Мэдээ

Зохиолч Д.Энхтуяа: Нидерланд улсад амьдарснаар “ардчилал, хүний эрх”-ийн үнэ цэнэ ямар чухлыг мэдэрсэн

Хоёр мянгаад оны эхэн үеэр кино театруудын дэлгэцнээ хүүхэд залууст зориулсан “Хайрын марал”,” Есийн Б” гээд кинонууд гарч ёстой л хүүхэд залуус үзэх гэж бужигналдаж байсансан. Тэдгээр киноны зохиолч Данаасүрэнгийн Энхтуяа гэж авьяаслаг бүсгүй бий. Энхтуяа киноноос гадна “ Могойн анчин зараа”, “ Чи төрөөгүй бол энэ орчлон ямархан Чамд зориулаагүй бол миний шүлгүүд ямарсан” ,” Дэлбээлж амжаагүй цэцэг” зэрэг хэд хэдэн ном гаргаж, тэдгээрийн зарим нь шилдэг номоор хүртэл шалгарч байсныг мэднэ. Энэ дугуй унаад зогсож буй бүсгүй бол Энхтуяа. Өнөөдөр Энхтуяа маань Нидерланд улсад сурч, ажиллаж хөдөлмөрлөж, амьдарч явна. Түүнтэй холбогдон суугаа нутаг орон, амьдрал, уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.

– Нидерланд улс, тэнд буй монголчуудын тухай яриач?

-Баруун европын орнуудаас Нидерланд улсад харьцангуй цөөхөн монголчууд амьдардаг бөгөөд тэд энэ улсаар таран суурьшсан байдаг. Нидерланд хэл нь англи, франц, герман, итали хэлнээс бүтсэн өвөрмөц хэл. Энэ улсын иргэд өөрсдөө нидерланд хэлээ маш хэцүү хэл гэж үздэг. Харин монголчууд маань энэ хэлийг өөрийн хэл шигээ сурч хувийн компани хүртэл байгуулан ажиллаж амьдарч байгаа нь бахархууштай. Нидерланд улсад ойролцоогоор мянга хүрэхгүй монголчууд амьдардаг гэдэг. Монголчуудаа хэл сурахад нь туслах зорилгоор Содномын Туяа гэж эмэгтэй “Нидерланд монгол хэлний толь бичиг мөн ярианы дэвтэр” эмхэтгэн гаргасан нь энэ улсад амьдарч буй монголчууддаа маш их тус дэм болж байгаа нь талархалтай.

Нидерланд улсын хамгийн хойд захын хот болох Гронинген / Groningen/ хотод зуу гаруй монголчууд ажиллаж амьдардаг. Монголчууд маань тус улсын үйлдвэр үйлчилгээний газруудад болон хувиараа хөдөлмөр эрхлэн зарим нь хувийн жижиг барилга засварын компани, цэвэрлэгээний компани байгуулан ажиллаж амьдарч байна. Энэ хотын монголчууд ажил амралтынхаа зав чөлөөгөөр уулзан учирч улсын баяр наадам, шинэ жил, цагаан сарыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг.

– Сүүлийн үед харьд буй монголчууд бие биенээсээ дөлдөг болсон гэцгээх. Танай тэндхийн монголчууд харин эсрэгээрээ юм уу даа?

-Аливаа зүйл сайн муу хоёр талтай гэдэг шиг тийм зүйл сонсогдож л байдаг. Харин манайхны хувьд өөр. Дэлхийн даяар тархан суурьшсан монголчуудын маань нэгээхэн хэсэг энд бие биедээ тус дэм болж, биесээ хүндлэн харьцаж, санаа сэтгэл нэгтэй, эв найртай амьдардаг нь хүний газар улс орныхоо нэр хүндийг зөв авч яваа бахархам сайхан хэрэг.

– Нидерландчуудын харьцаа, хандлага хэр вэ?

– Энэ улсад хүмүүсийн хар цагаан арьсны өнгө, баян ядуу амьдралын зөрүү, ажил, мэргэжил, зэрэглэл, мэдлэгийн түвшин өөр байх нь огт хамаагүй. Хүнийг “хүн” гэж яг байгаагаар нь хүлээн авч хүндлэн харьцдаг.

Монголчууд бид европчуудын адилаар бүгд тэгш эрхтэйгээр амьдардаг нь сайхан. Ийм сайхан зан чанарыг энд амьдардаг монголчууд маань суралцаж бусдынхаа төлөө сэтгэл тавин сайхан ханддаг нь баярламаар. Хүний нутгаас сайныг нь суралцаж, саар зүйлээс хол явах нь монголчууд бидний ухаан юм даа. Энэ улс бол хар тамхи, биеэ үнэлэх, ижил хүйстэн, казино гээд хориотой зүйлүүдийг “хүний эрх” гэдэг утгаар зөвшөөрсөн ч, бүгд хуулийн дагуу зохих хэм хэмжээгээр зохицуулагдаж байдаг учраас хэтэрсэн хэрэглээ, буруу үйлдэл, бусармаг зүйл гарах нь ховор. Эх орондоо амьдарч байгаа монголчуудын хүслэн болсон “ардчилал, хүний эрх” энд л бүрэн утгаараа зөв зүйтэй хэрэгжиж байдаг. Нидерланд улсад амьдарсных “ардчилал, хүний эрх”-н үнэ цэнэ ямар чухлыг мэдрэн амар тайван, аз жаргалтай амьдарч байна.

– Ганц нэг зүйл дээр тодруулаач?

– Олон сайхан үлгэр жишээ авах зүйл бий. Жишээ нь: Эндхийн эмнэлгийн үйлчилгээ бол манайхаас тэс өөр. Өрхийн эмнэлгээс эхлээд улсын болон хувийн бүх эмнэлгийн ямар ч зэрэг цолтой эрдэмтэн доктор эмч байсан үзлэг хийхдээ өөрийн биеэр ирж өвчтөн, үйлчлүүлэгчиддээ өөрийгөө танилцуулан өрөөндөө урьж оруулна.

Мөн хот дүүргийн эмнэлэг бүрийн гадна үүдэнд тэргэнцэртэй, тусламж хэрэгтэй өвчтөнүүдийг тосон авч үйлчилдэг энгийн ажилтан байх бөгөөд эмнэлэг дотроо үйлчлүүлэхээр зорин ирсэн иргэдэд тусалдаг туслах ажилчид байна. Тэд иргэдийг найрсаг сайхан хүлээн авч, үзүүлэх тасаг, газруудад хүргэж өгөн хүндлэлтэй хандаж, түргэн шуурхай үйлчилдэг.

Үйлчилгээний бүх ажилтнууд үргэлж инээмсэглэн найрсаг харьцдаг учраас ямар нэг үл ойлголцол, бухимдал бараг байхгүй. Энэ улсын иргэн бүр зөвхөн өөртөө бус, бусдын төлөө, бусдад сайн сайхан зүйл хийж санаа тавих үүрэгтэй. Хүн бүр бусдад ямар нэгэн төвөг учруулахгүй харьцах ёстой гэдгийг бүр багаасаа ухамсарласан нь гайхалтай. Ерөөсөө хүн өөрөө ихэмсэг бардам биш энгийн найрсаг харьцаатай байж гэмээнэ бусдад хүндлүүлж бусдын хайр хүндлэлийг хүлээж чаддаг гэдгийг тэд бүрэн суралцсан нь бахархмаар. Хүний төлөө зөв нийгмийг бүтээж чадсаны жишээ нь энэ улсад гэмт хэрэгтэн, өвчтөн цөөрч хувийн эмнэлэг, шорон хаагдаж байгаа тухай мэдээ гарч байдаг.

Хүмүүсийн ухамсрын түвшин өндөр учраас эрүүл мэндээ маш сайн анхаарч дасгал хөдөлгөөн хийцгээж, спортоор иргэд нь байнга хичээллэдэг. Өдөр, шөнө, өглөө, орой хэдийд ч гүйж яваа хөгшин, залуу хүмүүс хаа сайгүй тааралдана. Бүх хүмүүс шүдний эмнэлгүүдэд харьяалагдах бөгөөд 6 сар тутамд тухайн эмнэлэг нь захидал ирүүлж үзүүлэх цаг өгч хяналтын үзлэг хийдэг. Шаардлагатай бол дор бүр нь эмчилгээ хийж өгнө. Эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээний чанар маш өндөр түвшинд хүрсэн. Үүнийгээ дагаад эмчилгээний төлбөр өндөр. Жишээ нь: Нэг шүд ломбодуулахад дунджаар 380 евро, нэг хиймэл шүд хийлгэхэд 300 евро. Энэ нь монгол мөнгөөр бол 800,0 -900,0 мянга орчим төгрөг. Ийм учраас хүн бүр эрүүл мэнддээ маш сайн анхаарах ёстойгоо бүрэн ухамсарласан байдаг.

Энэ улсад хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавина. 18 хүртэл насны хүүхэд эрүүл мэндийн даатгалд үнэ төлбөргүй хамрагддаг. Өвчтэй болон өвдсөн хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ бүр илүү сайн. Өөрийн улсын үндсэн иргэний хүүхэд, түр оршин суух гадаадын иргэний хүүхэд гэж ялгаварлан гадуурхаж үзэхгүй. Хүүхэд л бол хүүхэд. Бүгд эрүүл мэндийн даатгал тусламжид зүй ёсоор бүрэн хамрагдах ёстой гэсэн хууль үйлчилнэ.

Хүүхдийн хүчирхийлэл, доромжлол огт байхгүй. Харин хүүхдээ муу асрах, хүүхдээ загнах, зодох бусад зүйлээр хүчирхийлэн дарамталсан бол хүүхдийг нь улсын асрамжинд шууд хураан авч эцэг эх байх эрхийг нь цуцалж хариуцлага тооцдог.

Нидерландад амьдардаг монгол хүүхдүүд дэлхийн түвшний их дээд сургуулиудад амжилттай суралцаж мэргэжил мэдлэгээрээ манлайлан ажиллаж амьдарч яваа нь цөөнгүй. Монгол хүүхдүүдийн оюуны чадвар үнэхээр өндөр. Энэ хотын бага дунд насныхны аварга шалгаруулах шатар даамны тэмцээний алт мөнгөн медалийг монгол хүүхдүүд ихэвчлэн авдаг. Эндэхийн хүүхдүүд хичээлээс бусад цагаар бүгд хөгжүүлэх сургалт, дугуйланд хамрагдана. Тиймээс сул чөлөөтэй сэлгүүцэх, хүнд хөдөлмөр эрхлэх хүүхэд байхгүй. Насанд хүрээгүй хүүхдэд тамхи, согтууруулах ундаа худалдахыг хатуу хориглоно. Ер нь Нидерланд улсын зөв тогтносон нийгмийн талаар тоочоод баршгүй. Бид тэднээс суралцах л чухал байна даа.

– За одоо өөрийнхөө тухай ярих уу даа?

-Миний тухай гэхээсээ энд буй монголчуудынхаа тухай ярих нь илүү сонирхолтой сайхан яриа өрнөх байх. Би энд гэр бүлээрээ амьдарч байна. Бидний хувьд бусдын адил ажил хичээлдээ яваад л энгийн тайван сэтгэл хангалуун амьдардаг. Бидний амьдарч буй Гронинген хотын монголчуудын хүндлэн хайрладаг нэгэн сайхан гэр бүлийн тухай л цухас ч болов дурьдмаар санагдлаа.

Хорь гаргуй жилийн өмнө Төмөрөө, Алимаа гэдэг залуухан хос жаахан хүүгээ дагуулан амьдралын мөр хөөн энэ хотод ирж суурьшжээ. Гадаад улсад анхлан ирсэн хүмүүст хэл ус, ёс заншил, ажил хөдөлмөр, нийгмийн амьдралын зөрүү гээд олон олон бэрхшээл тулгардаг. Тэр бүгдийг даван туулж өнөөдөр энэ улсын унаган иргэн шиг дасан зохицож сайхан амьдарч яваа хүмүүс бол Төмөрөө ахын гэр бүлийнхэн билээ. Тийм ч учраас өнгөрсөн он жилүүдэд энэ хотод ирсэн бүх л монголчууддаа өөрсдийн чадах бүхнээрээ тусалж, монголчуудаа нэмэгдэх бүрт баярлан хүлээн авч цөөхөн ч гэсэн монголчууд бид нэг үндэстэн, нэг гэр бүл шүү гэдгийг ухааруулан тэднийгээ нэгтгэн аль болох эвтэй найртай, хоорондоо холбоотой байж, бие биедээ туслан дэмжиж, монгол хэл, ёс заншил, соёл түүхээ мартахгүй үргэлжлүүлэхийг эрхэм болгон цагаан сар, улсын наадам, соёл урлагийнхны тойрон аялсан тоглолт бүрийг өөрийн хотдоо зохион байгуулж иржээ. Төмөрөө ахынхан өөрсдийнхөө чөлөөт цаг, ажил амралтаа ч харамгүй хугаслан бусдын төлөө бүхнээ зориулдаг бахархан хүндлэм сайхан гэр бүл юм. Тэд өсгөгч, микрофон гээд ойр зуурын бүх техник хэрэглэгдэхүүнийг өөрсдийнхөө мөнгөөр худалдаад авчихсан монголчуудынхаа нэгдсэн уулзалт, баяр наадам, урлагийн тоглолт ер нь бүх үйл ажиллагаандаа түүнийгээ түүртэлгүй зөөсөөр.

Ямар ч зүйлийг хариу бодохгүй, бусдын тусын тулд, бусдыг баярлуулах гэж өөрсдийн сайхан сэтгэлийн дуудлагаар хийнэ гэдэг бахархахгүй, баярлахгүй байхын аргагүй. Зөвхөн өнгөрсөн 2018 оны шинэ жилээр гэхэд л тэд өөрсдийнхөө мөнгөөр “Нидерландын монголчууд” гэж монголоороо бичсэн ханын том хулдаасан самбар монголдоо хийлгээд монголоос ирэх хүмүүст дайж авчруулсан нь эндэхийн монголчуудын бидний бас нэгэн баяр байлаа. Энэ мэтчилэн өнгөрсөн хориод жилд, мөн ирэх он жилүүдэд энэ л сайхан хүмүүсийн хийсэн болон хийх зүйлийг таашгүй.

Сайны үр дэлгэрч, салхины урь дулаардаг гэдэг. Төмөрөө ахын гэр бүлийнхэн шиг хүний нутаг, гүний хошуунд монголчуудынхаа төлөө сайн сайхан зүйлийг “хариу нэхэлгүй тус” шиг сайхан сэтгэлээрээ хийж бүтээж явдаг ухаалаг, хүнлэг монгол хүмүүс олон байж тэдний сайхан сэтгэлийн үр үргэлж дэлгэрч явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье! Энэ дэлхийн хаана ч монголчууд бид эв найртай, халуун дулаан сэтгэлээр бусдыгаа дэмжин тусалж, монгол хүн гэдгээрээ бахархан хамтдаа хүчтэй байж босоо хийморьтэй, тэнгэр заяатай явцгаая Монголчуудаа хэмээн уриалах байна даа.

– Сүүлийн үеийн уран бүтээлээсээ хуваалцаач?

– Сүүлийн үед хэд хэдэн шинэ бүтээл хийсэн. Удахгүй шинэ номоо гаргана. Тэр үед л үүцээ нээе дээ.

– Миний урилгыг хүлээн авч чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе!

– Баярлалаа та бүхэнд бас амжилт хүсье!

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү