайг оруулж өгчихөөд үүдэнд нь өвөл ч байсан хичнээн цаг хамаагүй хүлээж байгаад тарахаар авч явна. Миний боловсролын төлөө л нойр хоолгүй зүтгэнэ.

Хөрөнгө мөнгө бол олддог бас үрэгдээд л дуусчихдаг зүйл, мэдлэг боловсролтой байх л хамгийн чухал шүү миний охин гэж байнга захина. Ээж маань бас дээд боловсролтой хүн даанч намайг бага байхын л бие нь өвддөг, төрөлхийн зүрх муутай. Нурууны суултнаасаа болоод ажиллаж чадахгүй хэсэг гэртээ байдаг байлаа. Ээжийн нуруу өвдөөд татчихдаг бараг л хэвтэрт орох гэж байсан. Эмч нар найдваргүй суумгай болно гэж хэлж билээ. Аав минь цагдаагийн ажилтан, ажил нь цаг наргүй байдаг ч гэрийнхээ ойролцоо явж байвал сиймхийгээр нь орж ирж аарц буцалгаж, цай чанаж, идэх юм бэлдэж өгчихөөд гардаг. Заримдаа ажлаасаа үүрээр бууж ирээд надад өглөөний цай бэлдэнэ, явахаасаа өмнө бүгдийг нэгд нэгэнгүй савлаж боогоод нямбай гэгч нь хийчихнэ. Намайг өлсөхгүй хичээлдээ яваасай гэсэндээ л. Би тэр үед жаахан хүүхэд ээжийгээ алдчих вий гэж айсандаа шөнө болгон ээжийнхээ зүрхийг цохилож байгаа эсэхийг очиж чагнаж нууцаар дэргэд нь суудаг байсан. Тэрнээс хойш олон жил эмчилгээ хийлгэсээр байгаад ээжийн маань нуруу гайгүй болсон. Хэдэн жилийн дараа дахиад элэг нь өвдөөд хагалгаанд орсон. Ээжийг сайн асарч сувилаад дээрдэж байлаа. Ээжийгээ л алдах вий гэсэн айдсыг мэдэрсээр байгаад надад элэг бүтэн амьдрал л хамгийн чухал зүйл санагдах болсон юм. Харин би аавыгаа огт өвдөхгүй, үхэшгүй төмөр баатар мэтээр төсөөлчихсөн байсан байх…

Тэгээд аав цагдаагийн ажлаасаа тэтгэвэртээ гарах болсон угаасаа 20 жил ажиллаад л хүнд нөхцөл гээд эрт тэтгэвэрт гардаг. Би аав одоо хийдэгээ хийсэн бие чинь ч өвдөнө амар даа гэсэн аав нь зүгээр суухгүй ээ охиныгоо төгстөл ямартай ч ажил хийнээ гээд ажиллаад байсан. Бидний төлөө. Би хичнээн өөрөө ажил хийж, чаддаг юмаараа багахан мөнгө олж байсан ч гэсэн аав мөнгө олж надад илүү сайн боловсрол мэдлэг эзэмшүүлэхийн тулд ажилласаар л байв. Сая 1 сарын 11-ний өдөр аав ажил дээрээ байж байхад гурван хүн үүднийх нь камерыг салгаад манаачийг нь зодож ажил руу нь орсон байсан. Гэхдээ тэд нар бүх камерыг салгаж чадаагүй болохоор бичлэг нь үлдчиxсэн. Бичлэгэн дээр аавыг паарнаас уяж байгаад толгой руу нь төмрөөр алах зорилгоор маш олон давтамжтай хүчтэй цохисон байсан. Дээрэм хийхийн тулд. Бүх тархийг нь бяцартал. Ясыг нь үйртэл төмрөөр цохисон. Эмч хэлэхдээ магнайных нь хэсэгхэн арьсан дээр тархи нь тогтож үлдсэн байна, тэр арьс байгаагүй бол тархи нь шууд үйрээд унахаар байсан гэсэн. Ийм аймар гэмтэл авчихсан зодуулж байхдаа тархи нь цусаар дүүрч, давхар харвачихсан хүн газар дээрээ л явна, ингээд амь нь торгоод үлдэнэ гэдэг маш их аз шүү гэж эмч хэлсэн. Хүний тархи олон хэсэгтэй, гэтэл аавын минь тархины ой санамжийн хэсэг нь бяцраад бүх юмтайгаа холилдчихсон байсан. Бүтэн тархинаас гэмтээгүй хэсэг байгаагүй. Үнэхээр аймшигтай дүр зураг эмч харуулсан. Тэдгээр хүмүүс баригдсан ч урьд нь ял эдлэж байсан, бидэнд ямар ч нөхөн төлбөр өгөх чадваргүй хүмүүс.

Хэдий ухаан ороод амь нь тогтоод үлдсэн ч гэсэн надад аймшигтай их гомдолтой байсан, хүмүүс яаж ийм хэрцгий байж чаддаг юм бэ? Хэлэх үг ч олдохгүй ямар байсан бол гэж төсөөлөхөөс ч зүрх дэлсэж байна. Бид нар байдаг мөнгөө бүгдийг нь шавхаад аавыгаа авч үлдэх арга байвал бүгдийг хийе гэж хаана ямар эмчилгээ байна найдвар л байвал авч явахаар шийдэж зориглосон юм. Хагалгаанд ороход нь гомдолгүй гэсэн гарын үсэг ээжээр зуруулаад, эмч нь надтай video call хийж компьютер дээр тархиных нь зургийг нэг бүрчлэн үзүүлж надад тайлбарлаж өгөөд за орууллаа шүү гэр бүлийхэн нь эрсдэл гарвал гомдолгүй гэх ам заавал авдаг талаар хэлж өгсөн. Хүн хичнээн том байр, орд харш шиг гэрт амьдраад, мөнгөтөй байгаад аз жаргалгүй өдөр бүр юу хийхээ мэдэхгүй юуны тулд амьдраад ч байгаагаа мэдэхгүй сэрвэл тун хэцүү, тэрний оронд байдаг бүгдээ шавхаад ч хамаагүй аавыгаа авч үлдээд гурван ханатай гэрт тойрч суугаад зүсэм талх хуваагаад идвэл би түүнийг аз жаргал гэж хэлмээр, энэ амьдрал сайхан байна гэж дуулмаар. Ер нь үхэл ирсэн цагт мөнгө байгаад ч тойроод гарахгүй, хайртай шүү гэж хэлж амжаагүй байсан шд ээ гэж тэнхээгээ тасартал орилж уйлаад ч босоод ирэхгүй л байхгүй юу…

Хагалгааны дараа ээж надруу даруйхан залгасан. Их удсан ч гараад ирлээ. Наркозтай байгаа гарахаар нь яринаа гээд тасалсан. Аав нүдээ нээсний дараа нь ээж video call хийж ямартай ч аав нь даваад гараад ирсэн шүү гээд харуууллаа. Царай зүс нь үнэхээр аймар болчихсон болохоор би хараад уйлаад л байсан. Тэгсэн чинь аав минь гараа арай гэж өргөөд утасны дэлгэцийг миний нулимсыг арчиж байгаа юм шиг илээд “Миний охин” гэж хэлсэн. Юу ч санахгүй, юу ч хэлж ярьж чадахгүй байж арай гэж хэлсэн үг нь ердөө л тэр. Тэгэхээр нь ээж “Миний хөгшөөн, охиныг нь хэн гэдэг билээ” гэсэн чинь аав бодож бодож байснаа Маралаа гэж зөөлөн хэлсэн. Намайг Маралаа гэдэггүй шд ээ. Аав минь ямарч байсан охинтой гэдгээ л санаж байсан. Ганцхан намайг л охиноо гэж таньсан. Тэр бүх зүйл болж байхад энэ бүгдийг тэсээд гарахдаа охиноо л бодоод байсан байгаа юм. Үнэхээр үхтэл үр харам гэдэг нь л тэр байх. Тэгээд дараа нь дахиж огт юм ярьсангүй, хөдөлж чадсангүй цус харвасаны улмаас хөл гар нь мэдээгүй болсон. Энийг сонссоныхоо дараа би уйлахаас өөр юу хийж чадах юм бэ эмээ, өвөөгийнхөө зурагны урд очоод Аавыг минь үлдээгээд өгөөч, битгий авч яваач гэж зөндөө уйлж гуйсан. Өмнө нь ямарч шүтлэггүй, сүсэг бишрэлгүй байсан ч лам бөө гээд бүгдээр нь явлаа. Итгэж болох бүхэндээ итгэхийг хүссэн. Нэг бөө амьд үлдэнэ, сайжрана гэж үнэхээр хэлж чадахгүй байна ямартай ч энэ үйлийг хийгээрэй гэхээр нь хэлснээр нь уулын энгэрт аавынхаа өмнөөс чулуу оршуулсан.

Ер нь явчих гээд л маш муу байгаад байсан. Аав минь яг одоо ухаан орсон ч гэсэн яагаад байгаагаа ч мэдэхгүй зүгээр л сэрүүн л байж байгаа. Юу ч ойлгохгүй. Дараагийн хагалгаанд орохыг нь биеийнх нь байдлыг харж байгаад шийднэ гэсэн. Гадаадад байгаа нөхөн сэргээх эмчилгээ юу байдаг юм би бүгдийг нь судлаад ажил хийж мөнгөө цуглуулна, боломжтой бүх хувилбарыг олж заавал эцсийг нь хүртэл эмчлүүлнэ. Гэхдээ хэзээ ч сургуулиа хаяхгүй, ямар нэгэн аргаар заавал төгсөнө. Миний боловсрол аавын минь хамгийн том зорилго, хүсэл учраас. Аав минь хэзээ нэгэн цагт босоод ирвэл тэр үед охин нь сургуулиа орхисон байвал өөрөөс нь боллоо гэж бодно шдээ. Би одоо аавыгаа зүгээр л амьд байгаа, амьсгалж байгаад нь л талархаж байна. 1 жил, 1 сар, 1 хоног ч хамаагүй хажууд нь л байхын тулд би чадах бүхнээ хийнэ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү