Мэдээ

Кон Аяа: Тэтгэвэрт гарсныхаа дараа Монголд ирэхэд амьдралын минь хоёр дахь үе эхэлсэн

Кон Аяа бол магадгүй Монголд хамгийн удаан амьдарсан япон хүн байх. Тэрээр 60 настайдаа тэтгэвэрт гарангуутаа Монголд амьдрахаар зориг шулуудан ирснээс хойш даруй 20 жил өнгөрчээ.

“АНХ ЗУРАГТ НОМ ДЭЭРЭЭС МОНГОЛЫН ТЭНГЭРТ ТАТСАН ДАВХАР СОЛОНГЫГ ҮЗЭЭД ИРЭХ ХҮСЭЛ МАШ ИХ ТӨРСӨН”

-Хамгийн анх Монголд ирж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач? Тухайн үед Монгол ардчилсан улс болоод удаагүй байсан цаг.

– Анх ирээд зочид буудалд буулгүй, малчин айлд байрласан. Тухайн үед зун цаг байсан ба онгоцны буудлаас шууд хөдөө явж байхдаа Монголын өргөн тал нутаг, хөх тэнгэр, байгалийг сайхныг хараад сэтгэл хөдөлсөн. Би зурагт ном дуртай, тэгээд хотын номын дэлгүүрээр зурагт ном хайж нэлээн явж билээ.

Зочид буудалд байрлаж байхад 00-ын ус нь татагддаггүй эсвэл цахилгаан гэнэт тасарчихдаг, хоолонд нь ногоо байхгүй гээд багагүй бэрхшээлтэй зүйл байсан. Энд ирэхээсээ өмнө “Сүхийн цагаан морь” хэмээх зурагт ном дээрээс Монголын тэнгэрт татсан давхар солонгыг үзээд ирэх хүсэл маш их төрсөн.

– Та давхар солонгыг харсан уу?

– Харалгүй яах вэ. Хөдөө байшин барилга байхгүй учраас давхар солонго маш гоё харагддаг. Энэ 20 жилийн хугацаанд 4-5 удаа харсан. Тухайн үед одоогийнх шиг ухаалаг утас байхгүй учир давхар солонготой хамт авахуулсан зураг плёнк дээр л үлдсэн дээ.

– Та ирэнгүүтээ Монголд айлд буусан гэж байна. Тухайн үед хэцүү санагдах зүйл байв уу?

– Хоолны хувьд асуудалтай тулгарсан. Сав дүүрэн хонины мах урд тавиад том, том огтлоод өгнө. (инээв) Би хонины мах идэж, үнэрийг нь ч авч чаддаггүй юм. Бас Японд байхдаа л сүү ууж чаддаггүй байсан. Тиймээс ирээд удаагүй байхдаа “Яана аа, би энд удаан байж чадах юм болов уу” гэх бодол төрж байлаа. Мөн нийслэлд өвлийн цагт энд тэнд халтиргаа үүсчихдэг. Халтирч унаснаасаа болж бэртээд нутаг буцсан япончууд байдаг учраас халтирч унахаас маш их айдаг байсан. Гэсэн ч маш олон удаа халтирч унасаар байсан ч одоо бол мөстсөн зам дээр халтирахааргүй явж сурсан. (инээв)

– Хоол гэснээс та ямар монгол хоолонд дуртай вэ?

-Ихэнхдээ гэрийн хоолонд дуртай. Тэр дундаа бууз, хуушуурт дуртай. Гадуур хооллохоор тос ихтэй байдаг юм.

– 20 жил гэдэг хүний амьдралын багагүй хугацаа. Залуу ч бай ахмад ч бай, хүн амьдралынхаа бүхий л хугацаанд аливаа зүйлсийг ойлгож, таньдаг гэж би боддог. Та Монголд амьдарч байх хугацаандаа юуг илүүтэй ойлгож, таньж авсан бэ?

– Тэтгэвэрт гарсныхаа дараа Монголд амьдрахаар ирэхэд амьдралын минь хоёр дахь үе эхэлсэн гэж хэлж болно. Энд мөнгөөр ч худалдаж авахааргүй үнэт зүйлс байдаг. Тэр бол байгалийн сайхан үзэсгэлэнт байдал. Мөн гэр бүлийн үнэ цэн, хүүхдээ хайрлаж буй нь сайхан. Монголчууд маш гэр бүлсэг ард түмэн. Нэг үгээр Монголд байхдаа хүний амьдралын өөр нэгэн үнэ цэнийг олж харсан. Нөгөөтээгүүр миний хувьд тэтгэвэрт гарсны дараа багшилж оюутнуудтай ажиллаж байгаа минь надад одоо хүртэл эрч хүчтэй, идэвхтэй амьдрах үндэс болсон гэж боддог.

– Та мэдээж Монголоор аялсан байх. Хамгийн сайхан санагдсан газар, нутаг аль нь байв?

– Баян-Өлгий аймаг их сэтгэлд хүрсэн. Тэнд их сайхан өндөр уулс бий. Би спортоор хичээллэдэггүй ч ууланд авирах дуртай. Японд байхдаа ч мөн ууланд авирдаг байсан. Энд байхдаа мөн Гачууртад очихоороо ууланд заавал гардаг.

– Таныг монгол гэрт амьдардаг гэж дуулсан.

– Тийм ээ. Гачууртад гэр минь бий. Амралтын өдрүүдэд тэр гэртээ очдог.

– Япончууд монголчуудад их элэгтэй байдаг. Үүний учрыг та юу гэж боддог вэ?

– Монголчууд их уужуу тайван зантай хүмүүс. Жижиг сажиг зүйлд хэт их ач холбогдол өгөөд байхгүй аливаад уужуу ухаанаар ханддаг мэт санагддаг. Нөгөөтээгүүр хийе гэсэн юмаа цагийг нь тулгаж хийсэн ч маш сайн гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, аливааг богино хугацаанд маш их хүч, ухаан гаргаж хийж чаддаг. Маш толгой сайтай хүмүүс учир хамтран ажиллахад ч сурах зүйл их, урамтай байдаг даа. (инээв)

Монголчууд япончуудаас ялгаатай нэг өөр зан нь би төвтэй байдал. Жишээ нь “Ээж хөдөөнөөс ирж байгаа, би амармаар байна” гэдэг. Эсвэл “Миний толгой өвдөөд байна, чөлөө авъя” гэнэ. Японд энэ нь эсрэгээрээ байдаг. Ямар ч тохиолдолд ажлыг нэгдүгээрт тавьдаг ба хичнээн ханиад хүрээд бие нь тааруу байсан ч ажлаа хийхийг эрмэлздэг. Гэхдээ монголчуудын тэр байдлыг би эхэндээ их гайхдаг байсан ч одоо их ойлгож хүлээн авдаг болсон. Хүн ажил, амьдрал, эрүүл мэнд гээд аливааг тэнцвэржүүлэх ёстой шүү дээ. Харин япончуудын ажлаа нэгдүгээрт тавьдаг занг монголын залуус хэрхэн хүлээж авах бол, та юу гэж бодож байна?

– Япончуудыг хөдөлмөрч ард түмэн гэдгийг бид мэддэг. Тиймээс ажлаа нэгдүгээрт тавьдаг занг би хувьдаа гайхан хүлээж авахгүй.

– Япончууд дайны дараа маш богино хугацаанд эдийн засгийн хувьд хүчирхэг улс болж чадсан ба ингэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн ард түмэн. Түүнээс хойш уламжилж ирсэн энэхүү чанар нь өдгөө зарим сөрөг үр дүнг дагуулдаг. Тиймээс толгой өвдөх төдийд амрах нь нэг талаараа зөв ч юм шиг санагддаг. Хэтэрхий их ажиллах нь ар гэртээ анхаарах аргагүй болгодог. Өглөө хүүхдээ унтаж байхад ажилдаа яваад, унтсан хойно нь гэртээ ирсээр нэг л өдөр хүүхэд нь “Энэ хүн хэн бэ” гэж асуух вий гэсэн хошин яриа ч бий. Харин монголчууд маш гэр бүлсэг хүмүүс учир яг л хүний ёсоор амьдарч байна гэж боддог доо.

“БИ ХҮНИЙ АМЬДРАЛЫГ БАЯЛАГ, СОНИРХОЛТОЙ БОЛГОХ ЗҮЙЛСИЙГ ҮЗЭЖ ХАРЖ, БИШРЭХ ДУРТАЙ”

– Гэр бүл, ач зээ, үр хүүхдээ хааяа санадаг уу?

Би гурван хүүхэд, зургаан ач зээтэй. Одоо цагт царай царайгаа хараад ярьчихдаг давуу талтай учир нэг их санаад байдаггүй. Жил бүрийн цагаан сар, зун нутаг буцаад ирдэг байсан ч өнгөрсөн жил ковидын улмаас очиж чадсангүй. 20 жилийн өмнө анх ирснийхээ дараа ч гэрээ санадаггүй байсан. Би ач зээ нартаа маш их хайртай эмээ. Бараг тэдэнтэйгээ уулзахаар л Япон явдаг даа.

Таны хүүхэд, ач зээ нар Монголд ирсэн үү?

– Тэд хааяа зун ирдэг ба морь унаж, аялаад яг л над шиг Монголын сайхан үзэсгэлэнт нутгийг үзээд “Ямар гоё юм бэ” гэсээр л буцдаг.

– Та хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?

– Коронавирусаас болж сүүлийн хоёр жил явсангүй. Хамгийн сүүлд 2019 онд явсан. Тэнд очоод ач зээ нартайгаа л цагийг их өнгөрөөдөг юм.

– Хүүхдүүд тань “Ээж ээ, хүрээд ирээч” гэдэг үү?

– Дандаа тэгж хэлдэг. (инээв) “Хэзээ Японд бүр ирэх вэ” гэж байнга асуудаг. Хурдан ирээрэй л гээд байдаг юм.

– Та хэзээ нутаг буцах төлөвлөгөөтэй байна вэ?

– Бие маань чилээрхвэл бүр буцах байх даа. Одоо бол бие минь эрүүл саруул сайхан л байна.

– 80 настай гэхэд та маш ануухан харагдаж байна.
-Тэтгэвэрт гарсныхаа дараа энд ирээд оюутан, ажлын хамт олон гээд дандаа залуу үеийн хүмүүсээр хүрээлүүлж ажиллаж байсан болохоор нэг талаараа эрч хүчтэй, цог золбоотой байх, наснаасаа залуу харагдах шалтгаан болсон байж болох юм. Ер нь хүн тэтгэвэрт гарсныхаа дараа залуучуудтай харилцах, сайн дурын үйл ажиллагаанд оролцоход илүүдэхгүй. Түүнээс гадна дуурь, үзэсгэлэн үзэх, ном уншдаг дадал минь нөлөөлдөг байж магадгүй. Монголд ирээд дуурийн урлагийн сайхныг биширсэн. Одоо зав, боломж гарах бүрийд л дуурь, урлагийн тоглолт үзэхийг эрмэлздэг. Хүний амьдралыг баялаг, сонирхолтой болгох зүйлсийг үзэж харах, бишрэх дуртай.

жил бүр “Кон байна уу” сэтгүүлийг гаргадаг гэсэн. Энэхүү сэтгүүлдээ Монголын талаар юу багтаахыг зорьдог вэ?

– Япончууд Монголын талаар төдийлөн сайн мэддэггүй байсан. Өдгөө Монголыг сумо бөхөөр эсвэл түүхийн талаас нь л мэддэг. 20 гаруй жилийн өмнө Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр траншейний хүүхдүүд эсвэл нүүдэлчдийн амьдралыг л хүргэдэг байлаа. Тиймээс би Монголын бодит байдлыг япончуудад хүргэхийг хүсэж жилд нэг удаа хэвлэгддэг “Кон байна уу” сэтгүүлээ гаргадаг болсон. Үүндээ Монгол орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, жил бүрийн ахиц дэвшлийг тэдэнд хүргэхийг зорьдог.

– Сэтгүүл дээрх мэдээллийг үзээд Монголын талаарх өөр ойлголттой болсон хүмүүс танд сэтгэгдлээ хуваалцдаг уу?

– Сэтгүүлийг маань үзээд “Монгол орон ийм их хөгжөө юу” гэх хүмүүс байдаг. Мөн хамгийн анхны дугаар дээрээ нэрийг нь одоо яг сайн санахгүй байна, Монголын нэгэн алдартай моделийн талаар нийтэлсэн юм. Гэтэл япончууд түүнийг үзээд “Пөөх, Монголын загвар өмсөгчид ийм сайхан бүсгүйчүүд байдаг юм уу” хэмээхийг нэг бус удаа сонсож байсан. Монгол загвар өмсөгчид японыхоос илүү царайлаг, ганган дэгжин, загварлаг байдаг. Сэтгүүлийг маань уншдаг хүмүүс ч мөн үүнийг хэлдэг. Мөн сэтгүүлээс Монголын эдийн засаг, байгалийн баялагтай холбоотой мэдээллийг нь илүү сонирхдог юм. Япон жуулчид “Кон байна уу” сэтгүүлийг гэрийнхэн, найз нөхдөдөө бэлэглэхээр авч явах тохиолдол их бий.

Миний эргэн тойрны хоёр ч монгол хүн япон гэргийтэй. Япон бүсгүйчүүдийн зарим нь монгол эртэй гэр бүл болох сонирхолтой байдаг гэж дуулсан.

– Монголд анх ирэхэд хэрэв би залуухан байсан бол монгол малчин залуутай суух байсан байх гэж бодогдсон. (инээв) Монгол эрчүүд бие бялдар, хүч чадал, зан аашийн хувьд жинхэнэ эр хүний шинжийг агуулсан гэж япон эмэгтэйчүүд боддог. Морь унаад давхиж буй дээлтэй монгол эрийг харсан япон эмэгтэйн сэтгэл татагдана гэдэгт эргэлздэггүй. Миний эргэн тойронд монгол хүнтэй суусан арав гаруй япон бүсгүй бий. Тэд бүгд маш жаргалтай амьдардаг. Ер нь япон эмэгтэйчүүд мөнгөтэй хүнд татагддаггүй, харин жинхэнэ эр хүн шиг хүнд л татагддаг.

– Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
– Баярлалаа. Би Монголд амьдарч байна гэхээсээ илүүтэй, Монгол намайг амьдрах боломжоор хангаж байна гэж бодон талархдаг. Эргэн тойрны маш олон хүмүүсийн тусламжаар энд сайхан амьдарч байна. Өнөөг хүртэл тусалж, дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү