Мэдээ

Б.Гансүх: 40-ӨӨС ДЭЭШ НАСНЫХАН АЛГА БОЛЖ БАЙЖ НИЙГЭМ САЙХАН ХӨГЖИНӨ

-ҮҮНИЙГ ЗҮГЭЭР Л СОНИРХЛЫНХОО ДАГУУ ХИЙСЭЭР ИРЛЭЭ-

-Сошиал орчинд контент бүтээж эхэлснээс хойш хэдий хэр хугацаа өнгөрч вэ? Анхны контентуудтай нь харьцуулбал одоо илүү нийгэм рүү чиглэсэн, шүүмжилсэн хэв маягтай харагдах боллоо?

-Зургаан жил орчим болж байна. Дунд нь нэг жил хагасын хугацаанд завсарласан. Энэ намраас эргээд үргэлжлүүлэн хийж эхэллээ.

Хамгийн анх Vibe нэртэй аппликейшн гарч ирж байхад, “Би яагаад ийм зүйл хийж болохгүй гэж?” гэх бодол төрдөг байсан. Мөн тэр үед meme, sarcasm гэдэг зүйлийг Монголд анх оруулж ирсэн гэж болох

“Гавьяас Фэйсбүүкчин” хуудасны админ надад хандаж, хамтарч контент хийх санал тавьж байлаа. Ингээд 2013 оны арваннэгдүгээр сараас эхлэн сошиал орчинд видео контент хийж эхэлсэн. Анхнаасаа л нийгэм рүү чиглэсэн агуулгыг барьсан гэж боддог. Шүүмжилсэн, ёжилсон маягтайгаар.

-Тухайн үед “Үүнийг хийвэл надад орон зай байгаа юм байна” хэмээн мэдэрсний үндсэн дээр цааш контент бүтээх сэдлийг авсан болов уу. Ер үргэлжлүүлэх болсон шалтгаан гэвэл?

-Яг ч, “За надад орон зай байна, үүгээр алаад өгье” гэх мэт сүртэй зүйл бодож байгаагүй. Сонирхол, хоббиныхоо дагуу – зүгээр л хийсээр ирсэн гэж болно.

-“Molpedia” гэсэн нэрний учрыг тайлбарлаж өгвөл сонин?

-“Mol” гэдэг нь бидний мэдэх “орк” гэх үгтэй агаар нэг утгатай. Ерөнхийдөө “тэнэг” Монголчуудыг төлөөлүүлж нэрлэсэн үг юм уу. “Орк” үг хэрэглээнд хүчтэй нэвтрэхээс өмнө оронд нь “Мол” гэдэг үгийг ашигладаг байсан шүү дээ. Ингээд л “Molpedia”.

-Зургаан жил гэдэг бага хугацаа биш. Эргээд харахад сэтгэл дундуур мэдрэмж авдаг зүйл бий юу? “Би үүн дээр л алдчихаж” гэдэг ч юм уу?

-Тийм, урт хугацаа. Гэхдээ туулсны дараа эргээд харахад богино санагдаж байна.

Сэтгэл дундуур мэдрэмж авдаг зүйл байхгүй дээ. Харин анхнаасаа энэ ажлаа мөнгө, санхүүтэй холбодог байж гэх бодол бий. Зүгээр л сонирхлынхоо дагуу хийж ирсэн байна. Ажил болгоод, өөрсөддөө ашигтай, санхүүгийн хувьд эх үүсвэр болж чадах талаас нь харж хөгжүүлсэн бол дагаад контентийн чанар ч сайжраад явах байж гэдгийг сүүлд нь ойлгосон.

-УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БАЙГААД ТӨГСӨХ ЖИЛДЭЭ ХАЯСАН-

-Видео контент бүтээх нь өөрийн сонирхол гэлээ. Харин ёжлох, хошин маягаар шүүмжлэх нь хаанаас эхтэй бол?

-Үгүй яах вэ, Монголчууд аливаа зүйлд хэтэрхий амархан инээгээд байх шиг санагддаг юм. Уг нь хүмүүсийг инээлгэх олон арга бий. Гэтэл Монголчууд, “Өнхрүүш өөрийгөө дүүжлэв” гэдэг шиг зүйлсэд шууд инээж харагддаг. Ийм зүйлсэд биш, арай илүү ухаж ойлгоод, нэг ч гэсэн ухаарал аваад хоцрох зүйлс дээр инээж байвал уг нь зүгээр санагддаг. Ийм л төрлийн хошин контент хийдэг байх, хөгжүүлэхийг хүсдэг дээ.

-Нэг жил хагас контент хийлгүй завсарласан гэсэн. Ямар шалтгаанаар юм бэ?

-Жаахан залхсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр өөр ажил хийж үзмээр санагдсан тул оффисын ажилд орсон. Ингээд зургаа, долоон сар ажиллаад ойлгосон л доо. Түүнээс би ямар ч кайф авахгүй байсан. Ажил дээр компьютерийн ард суусаар байгаад орой харьдаг ийм хэмнэлээр бараг долоон сар амьдарсан. Ямар ч аз жаргал, баяр баясгалангүй. Сүүлдээ юу хийгээд байгаагаа ч ойлгохоо байсан. Ингээд, “Энэ миний зүйл биш бололтой, дуртай юмаа л хийе” гэж бодоод есдүгээр сарын 1-нд ажлаа өгч, бичлэгээ үргэлжлүүлэн хийж эхэллээ.

-Хийх дуртай зүйл гэснээс, их сургуульд сурч тодорхой мэргэжил эзэмшсэн үү?

-Тийм зүйл байхгүй. Уул уурхайн мэргэжлээр дөрвөн жил суралцаад, төгсөх жилээ гарсан. Эргээд бодоход дөрвөн жилийн турш юу ч сураагүй байсан хэрэг. Тэр үед би контент бүтээгээд эхэлчихсэн, үүндээ дуртай болчихсон байлаа. Гэтэл гэр бүлийн зүгээс намайг диплома аваад төгсчихвөл шууд уурхай руу явуулах сонирхолтой байв. Нэг талаар үүнээс нь “айж”, дундаас нь гарсан даа.

Одоо бодоод байхад буруу болсон ч шиг. Хаа газар дипломанаас өөр хэрэгтэй зүйл гэж байхгүй юм шиг байна. Дипломатай л бол дуртай газраа ажилд ордог юм биш үү.

-БАГАДАА АНГИЙНХНЫХАА ӨМНӨ ХОШИН ШОГ ТОГЛОЖ, ИНЭЭЛГЭЖ ЧАДВАЛ КАЙФ АВДАГ БАЙЛАА-

-Хүүхэд насных нь мөрөөдлийг сонирхмоор байна. Яагаад уул уурхайн сургуульд элсэж орох болсон юм бол?

-Ар гэрийнхэн, “Уурхайгаар яваад үзэхгүй юу. Ирээдүйд хэрэгцээтэй болох мэргэжил байна” гэж зөвлөсний үндсэн дээр л орж байсан санагддаг. Тэр үед өөрийгөө ямар хүн болмоор байгааг сайн мэддэггүй, ойлгодоггүй байсан. Харин видео контент хийж эхэлснээс хойш өөрийгөө олсон гэмээр юм уу, өөрийн хүслээр хийж, дураараа зүтгэсээр байгаад зургаан жилийг өнгөрөөчихсөн байна.

Гэхдээ нэг санахын, хошин шогийн жүжигчин болохыг мөрөөддөг байсан юм байна.

-Тэгэхээр хошин шогийн мэдрэмж хүүхэд ахуйгаас нь л эхлэлтэй юм байна?

-Ер нь бол тийм шүү. 10 жилдээ “Хамгийн шилдэг шогч” ч билүү, нэг тиймэрхүү шагнал хүртэл авч байсан санагддаг. Ер нь шогч, хошин шогийн мэдрэмж өндөртэй хүүхэд байсан. Ангидаа ганцаараа хошин шог тоглож үзүүлдэг байв. “Шинэ үе” продакшны “Оддын эрэлд” гээд нэг хошин үзүүлбэр байдаг даа. Түүнийг ангийнхныхаа өмнө тоглодог, гялс хувцсаа сольж гарч ирээд л олон дүрд хувирдаг… Ангийн хүүхдүүд маань байсан учир ичиж, зовно гэхгүй.

Эмээ маань их ёжилдог хүн байсан юм. Иймээс хүмүүсийг “хийдэг”, ёжилдог зангаа эмээгээс өвлөж авсан байж магад гэж хааяа боддог.

-Цэвэр өөрийн хоббигоор хошин шог тоглож үзүүлдэг байсан гэсэн үг үү?

-Тийм. Ангийнхныгаа инээлгэх гээд л. Ер нь найзууд дундаа бүгдийг нь инээлгэдэг нэг хүн байдаг шүү дээ. Би тийм хүүхэд байсан болов уу.

Хүмүүсийг инээлгэх үедээ их кайф авдаг байсан санагдана. Бас эргээд бусдад давгүй сэтгэгдэл төрүүлэх боломж байсан шиг. “Ганаа гайгүй ш дээ” гэж намайг ярьдаг ч юмуу, тэ?

-БИД ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ОЛОН ЗҮЙЛ ХИЙСЭН Ч ҮНЭЛЭГДЭЭГҮЙ-

-Анх “Molpedia”-р контент бүтээж эхлэхэд олон нийтийн зүгээс сөрөг хандлага хэр ирдэг байсан бэ?

-Багагүй ирдэг байсан. Одоо нэг их тоохоо больчхож. Гэхдээ бид угаас зөв зүйтэй өнцгөөс контент бүтээдэг учир хүмүүс шүүмжилж, доромжлох гээд ч шалтаг нь олддоггүй л дээ. Тэгсэн ч, “Ийм учиртай, ингэсэн учир ийм контент хийсэн” гээд тайлбарлаад өгчихвөл бүгд ойлгодог.

Анх бол, “Ишш, энийг хар даа”, “Ийм юм хийж явахаар ажил олж хийгээч”, “Энэ залуу Монголд од болж байна гэхээр гутамшигтай юм”, “Зайл, үхээч” гэх мэтээр доромжлох зүйл байдаг байсан. Эхэндээ энэ бүр дээр сэтгэлээр унадаг байсан ч, яваандаа “Хүндээр тусгаж авах хэрэггүй юм байна” гэдгийг ойлгосон гэмээр юм уу.

-Контентоор дамжуулаад нийгэмд тодорхой нэг зүйлийг өөрчлөх хүсэл, алсын зорилго байна уу гэж хардаг?

-Бид уг нь өөрчлөлт авчрахуйц маш их зүйл хийсэн. Даанч хэн ч үнэлээгүй. Одоо хүртэл “Хотын соёл”-ыг хийсээр л байна. Замаар зөв явъя, хогоо хогийн саванд хаяя гэх мэт олон үлгэр дууриал болох сэдэв дээр ажилласан. Гэхдээ зөвхөн өөрсдийн сэтгэлээр. “Бид ийм зүйл хийх гэж байна, хамтарч ажиллая” гээд явсан бол өдийд нөлөөлөл бий болгочихсон, үнэлэгдчихсэн явах байлаа. Үүн дээр л алдаж дээ гэж боддог.

Одоо цаашид ч нийгэм рүүгээ чиглэсэн агуулгатай контентуудыг бүтээхээр зорьж явна. Харин бүр том хэмжээний, том хүрээг хамарсан сэдэв дээр ажиллах бодол алга.

-Эцсийн эцэст яагаад “Molpedia”-г хийдэг юм бэ гэж асуувал?

-Энэ нийгмийг гоё болгохын төлөө л. Хүмүүсийг жаахан нийгэмшүүлэх гэмээр юм уу. Зөв байлгах…

-Нийгмийг гоё болгохын тулд гэлээ. Залуу хүний хувьд нийгмийнхээ юуг хамгийн шүүмжлэлт нүдээр харж явдаг вэ? Хүмүүсийг зөв байлгах гэж байна, зөв байна гэдэг нь өөрийн чинь хувьд ямар ойлголт юм бэ?

-Зүгээр л хэнд ч гай болохгүй амьдарцгаая гэсэн мессежийг өгөх. Хийх ёстой зүйлээ ном ёсоор нь хийгээд л явцгаая. Хэний ч очерийг бүү булаа. Бусдыг хүндэл. Нэг тиймэрхүү агуулгаар л…

Статистик харахад, манай контентийг ихэвчлэн 24-с дээш насныхан үздэг. Үлдсэн хувийг нь хүүхдүүд эзэлж байна. Муухайгаар хэлэхэд, 40-с дээш насны хүмүүс “алга болж” байж нийгэм сайхан хөгжих юм шиг санагддаг л даа. Тэгэхээр үлдэх насны хүмүүст нь зориулж, нэг ч гэсэн юм бодуулах талаас нь харж ажилладаг гэж болно.

-ХЭН НЭГЭН МОНГОЛ ХҮН ОСКАРЫН ШАГНАЛ АВАХЫГ ХАРАХ БОЛ МИНИЙ МӨРӨӨДӨЛ-

-Энэ дүр төрхөөр бусдад нэлээдгүй танил боллоо. Гэр бүл нь яаж хүлээж авдаг вэ?

-Манай ээж, эмээ гэх мэт хүмүүс хөдөө амьдардаг л даа. Намайг ийм зүйл хийдэг гэдгийг хальт мэддэг л юм шиг билээ. Гэхдээ яг энэ сэдвээр ярилцаж үзээгүй. Би өөрийгөө “Зүгээр ажил хийж байна аа” л гэж хэлдэг. Яг юу гэж боддогийг нь мэдэхгүй юм.

-Цаашид 10, 20 жил, түүнээс цааших цаг хугацаанд хийе, бүтээе гэж боддог алсын зорилго гэвэл юуг нэрлэх вэ?

-Миний туйлын хобби, бараг мөрөөдөл болчихсон зүйл бол кино хийх юм даа. Зүгээр нэг кино хийх биш, сайн кино хийх. Энэ л юм.

-Киноноос өөр гэвэл юу төсөөлөгдөж байна?

-… За, юм орж ирэхгүй л байна.

Гэхдээ кино хийх гэдэг бол миний зорилго. Харин мөрөөдлийн тухайд, хувь хүндээ нэг их хамааралгүй зүйл мөрөөддөг л дөө. Тэр нь Монгол улсаас маань хэн нэгэн Оскарын шагнал авч байхыг харах. Би өөрөө авах биш. Авч л байвал хэн ч байсан яахав.

-Ер нь контентийн араас харагддаг Ганаа, энгийн амьдрал дээрх Ганаа хоёр хувь хүнийхээ хувьд хэр ялгаатай вэ?

-Яах вэ, ер нь камерийн ард жүжиглэх зүйл бий. Энгийн амьдрал дээр гэвэл сэтгэлээр унасан, ямар ч сэтгэл хөдлөлгүй, зүгээр л энгийн хүн байдаг гэмээр юм уу. Сэтгэл гутрал гэж нэг өвчин байдаг даа. Би тийм өвчтэй байж магадгүй. Ер нь “аймаар” гунигтай хүн байхгүй юу. Автобусанд явсан ч, хаана ч байсан дуу сонсоод л дуугүй гэлдэрч байдаг. Тэгээд камерийн ард арай өөр болж жүжиглэх гэж хичээдэг.

Би эмчид үзүүлж байгаагүй л дээ. Гэхдээ сэтгэл гутралтай юм шиг санагдаад байдаг юм. Байн байн амиа хорлочихмоор санагдах. Өглөө бүр сэрээд “Үхчих юмсан” гэж бодох. Уг нь үргэлж ийм байгаагүй юм аа. Дээр дурьдсан, жил хагасын хугацаанд зорилгогүй амьдарснаас хойш илүү сэтгэл гутралын шинжинд орсон. “Ер нь ингэж амьдрахын оронд үхчих юмсан” гэж бодогдох болсон. Гэвч, бичлэгээ үргэлжлүүлэн хийж эхлээд хоёр сар болж буй ч, эерэг тийш өөрчлөлт анзаарагдахгүй л байна.

-Контент бүтээгээд, яг юунаас нь илүү их кайф авдаг вэ?

-Бидний хийсэн зүйлийг үзээд нэг ч гэсэн хүн ойлгох, ухаарах. “Ойлгож авлаа, өнөөдрөөс эхлээд амьдралдаа хэрэгжүүлнэ ээ” гэсэн утгатай коммент бичсэн байхыг харах. Ер нь контент маань хүнд хүрч дээ гэдгийг мэдрэх л хамгийн кайфтай мэдрэмж нь юм уу.

-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү