Мэдээ

Дахиад нэг ч ээж над шиг амьдралыг битгий туулаасай…

Танд сэтгэлийнхээ мухарт шидэж цоожлоод дахиад нээхийг хүсдэггүй, тийм дурсамж байдаг уу? Тэгвэл бид зоригтойгоор ам нээж, амьдралын түүхээсээ хуваалцах орон зайг эгэл нэгэн зочинд олгох шинэ булангаа танилцуулж байна.

Унаж бүдэрсэн ч өвдгөө гөвөөд урагшлах хүч. Алдсан ч ахиад эхэлж болно доо гэх тайтгарал. “Амьдрал баялаг шүү дээ” гээд инээмсэглэх ч ардаа асар хүнд ачааг үүрч яваа хэн нэгэн хүн танд сургамж болохуйц түүх ч байж мэдэх юм.

ХҮЧИРХИЙЛЛИЙН СҮҮДЭРТ ӨНГӨРСӨН 13 ЖИЛ

2014 оны гуравдугаар сарын 24-н. Түүний амьдрал орвонгоороо эргэсэн гашуун үйл явдал тохиов. Хичээлдээ очоод шалгалтаа амжилттай өгөөд ирье хэмээн хоёр хүүхдээ аавтай нь хамт гэрт нь үлдээгээд гарсан тэр.

Орой гэрийнхээ хаалгыг татаад нүдэндээ ч итгэхийг хүссэнгүй. Хоёрхон ойтой бяцхан охин, таван настай хөгжлийн бэрхшээлтэй хүү нь биедээ эрүүл хэсэггүй шахам болтлоо согтуу аавдаа хазуулж тамлуулсан байв. Нүд халтирам уг дүр зураг бүсгүйн амьдралын эргэлтийн цэг болов. Гэр бүл болж тусдаа гарснаасаа нэг сарын дараа л тэр анх удаа нөхөртөө алгадуулжээ. Аав, ээжийн хайранд өссөн бүсгүйд энэ үйл явдал хүндээр туссан ч “Ахиж тэгэхгүй. Амлая. Уучлаарай” гэх үгс, “Хайртай болохоор л…” гэх тайлбарт итгэн итгэсэн өдөр хоногуудыг элээсээр амьдралынхаа 13 жилийг хүчирхийллийн сүүдэрт өнгөрүүлчхэж…

Түүнийг Т.Туяажаргал гэдэг. Тэр сэтгүүлч болох гэгэлгэн мөрөөдлөөрөө жигүүрлэн суралцаж, энд тэнд ажиллаж, FM-д хөтлөгч хийж, сэтгүүлзүйн салбарт гялалзах хүсэлтэй од байв. Сэргэлэн цовоо, нүдэндээ галтай,

нүүрэндээ цогтой үзэсгэлэнтэй бүсгүй. Сэтгэлээ илчлэн араас нь гүйсэн олон залуусаас тэр нөхрөө сонгожээ. Гурван жилийн турш түүнд хайртайгаа батлахаар уйгагүй хичээсэн залууд итгэж хамтын амьдрал эхлүүлэхээр шийдсэн аж. Даруу дөлгөөн зантай, намуун зөөлөн ааштай бүсгүй аавынхаа гэрээс анх удаа гарч амьдрал зохиосон нь энэ. Аз жаргалтай сайхан амьдрах хүсэл нь нөхрийнх нь далайсан гарны сүрд хийсэж, хайртай л юм чинь миний төлөө өөрчлөгдөнө дөө гэж хүлээсэн өдрүүд үргэлжлэв.

Т.Туяажаргал ““Ларьдма” кино миний амьдралын хажууд хөнгөхөн түүх. Ядаж л гол дүрийн эмэгтэй ээж, аав гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө уулзах, бусад бүх зүйл нь чөлөөтэй байсан. Гэтэл би ээж, аавтайгаа ч уулзаж чаддаггүй байлаа. Түүнтэй амьдарч байсан хугацаанд шөнө бүтэн нойртой хононо гэдэг ховор. Нэг бол архиндаа тасраад унтаад өгөөсэй хэмээн бодно. Битгий сэрээсэй гэж залбирна. Түүнтэй амьдарсан хугацаанд хамгийн сайхан үе нь тэр хүн гэртээ байхгүй байх хэдхэн цаг юм” хэмээн эргэж сөхөхийг хүсдэггүй сэтгэлийн ёроол дахь бараан дурсамжаа дэлгэн хуваалцав.

ГАНЦХАН ТҮЛХҮҮРТЭЙ ГЭР

Энэ эмэгтэй гурван сайхан үрийн ээж. Хүүхдүүддээ ийм амьдрал үзүүлсэндээ дотроо гэмшдэг өр нимгэн эх хүн. Хүчирхийллийн золиос болсноо өөрөө ч анзаарахгүй “олгой хагаравч тогоон дотроо” гэх үг адил нөхөртөө зодуулдгаа, нойргүй хонодгоо, доромжлуулж хараалгуулдгаа хэнд ч хэлээгүй 13 жил болсон байна. Гэртээ хүүхдүүдтэйгээ цоожлуулж гадуур гарах эрхгүй амьдрахдаа ч тэр гомдоллохгүй хүсээгүй аж. Гэрийнх нь ганцхан түлхүүр нөхөрт нь л байдаг агаад хаалганы цоож онгойх чимээгээр сэтгэл нь үймэрнэ. Ийм хар дарсан зүүд шиг өдрүүдэд ч тэр нөхрөө бусдын өмнө муу хэлэхгүй. Аав нь “Миний охины нүдний гал бөхчхөж” гэж хэлэхэд ч утгыг нь ухалгүй орхичихсон залуу бүсгүй. Хайртай гэдэг үг нь үнэн байх. Хүүхдүүдийнхээ төлөө өөрчлөгдөнө байх гэж итгэсэн ч нэмэр болсонгүй. Архины эхүүн үнэр, угсруулан татах тамхины утаа, үргэлж хараал урсгаж хэнтэй ч хамаагүй хардан уурсах нөхөр…

Дунд хүү нь хоёр настайдаа хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Эрүүл саруул байсан хүүгийнх нь бие гэнэт муудахад тэр хүүгээ сахиад эмнэлэгт хэвтсэн байна. Гэтэл нөхрөөсөө сонссон үг нь “Чи эмнэлгийн манаач, эрэгтэй эмч нартай явалдах гэж миний хүүг хөгжлийн бэрхшээлтэй болгоо юу” гэх үгс.

Энэ үед сална хэмээж хоёр жил тусдаа амьдарсан ч хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ эмчилгээ, сувилгааны зардлыг ч хангалттай олох боломжгүй байсан тул гуйж гувшин ирсэн нөхрийнхөө уучлал эрж, ухаарсан дүрд нь итгэн дахин хамтдаа амьдарч эхлэв. Хоёр жилийн хугацаанд нөхөр нь өөрчлөгдсөн үү? Гэж асуухад Т.Туяажаргал “Агсамнаж зодох тоо нь багассан. Хоёр жилийн дараа өөрчлөгдсөн зүйл энэ л байв” гэлээ.

Өмнөх шигээ өдөр бүр тамлахгүй ч хүчирхийлэл үргэлжилсээр. Гурав дахь хүүхэд, охин мэндлэв. Өнөөх аймшигт үйл явдал болох үед хөгжлийн бэрхшээлтэй хүү таван настай, охин нь хоёр настай байсан юм. Мах, цусны тасархай болсон үрсээ амьдаар нь тамласан эцэг. Тухайн үед эл мэдээ нийгмийг цочроож хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал Сүхбаатарын талбайд болж байлаа. Эл хэргийн дараа нөхрийнх нь ар гэрээс эмэгтэйг дарамталж, хүүхдүүдээ аваад байрнаасаа гарахыг шаарджээ.

ХАЙРЦАГЛАГДСАН ОРЧИН

Т.Туяажаргал “Энэ үйл явдлаас хойш тэр хүн миний амьдралаас гарсан. Дахиж холбоо бариагүй. Эрүүгийн хэргийн шүүх хурал болж, гэр бүлээ цуцлуулж, хуулийн дагуу гурван хүүхдэд тэтгэмж тогтоосон. Одоогийн байдлаар, өнгөрсөн есөн жилийн хугацааг тооцвол гурван хүүхдэдээ 80 орчим сая төгрөгийн тэтгэмж олгох үүрэгтэй. Гэхдээ нэг төгрөг ч өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Тухайн үед амьдарч байсан байрыг том хүүгийн нэр дээр шилжүүлж өгч байсан.

Хэрвээ тэр үйл явдал нийгмийн чихэнд хүрээгүй бол магадгүй би хүчирхийллийн савраас гараагүй л байхыг ч үгүйсгэхгүй” хэмээв. Тэр тухайн үед сэтгэлзүйчтэй уулзаад хүчирхийллийн хохирогчийн сэтгэлзүйн хайрцаглагдсан орчинд орчихсон байснаа ойлгожээ. Өмнөх өөрийгөө бодохоор тэр цаг хугацааг ямар зориг, тэвчээрээр давснаа гайхдаг.

Одоо түүний том хүү 20 настай бөгөөд эх орны хүү болоод алба хааж байгаа. Дунд хүү нь 17 настай, ээжээсээ ч өндөр өсгөлүүн хүү. Тэр 15 настайдаа памперснаас гарч өөрөө бие засах болжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн ээжийн хувьд асар том амжилт юм. Бие нь том ч оюун санаа нь хоёр ой гарантай жаалхан хүү. Бага охин нь одоо арван настай. Ээжийнхээ хүүхэд насыг санагдуулам адтай сэргэлэн охин уруул өнгөлөгч хийж зарах бяцхан бизнестэй болжээ.

“ЭЭЛТЭЙ ЕРТӨНЦ”-ИЙНХӨН

Т.Туяажаргал одоо АШУҮИС-д хөдөлгөөн засалчийн мэргэжлээр гуравдугаар курст суралцаж буй аж. Тэрбээр дунд хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш “Ээлтэй ертөнц” ТББ-ыг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Хүүгээ өвдсөн үеэс л тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч байхын ачааг нуруундаа үүрч, өөртэйгөө адил олон ээж, асран хамгаалагчид урам зориг нэмэх, нөлөөллийн ажлыг өрнүүлэхээр “Ээлтэй ертөнц”-ийг байгуулжээ. Тэд одоо хажуудаа “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийг ажиллуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд тэнд ажиллаж байна.

Т.Туяажаргал “Яг одоо бол миний амьдрал миний ажил болчихсон. Туяажаргал гэдэг хүн амьдарч байх хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд л зориулсан ямар нэг зүйл хийх нь миний зорилго, мөрөөдөл. Миний аз жаргал бол миний хүүхдүүд, миний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. Нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тоодоггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч байна гэдэг хэцүү.

Миний хүү одоо 17 настай. Үеийнх нь хүүхдүүд найз охин, үерхэл бодож байхад миний хүү өөр хэн ч байхгүй мэт ээжийнхээ гараас л хөтөлнө. Гадаа алхахад хүмүүс муухай хардаг хэвээрээ. Хүүгээс минь хэцүүг туулж буй зөндөө хүүхдүүд бий. Надаас хойш хүү минь яана даа гэх бодол дотор эмзэглүүлдэг. Одоо амьд байгаагийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж, аав нь байхгүй байсан ч тайван сайхан амьдрах боломжийг бүтээж өгөхийг хүсдэг.

Дахиад нэг хүний хүүхэд ч гэсэн эрүүл саруул өсөөсэй. Дахиад нэг ч ээж над шиг амьдралыг битгий туулаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг” гэж хэлэхдээ алаг нүдэндээ нулимс цийлгэнүүлэх тэрбээр амьдралд урагшлах хүчийг хүүхдүүдээсээ хамтран зүтгэж буй олон ээжийн сэтгэлээс авдаг гэсэн юм.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН АСРАН ХАМГААЛАГЧДЫН ХҮЧ

Т.Туяажаргал “Эрүүл мэндийн тогтолцоогоо өөрчилж өгөөч гэх хүсэлтийг олон жилийн турш тавьж байна. Монгол Улсад төрж буй хүүхдүүд зөв оношлуулж чаддаггүй. Миний хүү хоёр настай байхдаа өвдсөн. Тухайн үед анхнаасаа онош нь зөв тавигдаж, зөв эмчилгээ эхлүүлсэн бол миний хүү эрүүл байх байсан. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ нийгэмд ил гаргахыг асран хамгаалагчдаас хүсдэг. Тэгж байж бид ялгаатай байдлыг арилгаж чадна. Монголд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах эмнэлгээс өөр өдөр тутмын үйлчилгээ үзүүлэх газар байдаггүй. Цэцэрлэг, сургуулиудад бидний хүсдэг үйлчилгээ байдаггүй. Бидний хүүхдүүдэд унших, бичих мэдлэг биш, үдээсээ үдэх зэрэг энгийн мэт сонсогдовч хамгийн хэрэгцээтэй зүйлсийг заах сургалтын байгууллага байхгүй.

Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг сайн дэмждэг. Хууль, эрхзүйн орчин нь ч бүрдсэн. Байгууллагын 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой гэж хуульд заасан. Хэрвээ ажиллуулаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц мөнгийг торгууль болгон улсын төсөвт төвлөрүүлж, энэ мөнгө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу очдог. Өнгөрсөн оны байдлаар байгууллагууд есөн тэрбум төгрөгийг торгуульд төлсөн байна лээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ зүйл заалтад байгууллагадаа хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол торгууль төлнө, эсвэл торгуультайгаа дүйцэхүйц үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагчдын хийсэн бүтээгдэхүүнээс байнгын тогтмол хэмжээгээр худалдаж авах боломжтой болсон. Энэ дагуу компаниуд төрд торгууль төлөхгүйгээр манайхаас бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой. Торгууль төлдөг бол бидэнтэй хамтарч ажиллах саналыг тавьсаар байна. Бид зөөлөн тоглоомын үйлдвэрлэлээ явуулж байгаа. Энэ журмаар байгууллагатай хамтарч ажиллах анхны түүхэн гэрээгээ үзэглэсэн. Эхний сард ээжүүдийнхээ хийсэн зөөлөн тоглоомыг тус компанид нийлүүлсэн. Энэ сард даллагын уут хийж өгөх захиалга авсан” хэмээн “Ээлтэй ертөнц”-ийнхний хэрхэн ажиллаж буй талаар хуваалцав.

ОРОН ГЭРИЙГ НЬ ОРЛОХ ХАЙРЦАГТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Тэдний үйлдвэрлэл явуулж буй байранд биднийг очиход ээжүүд зөөлөн тоглоомоо оёж, баглаж, зарим нь хоол хийж, хэсэг нь цэвэрлэгээ хийж байлаа. Халаалт тааруу зоорийн давхарт байрлах энэ хэсэгхэн талбайд халуун хайр цалгисан ээжүүд хөдөлмөрлөдөг аж. Хамтдаа ажиллана, ярилцана, уйлна, дуулна, сэтгэлээ хуваалцана.

Үүдээр нь ороход ханаар нь дүүрэн хайрцагтай зүйлс өрсөн байх нь тэр. Энэ юу вэ гэж тодруулахад Т.Туяацэцэг “Цар тахал гарч, хөл хорьсон үед ээжүүд маань хоёр сар цалингүй ажилласан. Хил гаалийн асуудлаас болж бараа материалын үнэ нэмэгдэж, ховордсон үе л дээ. Бид борлуулалт хийж чадахгүй гацсан. Тэгээд ажилтнуудынхаа цалинг тавихаар манайх амьдарч байсан байраа зарсан. Ингээд үлдсэн мөнгөөр нь бүтээгдэхүүний бэлдэц аваад, одоо бэлэн бүтээгдэхүүн болгоод савлаад тавьсан байгаа нь энэ. Үүнийгээ зарчихвал байраа буцааж авна даа. Манай ажлынхан энэ хайрцагтай бүтээгдэхүүнийг надаас илүү нандигнана. Зараад хурдан орон гэртэй болоосой гэдэг. Одоог хүртэл борлуулж чадаагүй л байна.

Энэ бүтээгдэхүүн бол даавуун дээр зааврынх нь дагуу өөр, өөр төрлийн оёдол сурангаа зөөлөн тоглоом оёх боломжтой бэлдэц юм. Зүүнээс бусад бүх зүйлс нэг ууттай савлагаанд багтсан. Бид 25 мянган ширхгийг үйлдвэрлэсэн. Нэг ширхэг нь 10 мянган төгрөгийн үнэтэй. Худалдаж авсан хүмүүс ам сайтай байдаг юм. Даанч бидэнд маркетинг огт алга. Цаашдаа сайжруулна л гэж боддог.

Энэ бэлдцийг 6-12 ангийн хүүхдүүдийн хөдөлмөрийн хичээлд ашиглуулбал их тохиромжтой. Одоо бол багш нар оёдол заахдаа даавуу, утас тус бүрийг нь авч ирэхийг хүүхдүүдэд даалгадаг. Хэрвээ манай энэ бүтээгдэхүүнийг авбал хүүхэд бүр өөр, өөр даавуу, утас барьж очихгүй хялбар аргаар олон төрлийн оёх арга сурах боломжтой. Сургуулиуд бидэнтэй хамтарвал ээжүүдийн маань хөдөлмөр эрхлэлтэд том дэмжлэг болох юм” гэж ярив.

“Ээлтэй ертөнц”-ийнхөн дэргэдээ байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг “Энэрэл” төвийг ажиллуулдаг. Энэ төвд одоогоор 20 хүүхэд суралцаж байгаа бөгөөд эцэг эхчүүдээс авсан төлбөрийн мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй гэдгийг Т.Туяажаргал хэлсэн юм. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цогц үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээнд ганцхан байгаа энэ жижигхэн төвийн үйл ажиллагааг дэмжин урсгал зардал, хүний нөөцийн цалинд төрөөс нэмэрлэдэг бол бид урамтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана. Гэхдээ уг төвийг төрийн аль нэг газрын харьяатай болгох шаардлагатай байгаа юм. Тэгэхгүй бол төр дэмжихгүй” хэмээн учирлав.

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй дунд хүүдээ бүх цагаа зарцуулж, том хүүгээ анхаарал, халамжаар дутааж өсгөсөндөө үргэлж гэмшдэг. Хүүгийнхээ тухай бодох бүрд “Ээжийгээ уучлаарай” гэж хэлмээр санагддаг. “Би том хүүгээ багад нь хэтэрхий зөнд нь орхичихсон юм” хэмээн дотроо энэлдэг. Харин бага охиноо өсгөхдөө алдаагаа давтахгүй, хайр, халамжаар дутаахгүйг хичээдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийн дуу хоолой болж, тэдний хөгжлийн төлөө амьдралаа зориулж буй бүсгүй. Түүний амьдралын түүх Танд нэгийг бодогдуулсан байх хэмээн найдаж байна.
Эгэл нэгэн ээж, энэ амьдралыг өөрийнхөөрөө туулж, алдаа, оноог дэнсэлсээр яваа түүний дурсамж, бодол, мэдрэмжийг хуваалцсан уншигч танд талархъя.

Хэнэггүй инээмсэглэн хажуугаар өнгөрч буй хэн нэгний цээжинд хэзээ ч нээж байгаагүй хөндүүр дурсамж багтаж ядан байгааг бид мэдэхгүй. Хүний түүх булангийн дараагийн дугаарт өөр нэгэн зочинтой эргэн уулзъя.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү