Мэдээ

ДОМГУУД “ХЯТАД ТАХИА” ШАРСАН ГУЯ РЕКЛАМДАЖ ДООШОО ОРОХ ЁСГҮЙ

Төрийн соёрхолт Харанга хамтлагийнхан тахианы гуя сурталчилан дуулахыг үзлээ. Даанч дээ, амьд домгууд минь, хайран ч Харанга минь гэж халаглах, хүндлэлээс харамлах сэтгэл төрөв.

“Ай даа, хүний амьдрал…” гэж эхэлдэг “Амьдрал” гэх нэг дуу нь л гэхэд амнаас аманд аялагдаж, ардын дуу шиг өвлөгдөж яваа хамтлаг шүү дээ. Гэтэд “Хятад” тахианы шарсан гуя рекламдаж, хайр, хүндэтгэлээ хэдэн бор төгрөгөөр арилжчих шиг хачин хөндүүр мэдрэмж төрөв.

Харанга Ардчилсан хувьсгалаас нэг “ах”. Гурван аравныг хүндлэл дунд туулж, хариуд нь тэд бидний гомдож гуньсан, бахархаж баярласан, уйтгарлаж уйлсан бүхий л цаг үед дуугаараа хамт байсан. Хүний нутагт хүнд ажилд нухлуулж яваа залуу хэсэг амсхийхдээ “Алс хол хүний нутагт ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ…”

гэж аялдаг юм. Амьдралд алдаж онож, андуудтайгаа хааяа тэврэлдэж суухдаа “Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хосолсон хорвоод…” гэж дуулж эхэлдэг юм. Морио дээдэлдэг Монгол хүн бүхэн “Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол оо…” гэж омогшдог юм. Хайртай бүсгүйгээ санасан, санааширсан залуу

“Санана даа чи намайг санана…” гэж тайтгардаг юм. Ингэж л, дуулсан дуу бүхэн нь “амьтай”, анагаах чадалтай байж ирсэн учраас дуунд дуртай монголчууд тэдэнд хайртай байдаг юм. Хайртайдаа хүндэлдэг юм. Тийм ч учраас төр тэднийг соёрхсон юм. Гишүүн бүр нь гавьяат, ганц бөгөөд анхны Төрийн соёрхолт хамтлаг бол тэд. Харангыг үүсгэн байгуулж, өдий хүртэл авч яваа Ц.Энхманлай аль 2000 онд гавьяат авч байлаа. Урт буржгар үсээ задгай тавьж, улаан эрээн алчуур толгойдоо зангидсан тэр л төрхөөрөө нүдэнд, чихэнд, зүрхэнд үлдсэн Х.Лхагвасүрэн гэхэд 2014 онд гавьяат болж байлаа. Ийм ч учраас тэд бол амьд домог.

Гэтэл… Монгол шиг жижигхэн зах зээлд “од” байх, тэр тусмаа Харанга шиг амьд домох байх хэцүү нь мэдээж, ойлгоно. Гуравхан сая хүн амтай, тэн хагас нь хүүхэд, хөгшид гэхээр “хагас” рок сонсож, сонссоныхоо хариуд мөнгө төлөх нь хэд билээ. Энэ утгаараа дуу дуулж, цомог гаргаж, олсон мөнгөөрөө “од” шиг амьдрах хэцүү. Жилд хэдхэн тохиодог, шинэ жил мэтийн нижгэр баяруудаар халтуур хийж, хэд гурван төгрөгтэй залгадаг нь ч нууц биш. “Халтуур” хийдэг урлагийнхан дотроос Хурд, Харангын ханш л хамгийн өндөр байдаг, “Хүндлэл хүлээтлээ хөдөлмөрлөсөн юм чинь хүссэн үнээ хэлэлгүй яах вэ” гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг байв. Энэ нь ч тэднийг бардам, бахархам харагдуулдаг байсан.

Гэтэл хайр хүндэтгэлийг харамгүй хүлээсэн Төрийн соёрхолт Харанга маань тахианы гуя рекламдах дээрээ тулна гэж санасангүй. Мөнгө хэдий хүчтэй ч миний мэдэх Харангын хар савхитнуудыг “KFC” идэж байгаа клип хийтэл нь урвуулна чинээ төсөөлсөнгүй. Хятад тахиа оруулж ирдэг гэж муулуулдаг, хэд хэдэн удаа хордлогын дуулиан дэгдээж байсан, хэл амнаас салдаггүй түргэн хоолны газрыг түмний хүндлэлийг хүлээсэн амьд домгууд маань рекламдаж доошоо орохыг харна чинээ зүүдэлсэнгүй. Харанга шарсан тахианы гуя рекламдахгүйгээр 32 жил оршин тогтож чадсан. Цаашид ч чадах л байсан. Даанч домгууд маань доошоо орчихлоо. Төрийн соёрхолтоо бодоод түргэн хоолны газрын рекламаас татгалзах ёстой байсан юм. Дэндүү бардам явж ирснээ бодоод “Дутуугаа дүүргэ, Дүүрэн жаргалтай бай” гэж доошоо орох ёсгүй байсан юм. Тэгэхийг нь тэднийг сонсдог, хайрлаж, хүндэлдэг фенүүд нь зөвшөөрөхгүй гэдгийг тооцоолох ёстой байсан юм.

Эцэст нь, хүндлэл хүлээсэн амьд домгууд хоолны салбар луу холбирсоор л. Гавьяат Б.Сарантуяа “Сакура”, Төрийн соёрхолт Д.Болд “Слава” рекламдаж, телевизийн нэвтрүүлэг, киноны дундуур үзэгддэг болоод удлаа. Араас нь алдарт Харанга орчихгүй байгаасай. “Агуу “Битлс” цагтаа сүү, сэндвич рекламдаж явсан юм шүү, юун сүртэй юм” гэж өмөөрөх хүмүүс ч байгаа л байх. Баруунд л тийм байдаг юм байгаа биз, харин бидний хүндлэх, бахархах соёл, сэтгэхүй тэднээс тэс өөр юм. Тиймдээ ч тэссэнгүй. Гэхдээ бас шүлс үсчүүлэн шүүмжлэхийг, буруу гэж баалахыг гол зорилгоо болгосонгүй. Харин Харанга гэх түмний зүрхэн дэх хүндлэлийг хадгалаасай л гэж хүслээ. Домгууд домгоороо л үлдэх ёстой юм. Тахианы гуя өрсөн ширээний ард зогсох Харанга биш, тайз эзэгнэж, талбай дүүрэн үзэгчдийг огшоож чаддаг тэр л Харанга чигээрээ үлдвэл гоё байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү