Мэдээ

Л.Өнөрчимэг: Би хохирогч боллоо. Цагдаа нь туслаачээ!

Зураач Л.Өнөрчимэг өөрийн хуудсаараа ийнхүү бичлээ.

“Хүмүүсээ!!!

Эрүүгийн ба Дүүргийн Цагдаа нар минь та нар үүрэгт ажлаа иргэний амийг хамгаалж, буруутанг илэрүүлж, хохирогчийг сэтгэл санаагаар унагаахгүйн тулд ажлаа хийгээчээ???

Ажлаа үүргээ гүйцэтгэж хийж мэдэхгүй юм бол иргэд минь надад туслаач ээ??? Хүний найзууд ч гэрчүүд ч тусалж чадахгүй юм ТэнГэр минь та туслаач???

Монголд ноцтой гэмт хэрэгтэнг муу хүнийг баривчилж чадахгүй үлийгээ хүлээгээд байгаа юм бэ??? Би хангалттай хохирогч болсон!!!

Надад наах ямар нэгэн буруу гэж байхгүй, бөгөөд энэ асуудлыг хуулиараа шийдвэрлэж өгөөч ээ??? Одоо би бусдад болон Монголын нийгэмд юу болоод байгааг, надад юу тохиолдсоныг баталахад бэлэн байна!!!

Муу явахаар сайн яв гэдэг!!!

Төр Засаг гэж хэрвээ байгаад бол хэдэн цагаар, би тэр цагдаа нарыг чинь хүлээж гуйх ёстой вэ??? Тэр гэмт хэрэгтэнг баривчлуулахыг хүсч түүний үйлдлийг шалгах тухай бибээр ноцтой өргөдөл биеэрээ очиж урд шөнө өгсөн шүү дээ???

Би өөр юм хийх ёстой юм уу?!!! Үгүй!!!

Тэр гэмт этгээд маргааш үүрээр нисэхээр, газраар ч юм уу… яаж ч хамаагүй оргон зайлах гээд байна шүү дээ!!!

Би Монгол улсын холбогдох хуулийн өмнө тэр этгээдийг гадаадруу явуулахгүй байлгах бүх талаар хориглох аога хэмжээг Эрүүгийн болон Онцгой Дүүргийн бүх цагдаа нар саатуулахыг хүсч байна???

Хуулийн өмнө би хэрвээ худал мэдүүлэг өгсөн бол харицлага бүрэн хүлээнэ!!!” хэмээн бичжээ.

Зураач Л.Өнөрчимэгийг танихгүй хүн гэж үгүй ээ. Тэрээр Налайх дүүрэгт ажиллаж байгаа сураг сонсоод өөртэй нь уулзаж уран бүтээлийн болоод амьдралынх нь тухай яриаг уншигч таньд хүргэхийг зорилоо.

Тус дүүргийн “Сайн номуун” хийд хэмээх номын их өргөөнд хүүхэд багачуудад өөрийн эрдэм ухаанаа сургаж буй зураач бүсгүй маань удахгүй хилийн дээс алхан уран бүтээлийнхээ үзэсгэлэнг дэлхий нийтэд тавих урилга хүлээж аваад байгаа гэнэ. Гоц авьяастай хүний ухааныг бурхан цаанаас л гоц заяадаг бололтой.

Л.Өнөрчимэг дэлхийн аль ч улс гүрэнд байхгүй эргэдэг буюу хөдөлгөөнтэй уран зураг бүтээсэн. Энэ нь олон улсад сонгодог зургийг анх удаагаа хөдөлгөөнд оруулсан тохиолдол аж. Ингээд Л.Өнөрчимэгийн сэтгэлийн ертөнцөөр хамт аялцгаая.

-Өнгөрсөн 10 гаруй жил уулзсангүй. Энэ хугацаанд ямар ажил амжуулав даа?

-Өнгөрсөн 10 жилийг эргээд харахад маш их зүйл бүтээсэн. Тэр дундаа дэлхийн уран зургийг хөдөлгөх хэмжээний бүтээл туурвиж чаджээ. Үүний патентийг манай зохиогчийн эрх, оюуны өмчийн газар, төр улс анхааралдаа авахад болно. Одоо Эрмитажийн музейд байрлуулах олон түмэнд сурталчлах юу л бол юу хийж болно. Ер нь хүн төрөлхтний дунд уран зургийг би анх хөдөлгөж чаджээ.

Учир нь Луварын музей зэрэг дэлхийн нэртэй музейнүүдэд олон сайхан гайхамшигтай бүтээл хадгалагдаж байдаг. Гэхдээ тэр зургууд нэг л янзаараа өлгөөстэй, нэг л утга илэрхийлдэг. Харин миний туурвиж буй одоогийн бүтээлүүд хаашаа ч хамаагүй хөдөлж чадах онцлогтойгооос гадна хааш нь ч харуулаад харахад өөр өөр төрлийн олон арван сэдэв, өнгө аястай, янз бүрийн утга учир илэрхийлж байгаагаараа онцлог юм.

10 гаруй жилийн хугацаанд хийсэн хамгийн том зүйл гэвэл энэ л байна даа. Нөгөө талаас өөрөөсөө илүү бусад хүмүүсийн хувийн амьдралыг тэтгэж явсан байна.

Шулуухан хэлэхэд УИХын гишүүд энд ийм хандив өглөө, тэнд тийм тусламж олголоо гэж ярьдаг. Тэгвэл би тэднээс дутахгүй л гараа сунгасан байна. Хүмүүсийн төлөө явж, тэдэнд их биш ч гэсэн инээмсэглэх боломж олгосон болохоороо би бахархалтай байна.

-Хонконгос ирээд Улаанбаатарт хувийн сургууль нээчихсэн сураг байсан шүү дээ?

-2006 -2009 онд сургалтаа хотод ажиллуулж байлаа. Харамсалтай нь тухайн үед ам.долларын ханш, орон сууцны түрээсийн үнэ, ажлын байрны үнэ ч нэмэгдсэн. Би сургуулийнхаа байрыг түрээсэлж байсан. Анх сарын түрээс 500 ам.доллар байсан бол 2000 ам.доллар хүртэл нэмэгдсэн.

Худалдаад авъя гэсэн чинь орон сууцны үнэ бас хоёр дахин өссөн. Ганц би ч биш тухайн үед гадаадаас хэдэн ам.доллар олж ирсэн ухаалаг залуучууд ч Монголдоо зорьсноо хийж чадаагүй л уначихсан байх. Хотын болон нийгмийн амьдрал маань одоо ямар байгаа билээ дээ.

Чадалтай чадвартай ухаантай, авьяастай хүүхдүүдээ эх эцэг нь яаж ч дэмжиж тусалсан мөнгөн дээр гацаж байна. Хоёр хүүхдийн сургалтын төлбөр өгч чаддаг байсан бол сүүлдээ үнийн хөөрөгдөлтөөс шалтгаалаад хоёр хүүхдээ хоёуланг нь сургуулиас нь гаргах хүртэл шаардлагатай тулгарч байна.

Би хувиасаа бүх юмаа гаргаж хүүхдүүдийн бололцоог хангаж байж хичээл зааж байсан. Нэг үгээр хэлэх юм бол цэвэр 20 жил өөрөө юу ч хийлгүй амьдарчих хөрөнгөө гаргасан. Үүндээ би харамсдаггүй л дээ. Эдгээр хүүхдүүд ямар ч байсан үр дүнд хүрч мэргэжилтэй болсон. Зарим нь гарын ураараа амьдарч гадаад дотоод явж байна.

Нөгөө талаасаа хувь хүн ямар нэгэн зүйл санаачилж сэдээд хийхээр төлөвлөгөөнд нь байгаагүй нийгмийн саад гарч ирдэг. Энэ нь иргэн хүнд хэцүү тусаад байгаа юм. Эцэг эхчүүд мах гурилын үнэ өсөхийн хэрээр хэцүү болж байгаа гэхдээ л даваад л гараад ирнэ. Гэтэл өмнө нь бас нэг хууль тогтоол ирээдүйг нь хаагаад л зогсож байдаг.

Ард түмэн бол их тэсвэр тэвчээртэй юм. Харин манай төр баригчдын гаргасан зөв шийдвэр тогтоол гэгч нь айлын хаалга, тооноор орж ирж хэрэгжихгүй байна. Тиймээс эмзэг бүү хэл дунд төвшний гайгүй амьдралтай хүн ч дампуурч байна.

-Хонкогд урилгаар долоон жил ажилласан гэл үү?

-Гаднын оронд албан ажлын урил гаар долоон жил ирж очин ажил ласан. Миний авьяасыг үнэлж, уран бүтээлийг дэмжиж долоон жил ажил луулсан нь гайхамшигтай. Энэ бол намайг үнэлсэн том үнэлгээ байсан.

-Тэнд олон шавьтай болсон уу?

-Миний шийдвэр их зөв байсан гэж би боддог юм. Тэнд амар амгалан, эд хөрөнгийг нь бодоод ажиллаад байсан бол надад 10 гаруй орон сууц өгөх байсан байх. Харин Хятадын ард түмний тэрбумаас бараг сая хүн нь хоёр гараараа бичих зурах шийдэлд сураад л үлдэх байсан. Тиймээс эх орондоо ирсэн нь зөв байгаа биз.

Монголынхоо олон авьяаслаг хүүхдүүдэд зурж сурах боломж олгосон нь дээр биз дээ. Эх орондоо ирж хэцүү нөхцөлд хутгалдсаныхаа төлөө би хэдий зовсон ч гэлээ монголчууддаа өөрийнхөө чаддаг бүхнийг өвлүүлэх гэж зүтгэж байна. Үүнийг улс орны жолоодогч нар мэдэхгүй яваа нь жаахан харамсалтай.

-Өөрөө их тэсрэлттэй бүтээл хийдэг, хэний ч санаж сэдэж чадаагүй явааг гаргачихдаг. Одоо хөлөөрөө зурж байна уу?

-Миний энэ чадвар хэзээ ч хаягдахгүй байх. Монголоос хөгжл өөрөө 200 жилээр түрүүлчихсэн асар их хөгжилтэй орнуудын зураачид одоо л аквариум дотор зурж эхэлж байна. Америк, Солонгос, Япон, Франц гэх орнууд одоо л хоёр гараараа зурж эхэлж байна. Орос элсээр, Солонгос усаар,

Хятад хоёр гараараа сэлгэлэн зурахыг оролдож байна. Дэлхийн хэмжээнд зургийн спорт хөгжиж байна. Дэлхийд гоц гэж яригдаж байгаа Солонгосын зураачийн одоо хийж буй үзүүлбэрийг ч би аль эрт 20 жилийн өмнө хийчихсэн байгаа юм.

Харамсалтай нь манай төр урлагийн салбараа зөв нээж дэмждэггүй, авьяаслаг хүмүүсээ алдаад дарагдаад байгаа юм. Монгол гэдэг оюун санааны асар өндөр хөгжилтэй үндэстэн гэдгийг би олон улсад баталчихсан шүү дээ.

-Өөрийг тань төр хэр үнэлж байна?

-Намайг ямар ч айлд очсон, хаана ч явсан хүмүүс таньдаг байхгүй юу. Зарим хүн надад хэлдэг юм. “Миний охин аль эрт ард түмний дунд гавьяат болчихсон хүн. Чиний авьяас бүтээлийг хүн бүр үнэлдэг” гэж. Энэ үг бол надад энгэртээ Төрийн шагнал зүүснээс илүү их шагнал болж байгаа юм.

Ер нь миний бүтээл дахин давтагдашгүй ховор, ард түмний хүртээл болсон, өөрийн гэсэн огноотой шүү дээ. Ер нь өнөөгийн төр засгийг онцгой бүтээл туурвисан хүндээ төрийн шагнал олгож чадахгүй байгааг хүн бүр ярьж байгаа шүү дээ.

Гэхдээ миний хувийн бодол бол, яадгийм миний ард түмэн өөрсдөө их авьяастай тул гавьяатаа бүгд л авах хэрэгтэй, ийм авьяаслаг хүмүүс байж намайг хамгийн ганц жинхэнэ гоц гэж хайрладаг болохоор би хамгийн сүүлд авч болно.

-Эргэдэг бүтээлээ хэдэн жил туурвиж байж дуусгасан бэ?

-Их хөдөлмөр шаардсан. Анх санааг нь би 10 жилийн хүүхэд байхдаа таван тивийн хүүхдүүдийг дэлхийн бөмбөрцөг тойруулаад эргүүлж зурж байхдаа олсон юм. Энэ бол 1985 он шүү дээ. Тухайн үед эргэдэг жааз бодож байсан боловч арай л амжуулж чадахгүй бас арга эвээ олохгүй яваад байсан байх.

Тэгээд хожим биеллээ оллоо. Хүн яагаад зураг гэхлээр ганц өлгөөтэй зүйл харах хэрэгтэй гэсэн утга бодож байгаад л хийсэн. Дэлхийн уран зургийг үүгээрээ хөдөлгөж чадах болсондоо би их баяртай байгаа.

-Нийтэд гаргаж үзүүлсэн үү?

-Үзүүлээгүй. “25 дугаар суваг”- ийн “ТВ галерей” нэвтрүүлгээр цухас дурдаад өнгөрсөн. Одоо Налайхын 500-гаад орчим хүүхэд хүмүүс үзээд байж байна. Би галерей болгоод дэлгэчихсэн.

-Энэ бүтээлийг чинь төрийн томчууд үзсэн үү?

-Ер нь манай улс төр хийгээд зарим бизнесменүүд өөрсдөө уран зургийн цуглуулгатай гэж ярьдаг. Байдаг ч байх. Тэр хүмүүс өөрсдөө ирж үзэж сонирхоосой гэж би бодож байгаа. Дэлхийн арт спортын зураачийн галерей юм.

Монголд анх зургийн спортын холбоо байгуулаад дэлхий нийтийн анхаарлыг нааш нь дуудаж монгол хүний оюуны гайхамшгийг харуулах ёстой гэж бодож байна. Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандсан. Гэтэл энэ сайхан бүтээлийг дэмжээгүй атлаа Төрийн ордондоо зүгээр л нэг тайлан тоглолт хийхийг зөвшөөрөөд байдаг нь хачирхалтай санагддаг.

-Өөрөө ингэж яваад нийгмийн золиос болж хээлмэгдээд дуусчих вий дээ?

-Магадгүй Р.Чойном, П.Адарсүрэн нар ямар амьдралаар явж байгаад хорвоог дуусгасныг хүн бүхэн мэднэ. Тэр хүмүүс бол жинхэнэ гоц авьяастай хүмүүс байсан. Харин гоц авьяастан гэх цолыг 20 гаруй жилийн өмнө надад олгосон. Би гоц авьяастан гэдэг нэр хүндийг өдий хүртэл авч явж байгаа.

Манай нийгмийн аль ч тогтолцоонд байдаг нэг гаж зүйл бол гоц авьяастан нь бараг мэдрэлийн солиотойд тооцогдож явж байгаад өөд болдог эмгэнэл бий. Арга ч үгүй юм төр засаг нь гоц авьяастнуудаа дэмжиж тусалж тэднийхээ оюун ухаан хийгээд гай хамшгаар дэлхийд гайхуулж ча дахгүй юм чинь.

Өнөөдөр гоц авьяастан Л.Өнөрчимэг хаана ямар сайхан бүтээл хийчихсэн явааг төрийн түшээдийн нэг нь ч анхаарч харахгүй байж аль аймгийн нутагт хэн газар ухаад алт авчихав би авах ёстой байсан юм гэж харамсаж тийшээ л шунал нь хөдөлж явдаг гэхэд хилсдэхээргүй болж.

Тэгэхээр Монголоо дэлхий нийтэд гаргах хүсэл сэтгэлгүй атлаа өөрийгөө хөрөнгөжүүлэх гэсэн санаа шийдэлтэй хүн олон байна гэж ард түмэнд шууд утгаараа ойлгогдож байгаа шүү дээ. Монголчууд халуун цустай авьяастай, омог бардам хүмүүс. Би ганцаараа гоц авьяастан биш шүү дээ. Нугараач, сийлбэрч, хөгжимчин гээд маш олон гоц авьяастнууд миний араас гарч ирж байгаа. Тэр хүмүүсийн төлөө ядаж би дуугарах ёстой гэж бодож байна.

-Бүх л амьдралаа уран бүтээлд зориуллаа. Одоо яаж амьдарч байна?

-Би хоёр идэхгүй хоосон хонохгүй жирийн л амьдралтай. Монголдоо тайлан тоглолтоо хийнэ гэхээр нэг хэсэг нь өндөр төвшинд хийнэ гэж бодож байхад нөгөө хэсэг нь атаархаад дарж байна. Тэгэхээр би тайлан тоглолт хийж, бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргаж чадахгүй л явж байна. Гэхдээ “Сайн номун” хийдийн хамт олон болон намайг гэж сэтгэл зүрхээ зориулдаг олон хүний ач буян, ард түмнийхээ дунд байгаа болохоор сайхан байна.

-Шинэ шийдэлтэй бүтээл хийж байна уу?

-Хүүхдүүдийнхээ үзэсгэлэнг бэлт гээд сууж байна. Удахгүй Налайх дүүрэгт миний хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн нээгдэх гэж байна. Налайх дүүргийг хүмүүс алслагдсан дүүрэг гэж ойлгох буюу хотын хөдөө гэж ярьдаг. Гэтэл жинхэнэ утгаараа энд монголын ирээ дүйн нэг хэсгийн хөгжил дэвшил явагдаж байна. Жинхэнэ ирээдүйн хот чинь энд байна.

-Өөрөө яагаад Налайхыг сонгож ирээд энд суучихав?

-Би Өвөрхангай аймгийн Хархоринд төрсөн. Аав, ээж хоёр маань Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын урианхай хүмүүс. Аав минь залуудаа цэргийн ангийн захирагч болохоор их олон газраар явж байсан. Тэгэхээр Налайх бол миний бага настай холбоотой унаган дүүрэг минь байгаа юм. Бас нэг юм гэвэл миний хүүхэд нас, залуу үе социализмын үед үнэхээр их хээлмэгдэж. Тэгэхээр авьяастай хүүхдүүд над шиг битгий зовоосой гэсэндээ энд ирж хүүхдүүдийн авьяасыг нь тодруулаад чиг замыг нь олоод өгье л гэж бодсон юм.

-Уран бүтээлээ борлуулах, зарах тал дээр хэр вэ?

-Би халтуурын зураг зурж үзээг үй. Нэг удаа ч захиалгын зураг зурж яваагүйдээ өөртөө баярладаг юм. Дандаа л оюун ухааны, өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр дуртай бүтээлүүдээ туурвиж ирсэн. Зарж үрмээргүй хайрладаг зургууд минь зөндөө байгаа. Зарим тохиолдолд хүн үзээд гуйгаад худалдаад аваад явчихдаг. Өөр оронд бол зурж дуу саагүй байхад эзэн нь олддог, манайх бол өөр шүү дээ.

-Өөрөө жинхэнэ уран бүтээлчийн замаар яваад байдаг юм шиг санагдаж бахархдаг шүү…?

-Баярлалаа. Би унах үедээ унадаг. Босох минь ч олон. Амьдрал хэнийг ч алаг үздэггүй шүү дээ. Өнөөдөр би илүү ихийг ухаарч цоо шинээр сэтгэж байгаа. Болдгоороо л болж байна. Гэхдээ үргэлжийн мөнх уран бүтээлээ л боддог. Нэг ч удаа мөнгөний боол болж гүйгээгүй шүү. Надад тийм чанар ч зохихгүй байх. Би бол уран бүтээлч хүн шүү дээ.

-Хонконгод үзэсгэлэн гаргаж байв уу?

-Маш их гаргаж байсан. Ерөөсөө унтаад л босоод ирэхэд нүүр ам будаж хувцас өмсүүлээд долоон цагт тоглолт чинь болно. Уулзалт болно. Орой амрах, тэдэн цагт босно, тийм газар үзэсгэлэн чинь нээгдэнэ гээд л аваад явна. Цаас харандаа будгийн дэлгүүр ч явдаггүй зөвхөн миний оюун ухаан л ажилладаг байсан. Харин монголдоо би өөрөө бүтээлээ туурвиж хажуугаар нь багшилж, гэр орны хатуу хүтүү ажилд орж байна.

-Хонконгод байх, Монголд байх өдөр шөнө шиг ялгаатай санагдаж байна уу?

-Гадаадад байхад та бол зурах л ёстой гэж байсан бол энд эсрэгээр нь чи зурж болохгүй гэх нь л халаг байна. Өнгөрсөн хавар Багахангай, Налайхад тоглолт хийсэн. Одоо би морин хуур, уртын дуу сурч байна. Миний уртын дууны багш Налайхын соёлын ордны Хүрэлбаатар, морин хуурын багш Чулуунбат гэж хүн байна.

Би өөрөө бүжиг, дуу, драм, шүлэг, эсгий урлаг, керамек, сийлбэр, хатгамал, уран зургийн хичээл зааж байна. Дээрээс нь чулуун сийлбэр, хөөмөл, элсээр зурахыг заахаар бэлтгэчихээд ажиллаж байна. Бид бол өөрсдөө хөгжицгөөе гэсэн уриатай л ажиллаж байгаа.

-Тансаг амьдралыг хүн бүхэн хүсдэг. Харин өөрөө түүнээс татгалзаад л байх шиг?

-Манай улстөрийнхөн тансаг гэж хэлээд байгаа тэр амьдралаасаа зарим нь ичээч ээ, би тэр амьдралыг чинь үзчихсэн. Хөдөлмөрөөрөө баяжсаныг нь ард түмэн ялгаж танихыг нь таньж байгаа шүү. Тэр бэлэн торгон дээр хөлбөрөх бол амьдрал биш юм билээ л гэж хэлмээр байна. За энэ ч яахав.

Нээрээ их сонирхолтой зүйл нэг байна. Миний төрсөн газар, төрсөн жил, сар, өдөр, цаг маань суут хүмүүсийн энэ орчлон дээр ирж байсантай нь яв цав нийцдэг юм билээ. Дандаа л суут гэсэн тайлбарт энэ тооллууд маань багтдаг. Гэхдээ би цаашдаа ийм гоё хувь заяатай төрүүлсэн хувь заяат агаар ус, их байгалиа шүтэж та бүгдийн ачийг хариулахын төлөө амьдрах болно.

Би өмсөж зүүх, алт мөнгөөр гоёх, дэлхийн одын хэмжээнд хүндлэгдээд явахыг үзсэн. Харин өнөөдөр хүмүүсийн дунд тэдэнд тусалж, жирийн хүн шиг амьдрах нь сайхан юм байна гэдгийг ойлгосон.

-Өөрөө машинтай юу?

-Олон маркийн машин авч унасан. Харин гадаадад байхад хувийн онгоцоор намайг аваад явчихдаг. Усан онгоц гээд юу л байна тэр бүхэн л байсан. Одоо машин унахаас дургүй хүрсэн. Яагаад гэхээр миний машины араас мөргөсөн жолооч өөрийнх нь буруу байхад шууд л над руу дайрч хараал хэлж байсан.

Тийм муухай авир муутай, замын хөдөлгөөнийхөө дүрмийг мэдэхгүй хүмүүсийн дунд би замын хөдөлгөөнд оролцоод яах юм. Тэгээд ч хүмүүс машинаар уралдаж бие биедээ зиндаархаж гайхуулах бол утгагүй ээ. Машин бол хэрэглээ болчихсон. Одоо ард түмэн чинь морио үгүйлээд байна шүү дээ хө.

-Олны танил хүн нэг хоёр удаа автобусанд суухад ямар байна?

-Эхлээд бол жаахан хэцүү байсан. Харин одоо автобусаар явахдаа би огт санаа зовдоггүй. Такси байнга барьдаг. Хүмүүс ч их гоё гарын үсэг аваад л, амьдаар чинь харлаа гэдэг. Хот ирээдүйд гоё болбол мэдээж би өөрөө машин барилгүй ч яахав дээ. Гэхдээ би уралдааны машинд их дуртай. Тиймээс гадаадад бол машин барьдаг. Миний дэргэд суусан хүн нисэх нь гээд айдаг.

-Өөрөө морины давхианд зургаа зурж байсан. Одоо морь унаж байгаа юу?

-Би сүүлийн үед морь их ярьдаг болоод байгаа. Морь унаагүй их удчихаж. Уг нь Хөвсгөлд морины давхианд зураг зурж байсан. Одоо эргээд санахад их хөгжилтэй санагддаг юм. Морин дээрээ мордоод л цаас будгаа автал миний морь гэнэтхэн аваад давхичихаж билээ. Тэгээд өөрөө яахаа ч мэдэхгүй байсан ч шууд л зургаа зурж эхэлсэн.

Хүмүүс уухайлаад л зурагаа зураад дуусгаж амжаагүй байхад уралдааны морины хөтөч давхиж ирээд л нөгөө зураг зурж байгаа цаасыг шууд авсан. Гэтэл хүмүүс түүнийг булаацалдаад урж тасдаж аваад хадгална гээд л инээгээд зогсож байсан. Миний ард түмний сэтгэл их сайхан шүү. Ард түмэн гэдэг бол аугаа.

-Өөрөө монголынхоо бүх орон нутагт аялан тоглолт хийсэн байх аа?

-Би залуудаа бүх аймагт тоглолт хийсэн. Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудад л гэхэд нэг ч сум алгасаагүй тоглосон. Олсон орлогоо ард түмэндээ л өгч, нийгмийн эмзэг хэсэгт тусалж байсан.

Өөрийгөө өөрөө зарлаад, өөрөө олон дүрд хувилаад л тоглолт хийж явах их сайхан байсан. Тухайн үед надад маш их эрч хүч, энерги шингэж байсан гэж боддог. Одоо хаана ч явсан миний монголын ард түмэн намайг таньж хүндэлж харьцдаг юм.

-Налайхын соёлын төв соёл олон нийтийн ажил хэр явуулах юм?

-Налайхын захиргаа, соёлын төв олон ажил хийж байна. Энд урлагийн дунд сургууль байх хэмжээний дугуйлан явагдаж байна. Соёл урлагтаа дуртай ямар гайхамшигтай хүмүүс Налайхад амьдардаг юм бэ гэж би хааяа боддог юм.

-Шавь нартаа хөлөөр зурах арга техникээ зааж өгч байгаа юу?

-Манай хүүхдүүд хөлөөр зурах бэлтгэл хийж байна. Мөн элсээр зурж байна. Хоёр гараар нэгэн зэрэг маш сайхан зурж бичдэг болсон. Мөн уран зургууд зурсан. Энэ бүхнээрээ л одоо үзэсгэлэн гаргах гэж байна.

-Завханд уран бүтээл туурвиж яваад сайн хүмүүстэй ойр дотно болсон гэж ярьдаг. Одоо тэр хүмүүстэйгээ уулзаж байгаа юу?

-Уулзаагүй олон жил болж байна. Сүхбаатарынх гэдэг айл. Их сайн хүмүүс. Тэр хүмүүс наашаа шилжиж ирээд сураг тасарсан. Мөн Өвөрхангай аймгийн Норжмаа гэж хүн намайг эх барьж авсан их холбоотой байсан. Бас л Эрдэнэт гэлүү наашаа шилжиж ирээд холбоогүй болчихоод байгаа. Гэхдээ би сураг тавьж л суудаг юм.

-Өөрөө зөн совинтой юу?

-Би совинтой. Багшийн их сургуульд байхдаа нэг багшаа өвдөж байгааг анзаараад “Багшаа таны бие их муу байна. Түргэн эмчлүүл” гэж захиа өгч байсан юм. Гэтэл тэр багш ч уурлаад л манай ангийнхан ч уурлаад л манай ахыг дуудаж “Энэ хүүхэд өвчтэй солиотой юм. Унтдаггүй гэсэн ядаргаа тусчихаж” гэж загнаж байсан.

Дараа нь манай ангийн Дашхүү багш “Уучлаарай Өөнөө. Чи тэр багшийг өвчтэй гэдгийг яг мэдээд өөд болох өдрийг нь хүртэл хэлсэн байна” гэж байсан. Манай багшийн их сургуулийнхан намайг зөнтэйг бүгд мэднэ.

Тиймээс зарим багш нар ирээдүйгээ үзүүлдэг байсан. Зарим нь үл ойшоож байсан ч хүмүүс эргээд уучлалт гуйдаг. Тэр нь их өрөвдөлтэй санагддаг. Би тусалмаар байгаа, мэдсэн зүйлээ шууд хэлдэг. Сайныг мэдэрвэл тайлбарлаж дуугардаггүй.

-“Сайн номун” хийдийн тухай яриач?

-Налайх дүүрэгт байгуулагдсан “Сайн номун” хийд гэж том гэр бүл байна. Би энэ хийдийг их хүндэтгэдэг юм. Хийд бол бурхнаас илүү өөрөө бурхан болсон соёлын бүтээл шүү дээ. Ийм сайхан хийд үүсгэн санаачилж бариад үйл ажиллагаа явуулж буй тус хийдийн удирдлага нийт хамт олон бол гайхамшигтай сэтгэл сайтай хөдөлмөрч хүмүүс.

Тиймээс танай сониноор дамжуулаад тус хийдийн хамба ламтан, их багш С.Нэргүйд болон хамт олондоо ажлын өндөр амжилт хүсээд баярлаж явдгаа илэрхийлье. Мөн дээр нь Налайх дүүргийн ард түмэндээ ч баярлаж явдгаа хэлье. Ер нь ард түмний дунд сайн нь олон байгаа болохоос биш муу нь олон биш шүү дээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү