Мэдээ

Бурхнаас Аавыг аваад яваач гэж өдөр бүр гуйдаг байсан

Би багаасаа их зовлон үзэж өссөн. Дээрээ ганцхан ахтай. Намайг ухаан орж эхэлснээс хойш аав минь тасралтгүй 18 жил архи уусан. Яагаад уугаад байдгийг нь мэдэхгүй ч уухгүй л бол үхчих гээд байгаа юм шиг аашилдаг байсан.

Хөөрхий ээж минь ах бид хоёрыг тэжээх гэж ганцаархнаа хүний хий гэсэн болгоныг хийж өвлийн хүйтэнд ганцаараа зах дээр зогсож ширхгийн тамхи ундаа оймс зардаг байсан. Аав ээж дээрээс очиж өдөр болгон архины мөнгө авна. Өгөхгүй гэж уурлах юм бол шууд л ээжийг маань үстэж ирээд л олны дунд орилуулаад л зоддог байж билээ.

Орой нь ээж нүүр ам нь хавдчихсан амьтан гэртээ орж ирээд л хийсэн хоолыг маань нулимс дуслуулан идчихээд унтаад өгдөг байж билээ. Хөөрхий ээж минь аав ээжийгээ багадаа алдчихсан.

Охин дүүтэйгээ хар багаасаа л өнчирч зовж өссөн болохоор ааваас салаад явсан ч очих газар байхгүй хөөрхий дүүдээ дараа болохгүй гээд л шүд зуугаад тэсдэг байсан ээжийгээ одоо бодоход өр зүрх эмтэрдэг. Нэг явдал санаанаас огтхон ч гардаггүй.

Яг л цагаан сар болох гээд ээж гэр орноо цэвэрлээд л ах бид хоёр ч ээжид туслаад байж байхад аав гэнэт гаднаас тоосго барьчихсан орж ирээд шууд л ээжийг цохиод эхэлсэн. Ах маань тэр үед дөнгөж гуравдугаар ангийн хүүхэд ч гэлээ шууд л аавын хөл гараас нь татаж чангаагаад гарынх нь махыг тасартал хазаж орхисон.

Цус нөжтэйгөө хутгалдчихсан аав ахыг шууд л нэг алгадаад унагаачихсан. Тэгээд л хөөрхий ээж маань яалаа гэж ингэж байгаа юм ингэж байхаар зүгээр алчхаач гэхэд “Чи муу авгай миний ээжийн цагаан сарын бэлтгэл бууз баншын хийж өгөөгүй байна” гэдэг байгаа.

Ээж маань тэр үед би танайхны зарц уу жил болгоны цагаан сарын бууз банш цэвэрлэгээ бүгдийг нь хийж өгдөг гээд л уйлаад л байсан. Босож ч чадахгүй нуруу нь тэр чигтээ хөхөрчихсөн. Хөл нь хавдаад алхаж ч чадахгүй байсан ээжийгээ хараад тэр эмээг бас аавыг ямар их үзэн ядсан гэж бодно.

Яагаад заавал ээжийг минь энэ хүмүүс дээрэлхдэг юм гээд л ээжийгээ хараад орондоо шөнөжин уйлдаг байсан. Тэгээд л бурхнаас аавыг аваад яваач тэгвэл л бид нар сайхан амьдрах гээд байна гэж өдөр бүр гуйдаг болсон. Одоо бол ах маань би ч том болсон. Аав ахаас айгаад ээжид дахиж нэг ч удаа гар хүрэхээ больсон.

Аавыг согтуу орж ирвэл шууд л дуудлага дуудаад өгчихнө. Эсвэл ээжид гар хүрэх юм бол хариуг нь тэр дор нь өгчихдөг ахаас айгаад аав гэртээ ирэхээ больсон. Аав л байхгүй бол жаргалтай амьдарна гэж боддог байсан ч ирэхгүй хэд хонохоор нь үхчхээгүй байгаа даа гээд үргэлж санаа зовно.

Тэгсэн мөртлөө л гэртээ авчрах дургүй хэвээр байсан. Аав ч одоо ээжийнхээ гэрт ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Ах дүү нар нь ахыг минь хог дээр гаргаж хаясан муу сайн юмнууд сайн явахыг чинь харна гээд л ээж бид гурвыг харааж өгнө.

Ах маань ч насаар минь зовоосон хүнийг яаж гэртээ байлгах юм тийм л сүрхий юм бол өөрсдөө аваад амьдраач гээд л уурлана. Яавал хамгийн зөв шийдвэр болох юм болоо. Эсвэл энэ чигээрээ аавтай гэдгээ мартаж амьдрах уу? Эсвэл засран гэж найдаад эргэж гэрт нь авчрах уу?….

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү