Мэдээ

Ганцэцэг: Хүү дүлий болсныг сонсоод уйллаа. Гэтэл машиныг маань бас ачаад…

Жүжигчин Ганцэцэг нэгэн болсон явдлаа хуваалцжээ.

“Би нэг болсон явдал ярих уу… Маш урт шүү,заа… Бага хүү минь 4 хүрэх гэж байлаа…2013 он юмдаг уу даа… Дүү минь “Ганаа эгч, Көкийн чих нэг л сонсохгүй байх шиг байнаа..” гэж хоёр ч хэлснийг үл тоон ажил ажил гэж гүйсээр л байлаа …

Нэг өдөр ээжийнхээ утсыг аваад өг дөө гэхэд яг хажууд байсан хүү минь өөр зүйл хийсээр л байв. 3 ч удаа хэлэв. Огт сонссонгүй. Чанга хэлэхэд сая эргэж харснаа “Юу гэсэн бэ,ээжээ” гэх нь тэр …

Шууд л ажил руу ярьж хүүгээ үзүүлэх чөлөө аваад 1-р эмнэлгийн хажууд байх ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэх болов…

Эмнэлгийг 3 тойроод зогсоол олдохгүй байсан тул чөлөөний цаг дуусах гээд сандарсан хүн дүрэм зөрчиж буйгаа мэдсэн ч зогсож болохгүй газар машинаа тавьчихаад ( хэний ч хөдөлгөөнд саад болохооргүйгээр л ) эмнэлэг рүү оров.

Хүүгээ үзүүлэв. Эмчийн “Таны хүү 1-р зэргийн дүлийрэл болжээ. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай”гэхийг сонсоод л зүгээр нүдний аягаар нулимс дүүрээд сул асгараад л байсан. Яг тэр үед утас дуугарч “Эгчээ, хурдлаарай, машиныг чинь ачиж байна” гэх нь тэр.

Би ч санд мэнд хэвтэх цаг өдрөө товлоод хүүгээ тэврээд л гүйлээ. Машин яг ачиж байхтай нь таараад учирлаад гуйж гарлаа. Уйлаад л байснаа санадаг юм. Огт сонсохгүй гүрийсээр машиныг минь ч ачлаа, би ч ачсан машин дотроо ороод суучихлаа…
Тэгээд л хүүтэйгээ хамт ачилтын машины тэвшин дээр, машин дотроо сууж явсаар Хөсөгтөн билүү дээ тийшээ очсон юмдаг.

Дүү рүүгээ утастаж хүүгээ өгчихөөд өөрөө машин дотроо суугаад үлдлээ.. Намайг олон удаа гарч ирж хөөсөн дөө. Би ч гүрийгээд л байлаа.

Шөнийн 12 боллоо. Та манай эзэмшлийн газраас яв гэж байна шүү, би эзэмшлийн машинтайгаа гарна, үгүй бол гарахгүй л гэлээ. Та төлбөрөө төлчихөөд яв гэнэ . Би үгүй ээ, даргынхаа утсыг өг ярьж байж явна гээд л гүрийгээд л байлаа…

(Голоос л гомдол төрөөд хүүхдээ тэвэрсэн эх хүн гуйж байхад 60 хан мянган төгрөгний төлөө хээвнэг ачаад явсан хоёр залууг бодохоор л гомдоод бидний хүн чанар хаачсын бэ л гэж бодогдоод байлаа. Заавал хууль дүрмээ дагах ёстой ч нэн тэргүүнд хүн чанар ёс зүй байх ёстой гэж бодогдоод бүр гүрийгээд л байсөөн)

Машин их орж гарсаан. Орж гарах бүрт л хэд 3 аараа гарч ирж миний машины өмнүүр хөндөлсөн зогсоно.

Би ч цонхоо онгойлгоод “Би хулгайч шиг зугатаж гарахгүй ээ, дарга чинь ирж хүн ёсоор уучлалт гуйсан цагт гарнаа” гээд л гүрийгээд байлаа. Дарга ярьж байна тантай ярья гэнээ гээд нэг нөхөр шөнийн 1 өнгөрч байхад утсаа авчирч өгөв.

Би ч ярьж гарлаа даа.. “ Хууль зүй байлгүй яах вэ, би ч дүрэм зөрчсөнөө мэдэж байна. Гэвч зарим тохиолдолд ёс зүй, хүн чанар үйлчлэх шаардлага гардаг юм. Гэнэтийн мэдээ сонссон ээж, хүүгээ хөтлөөд гарч ирэхэд талбай дүүрэн зогсоолтой тав тухтай орчинтой юм шиг харчихаад хээвнэг машин ачаад явсан тэр хүн чанаргүй нөхдөд гомдолтой байна л” гээд л ярьж өгсөн дөө. Гэтэл утасны цаанаас нөгөө дарга “За, та наанаа байж бай. Би одоо очлоо”гээд хэдхэн хормын дараа ирсэн.

Бид хоёр ч өөрсдийнхөө байж болох эрх мэдлийн хүрээнд (надад ч ямар эрх мэдэл байх вэ, саналаа л хэлээд байлаа) ярилцаж гарлаа… Зам талбайд машины зогсоол хүрэлцээгүй байж эмнэлэг сургуулийн гаднаас машин ачихаа больж болохгүй юу. Үнэхээр өвчтэй зовлонтой өндөр настан, эсвэл балчир хүүхэд, өөрөө явж чадахгүй өвчтөнөө аваад зогсоолгүйгээс зам дээр тавиад л хүмүүс орохоос аргагүй байгаа шүү дээ…

Мэдээж зам дээр тавьсанаас болж түргэний машин орж чадахгүй гацах бас л хүнд нөхцөл үүсэх л байх. Гэвчиг аль аль талаа бодоод хэдийгээр зөвшөөрөлгүй газар тавьсан ч бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр тээврийн хэрэгслээ байрлуулсан тохиолдолд ачихгүй байж,

урьдчилж утсаар мэдэгдээд 10-с илүү хором болвол ачих зэрэг арай өөр зохицуулалт хийж болдоггүй юмуу энэ тэр гэж ярьсаар би ч машинаа авч гарахаар болж, дарга ч асуудлыг чинь дээд байгууллагат хэлж ярьж боломжтой талаас шийдүүлэхийг хичээнээ, яг ийм саналууд их ирдэг. Уучлаарай, баярлалаа зэргээр хэн хэндээ талархлаа илэрхийлээд салцгаав…

Тэр өдөр пүрэв гариг байсан юм. Харин дараагийн 1-дэх өдөр нөгөө даргаас “Таны асуудлыг уламжлаад эмнэлгийн гаднаас машин ачихгүй” гэсэн дүрэм гарсан шүү гэсэн зурвас ирж байсан.

Харин өнөө энэ дүрэм байхгүй болсон юм байналээ. Үнэхээр хэцүү шүү. Эмнэлгийн гадна зогсоолгүй, өвчтэй хүнээ үзүүлж харуулахад маш их хүндрэлтэй байдаг даа. Гэнэтийн мэдээ сонсч хямарч уймарч яваа хүмүүс л эмнэлгийн гадаа их байдаг даа. Эмнэлгээр ямар нэг учир шалтгаангүй хүн явахгүй л дээ….

Үнэхээр нийгэмд заримдаа хууль зүйгээс илүү ёс зүй үйлчлэх үе таардаг юм даа…
Өнөөдөр эмнэлэгт хүүгээ үзүүлсэн аавын ачилтын компанийн ажилтантай хийсэн ширүүн бичлэг үзээд энэ дурсамж минь сэдрэв … Ай даа амьдрал адармаа ихтэй бас баялаг даа.

Өнөөдөр чи инээж цаадах чинь уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж цаадах чинь дуулна
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй

Бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй …
Ай мөн их гүн ухаан агуулсан шүлэг шүү
Хүн хүнээ хайрлах чанар л бидэнд өдөр тутам дутагдсаар байх шиг …

Хэрвээ би хэрвээ би шидтэн байсан бол доо хө гээд бас нэг хүүхдийн дуу ийм үед үргэлж аманд орж ирдэг дээ…
Аливаа зүйл олон талтай даа.
Бичвэрт минь авах гээхийн ухаанаар хандаарай

Жич: 0-3 насны эрэгтэй хүүхдүүд ханиад хүрч хамар нь битүү удаан явсаар чихэндээ нөлөөлж сонсох чадвараа алдахад хүрдэг юм байналээ шүү. (Охид энэ тал дээр гайгүй гэсээн, тухайн үед эмчийн хэлсэн үг шүү)

4 хүртэлх насны эрэгтэй хүүхдүүд Көк шиг оноштойгоор тухайн үед их хагалгаанд орж байсан шүү. Ээжүүдээ бага насны хөвгүүдтэй, хөвгүүд нь хүнд ханиад хүрч байсан бол чихэнд нь анхаарлаа хандуулж, үл сонсох шинж тэмдэг анзаарагдах л юм бол шууд мэргэжлийн эмчид хандаарай

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Чих хамар хоолойн тасгийнхандаа дахин баярлаж талархсанаа илэрхийлье.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү