Мэдээ

Зарим хүмүүсийн амьдрал 20 тойдоо эхлээд 50 хүрээд дуусдаг бол минийх 50-тайдаа эхэлсэн…

Танай дээр орсон хогийн цэг дээрээс дэлхийн шилдэг их сургуульд тэтгэлэг аваад суралцаж байгаа охины тухай уншлаа. Үнэхээр хүний амьдрал яаж бол яаж өөрчлөгдөх боломжтой шүү. Эгч нь залуу хүн биш ээ. Одоо 57 настай. Би амьдралынхаа 40 гаруй жилийг үр бүтээлгүй урсгачихсан хүн. Өөрөөсөө ч илүү хайрлаж өсгөсөн үр хүүхэд, хань ижил минь намайг орхиод явах тэр цагт анх удаа л амьдралаа бүхэлд нь эргэцүүлэн бодох сөхөө гарсан юм…

Тэрнээс өмнө өөрийнхөө тухай нэг удаа эргэцүүлж бодож байснаа би санадаггүй. Би яахав. Хүү минь, хань минь сайн байвал сайхан байвал гэж хэтийдсэн их сэтгэл, хэтэрхий их хайрласны эцэст ганцаар хоцорч үлдэх тэр мэдрэмжийг аймшигтай гэхэд ч багадах байх. Намайг Булгантуяа гэдэг. Өвөрхангай аймагт төрж өссөн.

Хүүхэд насаа мал дээр өнгөрөөж, сумын төвийн сургуульдаа 10 жилээ дүүргэснээс өөр мэргэжил эзэмшээгүй. 20 настай байхад хотоос ирсэн нэг гоё ах замд нь машин нь эвдэрсэн гээд манайд байрласан юм.

Цай ууж суух зуураа толины өмнө урт гэзгээ самнаад зогсож байсан намайг хараад дурлачихсан гэсэн. Аавтай хууч хөөрч суугаад нилээд орой болчихсон болохоор манайд хоноод явахаар боллоо. Нэг хоноод явна гэсэн бол хоёр хонож.

Хоёр хононо гэсэн нь 7 хоног болж манайд саатсан. Ингэхдээ бид хоёр нилээдгүй дотносож, нар жаргах алдад уулын энгэр хавьцаа үүр цайтал юм ярьж суудаг байж билээ. 7 хоногийн дараа тэр хүн Улаанбаатар хотруугаа буцсан. Амласан ёсоороо надруу 7 хоног болгон ил захидал явуулж би гэдэг хүн жаргалдаа толгой нь эргэж инээд алдсан хүн л явдаг байв. Ингэж явж байгаад тэр жилийн өвөл хоёр найзынхаа хамт манайд дахин ирэхдээ аав ээжид намайг албан ёсоор эхнэрээ болгож авах гэж байгаагаа дуулгаж хадаг сүй бариад аав ч олон зүйл ярилгүй охиноо өгөөд явуулахыг зөвшөөрсөн. Тэгж л би анх нөхрөө дагаад хот гэдэг газрыг үзэж байлаа.
Бидний амьдралын эхний 5 жил их сайхан өнгөрсөөн. Гэр хороололд жижиг гэр бариад тэндээ хоёулаа тохьтой тухтай байдаг байв. Хэрүүл уруул гэж элдэв бусын асуудал гарахгүй манай хүн ч гэр ажил хоёроос өөр зүйлийг мэдэхгүй. Харин нэг асуудал байсан нь би яагаад ч жирэмсэн болж өгдөггүй байв. Нөхөр надаас хүүхэдтэй болохыг байнга хүснэ. Хичнээн хичээсэн ч үеийн хүмүүс хажууд 3, 4 өөр нь хүүхэдтэй өнөр өтгөн болоод байхад бид хоёрт л үр хүүхэд заяахгүй байсаар хэдийн 10 жил өнгөрчихсөн. Энэ хугацаанд нөхөр хөдөө ажилдаг болж би нөхрөө хүлээж гэртээ суудаг эмэгтэй болов. Уг нь бол миний хувь хүн ийм хүн биш. Би чинь хүүхэд байхаасаа л компаний захирал, эсвэл мэдлэг боловсролтой багш эрдэмтэн хүн болно гэж мөрөөддөг байсан юм. Хүнтэй сууснаас хойш нөхөртөө л хүүхэд гаргаад өгчих юмсан гэдэг дээр бүх анхаарлаа төвлөрүүлж өөр зүйлийг бодох ч сөхөөгүй байдаг байж. Тэрнээс гадна манай хүн бусад хүмүүс шиг ууж идээд элдэв янзын асуудал байдаггүй ч цаанаасаа миний үйлдэл бүрийг заах гээд, хянах гээд байгаа юм шиг байдаг нь надад сүүлдээ тухгүй болж ирсэн.

Тиймдээ ч намайг ажил хийлгүйлэхгүй гэж шууд хэлэхгүй ч ажил хийнэ гэхээр л юм дугарч өгөхгүй дурамчхан байдаг байсан болохоор би ч нээх хүчилдэггүй байв. Тэр хүний хажууд байхаар л өөрөөрөө байж чаддаггүй байнга биеэ хянах хэрэгтэй болчихдог байсан. Эрэгтэй хүний төлөө ингэж л өөрийгөө хаяж ирсэн тэнэг эмэгтэй байгаа юм даа би. Нэг орой нөхөр хөдөө ажлаасаа бууж ирэх болчихоод би хоол хүнсний материал авах гээд дэлгүүр гарсан юм. Тэгтэл дэлгүүрийн эсрэг талд байх замын цаад талд нөхрийн машин зогсож байна. Анзаараад харвал хажууд нь нэг эмэгтэй хүн суучихаж. Нөхөр тэр эмэгтэйг аргадаад байгаа бололтой их л халамж тавиад байх юм. Гайхаж очоод Сүххуягаа гээд дуудвал нөхөр сандарч машинаасаа бууж ирээд ээрч муураад нэг л биш. Учир ойлгомжтой болсон болохоор олон юм ярилгүй тэр хоёрыг тэнд нь хаяад гэрлүүгээ уйлаад алхчихсан. Араас нөхөр ирээд намайг аргадаж уучлал гуйсаар бид хоёр гэртээ орж ирэв. Нөхрийг зүгээр л надад үнэнгээ хэлэхийг л гуйсан. Харин тэгтэл нөхөр тэр эмэгтэйтэй уулзаад жил гаран болж байгаа. Цуг ажилдаг гэнэ. Хамгийн айшигтай нь бидний 10 жил хүсээд ирэхгүй байсан тэр хүүхэд энэ эмэгтэйтэй уулзаж эхлээд хоёр сарын дараа гэхэд л олдчихсон гэсэн.

Нөхөр хэлэхдээ өөрийгөө хянаж чадаагүй нь миний буруу. Намайг уучлаач гэж хэлэхийнхээ хажуугаар надад нэг хачин юм хэлсэн. Тэр эмэгтэй нь гэр бүлтэй хүн юм гэнэ. Нөхрөөсөө салаад тусдаа амьдрах хугацаандаа манай хүнтэй уулзаж байгаад жирэмсэн болж хүүхдээ төрүүлсэн юм билээ. Хүүхэд нь одоо 5 сартай. Харин нөхөр нь эргээд нийлэхийг сүүлийн үед гуйгаад байгаа учир хүүхдээ яахаа мэдэхгүй байгаа. Манай хүнтэй бол хамт амьдарч чадахгүй гэсэн юм байх. Нөхөр энэ бүгдээ хэлээд хоёулаа хүүхэд хүсч 10 гаруй жил боллоо. Би энэ эмэгтэйд хайртай биш ээ. Зүгээр л алдаа байсан юм. Харин хоёулаа хүүхдийг нь аваад өөрсдийн хүүхэд шигээ өсгөчихье гэв. Хэдий би хүүхдийн мөрөөсөл болж байсан ч нөхрийнхөө явалдсан эмэгтэйн хүүхдийг тэжээх тийм их сайхан сэтгэл надад байгаагүй. Гэхдээ нөхрөө уучилж чадсан. Тэр эмэгтэйг зүгээр л хүүхэдтэй нь хамт явуул гэж хэлсний дагуу нөхөр ч элдэв зүйл ярилгүй миний хэлснээр болгосон. Бид хоёрын харилцаа тэрнээс хойш бүр л муудаж эхлэв. Нөхөр ажилдаа явсан хойгуур өглөө эрт хашааны хаалга цохих чимээ сонсогдож гараад очтол өнөө бүсгүй хүүхдээ тэвэрчихсэн үг хэлэхийн завдалгүй миний гар дээр тавьчихаад машиндаа суугаад яваад өгсөн.

Сандарч яахаа мэдэхгүй би хүүгийн царайг хараад ямартай ч гэрт оруулж жоохон сүү өгье гэж бодсон. Оруулж ирээд өлгийг нь тайлтал өөдөсхөн жижигхэн гар хөл, үнэгчлээд инээж байгаа нь хичнээн эгдүүтэй харагдсан гээч. Тэгээд л би дотроо аль хэдийн энэ хүүхдийг тэжээе гэдэг шийдвэрийг гаргачихсан байх. Хүүхэд манайд ирснээс хойш нөхөр бид хоёрын харилцаа урьд байснаасаа ч илүү халуун дотно болж гэр бүлийн уур амьсгал ч хүүхдийн инээдээр цалгиж аав, ээж гэдэг мэдрэмжийн ямар сайхныг мэдэрч эхэлсэн. Амьдралаа ганцхан нөхрийнхөө төлөө гэж явдаг байсан би ахиад нэг хүний төлөө зориулах болов. Ахиад хүүхэдтэй болох гэж нөхөр бид хоёр их хичээсэн ч дахиж үрийн заяа бидэнд байгаагүй.
Эр хүн нэг удаа хуурсан бол дахин давтагддаг гэж үнэн. Хүүг 16 настай байхад аав нь гэртээ тогтохоо больж, намайг ч хүн гэж үзэхээ больсон. Сүүлдээ улаан цагаандаа гарч нөгөө хүүхнийдээ хоноглохоор явдаг болов. Хүүг минь 16 нас хүрдэг жил нь аав нь төрсөн ээжтэй нь надаас нууцаар уулзуулсан юм билээ. Ээж нь гэдэг хүн энэ хугацаанд их өөрчлөгдөж гадаад хүнтэй сууж хувийн компанитай болж амьдрал нь нилээдгүй чинээлэг болсон гэсэн. Хүүгээ энэ олон жилүүдэд нэг эрж уулзаагүй хэрнээ 16 насанд нь аав нь уулзуулснаас хойш надад мэдэгдэлгүй байнга уулзаж үнэтэй цайтай юм болгоныг авч өгч, мөнгөөр тасраадаггүй байсан юм билээ. Би гэж тэнэг хүн гэрийн буг болж нөхөр, хүү хоёроо ирэхэд нь халуун хоол цайтай, гэр орон нь цэвэр цэмцгэр байлгахад нь анхаарч гэрийн ажилтай зууралдсаар энэ бүхнийг анхаарах ч сөхөөгүй явдаг байж. Жилийн дараа гэхэд нөхөр өнөөх хүүхэнтэйгээ бүр мөсөн суухаар болж намайг орхиод явсан. Ганц үлдсэн хүүдээ найдаж үлдсэн бүх амьдралаа зориулна гэж шийдсэн ч хүний хүн бол хүний л хүн байдаг юм байна лээ. 18 хүрэх жил нь төрсөн ээж нь хүүхдээ өөрийн нэр дээр шилжүүлж Америк руу сургуульд явуулна гэдгээ хэлсэн.

Ингэж л миний хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлсэн дээ… Өөрийн юм шиг өсгөсөн үр, бүх амьдралаа зориулсан хань хоёртоо жил дараалан хаягдах болсондоо гутарч хүүгин төрсөн ээжээс өгсөн хэдэн төгрөгийг нь ууж идээд дуусгасан. Хүү яг Америк явдаг өдрөө ирээд “Ээжээ намайг уучлаарай” гэж хэлээд нулимс дуслуулаад гарсан нь хамгийн сүүлд хүүгээ дэргэдээс нь харсан мөч байсан… Аз жаргалтай гэр бүл гэж бодож явсан би орь ганцаараа үлдчихээд амьд байх хүсэл надад алга байв. Төрсөн нутагтаа очиж аав, ээждээ үнсүүлчихээд энэ хорвоогоос бүр мөсөн явъя гэж боддог байв. Хашаа байшингаа зараад нутагтаа очиж аав, ээжийнхээ дэргэд байсан тэр өдрүүдэд би амьдралаа дуусгах биш хүүхэд байхад хүсдэг байсан зүйлсээ хийж шинээр амьдрах гээд үзье гэж шийдсэн.
48 настайдаа ганцаар байр түрээслэн амьдарч фитнес гэдэг спортоор уйгагүй хичээллэж эхэлсэн. Ингэж явахдаа олон сайхан найз нөхөдтэй болсон нь намайг өдий хүртэл явах сэтгэлийн хатыг өгсөн байх гэж боддог. Одоо би фитнесээр олон улсын хэмээний мастер цолтой. 51 насандаа дахин шинээр хүнд дурласан гэж хэлвэл ичмээр сонсогдох байх даа. Гэхдээ хайр сэтгэлд нас хамаагүй юм билээ. Одоо л миний амьдрал эхэлж байна уу гэж боддог. Нөхөр маань надтай адилхан фитнесээр хичээллэдэг хүн бий. Бид хоёр ижил спортоор хичээллэдэг болоод ч тэрүү хүсэл сонирхол маань ч ижилхэн. Хамт амьдарсан зургаан жилийн хугацаанд 7 орноор аялаж, хувийн фитнес клубээ нээж амжилттай ажлуулж байна. Одоо бид хоёрт шийдвэрлэх ганц л асуудал байгаа нь өөрсдийн гэсэн хүүхэдтэй болох. Бүтэшгүй санаа байж болох ч шинжлэх ухаан хөгжчихсөн цагт олон аргаар хүүхэдтэй болох боломж байдаг юм билээ. Монголд ихэнхи хүмүүс 40 гарчихвал хөгширлөө гэж ярьдаг. Харин би 50 гарсан хойноо амьдралаа шинээр эхлээгүй байсан бол тэр хүмүүстэй адил тэгж л хэлэх байсан байх. Гэхдээ нас бол зүгээр л тоо гэдэг үнэн. Зарим хүмүүсийн амьдрал 20 тойдоо эхлээд 50 хүрээд дуусч байдаг бол зарим хүний хувьд дөнгөж эхэлж байж болдог шүү. Тэгэхээр өөрийгөө хөгшин гэж бодвол чи хөгшин л байна. Залуу гэж бодвол чи залуу л байна. Нөхөр бид хоёр цаашид олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байгаа.

Харин зүрх сэтгэлд минь үргэлж буглаатай байдаг нэг зүйл нь Америкт байгаа хүүгээ нэг олж уулзах. Энэ хугацаанд тоотой хэдэн удаа надтай холбогдсонд нь би гомдож явдаг. Гэхдээ хар нялхаас нь өсгөж хүмүүжүүлсэн үрдээ ээж нь хэзээ ч хар буруу зүйлийг санаж чадахгүй. Хэдий надаас холдоод 7, 8 жил өнгөрсөн ч гэсэн ээжээ гээд нэг өдөр ороод ирэх байх гэж их л горьдох юм. Магадгүй өөрөө үр хүүхэдтэй болчихвол ингэж хүлээж суух нь багасах юм болов уу…

/Зурган дээрх эмэгтэй захианы эзэн биш болно/

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү