Мэдээ

“Бүжиглэдэг” начин Ө.Батзул: Ээжийгээ эмчлүүлээд, Эрдэнэт хотдоо байшин барьж өгнө

“Бүжиглэдэг бөх”, улсын начин Ө.Батзултай ярилцлаа. Амьдралд олон даваа нугачаа хүнд хэцүү зүйл тохиолддог. Тэр болгоныг даван туулахад асар их сэтгэлийн тэнхээ, ухааны бяр шаарддаг.

Гэхдээ ард нь гарчих юм бол аз жаргал алгаа тосоод хүлээж байдгийг өөрийн биеэр үлгэрлэж яваа түүнтэй хэсэг хором ярилцлаа. Ө.Батзулын хувьд хоёр насандаа эгчтэйгээ хамт

“Энэрэл” асрамжийн газар очиж, 18 насандаа өрх тусгаарлаж өдийг хүртэл өөрийн хүч хөдөлмөрөөр оргилын өөд мацаж явна. Мөн түүнийг зөвхөн бөхийн спортод төдийгүй,

амьдралын талбарт “аварга” хэмээн нэрийдэж болохуйц санагдсан билээ.

-УРЛАГ БҮХНИЙГ ЭМЧИЛДЭГ-

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд сайхан барилдаж улсын начин цол хүртлээ. Цол тэмдгээ гардаж авахдаа бүжиглэсэн нь олны хайрыг татсан. Тухайн мөчид гаргасан үйл хөдлөлийн тухайд?

-Ярилцлагадаа урьсан та бүхэнд баярлалаа. Цол тэмдгээ гардаж авахдаа бүжиглэсэн тэр мөч надад үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Залуу хүнд зорилго мөрөөдөл их байдаг. Шөнө унтахаар хэвтэхдээ улсын цолд хүрэх юм бол бүжиглэж байна гэж байнга боддог байлаа. Тэр хүсэл мөрөөдлөө л биелүүлсэн хэрэг.

-Та бөхийн барилдаанаасаа өмнө өөрийнхөөрөө байгаа бүжгийн бичлэгээрээ ард түмний хайрыг татсан. Ер нь урлагийн авьсяас харамгүй заяажээ?

-Урлаг бүхнийг эмчилдэг бас аз жаргалтай болгодог. Миний хувьд дуулж бүжиглэх их дуртай. Бид чинь бусад хүмүүсийн адил дотоод сэтгэлтэй, мөн чанартай улсууд шүү дээ. Баяртай, жаргалтай үедээ сэтгэл хөдлөлөө илэрхийлж болно. Одоо залуусын ярьдгаар эморч ч болно. Хамгийн гол нь хүн дотоод сэтгэлээ танин мэдэж, бусдад аз жаргал түгээх хэрэгтэй биз дээ.

Үндэсний бөх ч гэсэн тийм л зүйл шүү дээ. Хүнд хүмүүжил олгодог. Наадамчин олноо баясан цэнгүүлж, аз жаргал мэдрүүлж байх ёстой байх. Цэнгэлдэхэд бөх үзэхээр ирсэн түмэн олон бүгд л сайн сайхан зүйлсийг олж харах гэж, кайф мэдрэх гэж ирж байгаа. Тэр хүмүүст хэзээ ч уруу дорой байгаагаа харуулж болохгүй. Олон түмнийг хүндэтгэж хайрлаж чадвал буцаад өөр дээр маань сайхан бүхэн асгардаг гэдэгт би итгэдэг.

-Бүжиглэхийн сацуу дуулдаг гэлээ шүү дээ. Ганц дуу аялаж болох уу?

-Болно, болно

Эргээд ирдэггүй цагтаа

Эргээд нэг л очихсон доо ээж ээ

Энхрий дотнохон ээж таньдаа

Энгэрт тань хүү нь эрхлэхсэн ээж ээ

Буцаад ирдэггүй хорвоод

Бодлыг минь тэгшилж ээ та минь

Будрын чулуунд хүү нь цуцаагүй буян тань иржээ ээж ээ /дуулж өгөв/.

-С.Жавхлангийн шинэ гарсан дуу байх аа. Гуниг төрүүлэм дуу байна?

-Тийм ч байж болно.

-Та сая дуулахдаа ээжийнхээ талаар бодсон болов уу. Магадгүй эмзэглэл төрүүлж болохуйц сэдэв ч байж болох…?

-Тэгэлгүй яах вэ, ээжийгээ л бодож дууллаа. Чи намайг багагүй судалсан байна. Тиймдээ ч маш болгоомжтой хандаж байгааг анзаарлаа. Анх 1996 онд хоёр настай хүү эгчийнхээ хамт Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Энэрэл” асрамжийн газар очиж 18 нас хүрээд өрх тусгаарласан байдаг юм.

Хүний амьдрал дандаа дардан байхгүй шүү дээ. Харин ээж минь Шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Би байнгын эргэж тойрдог юм. Ямартай ч ээжийгээ эмчлүүлээд, эмнэлгээс гаргаад Эрдэнэт хотдоо байшин барьж амьдруулах чин хүсэлтэй. Ээждээ маш их хайртай. Намайг эрүүл саруул, бие бүтэн төрүүлсэнд баярлах хэрэгтэй шүү дээ. Сая баяр наадмын бэлтгэл сургуулилалт гээд очилгүй бага зэрэг удсан байна. Ээж дээрээ удахгүй очноо /хоолой нь зангирав/.

Гэхдээ миний ээж 100 хувь эдгээд эрүүл саруул болохгүй ч гэсэн ийм сайхан хүү төрүүлснээ хараад сэтгэл нь дэвтэх байх л гэж боддог. Ээждээ хүү нь хязгааргүй их хайртай шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Миний эгчийн хувьд гэр бүл зохиогоод сайхан амьдарч байна. Харин охин дүүтэйгээ хоёр жилийн өмнө уулзсан. Японд эмчийн их сургуулиа төгсөөд ирсэн. Одоо ажиллаж хөдөлмөрлөөд явж байгаа.

-ХҮН ХААНА ӨСӨЖ ТОРНИХ НЬ ХАМААГҮЙ. ХҮН ХҮНЭЭРЭЭ БАЙХ НЬ Л ХАМГИЙН ЧУХАЛ ЮМ БОЛОВ УУ-

-Начин болсныхоо дараа “Энэрэл” асрамжийн газартаа очиж дүү нартайгаа уулзаж байгаа бичлэг олны анхаарлыг татлаа. Та дүү нараа их хайрлаад духан дээр нь үнсэж байсан даа?

-Тэгэлгүй яах вэ. Миний дүү нар бүгд л Монголын ирээдүй. Тэдний минь дундаас тив дэлхий, олимпийн аварга, улс эх орноо сайн сайхан авч явах олон сайхан залуус төрөх болно. Хүн хаана өсөж торних нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь зөв сайхан хүмүүжилтэй, өөрийгөө, өрөөлийг бас эх орноо хайрладаг байх нь хамгийн чухал. Ерөнхийдөө хүн хүнээрээ байх л их сайхан зүйл. Би эх орондоо хайртай гээд орилоод галзуураад байж бас болохгүй л дээ. Өөрийн хүч хөдөлмөрийг харамгүй зориулах хэрэгтэй. Бид өөрийн гэсэн зүйлсээ нандигнан хайрлах бүхий л сэтгэл зүрхээ зориулах нь зүйтэй.

-Тийм шүү. Таны хувьд тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, чөлөөт бөхийн дэлхийн чансааны эхний таван байрт сүүлийн дөрвөн жил эрэмбэлэгдэж байна. Ө.Батзултай барилдана гэхээр дэлхийн томчууд сандардаг гэж яригддаг. Тэгэхээр энэ ч бас эх орныхоо төлөө хүч хөдөлмөрөө зориулж байгаа явдал шүү?

-Хүн даруу зүйл дээрээ даруу л байх хэрэгтэй. Миний хувьд тамирчин хүн учраас сэтгэл зүй бүх зүйл чанга байх ёстой. Өөрийгөө магтаж хөөрөх бол тийм ч сайн зүйл гэж боддоггүй. Харин олон сайхан зүйлийн ард гарчхаад хүн магтахад урамшина. Гэхдээ хөөрч сагсуурахгүй. Тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргах тухайд гэвэл би нэг зүйлийг боддог. Би дэлхийн том тэмцээнд амжилт гаргачхаад төрийн далбаагаа намируулаад гүйхийг хүсэж байна.

Цаашдаа улсын аварга, тив дэлхийн аварга болох зорилго мөрөөдөл надад бий. Үндэсний бөхөөрөө барилдаж байгаагийн минь бас нэг том зорилго бол үндэсний өв соёлоо мартуулахгүй таниулах ч гэж хэлж болно. Хамгийн гол зүйл нь ард түмэн маань мөн чанарыг нь олж мэдээсэй хэмээн боддог. Тиймээс ч хувь хүний бэлтгэл сургуулилт, сахилга батын асуулал маш их шаардана байх.

-Та чөлөөт бөх, үндэсний бөхийн барилдаанаар зэрэг хичээллэдэг хүн. Энэ хоёрын ялгаа болон ойролцоо тал нь юундаа байна. Үндэсний бөхийн хөгжлийг хэрхэн харж байна. Бид юу хийвэл энэ их хэрүүл маргаанаас ангижирах бол гэж та залуу хүний хувьд боддог вэ?

-Мэдээж бөх гэдэг утгаараа адил тал байгаа. Анх чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн учраас хөл авах мэхийг суралцсан. Бараг 10 мянган удаа давтсан байх. Тэр маань өнөөдөр үндэсний бөхөөр начин цолд хүргэсэн гэж харж байна. Үндэсний бөх дэлхийн хэмжээний болоосой. Дүрэм журмыг ягштал мөрдүүлдэг болчихвол сайхан л байна.

-Алдар цол хүртэхэд ард нь олон хүн нэр дурдагдаагүй үлддэг. Тэр хүмүүст хандаж үг хэлээч?

-Надад тусалсан маш олон хүн байдаг. Хангарьд спорт ордонд 2008 онд Д.Идэрсайхан багшийнхаа удирдлага доор чөлөөт бөхөөр хичээллэж эхлэсэн. Оюутан болсон дараа улсын харцага Н.Золбоо ахтайгаа таараад ах дүүс болж байлаа.

Оюутны байр авах хугацаа нь болоогүй учраас Н.Золбоо ахынхаа гэрт хүртэл амьдардаг байлаа шүү дээ. Эрдэнэтэд байдаг миний хуурай аав н.Гэрэлт-Од гэж хүн бий. Энэ бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа илүү их хичээх болно.

-Та начин цолоо хүртчхээд Цэнгэлдэх тойрч алхахдаа хүүгээ очиж үнсээд байсан уу?

-Миний эхнэр, хүү хоёр байсан юм. Миний хань их сайн, сайхан эмэгтэй байдаг л даа. Хувь заяа нь тэгж таарсан уу, их л сайн хүнтэй учирсан минь энэ. Тэр үед олон хүмүүсийн дундаас эхнэр хүүхэд минь дуудаад гүйж очоод үнсэж байгаа нь тэр.

Хүүгээ дээшээ өргөхөд яасан сайхан санагдсан гэж бодно. Би сэтгэл хөдлөлөө шууд гаргачихдаг тийм төрлийн хүн байхгүй юу. Миний хүү бас намайг дуурайсан юм шиг байгаа юм. Хүү бид хоёр чинь нэг нэгнээ хараад хязгааргүй баярлалдаад, хачирхалтай болно шүү дээ. Манай эхнэр чи ер нь жүжигчин болох байсан юм биш үү гэж явуулдаг юм.

-Ярилцлагаа энэ хүрээд өндөрлөе. Олимп дэлхийн аварга болоход тань яриа авна гэж найдаж байна. Мөн ээжийгээ эдгээгээд Эрдэнэт хотдоо байшин барьж өгөөрэй.

-Ерөөл бат оршиг.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү