Мэдээ

Заримдаа манай нөхөр намайг зодож байснаа үргэлжлүүлээд шууд хүчиндчихдэг байсан юм. Гадаадад 5 жил ажиллаж авсан 4 өрөө байр, машинаа бүгдийг нь нөхөртөө үлдээгээд өөрөө гар хоосон гарсан

Бид хоёр бие биеэ хараад л шууд дурласан. Тэр залуу нэлээн царайлагдуу байсан юм. Өргөн мөртэй, өндөр нуруутай, өтгөн хөмсөгтэй, сормуус нь дэрвийсэн, тас хар үстэй, онигор нүдтэй, нуруугаараа хотгор нээх сайхан залуу.

Би ч залуу байсан болохоороо одоогийнх шиг ийм байсангүй. Туранхай, урт үстэй сайхан л охин байлаа. Тэр надаас 3 дүү. Бид хоёр их сургуульдаа танилцаад уулзаж учирч байгаад удалгүй би жирэмсэн болчихсон юм.

Залуу ч байж, томоогүй ч байж. Би жирэмсний хордлоготой яваад байсан чинь ээж гадарлачихсан. Тэгэхээр нь ээждээ үнэнээ хэллээ.

Ээж цааш нь аавд хэлээд манай гэрийнхэн бөөн сенсац. Ах, эгч нар маань мундаг хүмүүс байдаг юм. Бүгдээрээ дээд боловсролтой, тогтсон амьдралтай. Намайг сургуулиа төгсөөгүй, хүнтэй суугаагүй байж ийм боллоо гээд л бөөн юм болцгоосон.

Аав “За чи тэр хүнээ дагуулаад ир” гэж байна. Би чинь айж бэмбэгэнээд дуугүй суугаад л байлаа. Гэтэл аав “Миний охин яадаг ч байсан дагуулаад ирээ. Аав нь зүгээр л ямархуу хүн бэ гэдгийг нь хармаар байна” гэлээ.

Тэгэхээр нь би чинь айж айж, хулгаж хулгаж, өнөөдөр, маргааш гэж худлаа ярьж нэлээн хойшлуулж байгаад нэг өдөр аргагүйн эрхэнд дагуулаад очлоо. Найз залуугийн маань аав ээжийг манай аав ээж таньдаг болж таарсан юм. Аав “Энэ залуугийн гэрийнхэн хэчнээн нэр хүндтэй том хүмүүс ч гэсэн хүн муутай улс. Чамайг суулгахгүй ээ. Наад хүүхдийг чинь төрүүлэхгүй” гэж байна. Би чинь учир зүггүй л уйлчихсан. Ёстой сүйд майд болж байгаа юм чинь. Тэгэхэд би дээрээ гурван ах, хоёр эгчтэй, айлын бага байсан юм. Гурван ах маань намайг ёстой алган дээрээ бөмбөрүүлдэг байлаа. Ах нар маань хоорондоо ярилцаад “Хүүхдийг нь төрүүлнээ. Хөндлөнгөөс хүмүүсийн харилцааг шийднэ гэж юу байдаг юм. Амьдруулаад үз. Аав ээж хоёр битгий амьдралд нь оролцоод бай” гэж хэлцгээв.

Хүнтэй суугаагүй байж хүүхэдтэй болох нь гээд аав ээж хоёр танилуудаасаа ичээд найз залуу бид хоёрыг Япон руу явуулдаг юм өө. Очоод удаагүй би ч төрлөө. Найз залуу минь ч сурдаг боллоо. Монголд сурч байсан барилгынхаа чиглэлээр. Аав ээж хоёр “За одоо дахиад хүүхэдтэй битгий болоорой” гэж надад баахан захисан ч жил дараалаад дахиад хүүхэдтэй болчихлоо. Охин гардаг юм. Үнэхээр аз жаргалтай байв. Нөхөр бид хоёр биеэсээ салж чадахгүй, суусан ч цуг, боссон ч цуг. Зав чөлөө болгондоо дандаа л хамтдаа байна. Аав ээж хоёр Японд хамт байсан болохоор үнэндээ л хэцүү зүйл байсангүй. Эхний хүүхдээ би завгүй болохоороо аргагүйн эрхэнд бараг хөхүүлээгүй.
Аав ээждээ хүүхдээ өгчхөөд шууд ажил хийсэн юм. Осака хотод зочид буудал цэвэрлэдэг байлаа. Нөхрийнхөө сургалтын төлбөрийг хийлцэх нь миний чухал зорилго. Их, бага хэмжээгээр би нөхөртөө дандаа мөнгө өгнө. Япон чинь ямар өртөг өндөртэй газар билээ. Хүүхдийн сүүнээс өгсүүлээд хэрэглээний зардал талийна. Дараагийн хүүхдээ ч гэсэн би аав ээжээрээ харуулчхаад угжуулаад л ажил хийсэн. Токио хот руу шилжиж очоод дахиад өөр буудалд орсон. Би үнэндээ л сайн ажиллаж байлаа. Их ч мөнгө цааш нь хийсэн. Нөхөр сургуулиа төгслөө. Японд амьдраад 5 жил болохын даваан дээр нөхөр нэг өдөр орж ирснээ гэнэтхэн “Би одоо Монгол руу буцна. Аав ээж, ах дүүс дээрээ очно” гэдэг юм. Уг нь бид хоёр Япондоо сайхан амьдаръя гэж хоорондоо их ярьдаг байсан юм. Тэгэхээр нь “Заза чи явах юм бол би ч гэсэн дагаад л явна шүү дээ” гээд хамт буцахаар боллоо.

Ямар хүүхдүүдтэйгээ гурвуулхнаа үлдэлтэй биш дээ. Би ах нар луугаа яриад “За бид нар очих гэж байна шүү. Очиход орох орон, манай нөхөрт унаа тэрэг бэлдээрэй” гээд би олсон хамаг мөнгөө явууллаа. Би бүр аягүй их мөнгө хураасан байсан юм.

Ах нар маань “Хэний нэр дээр байрыг чинь авах юм? Та 2 гэрлэлтээ батлуулах юм уу яах юм?” гэж асуухад нь би “Бид хоёр очингуутаа л гэрлэлтээ батлуулнаа. Манай нөхрийн нэр дээр авчих” гэчихлээ. Тэгээд л Монголд ирэхэд хүний ах эгч нар гэж ямар сайхан юм бэ. Хороололд 4 өрөө байр, манай нөхөрт машин, хүүхдүүдээ цэцэрлэгт нь зөөгөөрэй гээд надад хүртэл дахиад нэг машин аваад бэлдчихсэн байж байна. Би тэр бүхнийг хараад өөрөөрөө жигтэйхэн их бахархсан. Би ямар мундаг ажилласан юм бэ гэж. Нөхөр маань Японы хөрөнгө оруулалттай нэг том төсөл дээр ажиллахаар боллоо. Угаасаа манай нөхөр үнэхээр чадварлаг архитектурч байсан юм.

Монголд амьдралаа эхлүүлээд 7 л хонож байлаа. Нэг орой нөхөр маань ажлаасаа ирэхгүй таг алга болчихсон. Би хоолоо хийчхээд хүлээгээд л байв. Тэгсэн бүр үүрээр шал согтуу ороод ирлээ. Тэр үед би ЖиМобайлын антеннтай сөхөгддөг утас барьдаг байсан юм. Нөхөр орж ирээд удаагүй байсан чинь утсанд нэг танихгүй дугаараас бичлэг ирэв. Ороод хартал тэр бичлэгэн дээр нөхөр маань нэг хүүхэнтэй хэвтэж байна. Би харчхаад өөртөө итгээгүй. Бүр дахин дахин үзээд ч итгээгүй. Тэгээд би дотроо юу гэж бодсон гээч “Заза яг өөрийнхөө нүдээр харж байж л итгэе” гэж. Тэр өдрөөс хойш манай нөхөр тэс өөр хүн болчихсон. Байнга согтуу оройтож ирдэг болов. Би ер нь төрөлхийн жаахан хэнэггүй хүн байхгүй юу. Болвол болно л биз, болохгүй бол тэр л биз гэж боддог. Ямарваа юманд яаанаа ийнээ гэж ердөөсөө санаа зовдоггүй. Дээр нь жаахан хүүхдүүдтэй байсан болохоор тэрэндээ бас түүртээд олон долоон юм ярих ч завгүй байлаа. Нөхөртөө юм хэлэхгүй л яваад байв. Манай нөхөр бол хүүхдүүддээ ердөөсөө ойртдоггүй тийм эцэг. Японоос ирэхэд онгоцноос буухдаа ганц л удаа хүүхдээ тэвэрч байсныг нь санадаг юм. Нөхрийн амьдрал нэг иймэрхүү өрнөнө.

Ажлаа хийгээд цалингаа зөвхөн өөртөө зарцуулдаг, дандаа шоуддаг хүн. Бид нарт цалингаасаа хэзээ ч хялайлгахгүй. Би болохоороо энд тэнд хоёр, гурван цагийн ажил хийнэ. Сургууль төгсөөгүй, мэргэжилгүй над шиг хүнд өөр ямар ажил олдохов. Нэг удаа хүүхдийн минь бие өвдөж халуураад гэрт харах хүн байдаггүй ээ. Тэгэхээр нь би хоёр хүүхдээ дагуулаад аав ээж дээрээ очоод тэндээсээ ажилдаа яваад хэд хонолоо. 5,6 л хоносон байх. Тэгээд гэртээ ирсэн чинь би бүр гэрээ таньсангүй. Засвар хийгээд хоёр том өрөөгөө нийлүүлээд нэг болгочихсон байна. Тэгснээ жижиг өрөөндөө хүүхдүүдийнхээ эд зүйлсийг бүгдийг нь минийхтэй хамт оруулаад тавьчихаж.

Нөгөө нийлүүлсэн аймар том өрөөндөө өөрийн гэсэн бүх юмаа оруулж тавиад өнгөтэй өөдтэй тавилгануудаа хувьчлаад авчихсан, засвар хийгээд бүр янзын гоё тухтай болгочихжээ. Дөрвөн өрөөгөө 2 хуваагаад дээд, доод зиндаа гэдэг шиг л юм болгочихсон байв. Жижиг өрөө, гал тогоо бид 3т хувиарлагдсан юм шиг байгаа юм. Тэгээд би “Чи яагаад ингэчих вэ” гээд гайхаад асуусан чинь “Өө ёстой хөгшнийх нь хувцас багтдаггүй ээ. Гайгүй тухтай амьдармаар байна” гээд тиймэрхүү л янзааны юм хэллээ. Би уг нь хэрэндээ л түүнийг тухтай байлгаж байна гэж боддог байсан юм. Намайг бодвол чухал ажил хийдэг хүн гээд зочны өрөөгөө түүний ажлын өрөө болгочихсон, намайг бодвол чухал ажил хийдэг хүн гээд бас ямар л чанартай брэндийн хувцас байна бүгдийг нь эдлүүлж хэрэглүүлэх гэж хичээдэг байсан юмсан.

Чадахаараа тансаг байлгах гэж хичээж байхад ингэж байгаа нь урам хугармаар байсан ч “хайраа хайраа” гээд байхаар нь яалтачгүй уярчихав. За дуртайгаараа байг дээ гэж бодлоо. Нөгөөх чинь хоол унданд мөнгө нэмэрлэх битгий хэл, өөрөө ч ирж хоол идэхгүй. Нэг харахад л ирчихсэн унтаж байгаа болтой байдаг, нэг мэдэхэд л хаалга дуугараад гараад явж байгаа болтой байдаг. Тийм болчихсон. Хэдхэн хоногийн дараа би ажлаасаа иртэл дахиад л шоконд орлоо. Нөгөөх чинь коридороо хуваагаад 2 хаалгатай болгочихсон байна. Өөрийнхөө өрөө лүү өөрийнхөө хаалгаар орох юм гэнээ. Ажилдаа яваад ирэх хэдхэн цагийн хооронд тийм юм хийчихсэн байна шүү дээ. Тэгээд өөрийнхөө хаалгыг дотроосоо түгждэг, явахдаа бас гаднаас нь түгждэг боллоо. Би урьд нь орж бохир хувцсыг нь аваад угаачихдаг, өрөөг нь цэвэрлэчихдэг байсан бол одоо бүр орох ч эрхгүй, таг түгжээтэй хаалга л харагдана.

Манай гэрийнхэн миний амьдралыг гадарлаад эхэллээ. Аав намайг хажуудаа суулгаж байгаад толгойг минь илснээ “Миний охин нэг л эвгүй байгаа юм биш үү? Нүдэнд чинь булингар суучихсан байна. Хөгшрөөд бүр их үрчлээтэй болчхож. Амьдралд чинь ямар нэгэн юм тохиолдоод байна уу?” гэхээр нь би “Үгүй яагаачгүй” гээд гүрийгээд л байлаа.

Дараагийн удаа аав намайг бүр “Чи надад ийм тийм юмаа ярихгүй бол миний амьд явсны хэрэг алга” гээд загнахаар нь би бүгдийг хэлээд л уйлчихсан. Хамаг ах эгч нарыг дуудаад том гэр бүлийн хурал хийлээ. Нөгөөдүүл чинь хажуунаас оролцоно гээд байхаар нь би шууд болиулсан. “Энэ чинь миний сонгосон амьдрал. Та нарт ямар ч хамаа байхгүй. Би боливол болино, болихгүй бол болихгүй” гэж хэлээд өөрийн байр сууриа хатуу илэрхийллээ. Ёстой хэнийг ч амьдралдаа оролцуулаагүй дээ. Аав ээждээ хүүхдүүдээ аваачиж өгөхөө ч болив. Тэгээд л манай хүүхдүүд чинь хоолгүй бол хоолгүй, гэртээ түгжээтэй байдаг боллоо. Цонхондоо би бүр давхар түгжээ хийлгүүлсэн. Японоос ирээд хэдхэн сарын дотор л ийм зүйлс болоод өнгөрч байгаа байхгүй юу. Нөхрийн маань явдал суудал даамжраад бүр өчнөөн олон хүүхнүүд над руу холбогддог болов. Танай нөхөр яадаг ийдэг л гэнэ.

Саяхан гараад явсан яагаад одоо болтол очоогүй байгаа юм бол ч гэх шиг. Би шууд л тасалчихдаг байлаа. Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэхэв нэг өдөр би “Чи яаж ингэж амьдраад болоод байдаг юм бэ? Бид нар чинь чамд хүн шиг харагддаггүй юм уу?” гээд хэлсэн. Тэгсэн байхгүй намайг барьж аваад шууд зо.дчихсон. Би гал тогоондоо нэг Америк чулуун тавцан авч байсан юм. Тэр чулуун тавцангаа очиж мөргөөд л ухаан алдаж унасан даа. Маргааш нь нөхөр бүр гөлөг болчихсон байгаа юм чинь. Гэнэт ухаан орсон амьтан “Уучлаарай хайрыгаа энээ тэрээ” гээд бөөн сүр. Бид нартай хоол иддэггүй хүн чинь бүр хамт хоол идээд, хүүхдүүдээ үнсэж тэврээд, хамтдаа дэлгүүр гаръя хүнсээ цуглуулъя гээд, тэгснээ орой нь 2уулхнаа сууж кино хамт үзээд л. Хүүхдүүд ч инээлдээд, би ч инээгээд тэр өдөр үнэхээр мартагдахын аргагүй байлаа. Гэвч дөнгөж маргаашаас нь буцаад бодит амьдрал ирлээ. 2,3 удаа тэгж зо.доод эргэж уучлал гуйгаад л эвлэрээд байсан. Тэрнээс хойш уучлал гуйх гэдэг зүйл бүр байхаа ч болилоо. Орж ирэнгүүтээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр намайг зо.дно. Тэгсэн мөртлөө салъя, барья, ярилцъя гэж надад огт хэлэхгүй. Нэг орой би хүүхдээ цэцэрлэгээс нь авчхаад орж ирсэн нөхрийн өрөөний хаалганы цаана эмэгтэй хүний инээх чимээ сонсогдлоо. Дургүй хүрээд хаалгыг нь онгойлгох гэсэн чинь нөгөөх чинь тайлж өгдөггүй ээ. Тэгэхээр нь би дуудлагын хаалга онгойлгодог хүн дуудчихсан. Онгойлгуулаад л орсон чинь яг нүдээрээ бүхнийг харлаа. Эр, эм хоёр ямар байдаг билээ яг тийм юм руу яваад орчихсон. Хөдөлж ч чадахгүй, хөл тушаатай юм шиг болоод би хана налаад л унаж байгаа юм чинь. Нулимс зүгээр л чимээгүй урсаад байдаг юм байна лээ.

Нөгөөдүүл чинь мэдэж байгаа ч юм алга. Нэлээн уучхаж. Хэдий хүртэл би тэнд тэгж суусан юм мэдэхгүй. Нэг ухаан орсон би гал тогоондоо төмс хэрчээд зогсож байсан. Хүүхдүүд зурагт үзчихсэн. Тэгээд би өөртөө “За би одоо л өөрийгөө татаж авахгүй юм бол нэг л өдөр галзуурах юм байна. Өөрийн ухаангүй болоод хаана юу хийж байгаагаа ч мэдэхгүй болдог юм байна. Би энэний төлөө амьдраагүй. Би үр хүүхэд, өөрийнхөө төлөө амьдрах ёстой. Өөрийгөө л би хайрлахгүй юм бол өөр хэн намайг хайрлах юм. Би аз жаргалтай байж л миний хоёр хүүхэд сэтгэлийн зовлонгүй амьдарна” гэж бодлоо. Толгой руу бүр “ёонк” хийтэл ороод ирдэг юм байна лээ. Ямар замаар явж байгаад би энд хүрчих вэ гээд өөрийгөө гайхсан. Тэгээд л миний сэтгэл шууд хөрчихсөн. Нөхөр хаана ямар юмаа хийгээд хэнтэйгээ заваараад явна уу надад ямар ч хамаа байхгүй, би л хоёр хүүхэдтэйгээ сайхан амьдарчихая гэж бодоод байж байсан чинь дургүй хүрээд болдоггүй ээ. Дургүй хүрэлт эцэстээ тулаад дотроос нэг юм маажаад больдоггүй. Зүгээр л ганцхан удаа нам цо.хичихмоор санагдана. Би ёстой нэг гараараа нэг гараа болиулаад л яваад байлаа. Нэг ах дээрээ очоод “Би тэрнийг ухаан алдтал нь өөрийн гараар яг ганцхан л цох_ичихмоор байна” гэж хэлтэл ах “Чи тэгээд чадах юм уу?” гэхээр нь ‘Би чадахааргүй юм шиг байнаа” гэсэн ‘Чи тэгвэл зогсож байхад нь зүгээр хайруулын тавгаар цох.ьчооч’ гэж байна. Манай ах бас их шазруун хүн л дээ. Нээрээ болох юм шиг санагдаад би дотроо “Би чамайг хайруулын тавгаар биш юмаа гэхэд шанагаар цо.хино за юу” гэж хөмхий зуун бодов. Тэгээд бүр төлөвлөсөн. Хүүхдүүдээ бас бодоод байгаа байхгүй юу. Тийм юм харчихвал багын юм сэтгэлээс нь гарахгүй гэж бодоод хүүхдүүдээ хажуу айлын эгчийнд оруулчихлаа. Тэгээд хүлээж байсан чинь нөгөөх чинь нэлээн уучихсан бололтой ирээд хаалгаа онгойлгох гээд ноцолдоод л байна. Би ёстой харж харж, манаж манаж байгаад л цо.хичихсон. Миний гар хөл салганаад, хамаг хөлс гараад айсандаа гараад л гүйчихлээ. Хүн өчүүхэн хугацаанд мянган юм боддог юм байна лээ. “Яаанаа үхчихсэн болов уу? Би арай хүн амины хэрэг хийчихсэн юм биш биз дээ?

Намайг хүн алчихвал ээж аав хоёрын нэг нь даралтаар, нэг нь зүрхээр үхэх байхдаа. Тэгэхээр миний 2 хүүхэд шууд асрамжийн газар очих уу?” гээд бүх юмыг бодитоор цуварч төсөөлөгдөнө. Хоёр хөл салгалаад, зүрх түг түг гээд, энд тэнд очиж гишгээд л. Гадаа сандал дээр арай гэж өөрийгөө барьж суулаа. Тэгээд өөрийгөө барьж дийлэхгүй буцаад гэр лүүгээ гүйгээд орсон. Тэгсэн нөгөөх чинь намайг зөрүүлээд зо.ддог юм байгаа биз дээ. Бүр ёстой нэвширтэл минь зо.дсон доо. Тэр Америк чулуун тавцангийн ирмэгийг амаараа цо.хичихсон юм шиг байгаа юм. Хамаг шүд цөмрөөд дотогшоо болчихсон байхаар нь би шууд гараараа шүднүүдээ нааш нь татаж байгаад хамаг чангаараа зуучихсан. Ёо тэр өвдөлт бол ярих юм биш. Би уг нь үнэхээр сайхан шүдтэй байсан одоо гэтэл ийм (Шүдээ харуулав). Толгойны хажуу талаас цу.с асгараад салфеткаар дарсан ч тогтдоггүй. Ц.усаа барахаа байгаад би шууд дэрээ шүүрч аваад тэр хэсгээ дараад хэвтчихсэн. Аймар зузаан дэр тэр чигтээ улаан болчихсон байгаа юм чинь. Хүний ц.ус чинь гарч байгаад сүүлдээ нөжрөөд хатчихдаг юм шиг байгаа юм. Би гэрийнхнээсээ тас нуухаас өөр аргагүй. Хэлэх юм бол жинхэнэ хүн амины хэрэг гарна. Манай ах нар яаж зүгээр өнгөрөөх юм бэ. “Ажил болоогүй байна. Ирээд хажуу айлаас хэн нэгэн нь хүүхдүүдийг минь авчхаарай” гэж хэлчхээд эмнэлэг явж оёдол тавиуллаа. 8н оёдол тавиулсан. Тэрнээс хойш ана мана үздэг боллоо. Зо.долдвол зо.долдоод, хэрэлдвэл хэрэлдэнэ. Хэчнээн түүний нэр дээр байсан ч гэсэн энэ чинь миний цэвэр өөрийн хүч хөдөлмөрөөр худалдаж авсан байр. Би хаашаа ч явахгүй шүү дээ. Нэг өдөр би ярилцах гэж оролдлоо. Чи хүн л юм бол наашаа сууж бай гээд хоёр хүүхдийг нь өөдөөс нь харуулж суулгаж байгаад толгойныхоо оёдлыг ч үзүүлэв. Хамаг юмаа л ярилаа. Уйлж үзлээ, инээж үзлээ, аашилж нэг үзлээ. Нөгөөх чинь чимээгүй л сонсоод байна. Тэгснээ нээх сүрхий санаа алдаад босоод явчхав.

Энэ ийм гүнзгий санаа алдаж байгаа юм чинь эрх биш дотроо нэг юм яг бодсон доо гэж би горьдлоо. Тэгсэн маргааш нь намайг нэвширтэл минь зо.дсоноо бүр гэрээс минь хөөлөө. “Чи зүгээр зайл. Та гурав л байхгүй бол би сайхан амьдрах гээд байна” гэв. Надад нэг тийм адын зан байдаг юм. Шазруун ч гэх юм уу. Би “Чамаас би сэтэрхий зүү ч авахгүй. Наад байр машинаа бүгдийг нь чи ав. Миний машиныг ч гэсэн нэмээд аваарай. Дутуугаа авч дундуураа гүйцээ. Эмэгтэй хүн хэдэн хүүхэдтэй ч байсан амиа тээгээд явчихдаг юм шүү. Харин эр хүн дорддог юм” гэж хэлээд би хоёр хүүхдээ хөтлөөд л гарсан. Өвлийн гадаа ид тачигнаж байсан үе. Би гарангуутаа шууд л ах руугаа залгаад “Дүү нь ингээд хөөгдөөд гарчихлаа. Одоо би хаана очих вэ? Аав ээж дээр очмооргүй байна” гэсэн ах “Миний дүү наанаасаа таксидаад Чингис зочид буудалд очоод хоночих” гэлээ. Тэгээд л хоёр хүүхдээ дагуулаад очоод хоносон. Би ёстой өмсөж байсан хувцаснаасаа өөр юу ч үгүй явж байлаа. Маргааш өглөө нь 11 болох гэж байсан чинь гэрийнхэн над руу увж цуваад л ярьцгаагаад байна. “За чамд 13р хороололд 36 метр квадрат байр авчихлаа. Хүрч ирээд ор” гэж ах хэлэв. Тэгээд л тэнд орж миний амар тайван шинэ амьдрал эхэлсэн. Би дахиж нөхөртэйгөө холбогдоогүй. Хуучин гэрт байсан нэг ч юмаа очиж аваагүй. Сүүлд нэг бэлгэдэж хуримын бөгж зөрүүлж авч зүүж байсан тэр, тэгээд далайн нулимс гээд цэнхэр шигтгээтэй ээмэг зүүлт нөгөөх чинь бэлэглэж байсан тэр. Ийм л хоёр зүйл миний биед байсан. Иргэний үнэмлэхээ ч аваагүй гээд бод. Гэхдээ л би тамтаггүй их уйлж байлаа. Хүүхдүүдийнхээ хажууд уйлахгүй гээд би заримдаа Зайсан дээр, заримдаа Тасганы овоон дээр ганцаараа гарч сууж байгаад цурхиртлаа орилж уйлна. Амьдрал үнэхээр намайг сорьсон.

Тусдаа гараад удаагүй байхдаа би жирэмсэн болсноо мэдлээ. Заримдаа манай нөхөр намайг зодож байснаа үргэлжлүүлээд шууд хүчиндчихдэг байсан юм. “Чи энүүгээр дутаад байгаа юм уу? Чи яагаад надтай зууралдаад байгаа юм” гэж ирээд л тэгдэг байсан. Би өөрийнхөө сонгосон амьдралын хариуцлагыг үүрээд ээж ааваасаа тусламж авч хүүхдүүдээ харуулахаа больчихсон байлаа. Хүүхдүүдээ цэцэрлэгт явуулахыг нь явуулна. Заримдаа асрагч авна. Би чинь хэдэн төгрөгийн цалинтай билээ. Завсаргүй цагийн ажил хийж байгаа ч гэсэн мөнгөө хүргэх хэцүү л байлаа. Нэмээд жирэмсэн болчихсон чинь өөртөө юм хум авмаар байдаг. Бие дийлэхгүй болоод яалтачгүй цагийн ажлуудаасаа нэгийг нь хаях хэрэгтэй боллоо. Тэгж явсаар байтал төрөх цаг минь болсон. Эмнэлэг үнэхээр явж дийлдэггүй. Өвдөөд л ирэнгүүт нь мөлхөж байгаад хамаг юмаа ариутгаж бэлдлээ. Анхны төрөлт биш учраас ямар журмаар явдгийг нь бүгдийг нь мэдэж байгаа. Гэрийнхэн рүүгээ ч залгасангүй. Тэд нарыг дахиж зовоохгүй, миний л сонгосон амьдрал гээд гүрийчихсэн. Хүн тэгээд өөрийгөө нэг кодлочихоороо кодлочихдог юм шиг байна лээ. Нэлээн удаан өвдсөн. Миний хүүхдүүд ээж рүү гээ битгий хараарай гэчхээд л. Сүүлдээ бүр барахаа байгаад баннандаа орлоо. Манай банн, нойл тусдаа байдаг юм. Ороод шууд түгжсэн. Тэгээд орилж дуулж ёолсоор байгаад л төрсөн дөө.

Хүүхдийнхээ хүйг өөрөө хайчилсан. Өглөөний 7 цагт ус гараад 2:40 болж байхад гэртээ төрчихөж байгаа юм. Тэгээд жинхэнэ хамгийн хэцүү үеүдтэйгээ тулгарлаа. Нялх биетэй, хоёр хүүхдээ яах билээ. Дэлгүүр гармаар байдаг, юмаа угаамаар байдаг, памперсанд явмаар байдаг, хоол хийж идмээр байдаг. Хөл гуйваад ийшээ ч нэг унаад, тийшээ ч нэг унаад. Яалтачгүй цагийн ажил маш их хийж байсан болохоор бие сульдаад босож чаддаггүй. Тиймэрхүү байдалтай 1 сар болсон. Нэг өдөр нээх сайхан нам унтсанаа санадаг юм. Тэгээд л босоод ирсэн чинь хоёр хүүхэд маань бүр халтайсан хөгийн юмнууд байж байна. “Ишш, би одоо яаж амьдарсан юм бэ. Хэчнээн ч хоног үйл лайгаа эдэлж хонов” гэж бодлоо. Он сараа ч мэдэхгүй байгаа юм чинь. Хөргөгчид идэж уух юм юу ч байхгүй. Хоёр хүүхэд минь яаж амьдарч байсан юм бүү мэд. Том хүүгээсээ юу идэж байсныг нь асуусан чинь ердөөсөө будаа агшаагаад л кетчуптэй идээд байж. Яаж азаар будаа, кетчуп 2 байсан юм. Тэгээд л тэр өдрөөс хойш миний амьдрал зогсолтгүй дээшээгээ өссөн. Би бүсээ чангалаад л дээшээгээ боссон. Хөл дээрээ бат зогссон.

Гурван хүүхдийнхээ төлөө үнэхээр ажлын машин шиг л зүтгэж байлаа. Моност усан эмийн шил угааж цэвэрлэнэ, Алтан тариад уутны ам оёно. Үйлдвэрийн чимээнд ажиллахаар гэрт ирсэн хойно ч чих шуугина. Шөнөжин толгой дүүрэх ч гэсэн өглөө босоод л ажилдаа явна. Том хүү минь өөрөө жаахан байж дүү нараа харна. Юу ч бодохгүй, юу ч санахгүй янзын гоё стрессгүй амьдрал. Ажил хийж байна, мөнгөтэй байна, хүүхдүүдээ сургаж байна. Юугаар ч би хүүхдүүдээ дутаахгүй. Нэг удаа би хүүхдэдээ сэтгэхүй хөгжүүлдэг тоглоом авч өгөх гээд автобуснаас буугаад зам гарч байсан чинь өөдөөс экс нөхөр минь дүрээрээ алхаж явна. Би хараад л өөрийн мэдэлгүй толгойгоо дараад зугтсан. Ардаас мөрдөөд намайг нэвт хараад байгаа юм шиг санагдаад, нурууны үс босоод хөлс чийхраад л явчхав. Хаа хүртэл зугтсанаа ч мэдэхгүй, нэг л мэдсэн шал ондоо хол газар ирчихсэн байна. Тэгээд л би урьд нь ямар амьдралтай байсныгаа илүү сайн мэдэрсэн. Нэг хэсэгтээ эрэгтэй хүнд итгэхээ ч больчихсон байв. Би алдах эрхгүй, өвдөх эрхгүй. Зөвхөн гурван хүүхдийнхээ төлөө л амьдран. Хамгийн гол нь хүүхдүүдээ оюуны өмчтэй болгох зорилго минь байлаа. 5 жилийн өмнө нэг өдөр би найзуудтайгаа жаахан уучихсан явж байсан чинь нөгөөхтэй чинь таарчихлаа шүү. Уучихсан хүний сэтгэхүй шал өөр болно доо. Юун зугтах. Хэрэлдвэл хэрэлдээд, зо.долдвол з.одолдмоор санагдаад зориг ороод явчихсан. “Чи нээрээ юу вэ” гээд нөгөөхийг чинь би хараад л хэрэлдчихлээ. Тэгсэн нөгөөх чинь өөдөөс “Би ёстой амьдралыг ухаарч байна. Чамгүйгээр амьдрал хэцүү байна” гэдэг юм. 3 хүүхэдтэй болсноо ч мэдэхгүй хүн би 2 хүүхдээ хармаар байна гээд гуйгаад болдоггүй. Тэрнээс хойш бүр салахаа байлаа. Ажил тарахаар л нөгөөх чинь хүлээж байна. Намайг хүргэж өгнө.

Тэгээд би жаахан уусчхаж байгаа байхгүй юу. Нэг мэдсэн ор хөнжилд орчихлоо. Би мэдээж гэртээ авчрахгүй. Гадуур буудалд хоносон. 2,3н удаа ойртоод л миний шал дургүй хүрээд “Би бөөлжсөн бөөлжсөө эргэж долоохгүй” гэж хэлээд шууд босоод явсан. Цүнхнээсээ мөнгө гаргаж ирж шидээд, би энэ буудлыг чинь төлчихье гэж хэлээд ёстой мундаг амьтан үсээ хаялаад гараад явлаа даа би. Тэр үед миний сарын тэмдэг угаасаа сонин ирээд байдаг байсан юм. 5,6н сар болоод л нэг ирдэг. Бүр дараа нь ажил дээрээ сууж байсан чинь гэдэс дотор нэг юм цочтол хөдөлдөг юм. Би чөлөө аваад хар эрчээрээ эмнэлэг рүү гүйж очоод эход үзүүлсэн чинь 5 сартай жирэмсэн. Ёстой зүүдлээчгүй юм болдог юм. Би тэгэхээр нь авхуулна гээд л гүрийчихсэн. Одоо надад хүүхдийн хэрэг байхгүй, тэр тусмаа тэр хүнээс гээд. Тэгээд бүх юмаа бэлдээд авахуулахаар болоод зориод очлоо. Орон дээр нь гарах болсон чинь зориг хүрдэггүй ээ. Багаж тавиад л үзүүр нь ороход сэтгэл өөрчлөгдчихсөн. Ямар хүүхэд байгаа бол? Надтай адилхан байх болов уу? Нүд хөмсөг нь ямар байх бол? Хүйсийг нь асуудаг байж уу? Ямар хүн болж өсөх бол гээд л бодогдоод эхэлж байгаа юм чинь. Ердөөсөө жаахан харзная гэж шийдлээ. Тэгээд харзнасаар байгаад л нэг мэдэхэд төрөх болчихсон. Аав ээж ч гурван хүүхдийг чинь хараад өгье миний охин биеэ бод гэлээ. Төрөхөөс хэдхэн сарын өмнө тонгойхоор миний хамраас ямар ч мэдээгүй ус гоожоод болдоггүй. Гэдийхээр залгиур хоолойгоор ороод, тонгойхоор асгараад байсан. Зөндөө эмнэлэг дээр очсон ч хэн ч яагаад байгааг нь мэддэггүй. Тэгээд явж явж нэг сайн эмч олоод үзүүлтэл миний хамраас миний тархи нугасны шингэн гараад байсан болж таарсан. Нөхөртөө зо.дуулсан гэмтэл маань явсаар байгаад ясаа идээд наашаагаа бүр шингэн гоождог болчхож. Тэгээд би тэрийгээ гоожуулж явсаар байгаад төрөөд хүүхдээ 4 сартай болонгуут нь аав ээж дээрээ өгөөд өөрөө хагалгаанд орж байсан.

Манай Монголын эмч нар мэдэхгүй, бүр гадаадаас эмч нар ирж 18н цаг тасралтгүй дурангийн хагалгаа хийсэн юм. Надаас бүр ямар ч төлбөр аваагүй. Эмч нар бүр гайхаад харин ч бидэнд том туршлага боллоо гэж хэлсэн. Урьд нь ганцхан удаа Италид ийм зүйл болж байсан гэв. Намайг эдгэн эдгэтэл бүх юмыг маань эмч нар бичлэг хийж хадгалж авч байлаа. Тэгээд л би чинь үхэл амьдралын заагаас боссон. Хагалгааны дараа 5 сар сэхээнд хэвтэж аав намайг намайг харж хандаж байв. Хагалгаанд орсныхоо дараа хэд хэд татаж унаад группт хүртэл орсон. Хэсэг эмнэлгээс салахгүй, хамаг мөнгөө тэнд бараад хэцүү байсан үе байсаан байсан. Хүүхдүүдээ хувийн сургуульд сургаж чадахаа байгаад улсын сургууль руу ч шилжүүлсэн. Тэгж явсаар яваандаа би овоо гайгүй болоод одоо ингээд дахиад ажил хийгээд явж байна. Дөрвөн хүүхэд маань янзын сайхан эрүүл чийрэг өссөн. Манай том хоёр конкурсээр өндөр оноо аваад одоо урилгаар их сургуульд сурцгааж байна.

Хүүхдүүд ч гэлтгүй би өөрөө Соёл Эрдэм гэдэг сургуулийг сурч төгслөө. Бас одоо өдий 43 наслачихаад ажлынхаа хажуугаар СУИС-д дахиад эчнээгээр сурч байна. Уг нь би цаанаасаа л сурах асар их сонирхолтой хүн байсан юм. Хожимдсон ч гэсэн би өөрийгөө хөгжүүлье л гэж бодоод байгаа. Эмэгтэй хүнд боловсрол гэдэг чинь л бүх юмных нь ундарга суурь байдаг юм байна шүү дээ. Сүүлд манай экс нөхөр бага хүүхдийг минь гадаа тоглож байхад нь хулгайлж авч яваад зөвшөөрөлгүй ДНК-ийн шинжилгээ хийлгэчихсэн. Тэгээд өөрийнх нь хүүхэд мөн гэдгийг мэдэнгүүтээ хүүхдээ авна гэж шүүхдэлцээд би ялсан. Энэ амьдралын өндөрлөгөөс миний хамгийн сайн ойлгосон зүйл гэвэл “Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүнтэй суух гэж битгий яар. Хүнээ сайн тань, олон жил үерх. Өөрийн гэсэн хөрөнгөтэй бай. Үр хүүхэдтэй болох гэж яарсны хэрэггүй. Үерх, нөхөрлө, зугаац, яв. Хамгийн гол нь цаад хязгаар, үр нөлөөг нь бодож хэм хэмжээтэй зугаацаарай. Хүн ганцхан л амьдрана шүү дээ. Аа бас нээрээ эвгүй нөхөртэй бол гал тогоондоо хэзээ ч битгий чулуун тавцан авч тавиарай”. (инээв)

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү