Мэдээ

Монгол Жангум Одончимэг: Анхны хүүхдийг минь эх баригч төрөх өрөөний чулуун шалан дээр унагаахад уйлж байсан хүү минь чив чимээгүй болсон…

“Монгол Жангум” нэрээрээ олон нийтэд танигдсан А.Одончимэгийн хүүхдийнхээ төлөө шантралгүй, тууштай, уйгагүй зүтгэсэн он жилүүдийн түүхийг та бүхэндээ хуваалцая! Шавилхан биендээ ахдсан хүнд ачааг үүрч, түүртэлгүй амьдарсан тэрээр сарангуа монгол ээжүүдийн тод төлөөлөл билээ.

Тэрээр өөрийн сэтгэл хөдөлгөм, баялаг амьдралын түүхийг ийнхүү өгүүлсэн юм.

-Би политехникумыг төгсөх жилдээ нэг залуутай хайр сэтгэлийн холбоотой болж бид хоёр үр хүүхэдтэй болсон. Дарханд хүүгээ төрүүлсэн анхны төрөлт минь миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм.

Яагаад гэвэл анхны хүүхдийг маань эх баригч хиллэх гэж авч явж байтал нойтон хүүхэд гарнаас нь гулгаад төрөх өрөөний чулуун шалан дээр уначихсан. Яг төрсний дараа хүүхэд уйлдаг шдээ. Гэтэл уйлж байсан хүү минь шалан дээр унаад л чив чимээгүй болчихсон. Тэр үед 4кг 500 гр хүү төрсөн гэж надад хэлж байсан юм.

Маш хөөрхөн мантгар цагаан хүү байсан. Хүү минь тэр чулуун шалан дээр унахдаа тархи нугасны маш хүнд бэртэл аваад тархины саажилттай болсон. Би тэр үед юу ч мэдэхгүй 20-хон настай охин байлаа.

Дарханы хамаг л алдартай эмч нар тэр явдлын дараа хүүд минь мэс засал хийсэн. Миний хүүд нийт 6 удаа хагалгаа хийхэд хагалгаа бүр нь амжилтгүй болж байлаа. Тухайн үед аав нь цэрэгт явчихсан байсан учраас би ээжтэйгээ хүүгээ тэврээд л түргэний машинаар хотод ирж байсан. Одоо бодоод байхад тэр эмнэлэг одоогийн Эх нялхасын эмнэлэг байсан юм шиг байгаа юм. Тэр эмнэлэгт очоод сүүлчийн удаа хагалгаанд орсоны дараа хүү минь найдваргүй болсон гэдгийг сонсох надад маш хүнд байсан. Тэр хүүхдийн сэхээний эмнэлэг их аймаар газар байсан. Дандаа биеийн байдал хүнд нялх хүүхдүүд сэхээнд ороод хүүхдүүдийг нь дээшээ явчихдаг, ээж аавууд нь доор подвольд хүлээдэг. Тэндээ нэг чанга яригчтай. Жоохон байж байгаад л нөгөө чанга яригч “торрр” гээд л дугардаг. Тэгээд “За тэрний ээж аав ороод ирээрэй” гэхэд ээж аав нь пижигнээд л шатаар өгсөөд тэр дээр бөөн орилоон, уйлаан болдог. Хүүхдээ алдчихлаа гээд л ороод ирдэг.

Тийм болохоор тэнд байгаа ээжүүд бүгд байнгын айдас, түгшүүртэй маш хэцүү байсан. Чанга яригчны “торрр” гэх чимээг чагнаж тэр подволь дотор аймшигтай 11 хоногийг өнгөрөөсөн. Гэхдээ тэндээс би хүүгээ амьд аваад гарсан. Тэгээд л Баянхонгорын Шаргалжуут гээд ой ухаанд сайн мундаг рашаан байдаг гэж сонсоод хүүтэйгээ явсан. Даанч миний хүүд юу ч тус болж чадаагүй дээ. Ингэж л тархины саажилт гэдэг аюултай өвчнөөр сайхан хүүгээ алдсан. Хүүгээ өөд болсны дараа хүүгийнхээ аавтай хоёр тийшээ болж, хожим хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Тэр үед дахиад л миний амьдралын зам намайг Шаргалжуут руу хөтөлсөн юм.

Эх хүний сэтгэлд анхны хүүхэд, анх удаа ээж болсон тэр мэдрэмж хэзээ ч мартагдахгүй шүү дээ. Тиймдээ ч анхныхаа хүүхдэд эх хүн маш харамч байдаг юм билээ. Хүүгээ олон ч жил сэтгэлдээ тээж явлаа, одоо ч тээсээр явна. Тиймдээ ч геологич байсан би хүмүүнлэгийн ажил хийх болж, амьдралынхаа замыг өөрчилсөн юм даа. Шаргалжуутад очсон цагаасаа эхлэн хүүтэйгээ ижилхэн эмгэгтэй төрсөн хүүхдүүдэд тусалъя гэж шийдсэн. Тэнд яг миний хүүтэй адилхан өвчтэй хүүхдүүд маш их ирдэг. Тэнд байхдаа би Улаанзагалмайн Одончимэд агсантай танилцаж, тэр хүн миний нүдийг нээж өгсөн дөө. Баянхонгорын Шаргалжуутад очсон тархины саажилттай хүүхдүүдийн 70%-д нь эдгэрэлт өгдөг тийм мундаг рашаан гэж надад хэлж өгсөн. Нэг очсон хүүхэд 3 жил дарааллаж очих ёстой байдаг юм билээ.

Тэгээд би эгчийн зөвлөснөөр хүүгийнхээ нэрээр “Халуун Болор” гэдэг нэг хүний төрийн бус байгууллага байгуулаад хүмүүнлэгийн ажлаа эхэлсэн. Тухайн үед надад мөнгө төгрөг юу ч байгаагүй, бөөн сэтгэл л байлаа. Шаргалжуутын рашаанд ирсэн саажилттай хүүхэдтэй ээжүүдэд би варианы шилэнд шинэ хонины махаар үнэгүй бантан хийж өгдөг. Тэрийгээ үүрээд л рашаан дундуур явж байдаг байлаа. Тийм хүүхэдтэй ээжүүд маш өрөвдмөөр. Ихэвчлэн нөхөртөө хаягдаад ганцаараа үлдсэн, тэр рашаан дундуур хүүхдээ аваад явахдаа даахгүй, арай гэж ганцаараа өргөөд л явж байдаг. Ийм хүүхэдтэй ээжүүдийн зовлонг хэн ч хэзээ ч ойлгодоггүй. Хамгийн аймшигтай нь манай Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хамт хань ижилдээ хаягдсан хүнтэй дахиад хэн ч хэзээ ч гэрлэдэггүй. Энэ зовлонг хажуунаас нь харж ойлгосон хүний хувьд эгч нь геологийн мэргэжлээ хаяад энэ ээжүүдэд л тусалъя гэж сэтгэл шулуудсан юм.

Би өнгөрсөн 25 жил Шаргалжуутын рашаан сувилал дээр 2727 хүүхдийг тэргэнцэртэй болгосон. Тэргэнцэртэй болгоно гэдэг нь хүүхдээ ганцаараа үүр дүүрч яваа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжийн хувьд хань ижилтэй болгож өгч байгаагаас бараг ялгаагүй дээ. Хамгийн сүүлд 7 хоногийн өмнө эгч нь 33 дахь ээжийг гэртэй болголоо. Өөрийнхөө хийж борлуулж буй бүтээгдэхүүнийхээ орлогын 30%-ийг зарцуулж гэртэй болгож өгсөн юм. Ийм ээжүүд бол “би муу хүүтэйгээ өөрийн гэсэн орох оронтой л болчихмоор байна” гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр би ийм хүүхдүүдэд, ээжүүдэд л тусалъя гэж боддог юм.

Гэхдээ миний хамгийн том мөрөөдөл биелээгүй. Юу вэ гэвэл би 20-хон настай жоохон Одноо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үүрчихээд явж байхдаа Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй, ийм хүүхдүүдэд зориулсан сувилал байгуулна гэж мөрөөдөж явлаа. Ванн нь гэхэд л ухаад доош нь суулгачихсан, шалтайгаа чацуу, хүүхэд өнхрөөд л ванн руугаа орчихож болохоор тийм ваннтай. Японд л гэхэд бүр хүүхдийн машин байна ш дээ. Хөл гаргүй хүүхэд эрүүгээрээ дараад л удирдаж, явж болохоор. Шат, гудамжны гэрэл, дуут дохио гээд л иж бүрэн сувилал байгуулчихъя гэж зорьсон боловч өнөөдөр би 55 настай, мөрөөдлөө биелүүлж чадаагүй л байна. Би МУ-ын Засгийн газарт 15 удаа өргөдөл өгч байсан. Миний өргөдөл нэг ч тоогдоогүй. Дандаа очоод л хасагддаг. Бүр анх 1993 онд 15-хан сая төгрөгийн өртөгтэй, 2 давхар байшингийн зураг хийлгэж байлаа шүү дээ. Даанч биелүүлж чадаагүй явна даа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү