Мэдээ

Болдсайхан эмч хүүхдүүдийн “тоглоом” болжээ

УБ Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал, зүрхний мэс заслийн их эмч Болдсайхныг мэдэхгүй хүн байхгүй биз. Тэрээр Зүрх мартахгүй төслийг хэрэгжүүлж олон олон бяцхан зүрхийг эдгээж яваа алтан гартай ачтан билээ.

Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан нь АУИС-ийн төгсөгч ба нийт 25 гаруй жилийн ажлын туршлагатай эмч юм. Шастины нэрэмжит III төв эмнэлэгт мэс заслын их эмчээр 1988-2011 онуудад ажиллаж байсан. 2011 оноос УБ Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмчээр ажиллаж байна.

Бундангийн Болдсайхан: Эмч хүн өнөөдөр хагалгаагаа сайн хийхийн тулд сайн амарч, эрүүл чийрэг байх ёстой. Би сархад уудаггүй. Өмнөх орой нь уучихсан шартчихсан, салгалсан, оюун нь бүдгэрч зангирсан хүн хүүхдэд хагалгаа хийнэ гэдэг огт байж боломгүй зүйл. Тэр дундаа эмч нар сархад уух ёсгүй гэж боддог.

Эмч хүн 365 хоног 24 цаг эрүүл саруул байх ёстой. Энэ бол миний өнөөх л сумын эмчээс сууриа тавьсан дадал зуршил. Сонин түүх яривал суманд би шинэ жилээр хүүхэд төрүүлж байсан. Тухайн үед эмнэлгийнхээ шинэ жилийг арванхоёрдугаар сарын 31-нд хийсэн л дээ. Арванхоёр цаг гээд л өвлийн өвгөн орж ирлээ, түүний хажуугаар хоёр, гурван хүн цан хүүрэг татуулаад гүйгээд ирдэг юм байна.

“Болдоо эмч хаана байна, нэг эмэгтэйн ус нь гараад хүүхэд гарах нь” гээд л намайг аваад явсан. Би уудаггүй байсан учраас очоод л хүүхдийг нь төрүүлсэн. Бас нэг удаа Завханы Тэлмэн суманд наадам болж байлаа. Наадамд хоёр давчихсан, шилээ шөргөөгөөд л… Зодог шуудагтайгаа сууж байтал машин ирээд л аваад явлаа. Миний халатыг гаргаж өглөө. Би зодог шуудган дээрээ шууд халатаа өмсөөд “юу болсон бэ” гээд асуусан нэг хүн байшин дээгүүр гүйгээд унах нь” гэнэ.

Кино шиг юм болж байгаа юм. Сумын төвд очсон нэг хүн байшин дээр гүйгээд л байна. Би доор нь зодог шуудаг дээрээ халат өмсчихсөн хаана унах нь вэ гээд л.. Тэгээд барьж авсан хөөрхий минь урьд өдөр нь сумын төв орж ирэх гэж байгаад хүн тавьдаг газар хоночихсон байсан. Нутгийнхан “сүнс нь зайлчихаж” гээд сүнсийг нь дуудаад, би наана нь эмчилгээ хийгээд л…

Энэ бүгдээс би эмч хүн сархад уух ёсгүй, эрүүл саруул байх ёстой юм байна л гэж ойлгосон. Үүнээс гадна бидний үеийнхэн сайн муу ч гэсэн хоёр үеийг дамжсан. Яг далайн хар шуурга шиг үеийг даваад гарсан. Одоо харин залуу үеийнхэн өөрийнхөө хийх юмыг тултал нь хийх ёстой. “Би тэтгэлгээр явсан. Надад өндөр цалинтай даргын ажил хэрэгтэй” гээд суугаад байж болохгүй. Би цагаан үс сахлаа унжуулаад тэр хол очиж чадаж байхад залуу үе яагаад чаддаггүй юм.

Морьтойгоо Монгол Улсаа тойролдоо. Яагаад болохгүй гэж. Залуус сайхан сургуульд сурч ирчихээд хүмүүст хүрч ажил л даа. Их сургуулиа төгсчихөөд суманд очиж ажиллах хэрэгтэй. Би АШУҮИС-д сурдаг хүүгээ төгсөнгүүт нь Ховдын Булган ч юмуу хөдөө сум руу явуулна. Хүчээр явуулна. Тэнд очоод эмч болох сууриа тавиг. Хүн болог. Энд гэр сургууль хоёрын хооронд явдаг жижигхэн ертөнцөд амьдарч болохгүй.

Гэхдээ залуу эмч нарт олон юм ярихгүй. Харин би өөрөө сайн ажиллаж, шаргуу хөдөлмөрлөж үлгэр дуурайлал болж биеэрээ харуулна. Ер нь эрүүл мэнд, улс ороноо ингээч ээ гэсэн анхаарлын тэмдэгтэй пост өдөр болгон оруулж болно.

Гэхдээ тэрний оронд би өөрөө хийж болно. Хөдөө нутаг руу яваад оношлоод, хагалгаа хийгээд хамгийн чадахаараа хичээх ёстой” гэжээ.

Бяцхан зүрхнүүдийг эдгээснийхээ дараа тэдний баяр хөөрийг харах хичнээн жаргалтай байдаг бол. Хэд хоног нойргүй ажиллаж ядарсан ч хүүхдүүдийн эдгээд эмнэлгээсээ гарч байгааг хараад ядарснаа ч мартдаг биз. Тэрээр ” Сэхээний хүүхдүүдийн ноолдог, наадаг тоглоом болж гүйцлээ” гээд дараах зургийг оруулжээ.

Болдсайхан эмчийн аав нь Бундан гэж БНМАУ-ын гавьяат эмч зүрхний Бундан гэж мундаг хүн байлаа .Болдсайхан эмч,эмч хүүтэйгээ зогсож байгааг та харж байна. Гурван үеийн эмч гэдэг бас л бахархал шүү.

Түүний хүүг Онон гэдэг бөгөөд тун удахгүй аав, өвөө шигээ мундаг эмч болж, олон олон хүүхдүүдийн зүрхийг эмчилж, амьдрал бэлэглэх чадварлаг эмч болно гэдэгт итгэлтэй байна. Одоогоор Болдсайхан эмчийн хүү аавынхаа Сонгдо эмнэлэгт ажиллаж байгаа бөгөөд хүүгээ алтан гартаа эмч болно гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ.

Энэ цагийн эгэл баатар, алтан гарт эмчдээ чин сэтгэлээсээ талархаж байна. Болдсайхан эмчдээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү