Мэдээ

Д.Энхтөр:Хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдлээд гараад ирсэн, одоо би эхнэр хоёр хүү дээрээ очмоор байна

Одоогоос олон жилийн өмнө дампуурлаа зарласан “Анод”-ын гүйцэтгэх захирал Д.Энхтөртэй ярилцлаа. Тэрбээр сүүлийн үед гэртээ Хүний эрхийн талаар болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар лайв мэдээлэл хийж иргэдэд их мэдээлэл өгөөд байгаа.

Мөн түүнчлэн тэрбээр ирэх 12 дугаар сард эрхийнхээ төлөө жагсах нэгдэх иргэдийг уриалсан жагсаал хийх гэж байгаа ажээ.

-Сайн байна уу та сайхан намаржиж байна уу?

-Сайн байна. Богд ууланд алхчихаад хүрээд ирлээ. Ер нь ууланд алхах дуртай.

-Ирэх сард хийх жагсаалынхаа талаар яриач?

-Жил болгоны арванхоёрдугаар сард Дэлхий нийтээрээ хүний эрхийн өдрийг тэмдэглэж жагсдаг. Энэ жил олон хүн хамрагдаж жагсаасай. Манай улсад хүний эрх уландаа орчихсон байна. Тиймээс хүн бүр эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж жагсаасай үг үзэл бодлоо илэрхийлээсэй. Дэлхий нийтээрээ жагсдаг.

Энэ өдөр 1 сая гаруй иргэн жагсвал дэлхий нийт гайхна. Гадаадад байгаа монголчууд болон орон нутгийн иргэд онлайнаар оролцох боломжтой шүү. Монгол Улсын хүн бүрийн эрх зүгээр гэж бодож байна уу, үгүй шүү. Уландаа очсон байгаа. Таны ч эрх уландаа очсон нь үнэн биздээ.

-Танд хилийн хориг тавьчихсан байгаа юм билээ. Ямар шалтгаанаар бэ?

-2020 оноос эхлээд Үндсэн хуулиа зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 59 дүгээр заалт гэж нэмэлт заалт орж ирсэн. Энэ хуулийн заалтаар надад хилийн хориг тавьчихсан. Мөн цагаачлах эрхгүй болчихсон. Би Анод банкийг дампууруулсан хэргээр гурван шатны шүүхээс найман жилийн хорих ялыг биеэрээ эдлээд дараа нь мөнгөн төлбөр төлж барагдуулж байна. Худалч хүнд гэж хэлэхэд намайг 1998 оны үйлдлээр намайг ялласан. Одоо 22 жилийн дараа миний хууль эрхзүйн байдлыг дордуулсан. Уг нь хуулиар хориотой. Гурван хууль зөрчиж байгаа учраас би эсэргүүцэж, эрхийнхээ төлөө дуугарч, гэртээ лайв хийдэг болсон. Би хилийн хоригоо тавиулахаар 1 жил 6 сар бичиг цаас барьж хөөцөлдөж явлаа. Ямар нэгэн хариу өгдөггүй. Намайг өвчтэй эхнэр, хоёр хүүдээ дээр минь очуулаад өгөөч гэж аргаа бартал гуйж байна. Дээгүүр доогуур лоббидох гэж үзээд ч барахгүй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч хандаж үзлээ. Аргаа бараад гудамжиндаа гарлаа.

-Айлын хашаа байшинд харуул хийж байгаа юу?

-Тийм. Гачууртад айлын харуулын байшинд харуул хийгээд амьдарч байна. Цалин авдаг. Хоёр хүүхэд АНУ-руу ээж рүүгээ яваад өгсөн. Тэгээд ганцаардаад бачимдаад байдаг боллоо. Тэднийхээ араас цаг алдалгүй явмаар байна. Их тэвчсэн.

-Хоёр хүүхдийнхээ араас явах талаар их хөөцөлдөж байгаа юм байна. Ямар нэгэн гарц гаргалгаа байна уу?

-Лайв хийж эхэлснээс хойш албаныхан их эерэгээр хүлээж авч байгаа. Ажлын алба байгуулагдсан байгаа гэсэн. Хууль гаргаад их хурлаар хэлэлцэгдэх байх гэж найдаж байгаа. Мөн Монголбанкнаас намайг дуудаж уулзсан нь итгэлийн гэрэл асаасан үйлдэл болсон шүү.

-Та хэчнээн төгрөгийн өр барагдуулахаас өнөөдрийн байдлаар хэдийг нь төлж барагдуулсан байгаа вэ?

-Би жилд 4 сая төгрөгийн өр барагдуулж байна. Шүүхээс 20 тэрбум төгрөгийн өр барагдуулах шийдвэр гарсан. Анх ял авахад 23.5 тэрбум төгрөгийн өр байсан. Гүр-Аранз, Даваа бид гурва 71 тэрбум төгрөгийг тэнцүү хувааж өр барагдуулахаар болсон. Ялаа эдлээд гараад ирсэн чинь 3 тэрбум төгрөг төлөгдсөн байна билээ. Одоо би тэтгэврээсээ сар болгон 300 гаруй мянган төгрөг төлдөг. Би үлдсэн өрөө 200 гаруй мянган жилийн дараа төлж дуусах юм билээ.

-Насаараа буюу үхтлээ төлөөд ч төлж барахгүй нь?

-2024 онд Ардчилсан нам гараад ирж магадгүй. Тэгвэл миний өр төлбөрийг цайруулаад өршөөчихөж мэднэ шүү дээ.

-“Анод”-ын гэх тодотголтой хэрэг их ээдрээтэй процесстой. Тухайн үед та бүхэн яг юун дээр алдаад банк дампууруулсан хэргээр ял авах болов?

-Би бол гэмт хэрэгтэн биш. Дампуурна гэдэг ойлголт шал өөр. Зуд болохоор мал үхдэг биздээ. Тэрэнтэй адилхан 2008 онд санхүүгийн хямрал болсон. Санхүүгийн зуд болсон гэж ойлгож болно. Тэрний нэг нь Анод. Хүнд ял өгөхийн тулд субектив шалтгаануудыг авч үзэх хэрэгтэй. Дөрвийн дөрвөн хүчин зүйл байж хүнд ял өгөх ёстой. Гэтэ манай монголын шүүхийн систем хоцрогдсон. Би шүүх хурал дээр амаа хаттал 2 битгий 20 шалтгаан хэлэхэд намайг сонсоо ч үгүй, шүүгчид нь ойлгооч үгүй. Би шоронгоос гарч ирээд хэргийнхээ талаар судалсан.

-Тухайн үед байсан Улстөрчид танай банкны удирдлагуудтай нийлээд банк дампууруулж, эд хөрөнгийг нь хувьдаа завшаад та нарыг хохироогоод хэлмэгдүүлчихсэн гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Тэр талаар ярьмааргүй байна. Шүүхийн инстиут буруу ажиллаж байна. Юмаа огт ойлгохгүй.

-Хууль хэрэгжүүлж хэрэглэхдээ манай улс хэр юм бэ?

-Манай улсын хууль боломжийн сайн. Гэхдээ хэрэгжүүлэхдээ хий гаргаж алдаад байдаг нь буруу. Манайд Дампуурлын тухай хууль гэж бий. Надад дээр хуулийг буруу хэрэглэсэн. Гэхдээ би хуульч улстөрч хүн биш болохоор мэдэхгүй.

-Таны гэртээ хийж байгаа лайв болон бүжиглэж байгаа бичлэгийг үзсэн хүмүүс янз бүрээр бичиж шүүмжлэх юм. Үнэхээр сэтгэцийн хувьд асуудалтай болчихсон юм бишүү гэж асуух нэгэн байна?

-Хүний эрх, эдийн засгийн эрхийн талаар ярих хэрэгтэй болов уу. Инстиут гэж байдаг, тэр нь их муу байна. Миний хувьд дасгал хөдөлгөөн хийхийн тулд гэртээ хөгжим тавьж байгаад бүжиг хийдэг. Нэг талын биеэ халаалт гэж үзнэ. Биеэ халаахгүй бол гэмтэл авна, биеэ халаах нь жирийн үзэгдэл. Би сэтгэлзүйн сургалтад явсан. Хүн өдөрт 200 гаруй удаа инээх ёстой. Тиймээс би биеэ халааж бүжиглэхдээ би инээдэг. Энэ бол баруунд байдаг л үзэгдэл. Гэтэл намайг бүжиг хийхээр хүмүүс гайхаад элдвээр хэлж бичээд байдаг. Би тоодоггүй. Түүнээс би сэтгэцийн асуудал эмгэгтэй биш шүү. Би хийгээгүй хэргийнхээ төлөө 8 жил хорих ял эдэлж гарч ирсэн. Одоо өр төлбөрөө барагдуулаад явж байна. Хамгийн гол нь би хоёр хүү дээрээ өвчтэй эхнэр дээрээ хурдан очмоор байна. Хилийн хориг минь тавигдвал онгоцны билетээ захиалаад маргааш ч болов явчихмаар байна. Хүнд элэг бүтэн амьдрал чухал шүү.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү