Recetas

Жүн Мин Гюү: Нуруу өвдвөл халуун, хүйтэн жин тавиарай

Монгол-Солонгосын дорнын уламжлалт анагаах ухааны төвийн эмч Жүн Мин Гюүтэй ярилцлаа. Жүн Мин Гюү эмч Дорнын анагаах ухааны их эмч мэргэ­жилтэй бөгөөд Донггүк их сургууль Дорнын анагаах ухааны их эмчийн мэргэжлээр 2001-2007 онд суралцаж дүүргэсэн. Улмаар Донггүк их сургуульд 2008-2011 онд суралцаж Нөхөн сэргээх эмчилгээ­гээр магистр цол хамгаалсан. Тэрээр Донггүк их сургуулийн эмнэлэгт дорнын анагаах ухааны их эмчээр 2007-2011 онд ажиллаж байсан. 2011 оноос эхлэн манай улсад хүрэлцэн ирж Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв /МСДАУТ/-д уламжлалт анагаах ухааны их эмчээр ажиллаж байна. БНСУ-ын нуруу мэдрэлийн “Чүна” эмчилгээний нийгэмлэгийн гишүүн, улсынхаа Дорнын нөхөн сэргээх эмчилгээний академи болон Зөөлөн эдийн гэмтлийн ортопед эмчилгээний академийн гишүүн юм байна. Түүнтэй ууц нурууны өвчний талаар ярилцсанаа хүргэе.

-Монгол-Солонгосын хамтарсан эмнэлэг анх байгуулагдсан түүхээс яриагаа эхлэх үү?

-1999 онд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жун Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэр үед Монгол Улсын Засгийн газраас хүсэлт тавьж ийм эмнэлэгтэй болох санал гаргасан юм. Манай эмнэлэг 2001 онд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажил­лагааны үр дүнд байгуу­лагдсан. Эрүүл мэндийн яамны харъяанд ажил­ладаг.

-Сүүлийн үед хүмүүс албан тасалгаанд олон цагаар сууж ажилласнаас болоод нуруу нь шо­хойжлоо, өвдлөө, төмөр үе суулгалаа гэх мэтээр нэ­лээн асуудалтай болжээ. Хүний биеийн чухал, тул­гуур эрхтний нэг нь нуруу байдаг. Нурууны өвчнийг ерөнхийд гоедох гэж нэрлэж байна уу?

-Гоёдох өвчин бол хүний хүзүү, ууц нуруу, бэлхүүс орчмоор үүсдэг өвчин юм. Ихэнх хүмүүс энэ өвчнөөр олонтаа өвддөг. Түгээмэл өвчний нэг гэж хэлж болно.

-Ямар шалтгаанаас болоод ийм өвчин хү­мүүсийн дунд түгээмэл болов?

  • Ийм өвчин үүсэх шалтгаан нь хүнд юм өргөх, эвгүй хөдлөх, удаан хугацаагаар нуруундаа ачаалал өгөх, даарах зэр­гээс үүдэлтэй. Ихэнх хүн нурууны дискийн өвдөлт гэж ойлгодог хэдий ч үнэндээ нурууны диск­нээс болж өвдөх нь харь­цангуй бага юм. Харин ихэнхдээ үе, нуруу хүзүү, бүсэлхий орчмын булчин холбоос зэрэгт бий болсон өвдөлт голлодог. Ийм өв­дөлтийн 90 хувь нь ууц, нуруу, бүсэлхийний булчин хэлбэрээ алдан чангарч зангирах, булчин удаан хугацаагаар агш­санаас үүдэлтэй. Ууц нуруу, бүсэлхийн булчин болон өгзөгний булчинг барьж үзэхэд хатуурсан бөгөөд хөл рүү нь өвдөлт дамждаггүй онцлогтой.

-Нуруугаар өвдөхөд ямар хүчин зүйл нөлөөлдөг юм бол?

-Олон хүчин зүйл бий. Тухайлбал, хэт таргалалт нөлөөлнө. Ялангуяа гүзээтэй хүмүүсийн нуруу өвдөх нь элбэг тохиолддог. Гэмтэл бэртэл авах, их даарах үед нуруу дорхноо өвдөнө. Мөн жирэмсэн эмэгтэйн ууц нуруу, бүсэлхийгээр өвдөх нь бий.

Хоёрдугаарт, дискний өөрчлөлт /Диск гадагш гарсан эвэрхий/. Диск нь ууц нурууны ясны хоо­ронд зөөллөж өгдөг нэг ёсны зөөлөвчийн үүрэг гүйцэтгэдэг эд. Диск га­дагш гулгаж товойн, хөл рүү орсон мэдрэлийн судлыг дарснаас үүссэн өвчинг дискний эвэрхий гэдэг. Залуу хүмүүст олонтоо тохиолдож, хөл рүү өвдөлт дамждаг юм. Ихэнхдээ ууц нурууны нэг тал, өрөөсөн хөлөөр өвдөх бөгөөд хэв­тэж байгаад хөлөө дээш өргөх үед хүчтэй өвдөх нь бий.

Гуравдугаарт, ну­рууны нугалам хоорондох зайн нарийсал байна. Ну­рууны нугалмын хоо­рондын зай нарийсч, мэдрэлийн судлыг бүхэлд нь дарсан байдаг. Ну­рууны дискний эвэр­хий­гээр удаан өвдсөн өвчтөн эсвэл биеийн хүчний ажил хийдэг, хүнд юм өргөдөг хүн 40-өөс дээш насны хүмүүс голдуу ингэж өвддөг.

Гол шинж тэмдэг нь удаан явахад нуруугаар улам хүчтэй өвдөж, хоёр хөл рүү ижилхэн байдлаар хөдөлж чадахгүй болтол өвддөг онцлогтой. Үүнээс гадна нурууны өвчний шалтгаалах боловч ихэнх тохиолдолд нурууны буруу байрлал, ясны ургалт, гэмтлээс болж энэ өвчин үүсдэг.

Иймд энгийн үед ууц, нурууны ачааллыг тохи­руулан, зөв сууж, даа­рахгүй байх нь чухал. Мөн зогсож ажиллаж занших нь чухал бөгөөд ууц, ну­рууны булчинг чангалах дас­гал хөдөлгөөнийг идэвхтэй хийж байх хэрэгтэй.

-Ууц нуруу, бэлхүү­сээр өвдөх үед ямар арга хамжээ авах вэ. Зарим хүн өвчин намдаах эм уудаг?

-Буруу байрлаж унтаад сэрсний дараа нуруу өвддөг. Тэгвэл сандал дээр суунгаа шалан дээр байгаа зүйлийг түүж авах хэрэгтэй. Мөн хүнд зүй­лийг эргүүлэх үед гэнэт нуруу, бэлхүүсээр өв­дөхийг мэдэрдэг тохиол­дол байдаг. Энэхүү өвдөлт нь ихэнхдээ ууц, нурууны булчинд ачаалал бий болсноос үүддэг. Ийм тохиол­долд та хангалттай тайван амрах хэрэгтэй. Тэгвэл өвчин тэр дороо эдгэрдэг.

-Гэнэт ууц нуруугаар хатгахад хүн хөдөлж чаддаггүй. Ийм хурц хэлбэрийн өвдөлтийн үед нурууны өвчнийг намжаах арга байна уу?

-Хэвтэж нуруугаа амрааж болно. Ууц, нуруугаар гэнэт өвдвөл хэвтэж амрах хэрэгтэй. Гагцхүү гурван өдрөөс дээш хугацаагаар тайван амарч байлаа ч өвдөлт намдахгүй бол эмчид яаралтай хандаарай. Мөн бас нэг арга нь хүйтэн, халуун жин тавих хэрэгтэй.

Хурц хэлбэрийн өвдөлтийн үед халуунаас илүүтэй хүйтэн жин тус болно. Өвдөж байгаа хэсэгт хүйтэн жин тавибал судас агшиж, өвдөлт ба­гасна. Өвчин удаан үргэл­жилж булчин агшсан то­хиолдолд үр дүнтэй байдаг. Хурц хэлбэрийн өв­дөлтийн үед эхний гурван өдөр орчим нь хүйтэн жин, дараагийн гурван өдөр халуун жин тавина. Ууц, нурууны архаг өвдөлтийн үед халуун жин тус болно. Гагцхүү халуун жинг үргэлжлүүлэн тавих бол хоёр долоо хоногоос хэт­рүүлж болохгүй. Нурууны хамгаалалтын бүс хэрэг­лэж болно. Хурц хэл­бэрийн өвдөлтийн үед ууц, нурууны булчинг хамгаа­лах хэрэгсэл хэрэглэх нь тохиромжтой. Харин хэт удаан хугацаагаар хэрэг­лэвэл нурууны булчин сулрах учраас хоёр долоо хоногоос илүү хугацаагаар хэтрүүлж болохгүй.

-Нуруу бэлхүүсээр өвдсөн үед заавал эмнэ­лэгт хандах шаардлагатай юу?

-Ууц, нуруугаар өвдөх нь янз бүрийн шалт­гаантай боловч ихэнхдээ хүнд биш өвчний улмаас бий болдог. Иймд гэртээ байхдаа өөрөө эмчлэн эдгэрүүлж болдог. Цөөхөн тохиолдолд хүнд өвчний улмаас үүдэлтэй буюу мэс засал хийлгэх шаардлага гардаг. Тийм учраас эмнэ­лэгт очиж мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч эмч­лүүлэх хэрэгтэй. Заавал эмнэлэгт хандах шаард­лагатай тохиолдлууд бай­даг. Тухайлбал, сараас дээш хугацаагаар ну­рууны өв­чин намдахгүй, илаар­шихгүй үргэлжлэн өвдөж байгаа бол мэр­гэжлийн эмчид үзүү­лээрэй. Шөнө унтаж, амарч чадахгүй байгаа болон явган явж чадахгүй хүндрэлтэй байгаа бол эмнэлэгт хан­даарай. Хөлийн шөрмөс ца­хилгаан гүйх мэт татах болон хүч байнга суларч тамирдаж байгаа бол мэргэжлийн эмчид хандах ёстой. Хошногоны амсар мэдээгүй болох эсвэл өтгөн, шингэн гарахад асуудалтай бол, осол, гэмтлийн улмаас ууц, ну­руундаа гэмтэл авсаны дараа бий болсон өвдөлтийн үед яаралтай рентген зураг авахуулж, шинжилгээ хийлгэн манай эмнэлэгт хан­даарай. Манай эмнэлэг Хан-Уул дүүрэг, Оргил рашаан сувиллын зүүн жигүүрт байрладаг. Шаардлагатай бол 345374, 96662728 утсаар холбоо бариарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” Д.МЯГМАР

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү