Мэдээ

БОЛСОН ЯВДАЛ: БУЯН БУЦАЖ ИРЭХДЭЭ ШИВЭРДЭГГҮЙ ААДАР БОРОО ШИГ АСГАРДАГ ЮМ ШҮҮ

Хэдэн жилийн өмнө баруун тийш идэр есийн хүйтэнд гарлаа.

Баянхонгорт сургалтаа дуусгаад Говь-Алтай орохоор Хөх эргийн гармаар гараад, Үнээн ус орохоор давхиж явтал уулын дээд замын хэсэгт 2 хүн даллаад гүйгээд байх шиг. “…Очих уу, яах уу? гэж ярилцсанаа гэгээн цагаан өдөр яавал гэж очьё…” гээд яваад очлоо.

“… Хотоос портер аваад хамаатныхаа ахад хүргэж өгөхөөр явж байгаа… 2 хоногийн өмнө машины кроп эвдрээд арай гэж янзлаа… Цасаар шуураад … Шөнө даараад машинаа халааж, дулаацсаар байгаад дизельгүй болчихлоо… замын машинууд зогсохгүй юм… дизель байвал нэг хувин өгөөч… Үнээн ус орчихвол болчих гээд байна … хөлдлөө… тамxu ч дуусчихаж …” гэсээр бээрээд, ocгочих шахсан 2 залуу угтлаа.

Жолооч маань “…Харамсалтай бид бензин хөдөлгүүртэй машинтай явж байна… Яах уу? Чирээд үзэх үү?…” гэвэл нөгөө залуус “Ээ… автомат кроптой машин хагас ачаатай портерыг яаж барах юм бэ? Тэгээд ч алсуур өгсөх зам. Та нарын машиныг эвдчих байх…” гэлээ.

Бид цааш хөдлөхөөсөө өмнө мань 2 залууд машиндаа байсан 1 шил apxu /хөдөө явахдаа хэрэг болно гээд заавал авч явдаг юм/, 2 хайрцаг тамxu нтр өгөөд “… Арxu yyхаар болвол хамаагүй yyж болохгүй шүү. Бага, багаар дотроо бүлээсгэх зорилгоор уугаарай. Их уувал ocгодог юм гэнэлээ…

Биднийг гармаар гараад явж байхад яг наашаа чиглээд дизель ачсан цистерн явж байсан. 2 цаг орчмын дараа энүүгээр өнгөрөх байх. Дээд замаар ирж яваа бол шууд та 2 дээр ирнэ, харин доод замаар явж байгаа бол зөрнө.

Та хоёрын нэг нь дээд замаа, нөгөө доод замаа сахиад хүлээж байгаад гуйгаад үз дээ! Яаж ийж байгаад зогсоох хэрэгтэй шүү! …Үнээн ус орж хэл дуулгая, оройтвол тэндээс хүмүүс та 2-т туслахаар ирнэ байх…” гээд амжилт хүсээд цааш явлаа.

Говь-Алтай аймгийн Алтай хотод 2 өдрийн сургалтаа хийлээ.

Сургалтын үеэр нөгөө 2 залуу яасан бол? гэх бодол зурсхийн орж ирэх…, ямарч байсан хэл дуулгасан, гайгүй байгаа… хэмээх бодол байсаар л…

Сургалт үргэлжлүүлээд Төгрөг, Бугат, Тонхил сумдын сургуулиудад хийгдэх ёстой тул хугацаа хожих санаатай аймгийн төвийн сургалтаа дуусгаад оройхон 18:00 өнгөрөөгөөд гарлаа. Цасаар шуураад зам харагдах юм биш.

Аажуухан явж байтал машин маань замын хажуугийн шуудуу руу ороод тэгнэчихэв ээ. Хойшоо ч үгүй, урагшаа үгүй. Ёстой vxcэн нохойн оцгор болдог байгаа. Хүйтэн гэж юу гэхэв. Нилээд ухнатаж байтал даваа өгсөөд машин ирж байгаа болтол…

Микроавтобустай залуусаас “машин татаад өгөөч” гэлээ. Залуус шуугилдаад л “… Ах ганц юм өгнө биз дээ… Яаая аймаар оржээ … Алив тросоо … Одоо татаарай…”

Тэгсэн гэнэт нэг залуу орилох шахан “Хөөе… бид 2-ын яриад байсан нөгөө ах нар байна шдээ. Яагаав… хөлдөж vxэх гэж байхад apxu, тамxu нтр өгч аминд ордог… Цистерн хаагуур ирэхийг зааж өгсөн …”

Машинаа ч шуудуунаас гаргачихлаа. Нүүр нүдгүй орох цасан шуурга, хүйтэн жаварыг тоож байгаа хүн ч алга… тамxu татаад … инээлдээд л … Бүгд баяртай байлаа…

Мань залуус өөр хоорондоо “Тэр ах нартай таарвал туслахсан…, Ядаж баярласнаа хэлэхсэн…” гэж ярилцаж байсан юм билээ.

За ийм нэгэн явдал болсон юм даа…

Энэ явдлаас хойш алсын замд хэн нэгэн зогсож байвал заавал очиж, амар мэндээ мэдэлцэн өнгөрдөг болсон доо… Ингэсний дүнд хэд, хэдэн удаа ойролцоо суурин, сумд, хоолны газарт хэл дуулгаж, заримдаа хөгшид, хүүхдийг зөөж л явлаа.

Алсын замд нэгэндээ тус болж яваарай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү