Мэдээ

Жүжигчин Ариунчимэг: Тасганы овоогоор уруудаж байхад хог шүүрдэж байсан хүн ээж минь байсан

Би ээжийгээ аягүй их хайдаг байсныгаа тод санаж байна. “Ээжээ” гээд л гал тогооноос эхлээд том өрөө лүү хайна. Нойлын өрөө, харанхуй өрөө бүгдийг нь шалгана. Бүр шкафаа хүртэл онгойлгож хардаг байсан. Ээж намайг унтуулчхаад босоод дэлгүүр л явдаг байсан юм шиг байгаа юм.

Би хааяа сэрчхээд ээж байна уу? гэж хардаг байсан юм байна. Энэ бол миний хамгийн эртний дурсамжуудын нэг л дээ. Хаалганы хажууд ээжийг ирэхийг нь хүлээж суудаг нэг булан надад байдаг байсан юм. Тэндээ суугаад л хөлийн чимээ чагнана даа. Тэгээд сууж байхад тусдаг коридорын чийдэнгийн тусгалыг би ёстой мартдаггүй юм.

Тэр гэрэл рүү нүдээ онийлгож харахаар аймар гоё урт тусдаг. Яг нөгөө “Орь залуу нас” дууны клипний гэрэл шиг. Ээжийгээ удаан хүлээж суухаар уйдаад тэгээд гэрэл рүү онийж харж тоглодог байсан нь тэр. Намайг сургаж, хөгжүүлэхийн тулд ээж өөрийнхөө зүгээс бүх зүйлийг хийдэг байлаа.

Анх хүүхдийн ордны драмын дугуйланд орохоор болоход тухайн үед амьдралын боломж хэцүү байсан ч гэсэн яаж ийгээд л явуулсан, намайг Солонгост тэтгэлгээр хэсэг сурахаар болоход онгоцны билетний мөнгийг нь бүх юмаа шавхаад л гаргасан, сурсан мэргэжлээрээ ажиллахгүй бүхнийг шинээр эхлээд урлагийн сургуульд орохоор шийдэхэд минь төлбөрийг минь олох гэж хэцүү ажил хийсэн. Урьд нь өөр сургуульд сурдаг байхдаа би хичээлийнхээ хажуугаар давхар ажлууд хийдэг байсан ч СУИС-т орсон чинь юун ажил манатай, битүү хичээлтэй болчихсон юм.

Ээжийн намайг дэмжсэн сэтгэлийг дээд зэргээр мэдэрч байсан тэр мөчийг би огт мартдаггүй юм. Ээж өглөө эрт ажилдаа 5 гээд гарчихдаг, би болохоор 7:30ийн хичээлдээ ардаас нь гарсан юм. Би нэг бол Ялалтаар, нэг бол Баянбүрдээр сургууль руугаа явдаг. Тэгээд яг Тасганы овоогоор уруудаж байхад нэг хүн хог шүүрдэж байсан хүн миний ээж байсан. “Ээжийгээ ингэж ч явуулах гэж дээ, юуны тулд” гэж бодогдоод дотор аймар сонин болчихсон.

Манай ээж урьд нь янз бүрийн л ажил хийдэг байсан, гэхдээ тэр ажлыг хийхээр шийдээд өглөө тэгж тааралдаад тэр бүхнийг нүдээр харахад надад хамгийн хэцүү мөртлөө хүн хүүхдийнхээ төлөө юу хийж чаддагийг хараад бахархмаар сонин мэдрэмж төрсөн. Тийм зүйлийг хараад надад дахиж ухрах зам байхгүй гэдгийг шууд л ойлгож байгаа юм чинь. Хурдхан л төгсье гэж бодсон. Сурч байх хугацаандаа найз залуутай болохгүй гээд бүр тархиа кодлочихсон. 7 хоногийн бараг бүх өдрийг сургууль соёлд л зарцуулна. Сургууль бол миний найз залуу байлаа.

Би чинь бүр нэлээн хөгшин оюутан, заримаас нь бүр 7 насаар эгч. Манай ангийнхан намайг бүр Ээж хад гэж хочилдог байлаа (инээв). Тэгж явсаар би сургуулиа төгсөж жүжигчин болох өөрийнхөө хамгийн том мөрөөдлөө ээжийнхээ ачаар биелүүлсэн. Ээжийгээ хайгаад гэрийнхээ өрөөнүүдээр явдаг байсан жижигхэн охин, ээжийгээ хүлээгээд коридорын гэрэл рүү нүдээ онийлгож хардаг байсан жижигхэн охин том болоод тайзны гэрэл рүү нүдээ онийлгож хараад үзэгчдийн суудлаас ээжийгээ хайдаг болсон.

Надад өгсөн бүх зүйлийнхээ хариуд ээж юу ч хүсдэггүй “Миний охин дуртай юмаа хийж, жаргалтай амьдраарай” л гэж хэлдэг.

Эх сурвалж: Чойронгоо нүүр хуудас

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү