Мэдээ

Д.Ганцэцэг: Би ханьтайгаа ердөө 5хан л жилийг хамтдаа өнгөрүүлсэн

Та бүхэнд “Ододтой бүжиглэе” нэвтрүүлгийн оролцогч Д.Ганцэцэгийн талаар танилцуулж байна.

“Доржготовын Ганцэцэг. 1979 оны 6 сарын 8-нд Улаанбаатар хотын Нэгдүгээрт төрөхөд төрсөн. Ээжийг нь Алтанцэцэг гэдэг. Хоёр эгч, нэг ах, нэг эмэгтэй дүүтэй. Том эгч нь Унгар улсад амьдарч байгаад одоо эмээ болчихсон охидуудынхаа хүүхдийг хардаг гэнэ. Дараагийн эгч нь “Отгонтэнгэр” дээд сургуульд багш хийж байсан аж.

Түүнийг аавдаа их амь хүүхэд байсан гэж ярьдаг байсан аж. Аав нь хөдөө явж мод тарьдаг ажилтай байсан бөгөөд аавыгаа байхгүй үед унтдаггүй, аавыгаа ирэхээр өвөрт нь унтах гээд уйлдаг тийм хүүхэд байжээ. Түүний аав ХААИС-ийг онц дүнтэй төгссөн, Орос улсад ойн инженер гэдэг мэргэжлээр онц төгсч ирээд Монголын анхны ойн инженерээр Монгол улсын олон аймаг, нийслэлийн Богд уулыг цэцэрлэгжүүлж моджуулах ажлыг биен даан гардан зохион байгуулж байсан мундаг хүн байдаг ажээ.

Харин түүний ээж Алтанцэцэг бага эмч бүсгүй байжээ. Харамсалтай нь эм тарианы харшил өгөөд дараа нь модны үйлдвэрт жил ажилласан сайхан эмэгтэй байдаг гэнэ. Аав нь Ганцэцэгийг багад нь “галзуу шар” гэдэг байжээ. Бас “атигар хар” гэдэг байсан тухай тэр өөрөө ярьсан юм. “Хүмүүс харин гайхаад чи хар байсан юм уу гээд байдаг. Гэрийнхэнээсээ хамгийн жижиг биетэй хамгийн бор арьстай нь байсан.

1986 онд 75-р сургуульд Шура багшийн ангид орж байсан. Тухайн үед хүүхдүүдийг 8 настайгаас сургуульд оруулдаг байсан шдээ. Тэгээд би 7 настай байлаа. Гэхдээ эгчийгээ дагаад уншаад сурчихсан байсан. Тэгээд багшаа намайг авчих л даа гэж уйлж байгаад сонин уншаад ангидаа орж байсан юм. СУИС-т орохдоо Лхасүрэн гээд МУУГЗ, ард түмний дунд “гарын таван хуруу”-ны Шагдар хэмээн алдаршсан Лхасүрэн гээд багшийн удирдлага дор орж байсан.

Хамгийн түрүүнд Лхасүрэн багш дээрээ ур чадвараа шалгуулах гээд ороход багшийн маань хэлсэн үг байгаа. Уран бүтээлч хүн болно гэдэг та нар яахвээ олны танил болоод л, зурагтаар гараад л, бүх хүн таньдаг болчихвол гэсэн бодолтой та нар орж ирж байгаа. Миний ангийг төгссөн, СУИС-ын төгссөн уран бүтээлч гэдэг алдрыг хүртсэн хүн бол хамгийн нэгдүгээрт зөв л хүн байх ёстой. Бүх хүн, та нар бүгдээрээ жүжигчин болохгүй. Гэхдээ 10-уулаа хүн болоосой гэж би та нартай ажиллана. Энэ үг өнөөдрийн Ганцэцэгийг бий болгоход маш чухал нөлөө үзүүлсэн гэж би боддог.

Ээж маань намайг хадамд гарах гээд тусдаа өрх гэр байгуулах гээд байх үед хэлж байсан үг байдаг. Эмэгтэй хүн хэр их эр нөхрөө дээдлэнэ, төдий чинээ айл гэр өнгө ордог юм шүү. Эмэгтэй хүн чанга хашгирч эр нөхрөө чанга дуудаж омогдож зандраад ирвэл чи гэрийнхээ хийморийг унтрааж байсан гэсэн үг шүү. Би аав ээж хоёрыгоо хараад бодож байсан. Амьдрал гэдэг эр хүний хатан зориг, ноён нуруу, хатуу чанар, эмэгтэй хүний зөөлөн сэтгэл, ариун чанар, тэсвэр тэвчээрийн хатаар сүлэгдэж оршдог юм байна гэж өгүүлбэрийг би багийгаа төрүүлэхдээ бичиж байсан юм. Ээж аав маань үүний илэрхийлэл юм даа.

1996 онд элсэж ороод 2000 онд Ардын жүжигчин Лхамсүрэн багш, Лхасүрэн багш гэсэн хоёр багшийн удирдлага дор 20-уулаа хоёр ангид төгсөж байсан юм. СУИС-ийнхан тэгж ярьдаг. Нэгдүгээрт курстээ Ардын жүжигчин, хоёрдугаар курстээ гавъяат жүжигчин, гуравдугаар курстээ соёлын тэргүүний ажилтан, дөрөвдүгээр курстээ жүжигчин төгсөөд хэн ч биш болно гэж. Нээрээ л том том хүмүүс орж ирээд мэргэжлийнхээ хүнд хэцүүд мэдрээд эхлэхээр бууж өгдөг юм байна л даа. Би бууж өгсөн. Аав маань ч дургүй байсан. Дээр нь би ийм том мэргэжлийг эзэмшээд жүжигчин болж чадна гэдэгтээ эргэлзэж байсан учир Отгонгэрэх их сургуульд хуулийн ангид шалгалт өгч тэнцээд хуулиар сурч байлаа.

Тэгээд Отгонгэрэл сургуульд хуулиар сурах гэсэн чинь төгссөн сургуулийнхаа тодорхойлолтыг авчир гээд. Тэгээд тодорхойлолто авахаар тэнхимийн эрхлэгч найруулагч Сугар багш дээрээ орлоо. Тэгсэн чинь юу гэнээ Ганаа гэж байна. Тэгэхээр нь харин би ингээд тодорхойлолт авах гэсэн юм гэтэл өө за хаана ажилд орсон юм гэлээ. Багшаа би ингээд өөр мэргэжлээр сурах гэж байгаа гэж хэллээ.

Гэнэт царай нь хувис хийгээд л 20 гаруй минут намайг загнасан. Та нар ингэж мэргэжлээрээ ажиллахгүй, ялангуяа чи ажиллахгүй бол гээд л. Би доошоо харж сууж байгаад л уучлаарай багшаа гээд тодорхойлолтоо аваад гарч байлаа.

Тэгтэл Мөнхөө багш утсаар ярилаа. Чи хаана байна, Драмтын театрын жижүүр дээр зохиол үлдээсэн байгаа. Наранбаатар гээд та нарын дээд талын төгсөлтийн найруулагч байгаа. Тэр найруулна. Тэр зохиолыг уншаад болох үгүйгээ хэлээдэх гэдэг юм. Баярлаад л гэрээсээ гараад л зохиолыг нь автобусан дотор сууж байхдаа дэлгээд харсан чинь Баабарын зохиол Бооцоо, драмын дөрвөн үзэгдэлт жүжиг гэж байв. Автобусан дотор орилонгоо алдаж байлаа.

Тэгээд 17 цаг гэдэг нь миний хуулийн хичээлийн цагтай давхацсан учир хичээлээ шууд болиод л анхны жүжиг маань Бооцоо байсан. Ингээд Мөнхбаатар багш маань драмын театрт ор гэж хэлсэн.

Амгаа, Боогий, Паараа, Баттөмөр, Зулаа, Цоомоо гээд 9 хүүхэд дагалдан 2 жил болсон доо. Театрын урлагийн ихэнх бүтээлд Наранбаатар найруулагчийн нэр явагддаг. Наранбаатар найруулагч маань энэ цаг үеийг эзэлсэн сэтгэмж, мэдрэмжтэй, оюунлаг гэгээлэг хүн.

Мөнхийн л байнгын л хамтрагчид юм даа. Манай Боогий, Амгаа хоёр маань. Бид нар амьдралын, уран бүтээлийн ч сайхан найзууд. Хэнд маань ямар ч асуудал тохиолдсон бие биенийхээ зовлон жаргалыг хамтдаа хуваалцаж байдаг маш сайхан найзууд. Нэг азтай юм нь надад драмын театр дотор өрсөлдөгч байсангүй.

Яагаад гэвэл наснаасаа ганц эмэгтэй жүжигчин болохоор орсон цагаасаа эхлэн гол дүрийг хийж явсаар намайг тодорхой хэмжээнд хөгжүүлсэн байх гэж боддог. Надад дүр өгсөн бүх найруулагчиддаа би талархах ёстой.

Хүүгийнхээ хөлийг нь түлчихээд яаралтай хагалгаанд орох болчихлоо гээд наркозыг нь тариулаад хагалгаанд орж байхад л дүү рүүгээ утасдаад хурдлаачээ жүжгийн сургууль эхлэх гэж байна гэж загнаад л. Тэгээд дүү нацилктай миний хүүг түрээд мэс засал руу орж байхад нь би шууд хувцсаа өмсөөд драмын театр руу Шөнө амталсан нулимсын сургуулилтандаа ирж байлаа.

Аав нь өнгөрчихлөө гэж ээж яриад аав дээрээ очиж гарыг нь бариад үнсчихээд, “миний охин чи амьдрах ёстой, чи үргэлжлэл нь болох ёстой” гэж ээжийн үгийг сонссон болоод л гарч гүйгээд. Өөр арга байхгүй шүү дээ. Надаас болж тэр шалгалтын комиссын олон хүн дахин цуглахгүй. Манай ангийн оюутнууд надаас болж хохирч болохгүй учраас би гүйгээд л тэр эр оти.к жүжгийн гол дүрдээ тоглож л байлаа.

Тэнгэрийн хүү жүжиг тоглож байх үед нөхөр маань өөд болсон. Гурван хоногийн чөлөө авсан мэдээж. Гэхдээ буцаад л 3,4 хоногийн дараа театрын тайзанд жүжгийнхээ нээлтэнд оролцоод байж байлаа. Үнэхээр багшийнхаа хэлсэн үгийг уран бүтээлч хүмүүс гэдэг нэг талдаа уран бүтээлч, нөгөө талдаа зөв хүн байх ёстой гэж заадаг ч бас хамгийн хатуу харгис хүмүүс байхыг шаарддаг юм байна даа гэж би бодсон.

Миний хань тэнгэрийн оронд морилсон. Тэгээд дотроо би нэг зүйлийг бодсон. 11 жил хамт амьдрахдаа би ихэнх цаг хугацааг Улсын Драмын Эрдмийн Театр хэмээн улаан байшинд өнгөрүүлжээ. Ханьтайгаа ингээд буцаагаад дундажлавал 5 хүрэхгүй жилд нь л хамт байсан юм уу даа.

Театраас гарах шалтгаан маань нэгдүгээр мэдээж хувийн амьдрал байсан. Надад үнэхээр хайртай, тэр нь харц болгоноос нь мэдрэгддэг тийм сайхан хань заяасан. Хоёр сайхан хүү заяасан. Энэ бол миний амьдралдаа авч болох хамгийн дээд хэмжээний гавъяа шагнал хүндэтгэл болов уу гэж боддог.

Ханьдаа зориулаад дотоод сэтгэлдээ үргэлж бүтээл хийх юмсан гэж боддог. Тэр хүсэл мөрөөдөл маань биелж байгаа. Тэгээд Ганчимэгтэйээ шинээр байгуулсан продакшны анхны бүтээл Халуун зүрх гэдэг бүтээлээ би ханьдаа зориулж хийж байгаа.

Ханиа дурсаад ярих нь нулимсны маань сүүлийнх байх гэж итгэж байна. Тэнгэрт байгаа тэр байнга халуунаараа байгаа, намайг үргэлж хайрлаж байгаа тэр зүрхийг үзсэний дараагаас эхлээд хоёр хүүгийнхээ аавын тухай дэлгэж ярихгүй гэж өөртөө амласан.

-Та хэзээнээс, ямар дүрээр жүжгийн ертөнцөд хөл тавив. Анхны юм бүхэн нандин байдаг шүү дээ?

-Анхны дүр гэвэл хөврөөд л байна даа. Анх 1995 онд Монголын хүүхдийн ордонд Д.Саранхүү багшийн Драмын дугуйланд сурдаг байлаа. 1996 онд “Амьдрал аварсан хайр” жүжигт тоглож байсан. Түүний дараа их сургуульд дөнгөж ороод н.Лхасүрэн багшийнхаа “Нулимсанд дэвтсэн хайр” гэдэг кинонд тоглосон.

Ингээд ярьвал анхны бүтээлүүд байна. Яг мэргэжлийн жүжигчин гэдэг диплом өвөртлөөд тоглосон анхны драмын жүжиг бол нийтлэлч Б.Баабарын зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга, Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн зөвлөх найруулагчаар нь ажилласан “Бооцоо” жүжиг юм даа.

-Таныг жүжигчин болоход аав тань дургүйцдэг байсан гэдэг. Яагаад энэ тал дээр дэмждэггүй байсан юм бол?

-Манай аав намайг их сургууль төгсөхөд 60 хүрч байсан. Аав маань “Монголд урлагийн хүн байдаг гэвэл ганц л хүнийг хэлнэ. Тэр нь Харангын Лхагваа гэдэг байсан. \инээв\ Одоо ингээд бодоход аав минь их залуу сэтгэлгээтэй байсан юм боловуу гэж боддог. Тэр үед би чинь өөрөө ангийн дарга бас онц сурлагатай хүүхэд байлаа.

Ялангуяа тоо физикийн хичээлүүдэд сайн байсан болохоор аав толгой сайтай хүүхдээ эдийн засагч болгох гэсэн сонирхолтой байсан юм шиг байгаа юм. Гэхдээ миний өөрийн сонирхол жүжигчин байсан болохоор ааваасаа нууцаар бүртгүүлээд шалгалт өгч байсан.

-Аавын тань бичсэн “Таван хүүхдийн дундах амин хайртай охиндоо” гэж хаягласан захидал байдаг гэсэн. Тэр тухай яриач?

-Миний аав бие нь чилээрхсэн байхдаа бичсэн захиа. Нэг ёсондоо би тэр захиаг надад үлдээсэн гэрээслэл гэж боддог. Одоо ч надад байдаг. Хүнд хэцүү, эсвэл аз жаргалтай байх үед, тэр бүхнийгээ хэн нэгэнтэй хуваалцах мөчид чив чимээгүй сууж тэр захиагаа унших дуртай.

-Та их уян, зөөлөн зан чанартай байх нь ээ?

-Эмэгтэй хүн бүр л уян зөөлөн байдаг шүү дээ. Гэхдээ би яг амьдрал дээр бол хурц ширүүн талдаа хүн л дээ. Намайг гэртээ байхад бол уяхан зөөлөн байгааг минь ховор л харна даа. \инээв\ Яг театрт ороод жүжигт тоглоход дандаа зөөлөн, энэрэнгүй сэтгэлтэй эмэгтэй хүний дүр таараад байдаг байсан.

-Ардын жүжигчин А.Очирбат гуай “Одоогийн залуус сайн жүжигчин болж чадахгүй байгаа нь ухамсар сэтгэхүй нь хэт хотжоод байна. Үнэхээр сайн жүжигчин болъё гэвэл амьдралыг сайн судалж, ухаарах хэрэгтэй. Ялангуяа хөдөөгийн амьдралыг” гэсэн байна лээ?

-Би хөдөөний амьдрал яг үнэндээ мэдэхгүй. Гэхдээ заавал хөдөөний амьдрал мэдээгүйгээрээ муу жүжигчин болчихно гэж бодохгүй байна. А.Очирбат гуай амьдрал гэхээсээ илүү хүн судлах ёстой гэж ярьсан байх.

Яагаад гэвэл А.Очирбат гуайн үед хүмүүсийн дүр байдлыг ажиглаж судалдаг байсан. Жүжигчний мэргэжил бол хүн судлах мэргэжил байхгүй юу. Яагаад гэвэл би нэг жилийн дотор хэд хэдэн хүний дүрд хувиллаа шүү дээ. Тэгж бүтээхийн тулд тэр хүн шигээ болох ёстой.

Би сүүлд “Энхжин” гэдэг хог дээр гарсан эмэгтэйн тухай дүр бүтээхийн тулд хогийн цэг дээр хоёр ч удаа очиж хүртэл үзсэн. Тэндэхийн хүмүүс ямар хувцас өмсдөг, юу иддэг, хүнтэй яаж харьцдагийг хүртэл харж байсан. Тиймээс жүжигчин хүнд хүмүүсийн мөн чанарыг таних нь чухал байдаг.

-Жүжигчдийг хүмүүс тоглосон дүрээр нь төсөөлөх хандлага байдаг. Тухайлбал, таны тоглосон “Жинжиймаа” киноны Хонгорзул та хоёр хоорондоо их төстэй хүмүүс юм шиг санагддаг?

-Хонгорзулд тоглож байх үеийн Д.Ганцэцэг зан храктерийн хувьд төстэй, адилхан гэнэн цайлган. Нас нь бас ойролцоо байсан. Аавын хайртай охин гэдэг талаараа ижилхэн. Ер нь хүн бүхний тархинд ой санамж байдаг юм байна л даа.

Ялангуяа Б.Баатар найруулагчийн хичээлд сууж байх үе их тод үлдсэн. Хүмүүс арав хорин жилийнхээ өмнөх зүйлийг мартсан байж байгаад гэнэт санаад “өө нээрээ” гэж боддог шүү дээ.

Тэр бол тархинд нь хадгалагдаад үлдчихэж байгаа юм. Түүн шиг жүжигчид дүрүүдээ бүтээхдээ амьдралдаа тохиолдсон зүйлийг санаж “Ийм хүн байсан бол яах вэ” гэж бодож ажилладаг.

-Магадгүй энэ киноноос үүдэж хүмүүс таныг “Алаг нүдэн Ганцэцэг”гэж нэрлэдэг болсон байх аа?

-Алаг нүд гэж яг ямар нүд байдаг юм бэ дээ. \инээв\ Заримдаа өөрийгөө би их азтай хүн гэж боддог юм. Анхныхаа тоглосон жүжиг болон дэлгэцийн дүрээрээ хүмүүст танигдсан.

Миний анх театрын тайзнаа тоглосон Ш.Гүрбазрын зохиол “Надаар тоглосон хайр” жүжгийн дүр мөн “Жинжиймаа” киноны Хонгорзулын дүр хоёр намайг хүмүүст таниулсан. Тэр хоёр бүтээлийг хүмүүс тэр үед тийм байсан гэх мэтээр ярьдаг юм.

Тэр үед дөнгөж найзалж байсан залуу хос очиж үзээд л, одоо сайхан хоёр гурван хүүхэдтэй болчихсон “Бид хоёр бас тэр үед тийм байсан” гэх мэтээр ярьдаг. Би ер нь азтай л хүн дээ.

-Тайз болон дэлгэцийн дүрийн гол ялгаа юу вэ. Ер нь та урлагийн энэ хоёр том индэр дээр тоглож байсан хүний хувьд аль дүрдээ илүү хайртай вэ?

-Үнэхээр сайн дүр бүтээж чадвал тайз, дэлгэцийн алинд ч тоглох сайхан байдаг. Мэдээж тайз, дэлгэцийн дүр хоорондоо асар ялгаатай. Хамгийн түрүүнд үгийн хувиарлалт мөн амьсгааны хувиарлалтаасаа эхлээд.

Тайзан дээр амьсгаа татаж, ярьдаг. Дэлгэцийн жүжигт тийм зүйл хамаагүй байдаг. Харж байгаа харцнаасаа эхлээд л ялгарна шүү дээ. Аль дүрдээ хайртай вэ гэж хүн бүр л асуудаг юм.

Гэхдээ би өөрийн дүрүүдээсээ аль нэгийг онцлох дургүй. Бүгдээрээ л хүч хөдөлмөрөө шингээж, шаналж, баярлаж байж бүтдэг шүү дээ. Гол нь жүжигчин хүн, энэ жүжигт гар бие оролцож байгаа олон хүний хөлс хөдөлмөрийг сайн бодож тоглох хэрэгтэй.

-“Жинжиймаа” киноны төгсгөлийн тэр уулздаг хэсэг дээр өчнөөн зовлон үүрсэн аавыг нь заавал машинд дайруулж үхүүлдэг нь юу вэ” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байдаг. Та өөрөө энэ кинонд тоглосон хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Төгсгөл хэсэг дээрээ бол яг ч үхдэггүй шүү дээ. П.Цэрэндагва ах дөлгөөхөн хараад л, тэгж харсан чигээрээ дуусдаг. Хүмүүс янз бүрээр л хүлээн авдаг. Нэг хэсэг нь амьд үлдлээ гэдэг бол, зарим нь өөд болоод төгслөө гэдэг.

Ер нь их эргэлзээ төрүүлсэн хэсэг л дээ. Энэ бол найруулагч О.Машбат ахын өөрийнх нь зохиол найруулгаар бүтсэн уран сайхны шийдэл. Үүнийг жүжигчин хүн ч өөрчлөх эрх байхгүй. Надад бол уг нь төгсгөл хэсэгтээ аав нь нээх гоё хараад, инээгээд л дуусдаг юм шиг санагддаг.

-Жүжигчин М.Баярмагнай “Юндэн гөөгөө”-д тоглохыг байнга мөрөөддөг гэж ярьж байсан. Таньд тиймэрхүү тоглох юмсан гэсэн дүр байдаг биз дээ?

-Бусад жүжигчдийн адил тоглохыг хүсдэг дүр байдаг. Гэхдээ түүнийг хэлмээргүй байна. Миний одоо бодож байгаа зүйл бол хэрвээ би жүжигчин хүн мөн л юм бол, ямарч дүр өгсөн тоглож, хувирч чаддаг байх юм.

Миний мөрөөдөл бол дээд зэрэглэлийн жүжигчин болох. Би цаашид улам их сурч мэдэх, боловсрох хүсэл байна. Өнөөдөр би олон хүнд танигдсан минь жүжигчний мэргэжлийн онцлог юм. Надаас илүү хөдөлмөр эрхэлдэг мөртлөө олонд танигддаггүй мэргэжил зөндөө л байдаг.

Хэрвээ би оёдолчин байсан бол тодорхой хэмжээний хүмүүст танигдахаас биш янз бүрийн дүрээр ард олондоо танигдахгүй л байх байсан. Миний өөр нэг мөрөөдөл бол хоёр хүүхдээ монгол эх орондоо хамгийн хэрэгтэй, сайн мэргэжилтнүүд болгох хүсэл байна.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо зохиолыг та өөрөө бичсэн гэдэг. Түүн дээр та бас эршүүд маягийн “Саарал” гэдэг эмэгтэй дүр бүтээсэн байдаг?

-Үүнийг би Александр Галены “Өглөөний тэнгэрийн од” гэдэг драмын жүжгээс санаа авч бичсэн юм. Нийгмийн шаар гэж адпагдсан хүмүүсийг тэмдэглэлт баярын үеэр нууж хаавал юу болох вэ гэсэн санааг илэрхийлсэн жүжиг.

Тэр эмэгтэйн дүрд тоглосоны дараа надад ийм сэтгэгдэл төрсөн. Хүнийг ер нь хүн л эвддэг юм байна. Түүнээс биш хүн, 18 насандаа ийм хэрэг хийчихье гэж боддогүй биз дээ.

-Тэгвэл сүүлийн үед олны хүртээл болоод байгаа “Зүрхээр наадагч” киноныхоо тухай яриач. Та нэг их зовсон эмэгтэйн дүр бүтээсэн байна лээ?

-Хүн амьд байгаадаа, энэ агаараар амьсгалж байгаадаа талархаж амьдрах хэрэгтэй. Хэрвээ тэгж амьдарч чадсан цагт чи компанийн захирал ч байсан, гудамжны гуйлгачин ч байсан орчин тойрондоо үргэлж сайн сайхныг үйлдэх гэж өөдрөгөөр тэмүүлж амьдарна гэдгийг энэ киноноос ухаарч болно.

Энэ киноны эмэгтэйн дүр шиг хог дээр гарна гэдэг ямар хэцүү билээ дээ. Харамсалтай нь нийгмийн ийм давхаргын хүмүүс монголын бараг тэн хагас нь болчих гээд байна уу даа гэж боддог юм.

-Өөрийг чинь хамгийн их хурцалж сэтгэлийн дэм өгдөг хүн хэн бэ?

-Жүжигчин У.Уранчимэг эгч, А.Ганчимэг бид нар эгч дүүс шиг л ойр дотно байдаг. Тэд минь надад сэтгэлийн дэм өгдөг. Ялангуяа Урнаа эгч их шударга. Аливаа юмыг шууд тасхийтэл хэлчихдэг. Заримдаа бүр хор шар хөдөлтөл хэлнэ гээч.

Ер нь манай Урнаа эгч найруулагч биш мөртлөө, найруулагчийн мэдрэмж байгаад байдаг юм. Хүнийг яаж тоглуулах, жүжигндийгхэрхэн зохион байгуулахыг их сайн мэддэг.

Ардын жүжигчин П.Цэрэндагва ах маань надтай бас аав охин шиг л дотно байдаг. П.Цэрэндагва ахынхаа зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж амьдар гэсэн үгийг байнга бодож дүгнэлт хийж явдаг.

-Та 2013 онд “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан.Тэр үеийн чинь сэтгэгдэл зүйрлэшгүй байсан байх даа.

-Би үнэхээр их баярласан. Иммануэл Шмидтийн “Оскар, Сарнай хатагтай хоёр” гэдэг зохиолыг би өөрөө “Бурханд илгээсэн захидал” болгож өөрчилж 40-н хувьд нь өөрийнхөө санаа бодлыг оруулж бичиж, тэр жүжигтээ тоглосон. Гадны таван орноос шүүгчид ирсэн. Мөн өөрийнхөө орны жүжигчидтэй өрсөлдсөн.

Яг үнэнийг хэлэхэд би шилдэг эмэгтэйн шагнал авна гэдэгтээ итгэлтэй байсан. Тэр жүжгийнхээ дүрд би маш их хайртай, тэр жүжгийн арван настай Оскар хүүгийн дүр миний өөрийн амьдралд маань их эрч хүч өгсөн юм. Жүжигчиний мэргэжлийг бие хэл, сэтгэлийн нэгдэл гэдэг л дээ.

Тэгвэл энэ дүр минь энэ гурвалыг нэгдэлийг 100 хувь үзүүлж чадсан гэж боддог. Энэ жүжгийн арван настай хүүгийн дүрийг бүтээхийн тулд би бүжиг, фитнесс, усан спорт гээд л бүгдээр нь хичээллэсэн. Арван настай хүүхэд шиг хөнгөн шингэн байхын тулд тэр л дээ. Хүн ер нь аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй гэж би боддог.

Маш олон хүний оролцоо туслалцаатайгаар энэ жүжгийн ард гарч чадсан. Хамгийн түрүүнд У.Уранчимэг эгчдээ баярлалаа гэж хэлэхийг хүссэн. Яагаад гэвэл энэ жүжигт Урнаа эгч миний дэргэд байж заавар, зөвөлгөө өгч, гар бие оролцож хамтран ажилласан.

-Бурхан гэснээс хэдэн жилийн өмнө та нэг сэтгүүлд “бурхан хайрласан хүмүүстээ зовлон бэрхшээл их өгдөг, тэр бүгдийг даван туулж чадсан нь жинхэнэ ялагч” гэсэн байна лээ?

-Хүн угаасаа өөрт оногдсон тавилангынхаа дагуу л явдаг. Амьдралд бүх зүйл тэгш шулуун дардан байх юм бол хүн илүү хөгжинө гэж байхгүй шүү дээ. Мэдээж бурхан бүх хүүхдүүдээ адилхан тавилан зурахгүй нь ойлгомжтой бас тэгш төрүүлэхгүй.

Ер нь амьдрал өөрөө сорилт. Тэр бүгдийг давж чадвал аль аль талаараа хүчтэй болж, нэг шат ахидаг. Хэрвээ давж чадахгүй бол дахиад л нэг шат ухарна. Амьдралд хүн үргэлж тэмцэл сорилтын дунд байж, шалгуурыг давах л хэрэгтэй болдог.

Ер нь хүн дэлхийд ирэхдээ хамгийн хүчтэй, төгс оюун ухаантай ирдэг. Хэрвээ тэр бүхнээ бүрэн ашиглаж чаддаг байх юм бол, сайн сайхан зүйлийг бүтээж чадна л гэж боддог.

-Таны амьдралын хамгийн жаргалтай болон хүнд хэцүү байсан үеэсээ хэлээч гэвэл?

-Хүний амьдрал угаасаа л хэцүү байдаг. Бүх хүнд зовлон тохиолддог. Жишээ нь,оюутан байсан үедээ шалгалтанд унах, муу авах, багшдаа зэмлүүлэх зэрэг бол ерөөсөө зовлон биш. Зүгээр л хүнд тохиолддог зүйл.

Харин хамгийн хүнд хэцүү үе бол, хайртай дотны хүнээсээ дахиж уулзахгүйгээр хагацах. Гэхдээ үүнийг ч бас хүн давж чадна шүү дээ. Амьдрал өөрөө баяр, гунигтайгаар ээлжилдэг. Дандаа л инээгээд баярлаад байвал хэвийн биш биз дээ. Дандаа л зовж шаналаад байвал бас утгагүй.

Жаргал зовлон, баяр гуниг ээлжлэн солонго шиг солигдож байж л, хүн өдий хүртэл амьдарч байдаг гэж би боддог. Миний аз жаргалтай үе бол эмэгтэй хүн болгоны хэлдэгээр эх болсон мөч маань гэж хэлэх байна. Ерөнхийдөө бол гэр бүлээрээ элэг бүтэн амьдрах л юм даа.

-Та жүжиглэхээс гадна үр хүүхдээ хүмүүжүүлэх, нийгмийн янз бүрийн арга хэмжээнд оролцож байгаа харагддаг?

-Монголчуудын маань олонх нь намайг мэддэг болсон доо. Жүжигчний мэргэжил эзэмшээд 20 насандаа сонгож, орж ирсэн улаан байшиндаа байгаад байж болох л байсан. Одоо өөрийн найз нөхөд шиг болсон хоёр бүсгүйтэйгээ нийлээд хоёр жил болж байна.

Би өөрийгөө зөв газраа байна гэж боддог. Надад жүжиглэхээс гадна янз бүрийн зүйлд өөрийгөө нээх боломж олдож байна. А.Ганчимэгч, У.Уранчимэг эгч бид бүхэн өөрсдийнхөө мэдэхгүй байсан олон чадвараа нээж байна. Энэ нийгэмд миний хамгийн их санаа тавьж явдаг зүйл бол хүүхэд залуучуудын ухамсар сэтгэхүй.

Тэдний сэтгэхүйг өөрчлөхийн тулд цэцэрлэг сургуулиас нь эхлээд боловсролын тогголцоог өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ би ганцаараа хүч хүрэхгүй л дээ. Би энэ эмзэглэж санаа тавьж, байгаа зүйлдээ уран бүтээлээрээ дамжуулж, өсвөр насны залуучуудад ухаарал хайрлаж байна гэж боддог.

Нөгөө талаас үзэгчид намайг үлгэр дууриалалаа болгож байна. Би сая Сонгинохайрхан дүүрэгтэй хамтраад “Хотын соёл” гэж арга хэмжээнд оролцлоо. Арван жилийн олон сургууль дээр очиж лекц уншлаа.

Хүүхдүүд сайхан хүлээж авч байна. Өөрөө бас тэдний насан дээр байсан үеэ бодлоо.Би өр нь шинэ үеийн хүүхэд залуучуудаас заавал нэг шинэ зүйл олж авахыг хичээдэг. Өнөөдөр би чамтай ярилцаж байна.

Тэгвэл энэ залууд надад байхгүй ямар шинж чанар байна вэ гээд л бодож эргэцүүлдэг. Хүнээс өөртөө байхгүй сайн зан чанарыг хамгийн түрүүнд олж харж, түүнийг нь өөртөө хэвшүүлэх нь их зөв алхам гэж боддог.

-Ард түмэн таныг их хайрлаж хүндэлдэг юм шиг санагддаг. Таньд тийм зүйл мэдрэгддэг биз?

-Өө манай ард түмэн чинь надад байнга сайн сайхан үг хэлж урам өгдөг. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг шүү дээ: Хүнд хэцүү үед минь сэтгэлийг тайтгаруулж, дэмжиж, бас баяр хөөрийг минь хуваалцдаг ард түмэндээ үргэлж баярлаж явдаг.

-Өнөө цагмйн монголын эмэгтэйчүүд болон эрчүүдийн тухай та юу гэж боддог вэ?

-Янз янз л даа заавал эрчүүд нь сайн, эмэгтэйчүүд нь муу байна гэдэг талаас нь боддоггүй. Хүн л юм чинь ялгаатай шүү дээ. Яагаад энэ нийгэмд хүчирхэг эмэгтэйчүүд олноороо төрөөд байна вэ гэж боддог л доо. Энэ чинь нийгмийн тогтолцооноос болж байгаа зүйл юм.

Намайг хүүхэд байх үеэс л эцэг эхчүүдэд эр хүн хар бор ажил хийгээд амьдарчихна гэсэн хандлага байсан. Эрэгтэй хүүхэд яах вэ алх хадаас өгчихвөл мужаан хийгээд ч юм уу, эсвэл багаж бариад “слесарь” хийгээд ч юм уу, хаана ч явсан өөрийгөө аваад явчихна. Харин эмэгтэй хүүхдээ л боловсролтой болгохгүй бол болохгүй гэсэн бодолтой байсан.

Уг нь айл өрхийг авч явах, цаашид улс орныг аваад явах эр хүнд боловсрол олгох тал дээр нь санаа тавьж, анхаарах хэрэгтэй юм. Социализмийн үеийн эцэг эхчүүд өдрийн найман цагийн, ажилтай байсан бол, өнөөгийн эцэг эхчүүд цаг наргүй ажиллаж байж мөнгө олдог.

Энэ цагийн эцэг эхчүүдэд миний хүүхдүүд надгүй бол мөнгөгүй, хоолгүй болчихно гэж харахаас биш, миний хүүхдүүд надгүй бол сургууль дээрээ хэрхэн хүмүүжиж байна, гэртээ яаж харьж байна гэж харахаасаа харахгүй нь их.

Одоогийн нийгэмд эцэг эхчүүд хүүхэддээ сайн боловсрол олгоё гэж бодохоос биш, сайн хүн болгоё гэж ерөөсөө бодохгүй байна. Нэг л их диплом өвөртөлсөн хүмүүс л байх юм.

Тэгээд бас эцэг эх нь өөрөө гэртээ ир өгдөггүй, эсвэл гадаад яваад өгнө. Нөгөө хүүхэд нь гэртээ ганцаараа цагийг өнгөрөөдөг. Ер нь хүн бол хайр халамжаар дүүрэн байж л өс өндийнө гэж би боддог.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү