Мэдээ

Л.Өнөрчимэг: Дэргэд минь байдаггүй ч миний хүү дэндүү ихийг ээждээ л өгдөг

1990-2000 оны үед хөлөөрөө таталбар зураг зурахын сацуу усан дор уран бүтээл туурвиж “гоц авьяастан” хэмээн олонд танигдсан зураач Л.Өнөрчимэг. Түүний бүтээлүүд хүрээлэлдээ өөрийн гэсэн орон зайг бий болгож, тодорхой

цаг үеийг одоогийн бидэнд авчирсан гэхэд хэлсдэхгүй. Зураач Л.Өнөрчимэгийн хувьд сүүлийн жилүүдэд цахим хаягаа идэвхитэй ашиглах болж өөрийн дагагчидтайгаа “лайв”-аар тогтмол уулзах болсон билээ.

Тэрбээр өчигдөр буюу наймдугаар сарын 03-ны өдөр лайв хийхдээ хүүхдээсээ машин бэлгэнд авсан тухайгаа ярьж, цахим хуудсаар ч

баяр хүргэсэн, түүний хүүхдэд урам хайрласан мянга мянган хүмүүсийн давлагаа үүсээд байв. Бид түүний баярласан сэтгэлийг хуваалцан хэсэг хугацаанд ийн ярилцлаа.

-ХҮҮ МИНЬ НАДАД БҮХНИЙГ ӨГСӨН-

-Таны хүүг алс хол хүний нутагт ажиллаж, амьдардаг гэж мэдэх юм байна. Хүүгийнхээ тухай бидэнд яриач?

-Миний хүү багаасаа өвөө эмээтэйгээ, ээжтэйгээ хамгийн хайртай дотны хүмүүстэйгээ хамт өссөн. Би ганц хүүтэй. Тэр минь ах эгчгүй, дүүгүй. Бид хоёулхнаа. Өвөө, эмээ нь бурхан болсон. Гэлээ ч одоо манай талын 10 айл тэрнийг минь над шиг л хайрлаж хамгаалдаг. Хүү маань багын л хэрсүү, ухаалаг, бүх зүйлийг чаддаг, бахархалт хүн. Одоо ч хэвээрээ. Өндөр боловсрол эзэмшсэн, хувь хүний хөгжил, төлөвшил, хүмүүжлийн тухайд бусдыг дагуулам сайн чанар олонтой. Нөхөрлөж, хайрлаж, энэрч мэддэг сайн эр хүн шүү миний хүү.

-Хүү тань танд машин бэлэглэжээ. Цахим сүлжээнд нийтэлсэн таны бичлэг ч олны анхаарлыг нэлээд татлаа шүү дээ. Энэ тухай?

-Хүү минь надад ихийг өгсөн. Хүний нутагт байгаа ч гэсэн дэргэд юм шиг хайрлаж, халамжилж юугаар ч дутаадаггүй. Өгч байгаа зүйлийн том, жижиг их багад учир утга нь оршиж байгаа юм биш. Ээжийгээ хайрлаж байгаа сэтгэлийг нь мэдэрч явахад хэчнээн нөмөртэй байдаг гээч. Миний хүү ээждээ урлангийн байр гээд бүхнийг өгсөн. Заримдаа ч эгч нь ичдэг шүү. Би хүүдээ гэр орон бэлдэж өгч, тусад нь гаргах үүрэгтэй ч тэгж чадаагүй. Тэр минь бүхнийг өөрөө бий болгосон.

-ЭД МАТЕРИАЛ, ҮНЭТЭЙ ЗҮЙЛЭЭС ИЛҮҮ ХҮҮ МААНЬ БАЙГАА НЬ НАДАД ХАМГИЙН ТОМ АЗ ЖАРГАЛ-

-Өнөөдрийн бэлэг гэнэтийнх байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Огт мэдээгүй, машинтай болох тухай ч төсөөлөөгүй байсан. Манай дүү надаас регистерийн дугаар аваад, эгч болохоор чи гэртээ байж байгаарай, нэг танихгүй хүн ярина шүү гээд л. Би бодохдоо хүүгийн маань албан ажилд л туслах нэг юм болж дээ эсвэл хагалгаанд орох гэж байсан ах, эгч хоёр маань хагалгаандаа орохоор болчихсон ч юм болов уу гээд л айх, гайхах зэрэгцээд их зүйл бодогдсон. Хүү “Тань руу нэг хүн ярина. Ажил амжуулаад өг л” гэсэн. Гэтэл хүүгийн найз залгаад намайг гарч ирэхийг хүссэн. Гараад очтол Хан-Уул дүүргийн байрнууд дунд авч очоод хоёр найз нь түлхүүр өгөөд “заа одоо лайваа хийгээд машинаараа давхиад байгаарай, хүүдээ баярлаарай, хүү чинь мундаг шүү” гэсэн. Тэгээд л би лайв хийсэн. Лайвыг маань үзсэн Монголчууд, манай хүрээллийнхэн, ойр дотны хүмүүс баяр хүргэж их хандсан. Би яг одоо энэ мэдрэмжээ илэрхийлэхэд сайхан үгс ч үнэхээр багадаж байна. Учир нь хүүгийн минь маш их хөдөлмөр шингэсэн машин шүү дээ. Маш их баяртай байна.

-Хүүдээ юу гэж хэлмээр бодогдож байна?

-Эд материал, үнэтэй зүйлүүдээс илүү надад хүү минь байгаа нь хамгийн том бэлэг, аз жаргал минь юм даа. Намайг хэзээд ойлгодог, дэмжиж хайрладаг ийм сайхан хүү надад байна. Амьдралд бүдэрмээр олон даваа гарч ирдэг ч тэр даваа бүрт намайг дахин шинээр амьдрах урам зориг, хүчийг өгдөг ганц хүн минь миний үр л юм даа. Үнэндээ энэ жилийн наадмаар нутаг уснынхан маань төр засаг яагаад жил бүр энэ хүнийг гавьяа, шагнал өгөхгүй тойроод байдаг юм бол гээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүмүүс ам муутай, би ч дотроо тиймхэн явсан юм. Гэтэл хүү минь намайг тэр гавьяа шагналаас илүү баярлууллаа. Ард түмэн ч хэлж байна, би ч санал нэг гэсэн үг. Үртэй хүн үрээ харж баярлахаас өөр сайхан баяр гэж юу байх вэ. Надад хүүгээсээ сурч байгаа зүйлүүд ч их олон. Сэтгэл хөдлөлөө дарах, харилцааны соёлыг эрхэмлэх, тэвчээртэй байх гээд л. Тиймээс ээж нь хүүдээ өөртөө хүсдэг сайхан бүхнээ хүснэ. Эрүүл энх, аз жаргалтай, урт удаан амьдрах хэрэгтэй. Би ч эрүүл байж хүүдээ олон жил хань болно гэж боддог. Хүүдээ хязгааргүй их хайртай шүү, ээж нь.

-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү