Мэдээ

Болороо сэтгэл хөдлөм түүхээ хуваалцжээ

Буянжаргалын Болороо:

“Аав шиг минь, төрсөн ах шиг минь ҮЕЭЛ АХ минь.

Сургуульд минь 2 жил тасралтгүй үүрч зөөж хүргэж өгөн, дэвтэр номоо ч гаргаж чадахгүй, сандал дээрээ ч тогтож сууж чадахгүй дүүтэйгээ хамт сууж байсан үеэл ах минь.

Намайг сургуульд зөөдөг байхад дөнгөж 21-тэй залуу байсан, жинхэнэ найз нөхөдтэйгээ гарч ордог эсвэл өөрийгөө хөгжүүлдэг, ажил хөдөлмөр хийдэг насан дээрээ намайг зөөж, гэрт ирээд хичээлийг минь давтуулдаг байсан хүн дээ.

Мэдээж хатуу гараар үзнэ ээ надтай, гэхдээ ээж маань нэг ч удаа өмөөрч үзээгүй юм. Агаа маань надад хичээлээсээ ирээд гар нүүрээ угаагаад цайгаа уучихаад ширээгээ цэвэрлээд хичээлээ хийж бай, хичээлээ хийж дуусчихаад тоглож болно гэж сургасаар нэг л мэдэхэд би ийм дадалтай болсон байсан.

Бас хамгийн чухал нь өдрийн даалгаврыг тэр өдөрт нь хийж бай энэ хичээл маргааш орохгүй юм чинь маргааш хийчихье гэж хойш тавьж болохгүй шүү гэж сургасан юм.

Тэгээд намайг 3-р ангид орох жил эхнэр авч хүүхэдтэй болсон, тэгсэн ч хичээлд минь цуг суухгүй ч өдөр оройд хүргэж өгч авдаг л байсан. Одоо агаан дүү ангийнхантайгаа дасчихсан юм чинь хичээл дээрээ найзуудаасаа тусламж авч байгаарай гэж байсан, ингээд аажим аажмаар ах минь ажил амьдралаа бодоод намайг ангийнхан маань хүргэж өгч авдаг болсондоо.

Одоо ч агаа маань үргэлж тусалж дэм болж амьдарч байгаа, би үргэлж л агаадаа “Миний ажилтай, амьдралтай яваад таны оруулсан хувь нэмэр маш их шүү” гэж хэлдэг юм. Хэцүү зүйл болоход л агаан дүү яаж байна гээд л холбогдоно, талбай дээр суух гэж байна аа гэхэд зах гарч материал авчраад шөнөжин ээж бид хоёрт самбар хийж өгч байлаа.

Байнга л агаагийнхаа өвөр дээр нь эсвэл мөрөн дээр нь явж байдаг байлаадаа. Мундаг ахтай хүндээ.

(2 жилийн өмнөх пост)”.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү