Мэдээ

Дөрвөн өнчин хүүхдийн гэрт согтуу эрчүүд ирээд байсан учир багш нь дэргэдээ авчээ

6-17 насны бүтэн өнчин дөрвөн хүүхэд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд хүнд байдалд амьдарч байна.

Тэдний ээж жил гаруйн өмнө өөд болсноор харж хандах хүнгүй болсон. Хүүхдүүдийн ээж нь эхээс наймуулаа хэдий ч нагацууд наашаа гэх нь битгий хэл, ад үздэг. Харьяа хорооноос ч гэсэн тэднийг анхаардаггүй.

Тэд хүүхдийн 100 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хүнсний талон, түлшний эрх алийг нь ч авдаггүй юм байна.

Дөрвөн хүүхдийн амьдардаг гэр
Эдгээр хүүхдүүдийн нөхцөл байдлыг сонссон Ц.Мөнхтуяа багш өөрийн өдөр өнжүүлэх ажиллуулах гэж байсан байрандаа аваад хоёр хоножээ.

Тэднийг дулаан орон байранд авч ирэх болсон шалтгаан нь хүүхдүүдийн гэртээ очиход согтуу хоёр эрэгтэй орон дээр нь унтаж байсан талаар хэллээ.

Дөрвөн хүүхдийн хамгийн бага эрэгтэй нь зургаан настай, дараах нь найман настай эмэгтэй, 11 настай эрэгтэй, хамгийн том эгч нь 12 дугаар ангийн сурдаг.

“Хоёр охин хүүхдийг нь хүчирхийлчих вий гэж айсандаа шууд байрандаа авчирсан. Саяын хэд хоногийн хүйтэнд гал хөсгүй, өвлийн хувцасгүй, пүүзтэй байсан учраас хоёр эрэгтэй дүүгийнх нь хөл хөлдөх шахсан байсан” хэмээн Ц.Мөнхтуяа багш ярилаа.

Манай сурвалжлах баг хүүхдүүдийн амьдардаг гэр болон тус хорооны талаар сурвалжиллаа.

Хоёр хоногийн өмнө цоожлоод явсан гэрийг нь хэн нэг этгээд хөшиж орсон байв

Биднийг очиход хоёрхон хоногийн өмнө цоожлоод явсан гэрийнх нь хаалгыг хэн нэгэн хөшиж онгойлгосон байв
Нарангийн энгэр өгсөөд уулын эгц орой дээр тэдний гэр байх бөгөөд биднийг очиход цоожийг нь хөшиж эвджээ. Хэн нэг этгээд орсон бололтой. Тухайн гэрийг Тайванийн хөгжлийн сангаас барьж өгсөн аж. Гэвч өвлийн улирал ирж буй энэ өдрүүдэд туурга, дээвэр нимгэнтэй, дэвсгэргүй шахуу хүйтэн гэр угтан авав. Баруун талын орыг дэлгэснийг бодвол өнгөрсөн шөнө хэн нэгэн ирж хоносон нь мэдэгдэж байв. Биднийг очихтой зэрэгцэн 34 дүгээр хорооны хэсгийн ахлагч ирж таарлаа. Ингээд түүнээс нөхцөл байдлын талаар асууж тодруулахад дараах тайлбарыг өглөө.

34 дүгээр хорооны хэсгийн ахлагч н.Бадамгэрэл “Нэг жилийн хугацаанд хүнсний талоны мөнгө нь ороогүй гэж надад хэлсэн. Халамжийн мэргэжилтнээр асуулгахаар манайхаас шалтгаалах юм байхгүй мөнгө нь орсон гэсэн тайлбарыг өгдөг. Би сардаа юм уу 14 хоногтоо ирж, очдог. Аюулгүй байдлыг нь ч хардаг. Миний чадах юм л тэр”

-Архи уусан хоёр хүн гэрт нь унтаж байсан бичлэг байна шүү дээ. Сая ирэхэд гэрийнх нь цоожийг хөшөөд эвдчихсэн байна. Эндээс харахад яг аюулгүй байдал нь хангагдаж чадаж байгаа гэж та бодож байна уу?

-Талийгч ээжийг нь байхад хамт амьдарч байсан гэх залуу байдаг. Хүүхдүүдийг асрах байр болон зохих газар авч, энэ хүнийг явуулъя гэхээр том охин нь гэр оронгүй энэ хүнийг хааш нь явуулах вэ. Тухайн үедээ ээжтэй минь амьдарч байсан бага дүүгийн аав гэж хэлдэг. Тийм учраас хүүхдийнхээ саналыг бодолцож байгаа. Цагдаатай ч ирж байсан удаатай. Би өөрөө тэр хүнтэй нь уулзаад, шаардлага тавьсан. Мөн талийгаач ээжийнх нь дүү гэж хүн ирж, архи уудаг гэсэн. Хамтарсан багийн хүмүүс ч гэсэн асуудлыг ийм байдалд хүргэсэнд гайхаж байна. Хүүхэд хамгааллын 108 төвөөс ирсэн хүмүүст хүүхдүүдийн асуудлыг нэлээд хэлж явуулсан. Яагаад заавал хороо руу асуудлаа чихдэг юм. Бид чадах бүхнээ хийж байхад анхаарах ёстой зарим байгууллагууд нь нөгөө л нэг хороо хэсгийн ахлагч руу л чичилдэг.

Миний бас нэг цухалдаж байгаа нь хүүхдийн 100 мянган төгрөг нь олгогдож байгаа ч энэ хүүхдүүдэд захиран зарцуулах эрх нь байдаггүй. Тэр мөнгө дансанд нь хуримтлагдчихсан. Асуухаар 18 насанд хүрээгүй учраас хууль дүрмээрээ явна гэдэг.

Энэ дөрвөн хүүхэд гэртээ ирэхэд тэврээд авах ээж нь алга. Талхны мөнгөгүй энэ хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны мөнгийг нь олгооч гээд хөөцөлддөг. Мөн л асран хамгаалагч байхгүй гээд өөдөөс хууль ярьдаг. Жилийн хугацаанд ийм л байлаа. Өөрсдөөсөө мөнгө гаргах эрх ч бидэнд байхгүй шүү дээ.

Би өөр дээрээ авъя ч гэж үзсэн. АТГ шалгадаг учраас болохгүй байгаа юм.

-Наанадаж л энэ хүүхдүүдэд төрийн үйлчилгээ нь хүрэхгүй байна. Цаанадаж хүчирхийлэлд өртвөл яах вэ?

-Төрийн тэр олон байгууллага тусгайлан анхаарал тавихгүй байхад сарын 500 мянган төгрөгийн цалинтай хэсгийн ахлагч миний бие яаж ч чадахгүй байна. Эргэж тойрч л байна. Боломж бололцоогоороо хүнс авчирч өгдөг. Төрийн бусад байгууллага руу нь холбож өгөх гээд үзээд л байна. Би хүүхдүүдийг сургууль завсардуулахгүй, хүнс хоолоор дутаахгүй гэсэндээ хэрэндээ гүйж л байна.

Төрөөс нь тэр тэтгэмж мөнгийг нь олгоод өгөөч ээ гэдгийг та нараар дамжуулаад хэлье. Том эгч нь харин дүү нараа асрамжид өгөхгүй гэж байгаа. Архи уугаад байгаа хүмүүсийг цагдаатай ирж олон хөөсөн. Эмчилгээнд явуулах гэж ч үзсэн. Ер нь хууль дүрэм ярьж байтал энэ хүүхдүүдийн эрх аль хэдийн зөрчигдөөд дууслаа.

-Одоо энэ хүүхдүүдэд танай хорооны зүгээс ямар анхаарал хандуулах юм?

-Эхний ээлжид өнөө маргаашдаа гэрийг нь дулаалж өгнө л гэж бодож байна.

“Бид дөрвийн 100 мянган төгрөг болон, зарим тэтгэмжийг данснаас хэн нэгэн аваад байгаа гэж хэлсэн”

Хэсгийн ахлагчийн хувьд дээрх тайлбарыг өглөө. Харин том эгч нь хэсгийн ахлагчийн ярьсан зарим зүйлтэй санал нийлэхгүй байгаагаа хэлж байв. Түүний хувьд гурван дүүгээ хоолтой нь залгуулахын тулд хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. “Заримдаа хичээлдээ явдаггүй. Ангийнхаа хүүхдүүдтэй ч дотно биш” гэв. Мөн түүнээс гадна “Надад хүн хэлэхдээ бид нарын 100 мянган төгрөг болон бусад тэтгэмжүүдийг хүмүүс аваад байж магадгүй” гэж хэлсэн гэлээ.

Бид үнэхээр тийм асуудал байна уу, хүүхдүүдийн мөнгө дансандаа байгаа эсэхийг том эгчийнх нь зөвшөөрлөөр шүүлгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороон дээр очив. Биднийг очих сургаар хорооны засаг дарга хуралтай хэмээн ажил дээрээ байсангүй. Харин халамжийн мэргэжилтэн н.Хэрлэн мөн л хуралтай гээд гараад явсан талаар зохион байгуулагчид нь хэлж байсан юм. Тус мэргэжилтэн рүү утсаар залгасан боловч холбогдож чадсангүй.

Ямартай ч хорооны хэсгийн ахлагчийн ярьж буйгаар эдгээр дөрвөн хүүхдийн гурав нь хүүхдийн мөнгөө захиран зарцуулах эрхгүйн улмаас мөнгөө арваад жил авч чадахгүй болж таарлаа. Харин том эгч нь энэ 12 сард 18 хүрэх учраас хүүхдийн мөнгөө авч захиран зарцуулж болох аж.

Том охины хувьд 12 дугаар ангиа төгсөөд, СУИС-д орох мөрөөдөлтэй бол, удаах дүү нь хөл бөмбөгчин, дунд дүү нь эмч, хамгийн бага нь цагдаа болно гэнэ. Бид хүүхдийн эрхтэй холбоотой асуудал учраас тэдний нэр, зураг зэргийг нь нийтэд зарлахаас зайлсхийв.

Багш Ц.Мөнхтуяа: Хандив босгож хүүхдүүдийг байртай болгоно

Хүүхдүүдийн нөхцөл байдалд санаа зовж, өөрийн өдөр өнжүүлэхийн байрандаа авч ирсэн багш ийнхүү ярьж байна. Тэрбээр “Анх том охин нь над руу хандсан. Яваад очтол хоёр согтуу эрэгтэй гэрт нь унтаж байсан. Бодвол энэ хэдэн хүүхдийг элэг барьсан болов уу. Одоо цаашдаа хүүхдүүдийг тэр гэр лүү нь буцааж чадахгүй. Нэг өрөө байртай болгох гээд хандивын аян зохион байгуулж байгаа.

Манай багш нар чадах чинээгээрээ 1.5 сая төгрөг босгосон. Түүгээрээ эхний ээлжид хүүхдүүдээ хувцаслана. Унтах ор дэвсгэрийн ч даавуугүй байгаа гээд бод. Бид хүүхдийнхээ эрхийг ингэж ноцтой зөрчиж болохгүй. Төр ч анхаарлаа хандуулахгүй хөсөр орхисонд би гайхаж байна. “Тал талхны мөнгөөр тайван амьдрал бэлэглэе” гэдэг нэртэй 1000 төгрөгийн аян зохион байгуулж байгаа шүү. Цаашдаа компаниуд ч оролцоосой. Энэ дөрвөн хүүхдийг хараад эх хүний хувьд, багш хүний хувьд үнэнхүү эмзэглэсэн” хэмээн ярив.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Хүүхдүүдийн нөхцөл байдлыг сурвалжлахад төрийн халамж үйлчилгээ хүрдэггүй гэдэг нь нотлогдов. Харин цаашид хэн ямар арга хэмжээ авч ажиллах нь тодорхойгүй байгааг харж болно.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү