Мэдээ

Н.Даваажав: Тайгын түргэн тусламж төсөвгүй учраас эм тариагаа хувиасаа гаргадаг

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Баруун тайгын Гуулга хэмээх газарт хүний бие муудсаны улмаас дуудлагад явсан түргэн тусламжийн эмч 4-5 хоногийг зарцуулсан байна. Энэ нь Тайгын түргэн тусламжийн эмч нарын хувьд хэвийн үзэгдэл мэт болоод олон жилийг үджээ.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Цагааннуур сумын II багийн дарга С.Өлзийсайхан “Тайгын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн хэцүү зүйл. Учир нь замын хувьд бартаа ихтэй байдаг. Тайга хүртэлх замд машинаар явах боломжтой хэсгийг л машинаар туулдаг. Дийлэнх хэсгийг нь морь болон цаагаар туулдаг. Ингэхдээ дуудлага өгсөн айл нь өөрсдөө цаа эсвэл морьтойгоор эмчээ тосож авах тохиолдлууд бий. Зарим тохиолдолд эргэн тойрны айлуудаас морь, цаа зээлж, гуйж унадаг” гэсэн юм.

Баруун тайгын Хармайн бага эмч Н.Даваажав эмнэлгийн салбарт 32 жил ажилласан нэгэн юм. Тайгын түргэн тусламжийн нөхцөл байдлын талаар түүнээс тодруулав.

Тэрбээр “Дуудлага аваад тайга руу явахад замаа мэдэхгүй эмчид хүндрэлтэй байдаг. Энэ хугацаанд хээр хонох бол хэвийн үзэгдэл. Түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай төсөв мөнгө байдаггүй. 15 литр шатахууны мөнгийг л төсөвт өгдөг. Энэ нь хаанаа ч хүрдэггүй. Эм тарианы төсөвгүйн улмаас бид хувиасаа гаргадаг.

Манай эмнэлэг 23 ажилтантай. Ажилтны тоо нь харьяа нутгийн хүн амдаа хангалттай боловч эмнэлгэд шаардлагатай төсвийг хүн амдаа дүйцүүлж өгдөг нь хангалтгүй байдаг. Үүнд зүүн болон баруун тайгад зорчиход унаа тэрэгний асуудалтай байдагтай холбоотой” гэв.

Сонирхуулахад, ОХУ цаатнууддаа түргэн тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү