Мэдээ

НАЙЗ ЗАЛУУДАА ОЛОН ЦАГ ЗОДУУЛСАН ЭМЭГТЭЙ СЭТГЭЛ ЗҮЙН ХҮНД ДАРАМТАД ОРЖЭЭ

Найз залуугийнхаа машинд зургаан цаг зодуулсан хохирогч эмэгтэйн ах бидэнтэй холбогдож, Монголд сэтгэл санааны хохирол барагдуулах хуулийн орчин дутмаг байгаад бухимдаж буйгаа илэрхийллээ.

Хохирогч эмэгтэйн хувьд биеийн байдлаасаа шалтгаалан эмнэлэгт хэвтэж байгаа юм. Үүнээс гадна сэтгэл санааны хүнд дарамтад орсон, цочимтгой болсон зэрэг асуудлыг түүний ах ярилаа.

Энэ талаар хохирогчийн ах, хуульч Б.Дүүрэнбаяр ярихдаа,

2022 оны есдүгээр сарын 17-ны 18.00-23.00 цагийн хооронд манай дүүгийн уулздаг байсан залуу нь машин дотроо дүүг маань зодож тарчлаасан байгаа юм. Ингээд шөнө 01.00 цагийн үед Сүхбаатарын талбайд буулгаад хаячихсан. Тэр залуу нь архи уусан, сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн талаар манай дүү хэлж байна. Үүгээр зогсохгүй “Хүнд хэлэх юм бол чамайг алж чадна” гээд хутга харуулсан гэж байгаа. Мөн бэйсболын цохиураар толгой руу нь цохисон.

Одоо манай дүүгийн нүүр, гар, хөл битүү хөхрөлттэй байна. Хамгийн гол нь сэтгэл санааны асуудал. Цочиж, давчидсан, ийш тийшээ гөлөрч, уйлсан байдалтай байгаа. Залуу хүн дараа өөр хүнтэй харилцаа үүсгэж таарна гүү дээ. Тэр үед энэ үйл явдлаас бий болсон трауматай том асуудал болох нь тодорхой.

СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ ХУУЛИЙН ОРЧИН ХЭРЭГТЭЙ БАЙНА

Миний хувьд өөрөө хуульч болохоор, шинжээчийн дүгнэлт гэмтлийн хөнгөн зэрэгтэй гарна гэдгийг мэдэж байсан. Гэтэл үүнийг эрүүгийн хуулиараа 450 нэгжээр торгуулаад өнгөрөх эрх зүйн зохицуулалт байгаа юм. Өөрөөр хэлбэл 450 мянган төгрөгтэй байхад л хүн зодоод явж болох юм шиг. Энэ мэт хэрэг дээр сэтгэл санааны хохирол барагдуулах хуулийн орчин хэрэгтэй байна. Энэ мэдээллээр дүүтэй минь ижил охидууд иймэрхүү явдлаас сэрэмжлээсэй гэж хүсэж байна гэлээ.

Бид үүнтэй холбогдуулан ХЭҮК-оос манай улсад сэтгэл санааны хохирлыг барагдуулах хүртээмжтэй хуулийн орчин бүрдсэн эсэх талаар тодрууллаа.

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид:

Сэтгэл санааны хохирлыг барагдуулах тогтолцоо бидэнд байхгүй. Үүн дээр хуулийн зохицуулалт хэрэгтэй. Хуульд тухайн хохирогчоос хэр хэмжээний зардал гарч байгаа, түүнийгээ нотлох баримтаар цуглуулаад, шүүхийн өмнө баталгаажуулан энэ зардлаа нөхөн төлбөрийн зарчмаар авахаар заасан байдаг. Энэ нь хохирлын нөхөн сэргээх тогтолцоон дээр бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа. Зарим улсад ханш тогтоочихдог юм билээ. Амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаатай холбоотой суурь үнэ “тэдээс” эхэлнэ гээд. Үүн дээр тухайн хүний нөхцөл байдлаас хамаараад үнэлгээ нь өсдөг байх жишээтэй.

БИД ХЭРЭГТНИЙГ ЦЭЭРЛҮҮЛЭХЭД Л АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ, ХОХИРОГЧИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭХ АСУУДЛЫГ ОРХИСОН

Бид цээрлүүлэх тал дээрээ л анхаарч хуулиа тогтоосоор ирлээ. Энэ нь эрх зүйт төрийн нэг тал мөн. Харин зоосны нөгөө тал нь хохирогчийн эрхийг сэргээхэд оршиж байгаа. Үүн дээр доголдож байгаа олон асуудал байна. Сэтгэл санааны хохирол барагдуулах асуудлыг шинэ түвшинд авч үзэхгүй бол хохирогчийн эрхийг сэргээх тогтолцоонд ахиц дэвшил гарахгүй. Сэтгэл санааны хохирол бол бүх зүйлд нөлөөлдөг. Амьдралд хэвийн оролцож чадахгүй болно. Өөрийгөө тусгаарладаг. Цаашлаад амиа хорлох бодол тээж депресс, стресст орж байдаг. Тиймээс сэтгэл санааны асуудлыг авч үзэхээс өөр аргагүй болсон” гэв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү