Мэдээ

Б.ТҮМЭНХИШИГ: ЭХ ОРОНДОО АМЬДРАХААР ИРСЭН Ч БУЦААД “ЗУГТАХААР” ШИЙДСЭН

Бид Франц улсад 10 жил амьдарч, эх орноо зорин ирсэн Б.Түмэнхишигтэй уулзлаа. Түүний хувьд Монголдоо амьдрах шийдвэр гарган ирсэн ч нийгэм эдийн засгийн байдлаас үүдэн энэ шийдвэрээсээ буцах болжээ.

-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? Эх орондоо хэзээ ирэв ээ?

-Сайн байцгаана уу? Намайг Б.Түмэнхишиг гэдэг. 26 настай. Монголдоо ирээд гурван долоо хоног болж байна. Одоогоос 10 жилийн өмнө Франц улсыг зорьж, тэндээ сурч, ажилласаар өдийг хүрлээ. Миний хувьд тогооч мэргэжлээр сурсан. Франц, Италийн холимог ресторанд ахлах тогооч хийдэг.

–Арван жилийн дараа эх орондоо ирсэн байна шүү дээ. Ямар сэтгэгдэл төрж байна даа. Юу өөрчдөгсөн байна вэ?

-Мэдээж эх орондоо ирж байгаа хүний хувьд маш их догдолж байсан. Гол нь, гэр бүл, багынхаа найзуудтай уулзах сайхан байлаа. Өөрчлөгдсөн зүйлийн тухайд гэвэл хотын төвөөр олон шинэ барилгууд баригджээ. Өөр онц өөрчлөлт алга. Манай ээжийнх Зурагтын гэр хороололд байдаг. Эргэн тойрон хашаа, гудамж гээд арван жилийн өмнө ямар байсан, яг тэр хэвээрээ байна. Би арван жилийн сурагч байх үедээ Франц явсан. Намайг хүүхэд байхад л энэ түгжрээ, тоосжилт, эдийн засгийн байдал хүнд гээд ярьдаг байсан. Мөн явган хүний зам, дугуйн зам, ус зайлуулах хоолой асуудалтай талаар. Ярьсаар л байгаад нь бага зэрэг харамсаж байна.

–Сая та залуусын хандлагыг сайшааж байсан шүү дээ. Энэ талаараа тодруулаач?

-Нийгэм эдийн засгийн байдал хүнд харагдаж байгаа ч залуу үеийнхэн маш найрсаг болсон байна. Гадуур дотуур явж байхад залуус хоорондоо их л эелдэг харьцаж харагдах юм. Нэгнээ маш сайхан хүндэлж байна. Аливаа зүйлд гол нь хандлага байдаг. Залуусын эерэг хандлагыг харахаар манай улс тун удахгүй хөгжинө гэж бодогдож байгаа. Эерэг хандлага гэхээр нэгэндээ бөхөлзөөд байхыг хэлээгүй шүү. Маш энгийн бусдыг оршихуйтай нь хүлээж авч сурсан гэж анзаарагдлаа. Энэ нь надад их таатай байна.

-Та Монголдоо үлдэх үү?

-Үлдэхгүй. Мэдээж би эх орондоо ажиллаж амьдармаар байна. 10 жил хүний нутагт гадуурхагдах үедээ гадуурхагдаж, цаг наргүй зүтгэсээр ирсэн. Одоо амар тайван эх орондоо эзэн суумаар л байна. Энэ хүсэлдээ хөтлөгдөн нийгмийн байдал, амьдрах боломж хэр байгааг судлахаар түр хугацаанд ирсэн юм. Гэтэл зарим зүйл үнэхээр шоконд орууллаа. Монгол хүний дундаж орлого Франц иргэний дундаж орлогоос тав дахин бага мөртөө зарим хүнсний бүтээгдэхүүн нь хоёр, гурав дахин үнэтэй байх юм. Яаж ийм цалингаар амьдраад байна вэ. Миний хувьд боломжгүй санагдаж байна.

Яагаад дотооддоо тарьж ургуулсан хүнсний ногоо ийм үнэтэй байна вэ? Манай улс чинь малаараа баялаг. Гэтэл хамгийн үнэтэй нь мах байна шүү дээ. Францад бол дотооддоо үйлдвэрлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд маш хямд байдаг.

Монголд ирээд багын найзындаа очсон. Нүд хальтрам амьдралын дүр зураг харагдсан л даа. Манайх бие даасан, тусгаар тогтносон улс. Яах вэ аль ч улс оронд ядуу, эмзэг бүлгийнхэн байж л байдаг. Гэсэн ч тийм аймшигтай, бохир нөхцөлд хүүхэд амьдарч байгаа нь эмзэглэмээр байсан. Миний хувьд зарим колоничлогдсон улсад л тийм хэцүү дүр зураг харсан.

–Францад амьдрах нь эх орондоо амьдрахаас илүү таатай гэж үзэж байна уу?

-Мэдээж тийм. Эх орон сайхан ч гэлээ энд хэрэгцээгээ ч хангаж чадахгүй зутруу, тухгүй амьдарснаас гадны оронд хөдөлмөрлөөд, түүнийгээ үнэлүүлээд амьдарсан нь дээр. Би сард 2100 евро авдаг. Энэ монгол мөнгөөр долоон сая болох байх.

Францын цалингийн дундаж хэмжээ 2000 еврогоор үнэлэгддэг юм. Харин цалингийн доод хэмжээ нь 1320 евро байдаг. Гэтэл Монголд цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөг байна шүү дээ. Ийм байхад эх орондоо амьдрах боломжгүй гэж бодож байна.

Ядаж сарын дундаж цалин 3-4 сая төгрөг байсан бол үлдмээр л байна.

–Ковид-19 болон бусад хүчийн зүйлсийн нөлөөгөөр дэлхий дахинд эдийн засгийн байдал хүнд байгааг эдийн засагч, судлаачид хэлж байна. Францад ямар байна вэ?

Францын эдийн засаг унаж, инфляцитай байгаа ч иргэдэд огт мэдэгдээгүй. Ачаалал дарамт үүсээгүй гэсэн үг. Сая дурдсанчлан үнэ өссөн ч эндэх шиг ингэж их өсөөгүй. Зарим мэдээлэлтэй танилцаж байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд хэдхэн сарын дотор 2-3 дахин нэмэгдсэн байна билээ. Энэ бүхэн миний л хувьд байж боломгүй санагдаж байгаа. Манайханд нэгнээ гэсэн сэтгэл дутаж байна уу гэж хардаг.Гадаад дотоодын худалдаа болон наймаа хийдэг хүмүүс аманд орсон үнээ л хэлж байна билээ.

–Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү