Мэдээ

“Гадаад руу сурахаар явахдаа цүнхэндээ 38 кг төмрөөс өөр юу ч үгүй явж байлаа”

Гадаад руу сурахаар явахдаа цүнхэндээ 38 кг төмрөөс өөр юу ч үгүй явсан
Гадаад руу суралцахаар явж байгаа хүүхдүүдийн чирдэг том цүнхэнд дандаа ном, хувцас, ойр зуурын хэрэгслүүд байдаг даа. Харин миний цүнхэнд 38кг төмөр л байсан. Тайвань руу суралцахаар явахдаа би мөнгө муутай байсан болохоор очоод тэр төмрөөрөө мөнгө олж сургалтын төлбөр, байр, хоолны мөнгөө хийнэ гэж чирч явсан маань энэ. Тэр төмөр нь турник байсан юм. Угсарч авч явдаг турник. Нэг хүн 100 тайвань доллар буюу төгрөгөөр 6500 төг төлж зүүгдэнэ. “2 минутаас дээш тогтож чадвал 550 доллар өгье” гээд гудамжны тоглоом шөнийн зах дээр тоглуулдаг байв. Өдөртөө 70 гаруй хүн гэж бодохоор яггүй олдог байлаа.

Гэхдээ галт тэргээр 4 цаг гаруй явж шөнийн захад очдог учраас зах хаасны дараа манай хот руу явах галт тэрэг, автобус зогсчихно. Ингээд гадаа, гудамжинд хонох үе зөндөө байсан. 38 кг төмөр үүрээд явахад хүнд ч шөнөжин ажиллаад олсон мөнгөө тоолоод турникээ үүрээд алхахад төмрийн хүнд замхарч, хөл хөнгөрөн нүүрэндээ инээмсэглэлтэй алхдаг байсан даа.

  1. Ээжийн минь оёсон платье зах дээр байснаас хэдэн зуу дахин сайхан харагдаж байсан

“Би ирээдүйд загвар өмсөгч болохыг хүсдэг. Надад одоохондоо янз бүрийн хувцас худалдаж авах боломж байхгүй болохоор ээжийнхээ урласан хувцсаар одоог хүртэл гангарч байна. Нэг удаа би дууны тэмцээнд орох гээд ягаан өнгийн платье хэрэгтэй болсон юм. Ээжээсээ “ягаан платье авч өг” гээд өдөржингөө нэхэж билээ. Тэмцээн нь маргааш болох гээд байсан юм л даа. Тэгээд ээжтэйгээ захаар явж гоё платьены үнэ асуутал ээж бид хоёрын дийлэх үнэ биш байсан. Ээж тэдгээрийн загвар оёдлыг нь хэсэг зуур харж зогссоны дараа бид хоёр хувцасны материал зардаг лангуу руу очоод платьены материалаа авав. Би дотроо “оёсон хувцас чинь хүн харахаар гараар оёсон гэдэг нь мэдэгдээд байдаг юм” гээд дурамжхан л байв. Тэгтэл ээж маань шөнөжингөө миний платьег оёод өглөө нь орны хажууд тавиад ажилдаа явчихсан байсан. Ээжийн минь оёсон платье зах дээр байснаас хэдэн зуу дахин сайхан харагдаж байсан юм. Би ч орохыг хүсээд байсан тэмцээндээ ч ягаан платьегаа өмсөөд амжилттай оролцсон. Ээж минь миний хувьд хамгийн сайн дизайнер.”

  1. 11-хэн настайдаа сургалтын төлбөрөө олохоор сургуулийнхаа захирал дээр орж байлаа

Миний бүх амьдрал Герман хэлтэй холбоотой. Арван жилдээ олон улсын сургуульд сурдаг байсан учраас төлбөр нь өндөр байлаа. Ээж маань ганцаараа ажиллаж миний сургуулийн төлбөрийг төлдөг байсан юм. Би ээждээ “яаж тусалж болох вэ” гэж бодсон. Тэгээд сургуулийнхаа захирал дээр ороод “Би энэ сургуульд эрдэм боловсрол эзэмших хүсэлтэй. Гэхдээ санхүүгийн боломж жаахан тиймхэн л байна. Миний чадах юм бол Герман хэл. Би хичээлээс хоцрогдсон хүүхдүүдэд хичээл зааж төлбөрөө төлж болох болов уу” гэж асуусан. Захирал маань ч зөвшөөрч арван нэгэн настайдаа анхныхаа ажилд орсон юм.

Тэр үед сурагч солилцоогоор яваад ирсэн байсан учраас үзсэн харсан, мэдсэн сурсан бүхнээ хүүхдүүдэд зааж өгч, ганц хэл ч гэлтгүй өөрийгөө хөгжүүлэх тухай ч заадаг байлаа. Мөн визний ярилцлагад орох гэж байгаа хүмүүст Герман хэл заадаг байсан. Өөрөөсөө олон насаар ах эгч шавь нартай байлаа шүү дээ.

  1. Аав маань архи уусан үедээ удам залгах хүү байхгүй гэж дандаа гомдоллохыг сонсоод…

Залуугаараа ээж болох гэсэн хүсэл маань ааваас минь болсон л доо. Эцэг эх маань хоёр охинтой жирийн л нэг хөдөлмөрч хүмүүс. Би ганц эмэгтэй дүүтэй. Хатуу хүтүү амьдралд нухлагдаад тэр үү, намайг оюутан болох цагаас эхлээд аав маань архи дарс балгах нь ихэссэн. Агсан согтуу тавиад зовоогоод байхгүй ч халамцуу үедээ “Удам залгах хүүгүй” гэж дандаа гоморхоно. Тэр нь дүү бид хоёрт их муухай санагдах үе цөөнгүй байсан. Ээжид бүр л хэцүү байсан байх. Нэг удаа аав ээж хоёр олон эрэгтэй хүүхэдтэй хамаатны маань дөнгөж төрсөн хүүг нь гуйж байсныг тодхон санадаг юм.

Тэгээд л би гэдэг хүн “хүүтэй болъё, тэгвэл аав архи уухаа болих байх” гэсэн бодолтой болов. Хоёулаа оюутан, нас залуу гээд л нөхөр бид хоёрт олон эрсдэл байсан. Гэхдээ “яагаад залуу аав ээж болж болохгүй гэж, тэглээ ч найз залуу маань надад хэнээс ч илүү халамжтай, хайртай, таван жилийн үерхэл гэдэг багагүй хугацаа” гэсэн бодол хүчтэй төрж байсан болохоор би нөхөртэй, хүүхэдтэй, дипломтой сургуулиа төгсөж чадсан. Аав маань хэвлий дэх үрийг минь хүү гэж сонсоод ахиж нэг ч удаа архи амсаагүй. Орой бүр зурагт үзэх нь үзэж, хичээлээ хийх нь хийж, хоолоо хийж, тус тусдаа нам гүм байдаг байсан айл нэг бяцхан үр мэндэлснээс хойш амьд харилцаа, инээд хөөр, аз жаргалаар бялхсан.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү