Мэдээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Германы нийтийн тээврийн соёлыг хараад “шагшрав”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд ХБНГУ-д айлчилсан. Айлчлалын багт ГХ-ны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар , ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нар багтсан билээ.

Айлчлалын багт багтсан сайд С.Бямбацогт Берлин хотын нийтийн тээврээр зорчиж, туршлага судлан “шагширсан” байна.

Тэрбээр энэ тухайгаагаа “8.8 еврогоор 24 цагийн дотор Берлин хотын хаашаагаа ч бүх тээврийн хэрэгслээр зорчих тасалбар авч газар доогуур болон дээгүүрх метро, LRT, цахилгаан болон ердийн автобусаар аялж үзлээ.

Нийтийн тээврээр билeтгүй явбал 60 eврогоор торгодог, харин гурван удаа торгуулбал шууд эрүүгийн хариуцлага үүсдэг чанга зохицуулалттай аж. Автобус ажлын өдрүүдэд 5 минутын зайтай, амралтын өдрүүдэд 20 минутын зайтай явдаг, авто замын хөдөлгөөнд НИЙТИЙН ТЭЭВЭР, ДУГУЙ хоёр давуу эрхтэй оролцдог юм байна.

Авто замын төлбөр хураамж, торгуулиас орж буй бүх орлогыг шууд нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулагддаг системтэй тул нийтийн тээвэр үнэхээр сайн хөгжжээ. Бас нэг сайн туршлага бол зам барихдаа автомашины зам, явган хүний зам, дугуйн замыг цогцоор нь шийдэж байна. Мөн Герман улс даяар дугуйн зам барих бүх нийтийн төслийн уралдааныг зарлаж, хотуудыг хооронд нь өрсөлдүүлж улсын төсвөөс хөрөнгө гаргаснаас бүх хотууд бүгд дугуйн замтай болсон байна.

Бас нэг сайн туршлагыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Нийтийн тээвэрт хүн бүр хэрхэн аюулгүй ажиллагаагаа хангаж оролцох, соёлтой үйлчлүүлэх талаар багаас нь төлөвшүүлж, иргэн өөрөө аюулгүй байдлаа хангах суурийг маш сайн тавьж өгдөг байна. Тухайлбал, хүүхдүүдэд цэцэрлэгт байхад нь л явган зорчигчийн талаар зааж сурган суурийг нь зөв өгч цаашилбал нийтийн тээврээр хэрхэн өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж зорчих, явганаар, дугуйгаар, скүтер, авто машинаар хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар иргэдээ байнга чадваржуулдаг байна.Нийтийн тээврийн шинэчлэл, либералчлал үнэхээр түгжрэлийг шийдэх гарц бололтой” хэмээжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү