Мэдээ

Долоон настай байхад ээж маань өвчний улмаас өөд болж би энэ хорвоо дээр ганцаараа үлдсэн….

Намайг Туяа гэдэг багадаа амссан хэцүү бүхэн өнөөдрийн намайг бүтээсэн юм. Миний хувьд би бужигнасан олуулаа жижигхэн байшинд шамбааралдаад амьдрах дуртай. Яагаад гэж үү… Би 1985 онд Өвөрхангай аймагт төрсөн юм билээ.

Ээж аавтайгаа элэг бүтэн энгийн аз жаргалтай амьдарч байсан. Гэтэл намайг 3 настай байхад аав ээж маань салж ээжтэйгээ би хоёулахнаа үлдсэн.

Ээжийн маань ч ах дүү нар бүгд хотод ирж амьдардаг болсон тул ээж маань ч ах дүү нараа бараадан хотод гэрээ ачин намайг дагуулаад Дэнжийн мянгад эгчийнхээ хашаанд нүүж ирсэн юм.

Ээж маань ч хөдөөнөөс ирсэн бусдын адил ажил олдохгүй ах эгчийнхээ ажилд тусалж багахаан цалин аван тэрүүгээрээ бид хоёр хоолоо залгуулан амьдарч байсан.

Харин намайг долоон настай байхад ээж маань өвчний улмаас өөд болж би гэдэг хүн энэ хорвоо дээр ор ганцаараа үлдсэн юм. Үнэндээ тухайн үед юу болоод байгааг ч ойлгоогүй нэг л мэдхэд ээжийн эгчийн байшин руу нь хамаг хувцасаа зөөж тэнд амьдрах болсон байлаа.

Би сургуульд орсон үеийн 1-р ангийн охин уг нь хичээлээ хийж, хүүхэлдэйн кино үзэж, тоглож, гоё ганган хувцас авахуулж зураг зурж суудаг байсан бол би усанд явж, мод зөөж, цай чанаж ,

хувцасаа өөрөө угаадаг байсан. Хүүхэд байсан учир хувцасаа дутуу угааж үргэлж халтар үрчинхий хувцастай хичээлдээ очдог байлаа. Бүгд намайг шоолдог надтай найзлах найз бас байгаагүй.

Зарим нь өрөвднө. Дуудаж хоол өгнө чихэр өгнө. Өрөвдүүлэх үeдээ л түр зуур хайр халамж хэсэгхэн хором мэдэрдэг байсан санагдана. Орондоо ороод л ээжийгээ санаад л уйлна. Аавыгаа бол сайн санадаггүй гуравтай байхад ээж бид хоёрыг хаяад явсан болхоор огт мэддэггүй байсан. Тэгэхдээ л намайг гээд нэг ороод ирэх болов уу гээд танихгүй эрэгтэй хүн болгон гэрт ирхэд би өөдөөс нь харж хэн болохыг нь мэдэхийг хүсдэг байсансан. Ээжийн эгчийнд байхад үнэхээр ганцаарддаг байж билээ. Миний үеийн хүүхэд байхгүй. Надаас нилээн том 2 хүүтэй. Хэдий одоо бодход идэх хоолтой, өмсөх хувцастай, дулаан гэртэй байлгаж байсанд нь баярладаг ч нэг удаа ч болов намайг ямар байгаа бол гэж санаа тавьж яамаар байна гээд асууж ганц удаа ч болов надад одоо амардаа гээд хэлчиж болдоггүй байсын болдоо.

Миний хувьд би тэдний гэрийн үйлчлэгч шиг л байдаг байсан. Би хэзээ ч төрсөн өдөр тэмдэглэдэг гэдгийг мэддэггүй байлаа. Дунд ангид орж ангийн охин төрсөн өдрөө тэмдэглэнэ гээд гэртэй урихад би гайхаж билээ. Үнэндээ би ээжийг өөд болсноос хойш төрсөн өдрөө нэг ч тэмдэглэж байгаагүй юм билээ. Ингэж явсаар би 10 жилээ төгссөн. 10 жилээ төгсөөд цааш сурж чадаагүй ээ. Угаасаа цааш суръя гэсэн ч миний сургалтын төлбөрийг төлөх хүн байгаагүй. Сүүлд мэдэх нь ээ уг нь тэжээгчээ алдасны тэтгэмж улсаас өгдөг байсан юм билээ. Тэр мөнгийг уг нь эгч маань аваад хадгалаад сургуулиа төгсөх үед өгсөн бол ядахдаа би их сургуульд сураад боловсрол эзэмших байсан даа гэж боддог юм.

Тухайн үед нь эгч аваад л үрчдэг байсан юм байна лээ. Би ажил хайж цайны газарт угаагч хийж, яваандаа бэлтгэгч хийдэг болсон. Харин эгчийн хүү нь найз охинтой болсон тэр нь жирэмсэн гээд хамтдаа амьдрах болсон тул намайг одоо тусдаа биеэ дааж амьдар гээд гэрээсээ бараг хөөх шахуу явуулсан даа. Би ажил хийдэг байсан тулдаа 20 мянган төгрөгөөр айлын хашаа хоосон гэр сахиж толгой хорогддог боллоо. Үeийн охид оюутан болж, шинэ хувцас шинэ сургууль, найз нөхөд кино тeaтр гэж явахад би ажилсан цалингаа өдөртөө авч түүгээрээ нүүрс хагас кг мах, 100 гр будаа , талх гээд л ширхэгийн хоолоор өарийгөө болгож байв.

Бүх л баяр ёслолоор ганцаараа. Шинэ жил, цагаан сар гээд л бүх л баяраар орь ганцаараа. Би үнэндээ амьдралд сөхөрч, шаналж, амиа хорлох тухай ч боддог байсан. Харин амьдралдаа анх удаа намайг эрэгтэй хүн танилцая гэж хэлсэн юм. Цайны газарт маань байнга орж ирдэг нэг залуу ард намайг юм хийж байхыг анзаардаг байж л дээ. Ажил нь хажуууханд болхоор өдөр болгон орж ирдэг байсан аж. Тэр залуутай 23 насандаа анх удаа кино театр орж үзсэн дээ. Өмнө нь орж үзээгүй гэдгээ нуух гэж хичээж ямар их сандарч айснаа санаж байна. Би найзтай ч байж үзээгүй учраас маш хурдан дасаж хайрлаж орхисон.

Тэгэхдээ буруудаагүй ээ. Би үнэхээр азтай хүн сайн ханьтай учирч чадсан. Хөөрхөн 3 үрийн ээж ч болсон. Хэдий би бусад хүмүүс шиг баян цатгалан биш ч элэг бүтэн ээж аав гэж дуудах хадам аав ээжтэй, төрснөөс ялгаагүй сайхан ах дүү нартай болсон. Хоёр өрөө байшиндаа хадмуудтайгаа бужигналдан амьдардаг ч хүүхдүүдийн маань ээж ээж гэх үгс, ханийн маань хоолоо хийсэн үү, тэр маань хаана байна энэ маань хаана байна гэх үгс, хадам ээжийнхээ тэрийгээ тэгэхгүй яасын, тэр нь тэгвэл зүгээр гэх мэт бүх л үг намайг амьдарч байгааг илтгэх нотолгоо би энэ хүмүүст хэрэгтэй чухал хүн гэсэн баталгаа болдог учир би маш их аз жаргалтай амьдарч байна.

3 хүүхдээ ирээдүйд өөрийн туулсан зовлонг амсуулахгүйн тулд би хичээж байна. Хичээсээр байх болно. Тогоочоор сурч, томхон цайны газар ахлах тогооч болж чадсан. Одоо л миний амьдрал эхэлж байгаа юм шиг санагддаг.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү