Мэдээ

Жүжигчин Отгонтогос: Сүххуяг бид хоёр нүцгэлээд нэг оронд ороход Сүххуяг ичээд би уйлаад…

Таньтай цаг товлосоор удаан хугацаа өнгөрчээ. Цаг нартай уралдаж явдаг таны хувьд уран бүтээлийн олз омог арвин байгаа бололтой?

Би жилд хоёроос гурван кинонд жүжигчнээр ажиллаж, нэг, хоёрдугаар найруулагчийн ажлын зэрэгцээ зургийн дарга хийдэг. Сүүлийн гурван жилийн уран бүтээлийн хувьд Б.Батбаяр гуайн Богд хаан кинонд нэгдүгээр найруулагчаар ажилласан.Үүний дараа өнгөрсөн жил арван есөн богино хэмжээний кино хийгдсэн. Энэ киноны найруулагчийн багт орж ажилласан. МҮОНТ-ийн Огцом эргэлт кинонд хуульч Батчимэг бүсгүйн дүрд тоглосон.

Хамгийн сүүлд 2013 онд Хязгааргүй уран сайхны кинонд жүжигчин хариуцсан найруулагч, гүйцэтгэх продюссерын ажлыг хийлээ.

И.Нямгаваа найруулагчийн эхнэр, таны дотны найз, жүжигчин Долгор та хоёрыг залуу байхад хүмүүс андуурдаг тохиолдол гардаг байсан. Зарим нь бүр аль нь Алтжин бэ гээд мөрийцөөд ирдэг байсан гэл үү?Долгор бид хоёр 1974 онд Драмын театрт цэвэрлэгчээр орж байлаа. Долгор намайг бодвол нэг шатаар дээгүүр үйлчлэгч байсан. Цэвэрлэгч 280 төгрөгний цалин авдаг байхад Долгор 300 төрөгний цалин авдаг. Үйлчлэгч гэдэг нь хүмүүсийг орж ирэхэд хувцсыг нь өлгөж, үүдэн дээр зогсож байдаг.

Үйлчлэгч нар тусдаа өрөөтэй, цэвэрлэгч нар тусдаа өрөөтэй. Би цэвэрлэгч байсан. Улсын хүүхэлдэйн театр-т 1985 онд дагалдан жүжигчин шалгаруулж авч байсан. Тэр үед кино драмын ангид гурван жилд нэг удаа шалгаруулж авдаг байлаа. Долгор, Зандармаа гээд одоо гадаадад амьдарч байгаа найзтайгаа бид гурав нөхөрлөөд гучин жи болж байна. Хар багын найзууд гэдэг шалгарч үлддэг.Өөр зөндөө найзууд байгаа тэд нарыгаа муу хэлэхгүй. Манай найзууд нэг нэгнийхээ төлөө , ямар нэгэн хов жив байхгүй , бие биедээ гомдсон бол гомдлоо хэлдэг, шүүмжилвэл түс тас хэлдэг нөхдүүд байгаа. Хар багын найзууд бүгдээрээ л урлагт хайртай, хүсэл сонирхолдоо хөтлөгдөж анх нөхөрлөсөн.

Та есөн хүүхэдтэй айлын отгон охин болохоор нандигнаж, дэгжин нэр өгсөн байх. Хүмүүс сонирхож асуудаг байв уу?

– Манай аавыг Намсрай гэдэг. Насаараа худалдаа үйлчилгээний трестэд нярав, нягтлан дарга хийж байсан. Намайг дөрөвдүгээр ангид байхад бурхан болсон. Ээж минь Жамбаа гэж насаараа цэцэрлэгт ажилласан тогооч мэргэжилтэй хүн байсан. Би зургаан эгч, хоёр ахтай айлын бага нь байсан.

Анх Дархан хот байгуулагдаж байхад унаган иргэн нь болж төрсөн. Намайг орос эмч эх барьж аваад Тогос гэж нэр өгсөн юм билээ. Манай аав, ээж хоёр Отгон гэдгийг нэмээд Отгонтогос гэж нэр өгсөн. Хүүхэд байхдаа энэ нэрнээсээ их ичдэг байлаа. Хөгшчүүд нэрээ бүтэн хэлж бай гэж хэлдэг.Намайг Отгонтогосоор маань мэддэггүй, Мандухай киноны Алтжингийн дүрээр хүмүүс их мэддэг. Одоо би Etv телевизийн хорин ангит кинонд Тогосоо нэрээрээ тоглож байлаа. Тэр характерист хийж орж ирсэн дүр л дээ. Инээдтэй нь 50 орчим насны, гэр бүл тогтвортой, улаанаар уруул, хумсаа буддаг, тод өнгөнд сонирхолтой гэдэг нь надтай адилхан, Дархан хотод бүрэн дунд сургуулийг төгссөн гэж бичсэн байсан.

Цэвэрлэгчийн ажлаас зүтгэсээр жүжигчний ангид орж байсан тэр хүсэл сонирхлыг та чухам юунаас олж авсан хэрэг вэ?– Хүүхдийн театрт хоёр жил дагалдангаар ажиллаад дараа нь шалгалт өгдөг байсан. Тэр үеийн шалгуурууд тийм байсан даа.Эмч нар болно гэсэн хүмүүс сувилагч хийгээд, асрагч хийгээд явдаг байсан. Тэр бол их гоё, хүнийг нэг юмандаа үнэнч байхад сургаж байсан. Шүүлтүүр нь их нарийн байсан. Ингэж жүжигчин болох юмсан гэсэн хүсэл сонирхлыг минь өдөөж өгсөн зүйл гэвэл Оросын кино. Кино жүжигчний зураг их цуглуулдаг. Хүүхэд байхын жүжигчин болох хүсэл сонирхолтой байсан. Уг нь би арван жилээ төгсөөд дээд сургуулийн хуваарь авсан. Тэр үед дээд сургуулиа болиод цэвэрлэгч болоод явдаг над шиг солиотой хүн байгаагүй. Манай арван жилийн нэгээс аравдугаар анги хүртэл хамт сурч байсан хүүхдүүд одоо хэр нь байдаг. Бид нар их онц сурдаг, их өрсөлдөөнтэй, шартай хүүхдүүд байсан. Гучин жил өнгөрсөн байхад манай арван жилийнхэн одоо болтол бүгд нэгдмэл дандаа уулзаж, учирдаг.

Мандухай киноны Алтжингийн дүрд хагас мянган эмэгтэйчүүд өрсөлдөж байсан гэдэг. Ямар өрсөлдөөн, сэтгэл зүйн даваануудыг даван туулж, таныг хэрхэн сорьж байж ирсэн дүр вэ?

– 1985 онд Жигжид найруулагч Мандухай киног хийх гээд шалгаруулалт явагдаж байна гэж их сонсогдож байсан. Тэр үед би жаахан хүүхэд байлаа. Сувдаа эгч анх намайг Хүүхэлдэйн театрт ийм нэг дагалдан жүжигчин охин байна. Тэрийг нэг үзээдхээч гэж санал болгож байсан байдаг. Гадаа нэг их бороо ороод л, би үдэшлэгт орох гээд үсээ буржийлгачихсан байсан тэр өдрийг их сайн санадаг юм.

Уртнасан гээд Кино үйлдвэрийн найруулагч байсан, туслах найруулагч Уртаа эгч ирээд Отгонтогос гэж байна уу? За одоо пробонд орно гэсэн чинь би хамгийн түрүүнд Бороонд миний үс муухай болчихно доо гэж хэлж байсан. Одоо бодоход би их тэнэг байж. Зөвхөн үдэшлэг л бодогдоод үсээ л гоё байлгах гээд байснаас тэр кино ерөөсөө сонин биш байсан. Тэр үед би айхтар овжиндуу байсан бол өө тэгье гээд л үсрээд очих байж. Намайг бараг албан хүчээр 69 машинд суулгаад л аваад явсан. Тэгээд очиход хувцасны эрхлэгч Миний охин чи яг тэнцэнэ. Чи ёстой гоё охин байна. Яг жинхэнэ Алтжингийн хувцсыг нь өмсүүлье гээд л, нүүрийг нь гоё будна аа гээд л киноны арын хүмүүс нь намайг маш сайнаар ерөөж угтсан.

Тэр нь надад одоо ч их сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Надад тэр хүмүүс Манай Алтжин бол улаан номонд орсон дүр шүү. Тав зургаан зуун охидуудыг үзлээ. Миний охин энэ шалгаруулалтанд ороод үз, амжилт хүсье гэж байсан. Би тэгэхэд анх удаа пробонд орж үзлээ Жигжид гуай өөрөө мониторын ард суугаад Баяжихын Пүрэвээ багш проб өгч байсан. Дараа нь шалгуулсан хүмүүсийн пробыг бүгдийг нь үзүүлэх болоход өөрийгөө харах гэсэн ичээд болдоггүй ээ.

Хүн өөрөө өөрийгөө харахаар сонин харагдаад, өөр охидууд гоё харагдаад байсан. Тэндээс гарч яваад Монгол киноны мундаг найруулагч Бунтар гуайн Ирж яваа цаг кинонд нь шалгуулж байсан. За чи хэний цэрэг вэ гэхэд нь би “Чойсан гуайн цэрэг” гэж хариулж байлаа. Чойсан гуай гэж МУГЗ, хүүхэлдэйн театрын дарга байлаа. Би ер нь их азтай. Миний анхны кино Мандухай биш Ирж яваа цаг кино байсан. Би хөдөөний тухай мэдэхгүй, ямар ч мал дээр өсөөгүй яг жинхэнэ хотын охин кинонд тоглохоор очсон.

Өвөрхангайн Бүрдэнд зураг авч байхад Бунтар гуай Мандухай киног Балжинням найруулагч найруулахаар болсон. Чи очиж уулзаарай гэж хэлсэн. Би тэгэхэд нь Балжинням гэдэг хүн дээр нь очоод л Би яасан бэ, тэнцсэн үү гэж асуух ичмээр санагдаад байсан. Тэр үед Мандухайн дүрүүдийг бүгдийг нь сольж байсан. Ичээд дуугүй л яваад байлаа. Намар нь Бунтар гуай Чи Балжинням найруулагчтай уулзсан уу гэхэд би уулзаагүй , би юу гэж уулзах юм бэ? Би тэнцсэн үү” гэж асуух юм уу, ичээд байна” гэхэд “Юу гэсэн үг вэ, чи чинь одоо болтол энэ асуудлаа яриагүй байгаа юм уу? гээд дуу хийгээд байж байсан.

Дараахан нь Кино үйлдвэрийн хүндэт самбарын хажууд Балжинням гуайтай таартал намайг ар зооноос нэвт ширтээд байгаа нь мэдэгдээд би нүүр будагч нарын өрөөнд гүйгээд орчихлоо. Гарч чаддаггүй. Тэгсэн манай туслах найруулагч Чимэддорж “Отгонтогос хааччихав аа, дуугаа хийхгүй, аальгүйтээд алга болчихлоо” гээд намайг Балжинням гуайн хажууд муулж гарсан. Би ичсэн, айс ан гэж жигтэйхэн. Тэгээд яваад очсон чинь Балжинням гуай намайг Сайн байна уу гэхээр нь хариу мэндэлсэн.

Чи “Мандухай” кинонд тоглох сонирхолтой юу, чи гэхдээ тэнцээгүй гэж байна. Тэгэхээр нь “Тэнцээгүй юм бол яах гэж намайг дуудсан юм гэж хэлээд би яваад өгсөн. Дараа нь дуу хийх гэсэн би дуугаа хийж чаддаггүй. Уртаа эгч ороод ирлээ. Их том нүдтэй эгч “Отгонтогос байна уу? Балжинням найруулагч дуудаж байна.” гэдэг юм байна. Тэгээд Балжинням гуайн өрөөнд орсон талхан дээр хиам, помидор, огурци тавьчихсан, намайг кофе уух уу, цай уух уу? Наад талхнаасаа ид” гээд дуугүй суугаад л байсан. Чи энэ зохиолыг аваад яв гэхэд нь би “Хэний дүрийг унших уу” гэхэд шивэгчин Саймочийн дүрийг гэхээр нь би буцаагаад өгчихсөн. Тэгсэн ”Чи хатан болохоор нь тоглоод, шивэгчин болохоор нь тоглодоггүй юм уу” гээд инээж билээ. Уран сайхны зөвлөл хэлэлцээд чамайг Алтжинд авахаар болсон гэхэд нь дотор уужирсан.

Алтжингийн дүр эмэгтэй хүн болон жүжигчин хүний тань хувьд таны амьдралд юу өгсөн бэ? Одоо эргэн харахад хүмүүсээс ирж буй нөлөөлөл, таньд хандаж байгаа хүндэтгэл хандлага гээд яривал?

– Би их азтай. Нэгдүгээрт би намайг ийм сайхан төрүүлж өсгөсөн эцэг эхдээ баярлаж байна. Хоёрдугаарт намайг энэ кинонд авч тоглуулсан Балжинням найруулагч, хамтарч ажилласан бүх хүмүүстээ, Алтжингийн дүрд анх санал тавьсан Сувдаа эгчдээ баярлаж явдаг. Хамтран ажилласан уран бүтээлчдээсээ би маш их юм сурсан. Кино урлаг гэдэг хүн харахад бол их сайхан ажил байдаг. Гэтэл бид дотогшоогоо их зовж, шаналж, тарчилдаг. Алтжинд тоглуулсан нь намайг олон түмний танил болгосон, ард түмэн намайг хайрладаг мэддэг болсон. Тийм болохоор өөрийгөө би их азтай хүн гэж боддог.

Хүн болгон жүжигчин болохгүй, эмэгтэй хүн бүр Алтжингийн дүрд тоглохгүй. Гараа сайн бол бариа сайн гэж ярьдаг. Миний анхны гараа “Ирж яваа цаг”, “Мандухай цэцэн хатан” киногоор эхэлсэн. Би их олон түүхэн кинонд тоглосон. Би саяхан уран бүтээлийнхээ жагсаалтыг гаргаж бичлээ. Надад 43 кино байна. Энэ кинонуудын ихэнх нь түүхэн кинонууд байсан. Дор хаяж арваад кино нь түүхэн кино байгаа. Тэр үед намайг Алтжинд тоглох гэж байгаа гэхэд бусад найруулагч нар нь миний дүрийг бүдэгдүү гаргаж, Алтжинд тод гаргах гэж бодлогын чанартай ажиллаж байсан.

Би тухайн үедээ Сэлэнгэсүрэн найруулагчид гомдоод л “Намайг нэг муу нарийн бичиг болгоод л, нэг бол хүний нөхрийн хажууд хагас гаргаад л” гэж бодож байсан. “Ирэх хаврын цэцэг” кинонд нарийн бичиг болж тоглож байсан. Дамдин найруулагч “Амьдралын нахиа” кинондоо шар цүнхтэй ганган хүүхэн тод гаргахгүй гэхэд нь намайг Алтжинд тоглуулахын тулд ингэж байгаа юм байна гэдгийг сүүлд ойлгосон. Тухайн үедээ би гомдоод л кинонд орно гэдэг азны юм гэж бодож байсан. Дүр бүтээнэ гэдэг маш нарийн юм байдаг.

-Алтжингийн дүр танд залуу насныхаа гоо үзэсгэлэнг мэдрэх боломж өгсөн биз дээ? “Цогт тайж” киноны Түвдийн хатанд Цогзолмаа гуай тоглосон нь үзэгчдийн сэтгэлд одоо ч хадаатай явдаг. Дараа нь та Мандухай сэцэн хатны Алтжингийн дүрд түүхэн кинонд эро тик хэсэгт тоглоход багагүй зориг гаргасан байх?

– Тэр үед гоё сайхан харагдах гээчийг ерөөсөө боддоггүй байсан. Жаахан ч гэсэн жүжигчний уран чадварын зах зухыг ойлгосон. Театрт жүжиглэж байгаа бүх процессыг цэвэрлэгч байхдаа харж байсан. Жүжигчин яаж ажилладаг юм бэ гэдгийг мэдэрсэн байлаа. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гантөмөр гуайн “Байц аагч түшмэл” гээд жүжиг тавьж байхад би үгийг нь хэлж өгөөд суудаг, хэвлэлтэнд гүйдэг байлаа. Уран бүтээлийг яаж хийдэг вэ гэж зах зухыг нь ойлгосон байсан. Хүүхэлдэйн театр жүжигчин болоход хүнд их үр өгөөжөө өгдөг газар гэж боддог. Хичнээн хүүхэлдэйгээр тоглуулж байгаа ч гэсэн хүн дотроосоо амьдарч хүүхэлдэйгээр дамжуулж ярьж байгаа нь маш их уран чадвар шаарддаг. Хүүхэлдэйн жүжигчдийг хүмүүс хараад ойлгодоггүй. Яг үнэндээ хамгийн нарийн, хамгийн хэцүү зүйл хүүхэлдэй байдаг. Тэгж зах зухыг нь амссан байсан учраас тэр дүрийг яаж бүтээх вэ гэж бодож байснаас биш энд сайхан байх юмсан, гоё харагдах юмсан гэж ерөөсөө бодож байгаагүй.

– Сүххуяг жүжигчинтэй энгэр задгайлдаг хэсэгт найруулагчдаа зэмлүүлэх үе байв уу?

– Сүххуяг бид хоёр нүцгэлээд л өвөртөө ороход эрэгтэй хүмүүс нь ичимхий байдаг гэдгийг мэдсэн. Анх л зохиол дээрээс “Би ингээд нүцгэлээд орох юм уу “гэхэд “үгүй наадахыг чинь киноны аргаар авна” гээд найруулагч намайг хуурсан. Сүүлд нь надад худлаа хэллээ гээд би уйлж байсан. Одоо санахад Балжинням гуай баавгай, туулай ч билүү амьтны онигоо үлгэр билүү юм ярьж намайг тайвшруулж байсан. Миний ам руу нархамба хийгээд л тэгж байж зураг авсан. Яг цагаа тулах юм бол эрэгтэй хүмүүс өөрөө биеэ бариад байдаг. Сүүлдээ энэ Сүххуяг ах хөнжил бөгсөн доогуураа хийчихлээ стоп стоп гээд л зурагаа авхуулж дуусгасан. Тэгээд бүгдээрээ цайсан. Эхэндээ ичээд л бие бие руугаа ойртож чадахгүй байсан. Манай Сүххуяг их сайн жүжигчин, хамт кинонд ажиллах , хамтарч ажиллаж байхад маш их дотортой, үнэн нүдтэй жүжигчин. Тиймдээ ч бид хоёр зургийн талбайд хүн шоолж байгаад хамт хөөгдөж гарч байсан. Балжинням гуайгаас яаж уучлал гуйж орох вэ гээд ариун цэврийн өрөөнд үг зохиогоод зогсож байсан. Залуу байсан болохоор жүжиглэлт нь болохгүй байгаа бусдыгаа шоолохоор Балжинням найруулагч нервтээд “Гарцгаа, зай лцгаа. Та муу хоёр хөтөлцөөд за йл” гэнэ. Хоёулаа гарчихаад элгээ хөштөл инээгээд л байдаг. Юундаа ч тэгж инээдэг байсан юм. Энэ л бид хоёрыг хооронд маань их нэгтгэж өгсөн.

-Алтжинд тоглосны дараа хэсэгтээ эрчүүдийг хуйлруулсан уу?

-Захиа зөндөө ирдэг байсан. Тэр болгонд хариулна гэж байхгүй. Киноны уулзалт гэж зөндөө явдөг байсан. Дорнодод Дамчаа гуай манай хэд явж “Мандухай” киноны нээлтийг хийсэн. Тэгээд яг тэр нүцгэн гардаг хэсэг дээр нь камерийнх нь урд талыг гараараа таглачихдаг байсан гэсэн. Хөдөөнийхөнд ийм юм үзүүлж болохгүй гээд. Тэрийг сонсоод бид нар инээлдэж л байсан. Тэр үедээ бол кинонд тэгж нүцгэн гарч байгаагүй. Хамгийн анхных нь би (инээв). Тэрийгээ би тэр үед гоё дүр бүтээсэн гэж боддоггүй байсан. Хүмүүст хүрэх нь хүрсэн. Тэрнээс би энэ дүрийг бүтээчихлээ гэж хэлж чадахгүй. Дүр гэдэг шал өөр юм байдаг.

-Та тэр үедээ ханьтайгаа суусан байсан уу?

-Суусан байсан. Манай нөхөр МУГЖ бүжигчин Батжаргал гэдэг хүн байдаг. Бүжгийн хүн сүүлийн үед найруулагч болсон. “Мандухай сэцэн хатан”киноны нээлт болоход миний хамгийн анхны шүүмжлэгч манай нөхөр байсан. Гэртээ ирэхэд надад их гоё ширээ засаад шампанск хоёр хундага тавиад “за үнэхээр сайхан кино болжээ, “Цогт тайж”-ийн дараа орох кино болсон байна. Хоёрт гэвэл Сүххуяг та хоёр эр эм хоёр нэг оронд орохдоо хөнжлөө булаацалддаг юм уу” гэж хамгийн анх шүүмжилж байсан. Тэрэнд бол аймаар ноцтой юм байгаагүй. Уран бүтээлч хүн болохоор шал өөр хандлагаар хандаж өөрөөр харж хүлээж авсан.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү