Мэдээ

Д.Т: ЗҮҮН БҮСИЙН УРАЛДААНД ЯВСАН ХҮҮ МИНЬ МОРИНДОО ЧИРЭГДЭЖ, НАС БАРСАН. НҮҮРИЙГ НЬ ХАРААД БИ ХҮҮГЭЭ ТАНИАГҮЙ

-Хүүг минь авч явсан байж олигтой эмээлтэй мордуулдаггүй юм аа гэхэд ядаж олмыг нь шалгаад явуулахгүй дээ-
Эргэлт.мн мэдээллийн сайт хурдан морины унаач хүүхдийн эрх хэрхэн зөрчигддөг талаар цуврал сурвалжилга, нийтлэлийг бэлтгэн хүргэж буй билээ.

Өөрийн хүслээр биш ч ар гэрээ тэжээхийн тулд арван нас ч хүрээгүй хүүхдүүд хэрхэн уяачдын хаяанд “тарчилж” буйг өмнөх цувралаар сурвалжлан хүргэсэн. Тэгвэл энэ удаад хариуцлагагүй уяачдын буруугаас болж хүүхдээ алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болгосон эцэг, эх бидэнтэй холбогдож, бодит байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

“Эмээлийнх нь олом тасарчихаж, тэгээд хөмөрчихсөн бололтой” гэж хэлсэн
Түмний цэнгэл баяр наадмын үеэр 10 настай хүүгээ алдсан Д.Т “Хүнд гайхуулаад байх юм биш болохоор эгч нь өөрийнхөө нэр, нутаг усыг хэлмээргүй байна. Та нарыг асуугаад байгаа болохоор над шиг амьдын хагацалд өөр эх хүн битгий зовоосой гэсэндээ ярилцахыг зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл, хүмүүст ойлгуулъя гэж бодоод ярьж байгаа юм.

    Одоогоос есөн жилийн өмнө, 2012 оны Зүүн бүсийн наадмаар би хүүгээ алдсан. Зүүн бүсийн уралдаанд явсан хүү маань хурдан мориндоо чирэгдэж нас барсан. Яг тийм мэдээ сонссон хүн чинь цочирдоод, яахаа мэдэх ээ байдаг юм байна лээ. “Арай ч амьсгал тасраагүй байх, амжиж хүүгээ харна” гэж их яарсан даа. Нэг хором ч тайван байж чадахгүй явсаар иртэл хүүг минь эмнэлгийн орон дээр хэвтүүлээд, нүүрийг нь цагаан даавуугаар бүтээчихсэн байсан. Нүүрийг нь хараад би хүүгээ таниагүй. Миний хүү хар нялхаасаа морь унасан. Олон жил наадамд хурдан морь унасан туршлагатай байж, яагаад морьноосоо уначихав аа гэж их гайхсан. Тэгээд тэр орой үнэн учрыг нь мэдсэн юм.

Хүүг минь унаад удаагүй байхад очсон хүн “Эмээлийнх нь олом тасарчихаж, тэгээд хөмөрчихсөн бололтой” гэж хэлсэн. “Хүүг минь авч явсан байж олигтойхон эмээлтэй мордуулдаггүй юм аа гэхэд ядаж олмыг нь шалгаад явуулахгүй дээ” гэж л уяачид нь гомддог. Аравхан настай үрээ хүний зараалд явуулж, үнсэж ч амжаагүй алдсандаа өөрийгөө буруутгаж, шар махтайгаа хатаж байна. Уяач нь хүүг минь өнгөрснөөс хойш хааяа нэг эргэж будаа, гурил өгдөг байсан. Хүн ойр туслаад байхаар уурлаж, гомдож чаддаггүй юм билээ. Гэхдээ л харамсаж байна. Ингэлээ гээд хүүгийнхээ амийг нэхэж байгаа юм биш шүү. Бусад хүмүүст сэрэмжлүүлэг, анхааруулга болог гэж л та бүхний хүсэлтийн дагуу ярьж байна. “Мориныхоо хүүхдийг ядаж бүрэн бүтэн эмээл, хамгаалалтын хэрэгсэлтэй мордуулж байгаарай гэдгийг үрээ алдсан эх хүний хувьд уяач нарт захья. Ээ дээ, эцэг эхчүүд минь эрхлүүлж өсөгсөн нялх үрээ морь унуулахдаа сайн бодож үзээрэй дээ. Хэзээ ч эргэж ирдэггүй юм байна шүү. Эгч нь үүнээс цааш ярьж чадахгүй нь ээ” гэв.

Сүүлийн гурван жилд 96 унаач хүүхэд мориноос унаж, гэмтэж, бэртсэн байна. Тодруулбал, 2019 онд 61, 2020 онд 31-н хүүхэд мориноос унаж гэмтсэн гэх судалгаа бий. Харин энэ он гарсаар таван хүүхэд мориноос унаж, бэртэл авчээ. Мөн өнгөрсөн онд зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулсан, морины сунгаа хийхдээ хамгаалалтын хувцас өмсгөөгүй зэргээс үүдэн гурван хүүхэд амиа алдсан байна.

ХУРДАН МОРИНООС УНАЖ, ЗҮҮН ХӨЛӨӨ ТАЙРУУЛСАН ХҮҮГИЙН ААВ: ТАХИР ДУТУУ БОЛСОН ҮРИЙНХЭЭ ИРЭЭДҮЙД Л САНАА ЗОВЖ БАЙНА
Манай редакцид мэдээлэл өгсөн тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм. Зүүн хөлөө өвдөгнөөсөө дээш тайруулж, хэзээ ч хөл дээрээ зогсож чадахааргүй болсон хүүгийн аав “Хэрвээ намайг ярьж байна гэж уяач нь мэдвэл би тэгээд амьдралгүй болно гэсэн үг. Хүүг минь сэхээн амьдруулахад ухаангүй хэвтэж байхад “Насаараа тахир дутуу хүүхэд тэжээж байхаар унтуулчихгүй юу” гэж хэлж байсан харласан дотортой амьтан шүү дээ. Ийм үг сонссон эцэг хүн тайван байхгүй. Би тэсэлгүй цохиж авсан биш эмнэлгийн гадаа ах дүүсэд нь зодуулаад үлдсэн. Одоо хүү минь хэзээ ч хөл дээрээ босож чадахгүй. Хайран сайхан үрийнхээ ирээдүйг би өөрөө баллачихлаа. Хүү маань зүүн хөлөө өвдөгнөөсөө дээш тайруулж, нуруундаа хадаас хадуулсан. Хагалгааны дараа ээж нь орхиод явчихсан болохоор хүүгээ асарч, тойлох бүх үүрэг хариуцлагыг ганцаараа л үүрсээр ирлээ. Би энэ хатуу хувь тавилан, хар бараан амьдралд гутардаггүй. Харин намайг ийм байдалд оруулсан улсын гэх “сэтэр” зүүсэн тэр хүнд дэндүү гомдож явдаг. Шүүх цагдаагаар явъя гэж бодсон ч тэр хугацаанд хүүг минь харж, асрах хүн байхгүй болохоор аргагүйд хүрсэн” гэсэн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү