Мэдээ

Бүтэн өнчин 4 хүүхдийг өөр дээрээ авсан Мөнхтуяа багшид мянга мянган лайк өгье!

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийн хуудсандаа:

“Монголын үрс эрүүл энх, эрдэм боловсролтой, зөв хүмүүжилтэй байж гэмээнэ Монголын ирээдүй өөдрөг гэрэлтэнэ гэж би итгэдэг. Угаасаа ингэж бодохгүйгээр сайдын ажлыг хийнэ гэдэг худал ажиллахын нэр төдий болно.

Хүүхэд бүр аав ээждээ эрхлэн аз жаргалтай сайн сайхан амьдарч өсөх ёстой атал хэлж ирэхгүй амьдралын бэрхшээл зовлон дунд нялх балчир үрс минь хүүхэд насны аз жаргал баяр хөөрөө умартан турьхан биедээ дааж давшгүй хүнд ачааг үүрч яваа нь харамсалтай.

1-12-р ангийн бүтэн өнчин 4 хүүхдийг эрсдэлтэй хүнд нөхцөл байдлаас нь салгаж өөрийн ажиллуулж байсан өдөр өнжүүлэх төв дээрээ асран хамгаалж байгаа Ц.Мөнхтуяа багшид мянга, мянган багш, хүүхдүүдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эдийн засаг хүндэрсэн энэ хүндхэн цаг үед дөрвийн дөрвөн бага насны хүүхдийг өөр дээрээ авч явна гэдэг бол жинхэнэ багш хүнээс л гарах сэтгэл гэж бахархан харж байна.

Монгол багшийн энэрэнгүй өрөвч сайхан сэтгэлээр 4 хүүхдийг хайрлан халамжилж байгаа Мөнхтуяа багш болон Багшийн хайр ТББ-ын халуун сэтгэлт багш нартаа маш их баярлалаа. Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхэрч явдаг гэж ардын сайхан үг ч бий.

Өнчрөлийн зовлонд шаналж яваа өөдөсхөн жаахан үрсэд ардын багшийн ачлал хайрыг мэдрүүлэн амьдрах итгэл бэлэглэж байгаа ачит багш нартаа гүнээ талархъя…” хэмээн талархал илэрхийлжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү