Мэдээ

Буян заавал буцаж ирдэг юм билээ. Бодит түүхээс…

Одоогоос 37 жилийн өмнө төрөхийн хүндрэлээр маш их цус алдаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан нэгэн эмэгтэйд туслахаар эх баригч эмч 69 машинтай сумын төвөөс малчны баг уруу яаран давхисан гэдэг. Тэнд гэдсэн дэх хүүхэд нь бүтэж, төрөх чадваргүй цус алдаж үхэл амьдралын заагт тулгарсан эх үр хоёрыг аврахаар өвлийн идэр есийг үл тоон алтан гартай

эмч яаран ирж ур чадвар, сэтгэл зүрх эзэмшсэн мэргэжилээ дайчлан байж эх үр хоёрыг эсэн мэнд амаржуулж эх барьж авсан гэдэг.
Тэр үхэл амьдралтай тулгарсан байсан жирэмсэн бүсгүй бол миний ээж, амьд төрөх үгүй нь аз гэж хэлэгдэн энэ хорвоод мэндэлсэн хүү нь би байлаа.

Ингэж би хорвоо дэлхий дээр мэндэлж хүн болсон юм. Төрөхдөө бүх хүнд хэцүүг ардаа хийсэн болов уу гэмээр өсвөр насандаа өвчин ч тусалгүй эрүүл чийрэг хүү байв. Ээж бид хоёрын амийг аварч манай гэр бүлд нар гийгүүлсэн тэр ачтай эх баригч эгчийг дахин хараагүй ч хэзээ нэг өдөр олж уулзаад заавал ачийг нь хариулна даа гэж боддог байлаа. Ээж бас их ярина. Нэг олоод уулзах юмсан хот уруу нүүсэн гэсэн аль нэг эмнэлэгт л ажиллаж байгаа даа гэж. Би дунд ангид орсон цагаасаа эмч болохоор сэтгэл шулуудаж аравдугаар ангиа төгсөөд анагаах ухааны их сургуульд элссэн юм.

Айл гэрт нэг нь эмч байх ёстой юм байна гэж аав минь их ярьдаг байж билээ. Энэ ч нөлөөлсөн байх. гуравдугаар курст байхдаа нөгөө ачтай эх баригчийнхаа сургийг гаргаж аав ээж хоёрыгоо хотод ирэхэд нь хамтдаа хайж очиж уулзав. Эх баригч маань тэтгэвэртээ гарсан байсан. Ээж ч уйлж дурсамж яриа болон тухайн үед сонин дээр эх үрийг аварсан эмчийн мэдээг хайчилж аваад жаазлаад хадгалсанаа хуваалцан их л гоё уулзалт болсон юм.

Аав маань ачийг тань хариулмаар байна, таныг баярлуулмаар байна гэхэд эх баригч маань хэрэггүй дээ гээд нэрэлхээд болдоггүй сүүлдээ аав хүчээр заавал ямар нэг зүйл хийж баярлуулмаар байна, хүүг минь ханийг минь аварсан учраас гээд зүтгэсэн. Эмч сүүлдээ бууж өгөөд манай ач охин гөлөг гуйгаад болдоггүй нэг сайхан монгол нохойны гөлөг хөөрхөн дөрвөн нүдтэй эр гөлөг олж өгөөч гэсэн юм.

Аав ч уухайн тас нутагтаа очоод өөрийнхөө том ахын хотыг манадаг монгол банхарын 1,2 сартай бандайсан гөлөг тэврээд долоо хоноод буцаад ирэв. Амьны үнэтэй гөлөг байгаа юмаа гээд л их л сүртэй тэвэрч ирсэн байсан замын унаанд хэл ам татлан байж. Ингээд аав ээжийн санаа амарч банхарын гөлөг гачууртад Таван настай өөрийн шинэ эзэндээ очлоо.

Харин хоёр, гурван жилийн дараа аймшигтай зүйл болж тэдний шинэ барьж байсан байшингийн хураалттай дүнз нурж эх баригчийн маань ач охин дарагдахад аавын минь өвөртөлж авчирж өгсөн банхар нохой бяцхан эзнийхээ дээр хэвтэж дээрээсээ мод нурахад нэг ч босолгүй, нэг ч гаслалгүй хэвтэж амийг нь аварсан байсан.
Харамсалтай нь эр зоригтой банхар нь амь тавьсан байсан. Эх баригч эмч маань бидэнрүү залгаж охины минь амийг та нар л аварлаа. Буян минь эргээд над дээр ирлээ. Хэн хэнийхээ л амь насанд аврал болж зурагдсан хоёр айл юм аа манайх танайх хоёр гээд сүйд болж билээ.

Хөөрхий охин нохойгоо зүүдлээд санаад хэсэгтээ уйлсан байна билээ. Нэг ийм сонин тохиолдлоор хоёр айл нэг нэгэндээ өр нэхэлгүй туслаж хэн хэнийхээ гэр бүлээс хайртай хүмүүсийг нь аврахад оролцсон байдаг юм. Одоо болтол энэ түүх надад байнга л бодогдож явна.

Ажил дээрээ өдөр бүр хэн нэгэнд туслаж, амь насийг нь аврах, хамгаалах бүртээ мэс заслын дараа магадгүй хэзээ нэг өдөр сонин тохиолдлоор энэ өвчтөний үр хүүхэд ач гуч миний үр хүүхэд ач гучтай тохиолдож тааралдаж муугаар бодоход хүнд хэцүү зүйлд буян болох нэгэн ч юм билүү гэж бодох болсон доо.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү