Мэдээ

Иргэд уут боорцог авч чадахаа больжээ

Эдийн засгийн хямрал иргэдийн түрүүвчийг “тэмтэрч”, үнийн өсөлтөөс улбаалан иргэдийн худалдан авах чадвар буурч буй. Саяхан л 10 мянган төгрөгөөр талх, боорцог авч хүрдэг

байсан бол өнөөдөр нэг уут боорцог 4-7 мянган төгрөгийн үнэтэй байна. Иймд, энэ удаагийн сурвалжлагаа захын хороолол дундын дэлгүүрээс бэлтгэлээ.

Мах, гурил, шатахууны үнийг төрөөс зохицуулах талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв.

Гэсэн ч сар тутамд өргөн хэрэглээний барааны үнийг дагаад дээрх гурван бүтээгдэхүүний үнэ өсч буй.

Махны үнэ сүүлийн хоёр сард буурч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Гэвч энэ нь зах зээлд төдийлөн эерэг нөлөө үзүүлж чадахгүй байгааг иргэд хэлж байлаа.

Харин гурил гурилан бүтээгдэхүүний хувьд улаанбуудайн үнэ өссөнтэй холбоотойгоор дотоодын үйлдвэрлэгчид бүгд гурилын үнээ килограмм тутамд 300-650 төгрөгөөр нэмсэн. Ингэснээр талх, боорцогийн үнэ өсч байршлаас хамаарч атар талх 2200-2300 төгрөг, мишээл талх 2750-2900 төгрөг, уут боорцог 500 граммын савлагаатай нь 3800 төгрөгөөс дээш, 700-1000 граммын ууттай нь 5500-11800 төгрөгийн хооронд болсон байна.

Энэ сард л гэхэд талх, нарийн боовны үнэ хоёр удаа нэмэгдсэн бөгөөд захын хорооллын дэлгүүрүүдэд ууттай боорцог авах хүн ховорджээ.

Тиймээс дэлгүүрүүд боорцогийн татан авалтыг багасгасан байна. Тухайлбал, бид Баянзүрх дүүргийн Монел, ганц худаг, Чингэлтэй дүүргийн долоон буудлын дэлгүүр, худалдааны төвүүдээр ороход дээрх хариултыг өгсөн юм.

ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ УЛАМ Л БАГАСЧ БАЙНА

Долоон буудлын автобусны буудлын хойд талд хүний хөл ихтэй газарт байрлах супермаркет. Худалдагчийн хэлснээр тус дэлгүүрийн орлого өнгөрсөн зургадугаар сараас хойш буурчээ. Оросоос ирдэг бүх хүнсний барааны үнэ нэмэгдсэн байна. Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн гурил, гурилан бүтээгдэхүүн, хиам, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ ч татан авалт тутамд 50-200 төгрөгөөр нэмэгджээ. Үйлдвэрлэгчид үнээ нэмж байгаа талаар мөн огт мэдээлдэггүй байна. Зөвхөн бараа татан авахдаа борлуулагч, түгээгчээс л үнийн дүнтэй падаан авахдаа мэддэг гэв.

Хүнсний дэлгүүр угтаа өдөр тутмын орлоготой учраас гэр бүлээрээ ажлаасаа гараад энэ бизнесээ хийж байгаа гэх худалдагч урам хугарч байгаа талаар ч ярилаа.

Иргэд ихэвчлэн нэг өдрийн хоолны жаахан ногоо, мах, талх л авдаг болсон байна. Өдрийн ашиг нь заримдаа 30-50 мянган төгрөг болдог аж. Энэ нь хэрэглээний зардлаа ч нөхөж чаддаггүй байна. Тус дэлгүүрийн хажууд хоёр ч хүнсний дэлгүүр байв. Нэг нь зургаан нэрийнх, нөгөөх нь найман нэрийнх. Тус дэлгүүрүүдийн худалдагчид цалин авч ээлжээр ажилладаг байна. Сард 15-18 удаа гарч 800-900 мянган төгрөгийн цалин авдаг. Цалин нь хүрдэггүй учраас ажиллаж байгаа дэлгүүрээсээ хүнсээ зээлэх үе ч гардаг байна. Харин иргэдийн хувьд сарын эхээр тэтгэвэр буусан үед болон сарын дундуур хүүхдийн мөнгө, халамж буухаар бужигнадаг байна.

Зургаан нэрийн дэлгүүрийн хувьд тамхи, болгосон бэлэн хүнс, ширхэгийн хоолноос гол ашгаа олдог бол найман нэрийн дэлгүүр нь хүнсний талон авдаг айлуудын хүчинд ашигтай ажилладаг гэв.

Иргэдийн худалдан авах чадвар муудсан учраас ойролцоох гудамжны хоёр дэлгүүр нь энэ намар хаалгаа барьжээ. Зээлээ төлж чадахгүй бол зургаан нэрийн дэлгүүр нь ч хаахад хүрсэн байна. Иргэд дэлгүүр ашигтай гэж хардаг ч таньдаг ойр хавийн хүмүүстээ аргагүй эрхэнд зээл олгодог байна. Түүнээс шалтгаалж өр, өрийн дэвтэр нь улам зузаарч сардаа 1-2 удаа айлын хаалга тогшдог гэдгийг ч худалдагч нар хэлж байлаа. Энэ бол гэр хорооллын захын хэсэгт байрладаг айлуудын бодит байдал.

ТАЛХ, ХОЁР ЭЛЭГНИЙ НУХАШ 5000 ТӨГРӨГӨӨР АВЧ ХОЁР ХОНОДОГ

Иргэдээс сарын орлого нь хүнсээ авахад хангалттай хүрэлцэж байгааг асуухад долоон хүний тав нь огт хүрдэггүй, хоёр нь хэмнэж, хэмнэж хүргэдэг гэв. Таван хүүхэдтэй, ам бүл долуулаа амьдардаг иргэний хэлснээр элэгний нухаш 1100 төгрөг байсан бол өнгөрсөн долоо хоногт 1400 төгрөг болжээ. Тэдний гэр бүлийн хувьд тэтгэвэр, халамж, хүүхдүүдийн мөнгөнөөс өөр орлогогүй байна.

Сарын сүүлд мөнгөгүй болдог учраас нэг талх, хоёр элэгний нухаш 5000 төгрөгөөр авч хоёр хонодог гэв.

Дараагийн иргэн Ч.Энхбаяр өдөр тутмын хүнсний барааны үнэ нэмэгдэж, сарын тэтгэвэр нь хувцас, тансаг хэрэглээнд огт зарцуулахгүй хэрнээ хүрэлцэхгүй байгааг ч ярилаа.

10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭГ УУТ БООРЦОГ Л АВДАГ БОЛСОН

Иргэн Н.Оюунхишиг хэлэхдээ зах худалдааны төв, хүнсний дэлгүүрийн үнэ 100-200 төгрөгөөр зөрүүтэй байдаг. Сард нэг удаа хүнсээ бөөндөж авдаг. Тэгэхгүй бол задгайлж авахаар хурдан дуусахаас гадна зарлага өндөр болдог. Хамгийн хямд захаас үүрээр очиж мах аваад, хүнсээ базаадаг. Цаашид өргөн хэрэглээний барааны үнэ өсвөл амьдрахад үнэхээр бэрх байна гэв. Иргэдийн ихэнх нь гол нэрийн хүнсний барааны үнэ өсч байгаа нь бодит дарамт болж байгааг хэлж байлаа. Харин энэ асуудалд ямар шийдэл байхыг төрөөс ч тэр холбогдох яамдаас ч тайлбарлаагүй.

Одоогоос хэдхэн хоногийн өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун гурилын үнийг хүчээр барих боломжгүй гэдгийг мэдэгдсэн.

Тодруулбал тэрбээр, бусад бүтээгдэхүүнээс илүү гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг иргэд эмзэг хүлээж авдаг. Улаан буудайн үнэ өмнөх жилийнхээс өссөн. Мөн бордооны үнэ 100 хувиар, ургамал хамгааллын үнэ 80 хувиар, газар тариалангийн зардал 60 хувиар өсөөд байгаа. Сүүлийн 5-6 жилийн турш гурилын үнэ нэмэгдээгүй байсан. Энэ удаад зайлшгүй шаардлагаар нэмэгдэж байгаа. Гурилын үнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тогтоодоггүй. Энэ нь зах зээлийнхээ зарчмаар л тогтдог жамтай. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгж, гурилын үйлдвэрүүд 15 хувийн хүүтэй зээл авахад түүнийг тав болгож өгч байгаа. Нийт гурилд ордог улаан буудайн үнэ өсчихөөд байхад тогтоон барих боломжгүй байна. Гэвч зах зээлийн ханшаар л бид худалдаж авч байгаа болохоор яах ч аргагүй нэмэгдэж байгаа гэсэн юм.

Хэчнээн чөлөөт зах зээлтэй, үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн байж болох ч иргэддээ уян хатан хандах ёстойг тухайн үед иргэд цахим хуудастаа бичсэн. Үйлдвэрлэгчдийн зүгээс цаашид ч гурилын үнэ өсөх хандлагатай байгааг анхааруулсан. Тэгвэл зохицуулалтгүй энэ хэвээр байвал нэг уут боорцогийн үнэ 10-15 мянган төгрөгөөс эхлэхэд ойртох нь. Иргэдийн амьдралд цалин, тэтгэвэр нь нэмэгдээгүй байхад хүнсний бүтээгдэхүүний үнэ ийнхүү нэмэгдэж байгаа нь хүндээр тусч эхэлжээ. Тэр дундаа захын хорооллуудад уут боорцог авах хүн үгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн худалдан авалт буурч, захын хорооллын дэлгүүр хаалгаа барихад хүрээд байгаа нь эдийн засаг агшиж байгаагийн илрэл аж. Өнгөрөгч хавар Засгийн газраас мах, гурилын үнийг тогтворжуулах хуулийн төслийг баталсан ч үнийг хүчээр барьж болохгүй гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Иймээс иргэдийн гар дээрх бодит орлогыг нэмэгдүүлж, инфляцийг нэг оронтой тоонд оруулах хэрэгтэйг иргэд хэлж байна.

Хүнсний дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарсаар сурв(20)

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү