Мэдээ

Б.Ганчимэг: Ааваа та бол миний дарамт байв, сонгосон залуу, явсан зам бүгдийг минь голж…

Өнөөдөр Аавын маань тэнгэр болсон өдөр

Ойрд аавыгаа их дурсав. Энэ амьдралаас буцаад өчнөөн олон жил болсон болохоор үгүйлэх, хажуухнаасаа эрж хайх мэтийг болиод уджээ.

Бараг мартсан л гэсэн үг дээ, аав минь. Танаас илүү ээжтэйгээ удаан амьдарлаа. Ээжийг илүү таньж мэдэрлээ. Байхгүй болохоор та дандаа илүү, үргэлж хүчирхэг. Байгаа болохоор муу ээж минь хариугүй жижигхэн, хааяа адлагдаад л байж байна.

Магадгүй муу хүн учраас танаас үлдэж хоцорчихоод бидэнд төвөг удаж яваа мэт өөрийгөө гэсгээсээр, чимээгүйхэн өөрөө өөртөө шингэх мэт амьдралаа дуусгаж байх шиг харагдана.

Ээж их өөрчлөгдсөөн. Одоо тэр 90 хүрсэн. Залуу байхдаа таны хардаж харамлан үхэх шахдаг байсан үзэсгэлэн гоо эмэгтэй айлын хажуу өрөөнд илүү дутуу ямар ч чимээ аниргүй эрхи эргүүлэн суудаг жижигхэн буурал эмгэн болсон.

Нөгөө бүгдийг хяналтандаа байлгах гэдэг хатуу чанга зангаас нь юу ч үлдээгүй.

Уучлаарай, таныг хааяа л дурсдаг. Ихэнхдээ дурсах, таны тухай ярих дургүй дээ. Хааяа таны ” хөөш, Бямбажав аа чи дугараад өгөөч. Хамаг юмаа дотроо нуусан хаашаа өмхий санаатай амьтан бэ” гэж бачимдан хэлэх дуу өрөөнөөс тань сонсогддогсон.

Та хоёрын залуу насны амьдрал надад кино шиг л санагддаг юм. Ээж хааяа чинжүү шиг үг шидчихээд дуу аялан юм угааж, цонх арчиж, таныг юм асуухаар огт хариу өгөхгүй гүрийж таныг “тамладагсан”. Гартаа сонин барьсан, цагаан майктай та хий холхиод л ккк

Үнэндээ аав минь та өөрийгөө л шатаадаг хүн байсан. Миний дүрэлзэн шатагч, хайрлан хайлагч, ээжид сөхрөн унагч, өөрөөсөө илүү удаан амьдраг гээд эрт одогч, хэлмэгдэгч аав минь.

…Хүүхдүүдээ сайн хүн болгоно гэж аав минь зүтгэсэн байх. Үнэндээ шал тэнэг зүтгэл.

…Ач зээ нарынхаа төлөө үхэн үхтлээ бөгтийж, тэтгэврийн амьдралаа үрэн таран хийж билээ. Хамгийн утгагүй үе нь. Тэр цагаа ээжтэй зугаалж өнгөрөөхгүй дээ.

Ач нар гэх тэр хайрыг чинь залгигч этгээдүүд одоо таны хамгийн хайртай эмэгтэйг бараг мартсан. Эргэж тойрдог ч үгүй. Тэд тэгэх ч албагүй гэж би бас үздэг. Олон юмыг хэтрүүлдэг…хадуурдаг…хальдаг байсан аав минь.

Миний төлөө үргэлж та шатаж байсан. Илүү ихийг тулгаж, илүү ихийг мөрөөсч. Хийсэн сонголтуудыг минь хуу эсэргүүцэж, сонгосон залуу, явсан зам бүгдийг минь голж өөрийгөө зовоодогсон. Таныхаа би зовлон байжээ.

Харин та бол миний дарамт байв. Таны сайн, зөв гэх тэр хэмжүүрүүд чухамдаа юу байв.

Сайн охин, сайн дүү, сайн эгч, сайн эхнэр, сайн хүн байх гэж зөндөө зүдэрлээ. Та бол ачаа үүрүүлэгч..Тэр тэнэг ачааг тань үүрч гүйсээр яваад нэг мэдсэн залуу нас минь ямар ч утгагүй өнгөрчихөж.

Аав та өөрөө сул зоргоор явагч, танхайрагч, салхи сөрөгч, алдаж оногч байсан. Тэгсэн хэрнээ намайгаа болохоор ” онц сурлагатан” байлгах гэж шахагч… Өөрт нь ямар ч хэрэггүй үзэл суртал нэхэгч байлаа. Хайр л юм даа.

…Хөөрхий миний аав. Хөх манан дунд ганцаар дэрвэх аяны хуучин майхан мэт, гүвээ даван жирэлзэх шонгийн модны цуваа мэт, шаргал талын дундуур гуниг шиг зурайсан харгуй зам мэт, шувууд нь буцаж эзгүйрсэн зэгстэй цагаан нуур мэт …

Өөрийн гэх юу ч үгүй явсан эцэг минь. Өнчин ганцаараа торойж явсаар дууссан дууль минь.

Зөвийн туйл гэж өөртөө итгэсээр,

зөрүүдэлж яваад төгссөн хөх өвгөн минь.

Хайртай билээ, танд

Аавд бичсэн захидлаас…

Өглөөний зурвас

Чадалтай , хүчтэй явахад бүгд л хүрээлдэг. Унахад харин бүгд алга болно… гээд л нэг их үнэтэй сургааль хэлж байгаа юм шиг нэг нэгэндээ зөвлөж харагдах юм.
Энд ямар логик байна вэ?
Үнэхээр чадал чинь өөрийнх юм бол яагаад алга болно гэж? Улам л капиталжаад явж байдаг биш юм уу? Бие биедээ улам тэнэг болгох, сэтгэл зүйн сул дорой хэсгийг нь дэмжсэн балай зөвлөгөө битгий өгч бай л даа.
Дээрх үг бол хүчирхэг байдал нь, чадавх нь зөвхөн эрх мэдэл дагаж, түүн дээр суурилж л “амьд” байдаг улстөрчдөд хамааралтай үг байх.
Тийм биз дээ? Жишээ нь; Бие биедээ идеа өгдөг, сэргэлт өгдөг, хэрэгтэй үед нь бодитой дэмждэг байх нь илүү ухаалаг, үнэ цэнтэй зүйл. Бид амьдралын урсгалд нэг тийм худлаашаад л яваа юм шиг санагддаг. Худлаа нөхөрлөл, худлаа харилцаа, худлаа амлалт… нэлэнхүйдээ нэг тийм худлаа болоод л…
Худлаа цэцэн юм яриад л, худлаа инээгээд л, худлаа уйлаад л, худлаа тэмцээд л…Энэ худлаа үнэхээр айхтар нутагшсан.
Ёс суртахуун нь ингээд аажмаар унаад л байгаа нийгэм рүүгээ юу хийж өгөхөө Төр мэддэггүй. Мэддэггүй ч гэж дээ, ерөөсөө тэнэгрүүлж үймрүүлж байх нь ямагт тэдэнд ашигтай байдаг гэлтэй!!! Хамгийн энгийн , хамгийн жижиг зүйлээс ч гэрэл гэгээ харагдахаа больчихвол яанаа… Энэ л айдас.

Эх сурвалж: Бадамдоржын Ганчимэг нүүр хуудас

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү