Recetas

НУГАЛАМ ХООРОНДЫН ГЭТМЛҮҮД, ТҮҮНИЙГ ЭМЧЛЭХ

НУГАЛАМ ХООРОНДЫН ЖИЙРГЭВЧИЙН ГЭМТЛҮҮД

Нугалмуудын хооронд орших жийргэвчний бүрэн бүтэн байдал алдагддаг хэд хэдэн өөрчлөлт байдаг.

o Жийргэвч шохойжин бүтцийн /дегенератив/ өөрчлөлт бий болох

o Жийргэвчний өндөр намсах

o Жийргэвч шахагдан цүлхийлт үүссэнээс нурууны мэдрэл дарагдах, шахагдах

o Жийргэвчийн фиброзон цагариг урагдсанаас ивэрхий үүсэх

ТЭГВЭЛ НУГАЛАМ ХООРОНДЫН ЖИЙРГЭВЧИЙН ИВЭРХИЙ ГЭЖ ЯГ ЮУ БЭ?

Эмнэл зүйн практикт нугалмын жийргэвчийн доторх гель хэлбэрийн бүтэц фиброзон цагаригийн урагдсан хэсгээс цааш 5-6 мм-ээс дээш давж бүлтийхийг ихэвчлэн ивэрхий гэж нэрлэдэг.

Энэ асуултад хэд хэдэн тайлбар байдаг боловч өвдөлт нь 2 үндсэн шалтгаанаас хамааралтай байдаг.

  1. Гадны цочролд үзүүлж байгаа организмын хариу урвалаас үүдсэн өвдөлт. Энэ нь дараах үе шатуудаас бүрддэг.

1.1. Даарах, урт хугацаанд эвгүй байрлалд байх, огцом хөдөлгөөн хийх зэргээс өвчний мэдрүүл буюу хүлээн авагч цочирсноор анхдагч өвдөлт үүсдэг.

1.2. Анхдагч өвдөлтөд хариу урвал үзүүлснээр нурууны тухайн хэсгийг барьж байдаг булчингийн агшилт үүсдэг.

1.3. Урт хугацааны булчингийн чангарал нь шинэ өвдөлтийг бий болгох ба нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний их биш хэмжээний ивэрхийн үед ч архаг өвдөлт үүсэх гол шалтгаан болдог.

  1. Нугасны мэдрэлийн ёзооруудын дарагдлын дүнд үүсэх өвдөлт. Энэ тохиолдолд эмгэг процесс мөн 3 бүрэлдэхүүн хэсгээс тогтдог.

2.1. Ивэрхийн хэмжээ томорч сээр нурууны тухайн хэсгээс гарах мэдрэлийн ёзооруудыг дарах

2.2. Мэдрэлийн төгсгөлийг хүрээлж байгаа эд хавагнаснаар дарагдал улам ихсэх

2.3. Сээр нурууны тухайн хэсгийг хүрээлж байгаа булчингийн чангарлын улмаас нурууны хөдөлгөөний далайц буурч, мэдрэлийн ёзоорын дарагдал улам ихсэх ба цаашид мэдрэлийн ширхгүүд үхжихэд хүрдэг.

Нуруугаар өвдөлт мэдрэгдээд 3 хоног үргэлжилсэн тохиолдолд та зайлшгүй эмчид хандах нь зүйтэй. Орчин үеийн анагаах ухаанд нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний ивэрхийн үеийн өвдөлтийн шинж тэмдэгийн 90 хувийг мэсийн бус аргаар эмчилж байгаа ба 10 хувьд нь мэс ажилбар хийж байна. Гэхдээ энэ нь тухайн өвчний явц, өвчтөний онцлогоос хамаардаг.

Ангилал

Нугалам хоорондын жийргэвчийн ивэрхийг байрлал, хэмжээ, хэзээ үүссэн, аль нугалмын түвшинд үүссэн зэргээс хамааран хэд хэд ангилдаг.

Шморлын ивэрхий

Дээд эсвэл доод талд байрлах нугалмын их бие рүү цүлхийж үүссэн жижиг цүлхэн. 20-р зууны эхэн үед Германы эмч анх тодорхойлсон тул түүний нэрээр нэрлэсэн. Жижгэвтэр хэмжээтэй ийм өөрчлөлт нь нурууны тулгуур, динамик үйл ажиллагаанд ноцтой аюул учруулдаггүй тул тусгай эмчилгээ шаарддаггүй.

Нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий

Нугалам хоорондын жийргэвчийн фиброзон цагаригийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас жийргэвчийн цөм нь гадагш бултайж ивэрхий үүсэх хэлбэр. Энэ хэлбэрийн ивэрхийг байрлалаар нь хэд хэд ангилдаг.

Жийргэвчийн урд талд байрлах ивэрхий

Энэ нь мэдрэлийн ёзоороос хол учир илүү аюул багатай байрлал бөгөөд элбэг тохиолддог. Өвдөлт багатай байдаг болохоор санамсаргүй илрүүлэх нь бий. Мэдрэлийн ёзоорыг дарж өвдөлтийн шинж үүсгэдэггүй учир тусгайлан эмчилгээ шаардагддаггүй.

Жийргэвчийн ард талд байрлах ивэрхий

Нугасны суваг руу цүлхийж ивэрхийлдэг тул аюул ихтэй. Тиймээс ч олонх тохиолдолд мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай болдог олон тохиолдол энд багтана.

Төвийн байрлалтай ивэрхий

L5-S1 нугалмын түвшинд их цөөн ч гэсэн тохиолддог тааралддаг хэлбэр. Том хэмжээтэй үед аарцгийн хөндийн эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд заавал мэс засал хийдэг.

Сувгийн ойролцоо байрлалтай ивэрхий

Хамгийн их тохиолддог, өвдөлттэй хэлбэр бөгөөд ивэрхийн цүлхийсэн хэсэг мэдрэлийн ёзоорын ойролцоо байрладаг тул мэдрэл дарагдлын шинж үүсгэдэг. Өвдөлт ихтэй байдаг учир олонх эмчлүүлэгчид мэс заслын эмчилгээ шаардагддаг.

Жийргэвчийн хажуугийн байрлалтай ивэрхий

Энэ ивэрхий нь нугасны хөндийгөөс мэдрэлийн ёзоор салаалж гардаг хажуугийн нарийхан суваг руу цүлхийсэн байдаг тул өвдөлт ихтэй, элбэг тааралддаг, голдуу мэс заслын эмчилгээ шаардагддаг.

Шинж тэмдэг

Жийргэвчийн ивэрхийн гол шинж тэмдэг нь ивэрхий байрлаж буй газарт хүчтэй өвдөлт мэдрэгдэх юм.

Хүзүүний нугалмуудын жийргэвчийн ивэрхий. Гол шинж тэмдэг нь хүзүүний өвдөлт. Хүзүүгээ хөдөлгөх, эргүүлэх, хазайлгах үед өвдөлт илүү мэдрэгддэг. Хүзүүгээрээ огцом хөдөлгөөн хийхэд өвдөлт хүчтэй мэдрэгддэг. Гараа өргөхөд хэцүү. Өвдөлт мөр дал, эгэм, тохой, гарын шуу эсвэл хуруунууд руу дамжина. Гарын хүч суларна. Гар дарж унтсан мэт бадайрна. Гарын алга хуруу ирвэгэнэж мэдрэгддэг.

Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхий. Хөлийн өвдөлт: Хөлийн өвдөлт нь ихэвчлэн нурууны өвдөлтөөс илүү тод, байнга янгинах маягаар мэдрэгддэг. Өвдөлт нь хөлийн ар талд суудлын мэдрэлийн дагуу мэдрэгдэх нь элбэг.

Нурууны өвдөлт. Энэ нь бүсэлхий, ууцны хэсэгт ихэвчлэн хөшиж, заримдаа хатгаж мэдрэгддэг. Жийргэвчийн ивэрхий нь заримдаа нурууны арын хэсгийн булчингуудыг татахад хүргэдэг. Өвдөлтийн дамжих байршил харилцан адилгүй. Ивэрхийн байршлаас хамааран нурууны доод хэсэг, цавь, гуяны ар тал, урд эсвэл ар тал, тахим, хөлийн эрээн булчин эсвэл хөлийн хуруунууд гэх мэт.

Мэдрэл дарагдлын шинж тэмдгүүд илэрнэ. Арьсны хүрэлцэх мэдрэмж муудах, хөл бадайрах, хүнд оргих, хөлийн хүч сулрах, хөл, хуруунд хорсож, чангарч татагдаж мэдрэгддэг.

Хөл сулрах. Ивэрхийн улмаас заримдаа үүсдэг мэдрэлийн шинж тэмдэг нь алхаж байхдаа өвдөг нугарч, шургаж унах, тавхайгаараа бүдрэх эсвэл өсгий дээрээ зогсоход, хөлөө өргөхөд хүндрэлтэй байдаг.

Огцом хөдлөхөд өвдөлт ихсэх. Өвдөлт удаан зогссон, суусан, эсвэл алхсаны дараа ихэснэ. Инээх, найтаах, гэнэтийн огцом хөдөлгөөн хийх нь өвдөлтийг нэмэгдүүлдэг.

Бөхийхөд өвдөлт нэмэгдэх. Урагшаа бөхийх, арагшаа гэдийхэд нуруу эсвэл хөлний өвдөлт улам нэмэгдэнэ.

Өвдөлт огцом гэнэт эхлэх. Ивэрхийн үеийн өвдөлт голдуу гэнэт эхэлж мэдрэгддэг.

Суудлын мэдрэлийн өвдөлт. Нуруунаас хөл хүртэл явдаг суудлын мэдрэлийн дагуу халуун оргиж өвдөх мэдрэмж олон хүнд илэрдэг.

Хөдөлгөөн хийхэд даамжирдаг бөгөөд ханиалгах, инээх зэрэг огцом хөдөлгөөнөөс гадна биеэ хөдөлгөх, байрлалаа өөрчлөхөд өвдөлт ихсэх нь мэдрэгддэг.

Оношилгоо:

  1. Нурууны рентген зураг авхуулах нь хамгийн хялбар шинжилгээ бөгөөд сээр нурууны ясны бүтэц, эмгэг болон нас ахихтай холбоотой гарах өөрчлөлт зэргийг харж болдог шинжилгээний арга боловч жийргэвчийн цүлхийлт болон ивэрхийг оношлоход төдийлөн тохиромжгүй.
  2. МRI бол жийргэвчийн цүлхийлт, урагдал байгааг тодорхойлж, нугасны мэдрэлийн суваг өөрчлөлттэй байна уу үгүй юу гэдгийг үздэг гол шинжилгээний арга.

Эмчилгээ

Ийм үед эмчилгээний гол үүрэг бол өвдөлт намдаах, нурууны жийргэвч нь цүлхийсэн хэсгийн хэвийн байдлыг сэргээх явдал юм.

А. Эмийн эмчилгээ

Энэ аргын гол эмчилгээ нь өвдөлт намдааж, булчингийн цочролыг арилгадаг үрэвслийн эсрэг эмчилгээ юм. Эдгээрийг гаднаас нь тосон хэлбэрээр түрхэх, амаар шахмал хэлбэрээр уулгах эсвэл булчинд тарих хэлбэрээр хэрэглэдэг.

Холбогч эдийг сайжруулахын тулд бие махбодын нөхөн төлжилтийг сайжруулах зорилгоор олон төрлийн амин дэмийг хэрэглэж болно.

Эмчилгээний энэ арга нь өвчний эхний үе шатанд сайн үр дүн өгдөг боловч нугалам хоорондын завсрын жийргэвчийн цүлхийлтийн хэмжээ томорсон болон бусад эмгэг, бүтцийн өөрчлөлтийг арилгахгүй.

Б. Эмийн бус эмчилгээ

в. Дасгал хөдөлгөөн эмчилгээ нь булчингийн тогтолцоонд үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Үе мөчний хөдөлгөөн сайжирч, булчин сунаж, хүч чадал, уян хатан чанар нэмэгдэж, булчингийн хамгаалалт бэхэжнэ. Энэ нь нурууны дэмжих үйлийг сэргээхэд тусалдаг бөгөөд өвчний эрсдэлийг бууруулдаг. Нуруу нугалмын асуудалтай хүмүүсийн хувьд булчингийн хүч, хүчдэл, нурууны уян хатан байдлыг хадгалахын тулд өдөр бүр дасгал хийх шаардлагатай байдаг. Дасгал хийж эхлэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

В. Мэс заслын эмчилгээ

Дээр дурдсан эмчилгээний аргууд хангалттай үр дүн өгөхгүй, нугасны болон бусад эрхтнүүдийн саажилт үүсэх, үйл ажиллагаа алдагдах аюул заналхийлж байвал мэс заслын эмчилгээ хийнэ.

Хоол хүнс

Илүүдэл жин нь нурууны нугалмын цүлхийлт ба ивэрхийг үүсгэхэд нөлөөлдөг. Тиймээс тэнцвэртэй хоолны дэглэмийг идэвхтэй амьдралын хэв маягтай хослуулан биеийн өөх тосыг арилгаж, биеийн жингээ хэвийн хадгалахыг хичээх хэрэгтэй. Уураг ихтэй хоол хүнс хэрэглэж, давсны хэрэглээг хязгаарлаж, шаардлагатай хэмжээний буюу биеийнхээ 1 кг жинд 40 мл ноогдохоор тооцож ус ууж, бие махбодыг амин дэм, эрдсүүдээр хангаж байх хэрэгтэй. Ингэж чадвал нурууны нөхөн сэргээх эмчилгээ нь илүү хурдан үр дүн үзүүлэх бөгөөд дахилтын эрсдэл буурах болно.

Н.Алтанхундага

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү