Мэдээ

Ж.Энхцэцэг анхны хүүгээ алдсан ч бөлцийсөн нүдтэй шалгалтаа өгөхөөр очлоо

МУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Балдангийн Жав. Эх барих эмэгтэйчүүдийн салбарын ноён оргил, домог болсон энэ хүний

гарын шавь анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч Жамсранжавын Энхцэцэг.

Ж. Энхцэцэг эмчийг анагаахын сургуулийн багшаар сонгож авсан хүн нь Б.Жав багш.

Цөөхөн тооны онц сурлагатнуудаа тэнхимүүд багш болгохоор булаацалдана. Нүдний Нямаа багш, гэмтлийн Дэмид багш нь тэнхимдээ багш болгохоор ятгана.

Залуу бүсгүй Энхцэцэг 6-р курстээ анхны хүүгээ төрүүлээд сургуулиасаа нэг жилийн чөлөө

авахаар төлөвлөж байв. Маш их хүндрэлтэй төрсөн бүсгүй 14 хоноод анхны хүүгээ алдчихлаа.

Нэгэнт ийм болсон хойно жил алдаад яахав гэж бодоод уй гашуу нь арилаагүй бөлцийсөн нүдтэй, уруу дорой царайтай, толгойгоо боосон нялх биетэй бүсгүй

шалгалтаа өгөхөөр сургуулийн коридорт явж байгаад Жав багштайгаа таарлаа.

Багш нь охиныг хайрлан сэтгэлийг нь засаж толгойг нь илээд “Миний охин хүндрэлтэй төрдөг юм чинь эх барихын эмч бол, бас энэ тэнхимдээ ч багш бол!” гэжээ. Ингээд ямар ч эргэлзээгүй шууд Жав багшаа дагасан байна.

Архангай аймгийн Хайрхан суманд сумын эмч хийж, хөдөө талд эх барьж эх үсийг учруулан,, оюутан байхаасаа л нэгдүгээр төрөхдөө жижүүрлэн хонож, анагаахын сургуулийн бүх тэнхимийн эрхлэгч- акулуудын өмнө догдлол сандралтай “Ургийн буруу байрлал” сэдвээр анхны хичээлээ зааж байсан охин өнөөдөр Эх барихын салбарын тэргүүн эгнээнд Б.Бүлтэн, Б.Үйлст эмч нартай зэрэгцэн хэдийн тухалсан.

Чанга хатуу, хариуцлагатай, хүний төлөө байхыг Жав багш нь түүнд заасан, бас үлгэрлэсэн. Жав багш шавь нартаа хамгийн хатуу байсан, шалгалтыг хамгийн хатуугаар авна, ямар ч энэрэл өршөөл байхгүй! “Хоёр хүний амь хариуцсан ажилд ямар ч нялцганал байх ёсгүй!” гэж эрс хэлнэ.

Тиймээ, энэ бол хоёр хүний амь! Ямар ч ээж над шиг үрээ алдаж уй гашууд автах ёсгүй! Төрөх газраас эрүүл ээж эрүүл хүүхдээ тэврээд инээмсэглэн гарах ёстой!” Энэ түүний зарчим болон төлөвшсөн түүх ийм!

“Би яг л багш шигээ хатуу болсон. Оюутныг эвийлж болох ч түүнээс болоод хожим эх, нярай эндвэл энэ миний буруу болно!” гэдэг зарчмаар шавь нартаа хатуурхана.

Хожим багштайгаа зэрэгцэн суугаад оюутнуудаас шалгалт авдаг болсон. “Багш маань сүүлд өндөр настай болоод тэгсэн үү, намайг оюутанд чангараад унагачихаар ширээн доогуур миний хөлийг сэмхэн өшиглөж байдагсан…” гэж Enkhtsetseg Jamsranjav эмч багшаа дурсана. Шавийн эрдэм багшаас…

Оюутан цагаасаа л жижүүрт хонож, сургууль төрөх хоёрын хооронд гүйсээр өнөөг хүрсэн. Энэ хооронд явсан километрийг тооцвол овоо юм гарна. Анагаахын сургууль Нэгдүгээр амаржих газрын хооронд Энхцэцэгийн жим, бүр зам гартал явсаар өнөөдөртэй золгожээ. Энэ хооронд олон ч эх үрсийг учруулан, бас цөөнгүй золгүй явдалтай тулсан. Өөрөө хоёр ч үрээ алдсан.

Хожим туршлагатай эмч, багш болсон хойноо 10 сар тээсэн үрээ тэвэрч чадалгүй, чинэрсэн хөхнөөсөө сүү дуслуулан төрөхийн хаалгаар ганцаараа гарч явахдаа ийм зовлонгийн хатууг дахинтаа гүнзгий мэдэрсэн. Хоёр хүний амьтай тулалдсан мөнхийн тэмцэл дунд туучихдаа Ж.Энхцэцэг эмч хатуужсан, бас уярсан, туршлагажсан. Энэ бүх түүх нэгдүгээр төрөхтэй холбоотой. Тиймээс Энхээ эмч

Б.Жав багшийн нэрэмжит Нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газар өөрийгөө насан туршийн өртэй гэж боддог. Энэ амаржихыг жинхэнэ эх үрсийн жаргалын орон болгож хайрт багшдаа суварга босгоно доо гэж ярьдаг, бас зүтгэсэн.

Олон жил идээ бээр болтлоо бугшсан эмнэлэг дээрх хэт цөөнхийн засаглалыг унагах тийм ч амархан биш ээ. Олон даргыг тэд явуулж чадсан. “Өмнөх дарга нарыг уйлуулаад гаргаж байсан юм аа,

Энхцэцэгийг ч мөн уйлуулаад энэ төрөхөөс зайлуулах болно!…” гээд хундага тулгаж байсан тэр цөөхөн хүмүүс, гэмгүй олон эмч сувилагч нарын хөдөлмөрийг завшиж хөлжигч, салбарынхаа нэр хүндийг шавартай хутгагч хэт цөөнхийн тэр бүлэглэл ялах уу?! Жижигхээн тэр ертөнцөд шудрага ёс тогтож чадах уу?!

Оюутан байхдаа хөөрөн догдлон хаалгаар нь анх орсон Өргөө амаржихын даргаар томилогдоод орохдоо хамгийн түрүүнд багшийнхаа хөшөөнд мөргөж “Би чадна аа, багш аа!” гэж багшдаа тангараглаад, дотроо залбираад орсон учраас бууж өгмөөргүй байна! Муу муухай хүмүүст, шударга бус байдалд бууж өгмөөргүй байна!

Энхээ эмчид мөрөөдлөө биелүүлэх боломж олдоно оо! Багш нь тэнгэрээс харж, хайртай шавьдаа итгэж байгаа..

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү