Мэдээ

“Дахин боловсруулсан хогоор хийсэн гацуурыг нь шүүмжилж, хүүхдүүдийн урмыг хугалж байна”

Төв талбай хүүхэд, залуусын хөлд дарагджээ. Сонирхолтой хэлбэрээр зассан гацуурнууд, цагаан баавгай, өвлийн өвгөн, мөнгөн чимэглэлтэй цаа буга, гэрэлт гудамж гээд шинэ жилийн уур амьсгал аль хэдийнэ бүрдэж.

Дөрвөн жаал модтой чихэр хүлхэж, гацуурууудыг ихэд сонирхон “Ах аа, энэ гацуурнуудыг юугаар хийсэн юм бол. Хичээл дээр заадаг улаан номд орсон болон ховор амьтны зургуудыг өлгөсөн байна. Тийм ээ?” хэмээн асууж байна.

“Тийм ээ. Дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн гацуур гэсэн. Энэ цагаан баавгайг ч гэсэн тийм төрлийн материалаар хийсэн. Байгаль орчноо хайрлах, хог хаягдлаа дахин боловсруулах талаарх ойлголтыг өгнө гэсэн шүү. Чи байгаль дэлхийдээ хайртай юу” гэж асуухтай зэрэгцээд “Тэгвэл энэ жил аав ээждээ хэлээд байгаль орчинд ээлтэй гацуур засуулна. Манайд зөндөө олон ундааны сав байгаа. Түүгээрээ гацуур хийж болох юм байна даа” хэмээн ярилаа.

Харин тэдний хүлхэж яваа модон чихрийн хувьд “Грийн фестиваль”-ийн хамт олноос өвлийн өвгөнтэй хамт зургаа татуулсан учраас өгсөн гэнэ. Цаашдаа ч өвлийн өвгөнтэй зургаа татуулсан хүүхдүүдэд модтой чихэр өгөх юм байна.

Мөн хүүхдүүдийн хамгийн их хүлээж байгаа нэг зүйл нь коток бөгөөд, “Дулаахан хувцаслаж ирээд ханатлаа гулгана” хэмээн ярьж байлаа.

Төв талбай дээр зассан уг гацуурнуудыг харсан зарим иргэд “Улсын төсвөөс мөнгө гаргуулж хачин юм хийлээ” хэмээн шүүмжлээд байгаа. Харин “Оргил медиа менежмент” компаниас БОАЖЯ, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Хайрлахуй” уриан дор “Green fest” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхны өвлийн 30 хоногийн фестиваль зохион байгуулж байгаа нь энэ юм байна.

А.Оюунчимэг: Гацууруудыг засахад төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн

Энэ талаар “Оргил медиа менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгонжаргал ийнхүү ярив.

Тэрбээр “Хүмүүс зарим нь буруугаар ойлгоод байх шиг байна. Энэхүү гацууруудыг улсын төсвөөс мөнгө гаргаж хийгээгүй. Харин ОУ-ын байгууллагууд болох НҮБ, НҮБ-ын хүүхдийн сан, Мөнгөн цой, WWF, ZSL зэрэг 16 байгууллага хамтран хийсэн. Зарим гацууруудыг хүүхдүүд хаягдал материал ашиглан өөрсдийн гараар хийж чимэглэсэн.

Гэтэл зарим нь хүүхдийн энэхүү бүтээлүүдийг харааж, зүхэж байгаа нь тун зохимжгүй байгаа талаар хэлмээр байна” гэдгийг онцолж байлаа. Эдгээр гацууруудыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үүднээс барилгын хог хаягдал, ундааны сав, цаасны хог хаягдал зэргээр урласан юм байна. Мөн цагаан баавгайг ч гэсэн хаягдал материал ашиглан зүйж хийсэн гэлээ.

Төв талбайн эл тохижилтод 50 гаруй уран бүтээлч ажиллаж байна.

Уран барималч Э.Энхбаатар: Бидний хийсэн эдгээр уран бүтээлийг битгий л эвдэлж гэмтээгээрэй

Бид тэдгээр уран бүтээлчдийн төлөөлөл уран барималч Э.Энхбаатар “Шинэ жилийн ойн баярын хүрээнд аж ахуй нэгж, хүүхдүүдийн сэтгэл шингээн урласан гацуур модыг цахим орчинд иргэд элдвээр хэлж байна. Энэ нь тун зохисгүй үйлдэл бөгөөд сэтгэл зүрх, цагаа заваа зориулан хийсэн балчир үрсийн урмыг хугалахад хүрээд буй. Хаягдал материалуудыг ашиглан бүтээл болгож чадсанд харин ч баярлах хэрэгтэй. Нөгөөтээгүүр бидний хийсэн эдгээр уран бүтээлийг ч гэсэн битгий эвдэж сүйтгээсэй. Коронавирустэй холбоотойгоор хоёр жил шинэ жилийн уур амьсгал унтаа байлаа. Эцсийн эцэст хүн бүхэн л шинэ жилийг сэтгэл догдлон хүлээдэг шүү дээ” гэв.

Энд хуучин номоо хандивлана.
Нэмж сонордуулахад тус арга хэмжээний хүрээнд талбайд сайн дурын гурван хэсэг ажиллаж байна:

“Дулаахан өвөл” гээд хэрэглэдэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд бэлэглэх хайрцаг ажиллаж байна. Энд цугласан зүйлсийг тараах үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн эндээс ирээд хэрэгтэй зүйлсээ авах боломжтой.
“Шидэт өвөл” номын байшин ажиллаж байна. Энд хуучин номоо хандивлах хэсэг. Эндээс дуртай номоо ирж авах боломжтой.
“Ногоон хүсэл” хүүхдүүдийн хүслийн хайрцаг, зураг авхуулах хэсэг байна. Энд хүслээ бичсэн хүүхдүүдийн биелэх боломжтойг нь зохион байгуулагчдын зүгээс биелүүлнэ.
Мөн арванхоёрдугаар сарын 30-ыг хүртэл орой бүр 19-20 цагийн хооронд арга хэмжээ зохион байгуулна. Орой бүр флашмоб бүжиг зааж, урлагийн тоглолт үзүүлэх бөгөөд халуун уураар үзэгчдийг дулаацуулах аж.

Ямартай ч шүүмжлэл дагуулаад буй зарим гацуур нь хүүхдүүдийн хийсэн бүтээл бөгөөд улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй гэдгийг онцлууштай юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү