Recetas

Д.Ганхуяг: Монгол эм тан ууж, эмчилгээ хийлгэснээр эрүүлжих бүрэн боломжтой

“Цагаан тан” уламжлалт эмнэлгийн их эмч Д.Ганхуягийн ярилцлагыг хүргэе.

Техник технологийн эрин зуун өндөр хөгжиж буй орчин үед хүмүүс эм хэмээх химийн хорт бодис хэрэглэхээс аль болох татгалзаж, уламжлалт анагаах ухааныг түшиглэн эмчилгээ хийлгэхийг эрэлхийлж эхэллээ. Өнөө үед эмийн бус эмчилгээний ач холбогдол улам өссөөр байгаагийн учир энэ юм.

-Уламжлалт анагаах ухаан Европын анагаах ухаанаас ялгаатай. Юугаараа давуу талтай вэ?

-Дэлхийд Өрнийн, Дорнын анагаах ухаан гэж хоёр үндсэн систем байдаг. Хүн төрөлхтний эрүүл энх, аз жаргалтай сайхан амьдралыг анагаах ухаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Анагаах ухааны түүхэн хэлбэр нь ардын эмнэлэг байсан. Аливаа үндэстний соёл иргэншил, зан заншил, аж амьдралын онцлогыг тусгасан байгаль, цаг уурт нь зохицсон тухайн улс үндэстний олон зуун жилийн практикт үйл ажиллагааны үр дүнд бүтсэн эм эмнэлгийн холбогдолтой мэдлэгийн сан юм. Монголын уламжлалт анагаах ухаан нь өвчтэй бие дэх биеийг бүрдүүлэгч хэсгүүд тунгалаг, цус, мах, өөх, яс дусал зэрэг долоон тамир, хий шар, бадганы гэсэн гэм эдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт харьцааны алдагдлыг эмч үзээд хүрэлцэх, асуух, шинжилгээний аргаар оношлоод идээ ундаа явдал суудал, эм заслуудаар эмнэн засдаг.

-Сүүлийн үед залуусын дунд мэдрэлийн ядаргаа, нойргүйдэх өвчин ихсэж буй. Эдгээр өвчин юунаас шалтгаалж үүсдэг вэ?

-Эдгээр өвчин нь дээр өгүүлсэн гурван гэмийн хий махбодийн хямралтай холбоотой юм. Хий гэдэг нь зургаан билэг чанартай байдаг. Тус бүрд нь аваад үзвэл

-Хөнгөн билэг чанар. Энэ нь ярих, дуулах, бүжиглэх, явах, харайх зэрэг хөдөлгөөнт үйлд дуртай хөдөлгөөн нь шаламгай, нойронд сэргэг хөнгөн хүмүүс байдаг.

-Хөлбөрөнгүй билэг чанар. Энэ нь тэсвэр тэвчээр муутай, мартамхай бодол санаа нь тогтворгүй, нэг газар дээр тогтвортой сууж чаддаггүй, хөдөлж явах дуртай байдаг.

-Ширүүн билэг чанар. Энэ нь тослоггүй, хэл арьс нь хуурайвтар ширүүвтэр байдаг.

-Сэрүүн билэг чанар. Энэ нь бээрэг даарвал өвчин нь хөдөлдөг.

-Нарийн билэг чанар. Энэ нь нарийн нүх сүвээр хий нь гүйж чаддаг болохоор өвдөлт нь тогтворгүй энд тэнд хэрж хэсэж өвддөг.

-Чийрэг билэг чанар. Энэ нь хэвлий нь их чийрэг байдаг. Хөдөлмөрийн насны хүмүүс ажил амралт, нойр хоолоо зохицуулахгүй олон асуудалд зэрэг анхаарлаа хандуулснаас мэдрэлийн ачаалал ихсэж, хий махбодийн гэм өөрчлөлтөнд орсноос нойргүй болох, сэтгэл санаагаар хямрах, амархан ядрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Ийм үед хийг дарах, махбодийг тэгшитгэх, өвдөлтийг намдаах, сарнисныг хураах эмчилгээний зарчим баримтлан монгол эм тан, бариа засал, зүү эмчилгээгээр эмчилдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд дулаан бүлээн, нам сэлүүн орчинд сэтгэл санааг нь тайван, сэтгэлд нь зохистой хүнээр сувилуулна. Тослог зөөлөн бөгөөд шимтэй идээ ундаа идүүлж, салхи жавар авах, даарах хөрөхөөс сэргийлнэ. Хий үүсэх хөнгөн чанарын идээ ундаа идэхгүй байвал сайн байдаг.

-50-аас дээш насны эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаанаас болоод цэвэршилтийн өөрчлөлтүүд гардаг. Ийм үед яавал дээр вэ?

-50-аас дээш насанд эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаанаас болоод сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, сэтгэл санаа нь тогтворгүй болох, даралт нь ихсэх зэрэг цэвэршилтийн өөрчлөлт гардаг. Монгол уламжлалт анагаах ухаан нь мэдрэлийн системийн өөрчлөлт, бодисын солилцооны өөрчлөлт, дархлааны системийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй байдаг. Цэвэршилтийн үед энэ гурван системд зэрэг өөрчлөлт ордог. Энэ үед зохих эмчид хандан монгол эм тан ууж, эмчилгээ хийлгэснээр эрүүлжих бүрэн боломжтой.

-55 наснаас дээш настай хүмүүс ямар өвчнөөр голдуу өвчилж байна вэ. Тэдэнд зөвлөгөө өгнө үү?

-Энэ насны хүмүүст зүрх судасны өвчнүүд, цусны даралт ихдэх, зүрх бөөр, элэг цөсний архаг өвчин түгээмэл тохиолддог. Тэгэхээр энэ насны хүмүүс аль болох бие төлжүүлэх биеийн эсэргүүцлийг сайжруулах, тэжээл өгөх шим тэжээлтэй идээ ундаа хэрэглэж, эрхтэн системийн өвчлөлд тохирсон эм тан зохих эмчилгээг хийлгэвэл зохино. Дархлааны системийг дээшлүүлэхийн тулд Цагаан тан, Норов7 танг эрүүл үед ч ууж болно.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү