Мэдээ

“Моннис” групп Б.Мөнгөнзулд амласан автомашинаа гардууллаа

“Моннис” групп Б.Мөнгөнзулд амласан автомашинаа гардууллаа
“Моннис” группын хамт олны зүгээс дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзулд амласан автомашинаа өнөөдөр/2022.11.06/ гардууллаа. Өдгөө 17 настай Б.Мөнгөнзул нь Энэтхэгт болсон олимпиадын IV ширээнд оноогоороо тэргүүлсэн билээ. Тэгвэл түүний энэхүү амжилтыг “Моннис” групп үнэлэн “Juke” автомашин бэлэглэв.

“МОННИС ИНТЕРНЭШНЛ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.ЧУЛУУНБААТАР:

-Манай хамт олон, удирдлагууд Б.Мөнгөнзул аваргад шагнал гардуулъя гэж шийдсэн. Өнөөдөр өөрөө оролцож байгаадаа их баяртай байна. “Моннис” групп нийгмийнхээ сайн сайхны төлөө ялангуяа оюуны спортыг дэмжиж, хамтарч ажиллах зорилттой байгаа. Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан залуу аваргаа дэмжиж, тусалъя, урам зориг өгье мөн монголчуудыг оюуны спортоор хичээллээсэй гэдэг үүднээс нь урамшуулж байна.

Бид наймдугаар сард “Renualt Sandero Stepway” маркийн цоо шинэ автомашин бэлэглэх эрхийн бичиг гардуулсан боловч дайны улмаас Оросын үйлдвэр зогссон. Гэхдээ “Моннис” групп амласан амлалтаа биелүүлэхийн тулд “Sandero” маркийн автомашинаас илүү том 2022 оны “Nissan Juke” гэх спорт, хотын, дизайнлаг автомашин бэлэглэж байгаадаа баяртай байна. Хүлээвэл хүндийг гэдэг шиг хүлээгээд илүү өөрт нь таалагдах автомашин очиж байгаад аваргынхаа өмнөөс баяртай байна.

ДЭЛХИЙН ШАТРЫН ХОЛБООНЫ МАСТЕР Б.МӨНГӨНЗУЛ:

-Шатрын спортоор таван настайгаасаа хойш хичээллэж байна. Энэ хугацаанд олон зүйлсийг давж, туулсан. Тэр дундаа дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас алтан медаль хүртэж, том амжилт үзүүлсэн. Энэ амжилтыг маань үнэлээд сайхан машин бэлэглэсэн “Моннис” группын хамт олондоо баярлалаа. Шатрын спортоор хичээллээд амжилт гаргаад ийм том бэлэг авна гэж бодоогүй байсан. Төсөөлж ч байгаагүй. Том шагнал авлаа.

Миний хувьд шатар тоглохоор сайхан мэдрэмж авдаг. Амьдралын минь салшгүй нэг хэсэг, чимэг нь. Шатаргүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх.

Одоо 12 дугаар анги учир миний дараагийн том зорилго бол ЭЕШ байна. Санхүү эдийн засгаар сурах бодолтой байна даа.

Б.МӨНГӨНЗУЛЫН ЭЭЖ Ш.ЦЭВЭЛМАА:

-Миний охин өөрөө шантралгүй, тууштай хөдөлмөрлөсний үр дүн гарч байна. Ийм том амжилтад хүрсэнд маш их баярлаж байгаа. Охин минь өөрөө шантрах, няцах бодол багатай. Сэтгэлийн тэнхээтэй. Шатартаа дуртай болохоор хэчнээн ажил, хичээл ихтэй, зав багатай байсан ч бүхнээ зориулж чаддаг. “Моннис” группын хамт олондоо, Б.Чулуунбаатар захиралдаа маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Б.Мөнгөнзул хараахан 18 нас хүрээгүй байгаа бөгөөд жолооны үнэмлэхээ авах хүртэл нь ээж, аав нь автомашиныг нь хариуцах гэнэ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү