Мэдээ

Нохойтой умс китай булаацалдах хүртлээ газарт унаж үзсэн

Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц
Өглөөний наранг наранд бүү тооц гэж миний амьдралын харгуйг хэлэх байхаа. Сайн байна уу ахын дүү. Утсан дээр бичих хэцүү учир бичгийн цаас нугалаад захиагаа гараар бичээд өөрт чинь өгье. Монголоор буулгаад далавчгүй сахиусан тэнгэрүүд групп дээрээ хийгээд өгнө үү. Хэзээч нийтлэгдсэн болноо. Заавал өнөөдөр гэхгүй.


1966 оны их үерийн үеэр бибээр төрж аав эмээ хоёртоо аз жаргал бэлэглэсэн юм гэдэг. Ижий маань төрөхийн хүндрэлээр тэнгэртээ дэвшсэн . Өдгөө 58нас хүрч яваа энгийн нэгэн хувиараа үйлдвэр эрхлэгч, өвөө, охидуудын аав байна.

Эмээгийн бор авдарын мухарт хадгалсан амттан бүхэн минийх байсан юм. Тийм сайхан элбэг дэлбэг хүүхэд насыг туулсан юм даа. Аавдаа эрхэлчихнэ эмээдээ хошуугаа унжуулчихна за тэгээд хүссэнээ авдаг айлын ганц хүү байж. Арван долоо хүрдэг жил эмээ минь бурхан болов

. Цэрэгт явж эр хүн болохоор шийдсэн миний чин хүсэл 1983 оны хавар гэнэт дүрэлзэж цэргийн албанд мордлоо. Ид шаваа гайхуулсан үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүд эх орны хүүхэд болсоноор сагсуу ойворгон зан бага сагаар дарагдан аажим аажмаар эрийн хуйх болсоор.

Даргынхаа жолоог барин , суганд нь хавчуулагдан үе үехэн хот хүрээ ороод ирнэ , машин техник эвдрэл гэмтлийг нүдээ аньж байгаад засах урлаг эзэмшсэн цэрэг гэж магтуулсаар 20настай дүүхэлзсэн залуу халагдаж авто тээврийн яамны гадаа томилолт барин сууж байсан юм.

Ингээд жолооч болов оо. Чин зүрхний амраг хайртайгаа учирч түүнийгээ эр хүний арван гурван мэхийг хэрэглэн эргүүлсээр яваад авч суув. Дөнгөж арван есөн настай эрх танхил бүсгүй надад итгэн гараа өгсөн дөө. Амьдрал ингээд л өрнөдөг юм байна. Ганцаараа хүн хоёул болж тэгээд гурвуул болоод ингэсээр байгаад нэг л мэдэхэд гэр бүл нэг өрх үүсч удам тасардаггүй юм байна. Аз жаргалтай сайхан цаг.

Ууган охин гэдсэнд байх идэр есийн хүйтнээр цаг хэцүүдэж, олон олон аж үйлдвэр хаалга барьсаар, өлсгөлөн ажилгүйдэл хаа сагүй. Ардчилал мандаж айлын хөргөгчинд талх лаазалсан үхрийн мах л байдаг болов. Дэлгүүрт давс гурил картаар талх элсэн чихэр гэх мэт хүнсээ авдаг олон ч айл модоо барьсан үе. Ууган охин минь төрөв. Ажилгүй хоосон мөрөөдлөөс өөр зүйлгүй аав нь хоёр гараа биш толгойгоо ажиллуулах шаардлагатай тулгарч ганзагын наймаанд явж эхэллээ. Эхэндээ овоо дориун байв. Шүүгээндээ орос чихэртэй ,

шимийн архитай хүн ороод ирэхэд барьсан талхтай маслотой дажгүй шүү. Төд удалгүй шатаж наймаачгүй хэтэвчиндээ мөнгөчгүй гуяа ганзгалан гэрийнхээ үүдэнд бууж билээ. Тэр үед охин минь дөнгөж нэг настай юм түшээд зогсдог байсан үе. Ганцхан найзтай үлдлээ. Ажилгүй мөнгөгүй хоногийн хоолоо залгуулж чадахгүй байгаа арчаагүй залуухан эцэгт үлдсэн ганц найз нь лонхтой цагаан юм байсан юм. Юуч бодохгүйн тулд ууж эхэлсэн.

Охиноо нэг настай байхад ууж эхэлсэн гэхээр гурван нас хүртэл нь ер нь амьдрал гэгчийг мартсан , өөрийгөө хуурч уух замыг сонгосон доо. 94 он орчим талийгч аавын минь нэг найз тааралдаж их тус болсоноор архинаас гарч ажил хийж эхэллээ. Яг л салаад явахын даваан дээр эхнэрээ барьж авч үлдсэн юм. Хөөрхий дөө их зовоосон доо. 97 оны зун бага охин минь хайр цацруулан мэндлэв. Алдах эрхгүй хоёр охин үрийн аав. Дахиад л амьдрал намайг алгадав. Цомхтгол ажил хаялт, эргээд лонх тэвэрч гудамж метрлэн шороон дээр. Эр хүн ер нь сэтгэлийн тэнхээгүй амьтад юм билээ. 97 онд охиндоо сүүг нь халааж зогссон би нэг л мэдэхэд 2004онд нарантуул захын хойно мангасыг аман дээр ухаан орсон. Ухаанаа уусан 7 жил харвасан сум шиг өнгөрч, өглөө өдөр шөнө согтуу бөөлжис ялгадас ханхалсан хонхорт тухлан унтаж эрүүл нүдээр тэнгэрлүү харалгүй тасралтгүй ууж явсаар 2004 онд гэнэт сэрж байлаа. Хүн итгэхгүй биз. Хэдэн он , хэн гэдэг ерөнхийлөгч байгаа би хэн билээ хоёр үр эхнэр минь хаана яваа бол бодох ухаан ч байхгүй өглөө өдөр шөнийн ялгаа ч байхгүй ганцхан архи гарахаас дараагийн архи уух хүртэл л зай байсаар амьдарч байв. Өөртэйгээ таарсан олон архичидаар эргэн тойрноо хүрээлүүлчихсэн. Тэдэн дотор эмч, техникч, инженер, физикч яруу найрагчид хүртэл байсан юм. Бид цагтаа эх орондоо гэх ганцхан дурсамж үгтэй , тэр үгсээрээ хооллож өөрсдийгөө дулаацуулна. Уусан архиндаа нэвширч ялгадас шээсний эхүүн үнэр ханхалсан үхлийн хөндийд дөнгөж сэрчихээд хэвтэж байтал нэг хүн ууттай зүйл урдхан талд асгачихаад яваад өгөв.
Хамар цоргин сэн хийх содон үнэрээр нь умс китай байна гэдгийг нь арайхийн эрүүл болж байгаа гаван гаван гэж ангалзан буй толгой минь ойлгов. Эмээ минь адууны гэдэс хачин сайхан чанаад шавайг нь том том зүсээд надад өгдөг байсан санаанд орж нүднээс нулимс гарав. Золбин нохой хэдийн ховорын хоол умс китай дээр ирчихсэн зооглож зогсох мөчид өөрийн эрхгүй тэр нохойтой урцалдан шүлсээ залиган дайрсан. Гэнэт тархи тасхийн толгойруу хүнд зүйл ган хийтэл буулгаад авах үед сая нэг ухаан ортол таяг тулсан настай эмээ арчаагүй хог, хүн байтлаа нохойн өмнө орох гэж, ишшшш тэр нүд цүүр царайг нь ээ , нохойн идүүртэй хоол булаацалдаж хэвтэх монгол эр хүн …. Чааваас даа гэх мэт олон уулга алдсан үгс хэлээд таягаараа ёворч зогссон. Яг тэр үед би нохойтой урцалдан уруулан барин үмх махны төлөө хаана хэвтэж байгаагаа бүүр түүрхэн анзаарсан . Угаасаа шороо тоос хир тоосондоо дарагдсан өмд цамцаа гөвөөд босч зогсоод эндээс л явья энэ мухраас л явья гэж шийдээд алхсан. Хэцүү байсаан. Бие минь архиа нэхэж толгой заадсаараа салах мэт зүрх одоо л зогсох гэж байгаа мэт больё гэмээр өдрүүд өнгөрсөн. Эхнэр хоёр охин дээрээ очиход оройтсон ч эрүүд саруул очиж уулзая гэж гүрийсэн.
Жижигхэн авто засвар, дугуй нөхөөсний газар ажилд оров. Орох оронгүйг минь анзаарсан дүү хүү ажил дээрээ хойно надад байрлах зай гаргаж өгөв. Өөрөөсөө дүү хүний ажилчин хийж байхдаа ямар олон жилийг алдаа вэ , надгүйгээр бүх зүйл аль хэдийн урсан өнгөрчээ гэдгийг анзаарсан . Толинд хараад би өөрийнхөө хуучин царайг мартсан байсан шүү дээ. Архинаас гарч яг найман сар орчим ажил хийж зүтгэсээр охиндоо барби амттан торонд хийж үүрээд хайсаар байгаад олж очив. Охид минь хүүхэлдэйгээр тоглохоо больсон байсан даа. Ийм л аав байж. Том охин минь намайг харахыг ч хүсэхгүй нүд үзүүрлэж байхад бага охин минь огт танихгүй нүдээр цоо ширтэж байсан. Эхнэрийнхээ эвэршсэн гар , бага зэрэг хөгширсөн нүдний үрчлээнээс ганцаараа амьдралд нухчуулсан зовлонт эмэгтэйн дүр зураг харагдаж байсан. Би бүхнээ алджээ. Бүгд намайг танисангүй. Эхнэр минь халуун хоол аягалаад урд тавихдаа даанч дээ чи нээрээ, зогсож болдоггүй архи уу гэж хэлэхэд л нүд бүрэлзээд … Би хүн болоод ирье хүлээж байгаарай гэж тэдэндээ амласан. Хоёр охин минь угаасаа тоогоогүй л дээ. Тэдний хүүхэд насны ихэнхид нь аав нь байгаагүй юм чинь. Аргагүй.
Дүү хүү дээр ирээд үнэнээ хэлэв. Өөрийн гэсэн дугуй засвартай болоод түрээс төлөөд хөл дээрээ босмоор байна ахдаа түрээслэх засвар олж өгөөч гэхэд дүү хүү оронд нь ахаа хоёулаа хамтарья , сонгосон 2 газар байна хамтарья гэж санал тавив. Авто техник тал дээр арван хуруунд минь үлдсэн чадвар архитай хамт уусаад явчаагүй үлджэн. Охиддоо л мартагдаж болохгүй. Арван хэд хоног тутам охид дээрээ очиж аав нь хичээж байгаа шүү гэж хэлээд эргээд ирдэг байв. Дүү хүү бид хоёрын засвар гурван жилийн дараа авто угаалга, агергат засвар оношилгоо гэсэн хоёр салбар боллоо. Охид дээрээ эхнэр дээрээ анх удаа нүүр бардам очиж гэр бүлээ эргүүлэн авав. Ам бүл дөрөв гэж хэлэх ч сайхан шүү. Юугаар дутагдаж явсанаа тэгэхэд л ойлгох шиг болдог юм билээ. Нохойн идүүртэй хошуу дүрэн булаацалдаж хэвтсэн тэр эрийг би мартдаггүй юм. Амьдралд 2 дахин алгадуулаад тэсвэр тэвчээрээ баран амиа бодон архитай нөхөрлөсөн тэр он жилүүд ээ мартахгүй. Таягаараа тогшсон тэр эмээгийн жинтэй буусан ухаарлын үг архины лонхыг минь хага цохисон . Тэр өдрөөс хойш эмчилгээ ч хийлгэх шаардлагагүй архинаас гарчихсан юмдаг. Сонин шүү. Дүү хүү , амьдралын найз, алт шиг нөхөр минь зөв цаг үедээ таарч итгэл хүлээлгэснээр өнөөдөр бид хоёрын бизнес бага багаар дээшилсээр салбартаа нэртэй зориод ирдэг үйлчлүүлэгчидтэй болж.
Унаж явсанаа мөлхөж байснаа бүү март гэж би хэлэх дуртай. Хэн болсон чинь биш хэн байсныг чинь дурсан санана. Сайн аав сайн өвөө байсан шүү гэж үр хүүхэд зээ минь дурсаасай гэж зүтгэсээр явна. Гурван зээтэй болжээ. Охиддоо хайрлагдсан аав нь ч болж. Одоо юу хүсэх билээ.
Амьдралд байх ёстой бүх зүйл яг дэргэд минь байна. Далавчгүй сахиусан тэнгэрүүд группийн ухаан сийлэн уншдаг уран уншигчид та бүхэнд зориулан мутарлав.
Баярлалаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү